Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 225/МА2022/00029

 

 

 

 

 

2022 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 225/МА2022/00029

 

 

 

Ч.*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эрдэнэбат даргалж, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам, шүүгч Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 155/ШШ2022/00832 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Ч.*******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Б холбогдох

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хоёр хүүхдэд ногдох хэсэгт 22,500,000 (хорин хоёр сая таван зуун мянга) төгрөгийн эд хөрөнгө гаргуулах тухай маргаантай иргэний хэргийг нэхэмжлэгч Ч.*******ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Баярхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Түвшинтөгс, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Содномхишиг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нөхөр Б-ийн Б танилцан үерхэж байгаад 2015 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Хамтран амьдрах хугацаанд бидний дундаас 2016 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр хүү Б.Б, 2017 оны 2 дугаар сарын 08-ны өдөр хүү Б.Б нарыг төрүүлсэн. Хамтын амьдралын эхний жилүүдэд бидний харилцаа хэвийн, амьдрал сайхан байсан боловч сүүлдээ таарч тохирохгүй болсон. Бидний амьдралд хадам ээж болон хадам эгч байнга оролцсоноос болж байнгын хэрүүл маргаантай байх болсон. ....2020 онд би аймагт хүний оронд түр ажиллаж байгаад сумаас ажиллах санал тавьсны дагуу Ханх суманд очиж ажиллах болсон. Ингээд Ханх суманд хадам ээжээс тусдаа одоо л хүүхдүүдтэйгээ дөрвүүлээ сайхан амьдарна гэсэн боловч нөхөрт маань хамт амьдрах ямар ч сонирхол байгаагүй ба хүүхдүүдээ аваад аймгийн төвд ирсэн. Намайг ажилд орсноос хойш цалин буух хугацаа болоход л байнга мөнгө нэхэж авдаг болсон ба цалингийн зээл авч, машин авч өгөхгүй бол хүүхдүүдтэй минь уулзуулахгүй, утсаар ч яриулахгүй байсан тул аргагүйн эрхэнд цалингийн зээл авч, машин худалдан авч өгсөн. Дээрх шалтгааны улмаас бид цаашид эвлэрч хамт амьдрах боломжгүй болоод байна. Мөн нөхөр Б.Б-ын дээрх үйлдэл нь хүүхдүүдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлж болзошгүй байдал бий болоод байна.

Иймд 2015 оны гэрлэлтийн гэрчилгээ бүхий бидний гэрлэлтийг цуцалж, 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн хүү Б.Б, 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр төрсөн хүү Б.Б нарыг миний асрамжид үлдээж, эцгээс нь хуульд заасны дагуу тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ч.******* анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Анх шүүхэд хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хоёр хүүхдэдээ 22,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан боловч шүүх хуралдаанд Б.Б-той ярилцаад надад 10,000,000 төгрөг өгч, авахаар эвлэрч байна. Б.Б намайг үл хайхардаг, би одоо өөр хүнтэй танилцан уулзаж байгаа болохоор цаашид эвлэрч, хамт амьдрах боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулна гэв.

Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжлэгч Чулууны *******ийн гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлтэй танилцаад эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: 

1. Бид хоёр 2015 онд гэр бүлээ албан ёсоор батлуулж, хүүхдийн эцэг, эх болсон. Гэхдээ бид албан ёсоор өрх тусгаарлаж өөрийн гэсэн гэр оронд амьдарч байгаагүй бөгөөд манай гэр бүлийн зүгээс ирэх жил өрх тусгаарлаж, тусад нь амьдруулахаар төлөвлөж байсан юм. Гэр бүлийн амьдралаа зохиогоод амьдарч байгаа хүмүүсийн хооронд үл ялиг маргаан гардаг, үл ойлголцох зүйл байдгийг нэхэмжлэгчийн зүгээс салах шалтгаан гэж үзэж байгаа нь ойлгомжгүй байна. Миний зүгээс нэхэмжлэлдээ бичсэн худал зүйлийн талаар тайлбар бичиж маргаан дэгдээхийг хүсэхгүй байна

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ хамтран өмчлөх дундын эд хөрөнгөнд хашаа, байшин, портер маркийн автомашины талаар дурдаж, тэдгээрийн үнэлгээнээс өөрт болон хүүхдүүдэд оногдох хэсгийг буюу 22,500,000 төгрөгийг гаргуулахыг хүссэн байна. Бид нар хамт амьдрах хугацаандаа нэхэмжлэлд дурдаад байгаа хашаа, байшин, машиныг бий болгоогүй ба дээрх хөрөнгүүд нь миний аав, ээжийн бий болгосон, тэдний эзэмшилд байдаг хөрөнгүүд юм. Тийм болохоор гэр бүл цуцлагдсан тохиолдолд гэрийн доторх эд зүйлээс өөр бидэнд хуваагдах гэр бүлийн дундын эд хөрөнгө байхгүй билээ.

3. Нэхэмжлэгч Ч.*******ийн гэр бүлээсээ дайжиж зугтаах болсон, түүнчлэн гэрлэлтээ цуцлуулах нэхэмжлэл гаргахад хүрсэн нь нэхэмжлэлдээ бичсэнээс өөр зүйл бөгөөд энэ нь түүний гэр бүлээс гадуур амьдрал зохиосонтой холбоотой гэж миний зүгээс үздэг. Энэ бол гэр бүл салах, хүүхдүүд өнчрөх шалтгаан биш гэж үзэж байна. Xүүхдүүдийнхээ эрх ашгаас өөрийн эрх ашгийг илүүд үзээд байгаад нь би гэр бүлийнхээ хүнд гомддог.

4. Дээрх нөхцөл байдлаас шалтгаалан гэр бүл салж, хүүхдүүд өнчрөх боломжгүй гэж үзэж байгаа ба миний зүгээс гэрлэлтээ цуцлуулах хүсэлгүй, эв зүйгээ олоод цаашид гэр бүлийн элэг бүтэн амьдралаа үргэлжлүүлнэ гэж бодож байна гэжээ.

Хариуцагч Б.Б анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Шүүх хуралдаанд бид ярилцаад дундын эд хөрөнгөөс 10,000,000 төгрөгийг Ч.*******т өгөхөөр тохиролцсон. Миний хүү Б.Б, Б.Б нарыг надтай уулзуулахгүй, утсаар ч яриулахгүй, Ханх сум руу авч явсан байсан. Тэнд Ч.*******ийг ажилтай үед харах хүнгүй. Хамтран амьдарч байгаа залуу нь дарамталдаг гэсэн. Би аав, ээжтэйгээ хамт амьдарч байгаа тул хоёр хүүхдээ өөрийн асрамжид авна. Сургууль, цэцэрлэгт суулгана. Хүүхдийн тэтгэлэг авахгүй гэв.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 155/ШШ2022/00832 дугаар шийдвэрээр Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Барнууд овогт Чулууны *******Тогоруутан овогт Базаррагчаагийн******* нарын гэрлэлтийг цуцалж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2016 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн хүү Б.Б, 2017 оны 2 дугаар сарын 02-ны өдөр төрсөн хүү Б.Б нарыг төрсөн эцэг Б.Б-ын асрамжид үлдээж, хариуцагч Б.Бямбацогт хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг дурдаж, Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2-д зааснаар хариуцагч Б.Б-оос хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс 10,000,000 (арван сая) төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Ч.*******т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 314,000 төгрөгөөс 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 243,800 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг гаргуулан, тус тус нэхэмжлэгч Ч.*******т олгож, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуульд заасан эхийн үүргээ биелүүлэхийг Ч.*******, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эцэг Б.Б-т нарт тус тус даалгаж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Адъяасүрэнд даалгаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ч.******* давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч Ч.******* би Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 832 дугаартай шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул давж заалдах гомдол гаргаж байна.

...Шүүхийн шийдвэрт хүү Б.Б, Б.Б нар тус сумын сургууль цэцэрлэгт сурч хүмүүжиж байгаа эсэх нь тодорхойгүй, энэ тухай холбогдох баримтгүй байна гэж бичжээ. Хүүхдүүд минь Ханх суманд сургууль, цэцэрлэгт сурч байгаа талаар би шүүх хуралдаанд тайлбарласан. Нөхөр Б.Б ч гэсэн хүүхдүүдээ одоогийн байдлаар Ханх суманд цэцэрлэг, сургуульд сурч хүмүүжиж байгааг шүүх хуралдаанд хэлсэн. Хүүхдүүдийг Ханх суманд сурч, хүмүүжиж байгаатай бид хоёрын хэн аль нь маргаагүй байхад ингэж бичсэнийг ойлгохгүй байна.

...Хэрэг шийдвэрлэгдэх бүхий л хугацаанд хариуцагч болон хариуцагчийн төлөөлөгч Л.С нар миний нэр хүнд болон ажил хэргийн нэр хүндэд халдаж байгаа. Миний хувь хүний нууцтай холбоотой зүйл болох өдрийн тэмдэглэлийн дэвтэр зэргийг минь хулгайлан авч хэрэгт гаргаж өгсөн. Мөн шүүх дээр хэрэг шийдвэрлэгдэх үед Б.Б Л.С нар нь миний ажиллаж байгаа байгууллагын удирдлага руу хүртэл удаа дараа холбогдсон.

Мөн Б.Б нь удаа дарааллан намайг хүүхэд хүчирхийлэгч, боловсролын байгууллагад ажиллах эрхгүй гэж хэлж дарамталж байсан.

Үүнээс гадна Б.Б нь хамт амьдарч байхдаа барьсан өөрийн гэр орноо хүртэл эхнэр, хүүхдүүддээ өгөхгүй байх зорилгоор нуун дарагдуулсан зэргээр эцэг, эр нөхөр хүний хувьд байж боломгүй зүйл маш их хийсэн. Үүнийг нь анхаарч үзсэнгүй.

Мөн Б.Б нь өөрөө шүүх хуралдаанд тайлбарлахдаа би өөрийн гэсэн машин тэрэггүй, гэр оронгүй, ээж, аавтайгаа хамт амьдардаг гэж хэлсэнийг нь ч анхааралгүй хүүхдүүдийг минь аавынх нь асрамжид өгч шийдвэрлэлээ. Б.Б ярьснаар өөрийн гэсэн гэр оронгүй, хөдөө гадаа ажил олдсон үедээ явчихдаг. Мөн өөрөө байхгүй үедээ 60 настай ээжээрээ хүүхдүүдээ харуулна гэж ярьж байгаа хүнд хүүхдүүдийг минь өгч шийдвэрлэлээ.

Мөн нөхөр Б.Б нь хамт амьдарч байхдаа барьсан хашаа байшингаа надаас болон өөрийн төрсөн хоёр хүүгээсээ нууж ээжийнхээ нэр дээр шилжүүлсэн болохыг нотолж, хашаа байшинг бэлэглэсэн бэлэглэлийн гэрээг шүүх хурал дээр гаргаж өгсөн. Гэтэл энэ баримтыг минь шүүх шийдвэртээ нотлох баримтаар үнэлээгүй гэснийг ойлгохгүй байна.

Үүнээс гадна намайг шүүх хуралдаан дээр эд хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийнхээ шаардлагын талаар надад хандаж ...чиний нэхэмжлээд байгаа энэ байшинг чинь нөхөр Б.Б чинь аав, ээж нь барьж өгсөн гэж хэлээд байна шүү дээ. Аав, ээжийнх нь барьж өгсөн байшингаас чи яагаад авах гээд нэхээд байгаа юм бэ? Чи ямар хэмжээний мөнгө, төгрөг гаргаж энэ байшинг барихад оруулсан юм бэ? гэж удаа дараа надаас тулгаж асуусан. Би ингэж асуухад нь тухайн үед 2 хүүхдүүд маань жаахан байсан учир би ажилгүй байсан. Харин миний аав бүхий л ажилд хамтран оролцсон гэж хариулахад ...тэгээд чиний мөнгө ороогүй л юм байна шүүдээ. Ийм байхад чи яагаад аав, ээжийнх нь барьж өгсөн байшингаас нь авах гээд байгаа юм бэ? Мөн Автотээврийн төвөөс гаргаж өгсөн тээврийн хэрэгслийн лавлагааг хараад Б.Б ийм машин байгаагүй гээд байна шүү дээ гэсэн.

Нөхөр Б.Б нь дундын эд хөрөнгөөс 10,000,000 төгрөгийг төлж болох юм гэсэн санал гаргахад нь шүүгч надаас 10,000,000 төгрөгийг чамд өгнө гэж байна. Үүнийг нь зөвшөөрөх юмуу? гэж асуусан. Асуултанд нь мөн гэж хариулахад чи хариулаач гэж намайг зандарсан.

Энэ хэргийг шийдвэрлэх шүүх хуралдааны үед Б.Б бид хоёрт илтэд тэгш бусаар хандаж, хэтэрхий нэг талыг баримталсан шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Иймд 2022 оны 9 дүгээр серын 13-ны өдрийн 832 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хүүхдүүдийг минь миний асрамжид үлдээж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байх тул шийдвэрт зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэхэмжлэгч Ч.******* нь хариуцагч Б.Б холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдүүдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг болох 22,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч Б.Б нь гэрлэлт цуцлуулах шаарлагыг хүлээн зөвшөөрч, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг гаргуулах шаардлагыг шүүх хуралдааны хэлэлцүүлэгт 10,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид өгөхөөр харилцан тохиролцжээ.

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан гэрлэсний бүртгэлийн лавлагаа, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээс үзвэл зохигч нь 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлж хамтран амьдрах хугацаанд тэдний дундаас 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүү Б.Б, 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүү Б.Б нар төрсөн үйл баримт тогтоогдсон. Энэ талаар зохигч маргаагүй байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас үзвэл хүүхдүүдийн асрамжийг хэнд үлдээх эсэх нь маргааны гол зүйл болжээ.

Эцэг, эхийн хэн алины асрамжид хүүхдүүдийг үлдээхэд харшлах шалтгаан хэрэгт авагдсан баримт, зохигчийн тайлбараар тогтоогдсонгүй. Мөн тэдний хэн аль нь өөрийн өмчлөлийн орон байргүй, хариуцагч нь тогтсон ажил хөдөлмөр эрхэлж, тогтмол цалин орлого олдоггүй нөхцөл байдал тогтоогдож байх ба түүний асрамжид хүүхдүүдийг үлдээж шийдвэрлэснийг буруу гэж үзлээ.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талын хүсэлтийг хангаж, шүүхээс Хөвсгөл аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрыг шинжээчээр томилж, тухайн байгууллагаас 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүү Б.Б, Б.Б нарыг эцэг Б.Б-ын асрамжид үлдээх саналтай дүгнэлтийг гаргаж шүүхэд ирүүлжээ.

Уг шинжээчийн дүгнэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь заасны дагуу тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь шүүх үнэлээгүй байна.

Тодруулбал, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн Хүсэлт шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамжид шинжээч дүгнэлт гаргахын өмнө Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 13, 14, 17 дугаар зүйл, Эрүүгийн хуулийн 21.4 дүгээр зүйлд заасантай урьдчилан танилцаж, дүгнэлт гаргахаар ажиллахдаа хэргийн оролцогчийг байлцуулахыг даалгажээ.

Гэтэл шинжээч дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хууль, Эрүүгийн хуульд заасан гаргасан дүгнэлт-ийн үнэн зөвийг хариуцах баталгаа гаргаагүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Шинжээч нар нь Эрүүгийн хуулийн 21.4 дүгээр зүйлд заасан шүүхэд үнэн зөв дүгнэлт гаргахаа илэрхийлж, баталгаа гаргасан баримт хэрэгт авагдаагүй тул шинжээчийн дүгнэлтийг хуульд заасны дагуу гаргасан гэж үзэхэд эргэлзээ төрүүлэхээр байх ба шинжээч нар нь худал дүгнэлт гаргасан тохиолдолд хариуцлага хүлээлгэх боломжгүй нөхцөл байдал үүсчээ.

Дээрх нөхцөл байдлаас дүгнэж үзвэл шинжээчээр томилогдсон Хөвсгөл аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын шинжээчийн дүгнэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн гэж үзэх учир энэхүү баримт нь нотлох чадвараа алдах бөгөөд давж заалдах шатны шүүхээс нотлох баримтаар үнэлээгүй болно.

Зохигчийн дундаас 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүү Б.Б, 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүү Б.Б нар төрсөн бөгөөд Гэр бүлийн тухай хуульд заасны дагуу эцэг, эхийнхээ хэнтэй нь амьдрах талаар саналаа илэрхийлэх насанд хүрээгүй байх тул шүүх бага насны хүүхэд, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо зэргийг харгалзан эх Ч.*******ийн асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзэв. Учир нь бага насны хүүхдэд эхийн хайр халамж нэн чухал байдаг.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх учир тэдгээрийн зан байдал, тусдаа амьдарсан ихэнх цаг хугацааг хүүхдүүд эхтэйгээ амьдардаг байсан, хүүхдүүдийг санхүүгийн асуудлаар гачигдуулахгүй хангалттай байлгаж, тэднийг өсгөж, халамжлахад эхийн хувьд ажил хөдөлмөр эрхэлж цалин олдог байдал нь түүний асрамжид үлдээх боломжтойг харуулж байх тул хүү Б.Б, Б.Б нарыг эх Ч.*******ийн асрамжид үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар эцэг нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул хариуцагч Б.Б-ос хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулж, хүү Б.Б, Б.Б нарт олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 155/ШШ/2022/00832 дугаартай шийдвэрийн тогтоох хэсэгт дараах өөрчлөлт оруулсугай. Үүнд:

а/ Шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын ...эцэг Б.Б-ын гэснийг эх Ч.Б гэж,

б/ Шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтыг 3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хүү Б.Б, Б.Б нарыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 настай болтол нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Б-оос сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгэсүгэй. гэж,

в/ Шийдвэрийн тогтоох хэсгийн 6 дахь заалтын ...эхийн үүргээ биелүүлэхийг Ч.******* гэснийг эцгийн үүргээ биелүүлэхийг Б.Б гэж, ...эцэг Б.Бт гэснийг эх Ч.******* гэж тус тус өөрчлөн, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.ЭРДЭНЭБАТ

ШҮҮГЧИД                                Б.СОСОРБАРАМ

Н.БАЯРХҮҮ

 

 

 

 

 

 

 

 

 

.