Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 761

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг, 

улсын яллагч Э.Бадрал,

шүүгдэгч П.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Халзан овгийн Пүрэвсүрэнгийн Мөнхбаатарт холбогдох эрүүгийн 1811021970740 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 18-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Х овгийн П.М, 1985 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Увс аймгийн Баруунтуруун суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, дүү, 3 хүүхдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 29-20 тоотод оршин суух хаягтай,

Багануур дүүргийн шүүхийн 2005 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 69 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 520 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэгдэж байсан, регистрийн дугаар .........................

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч П.М нь 2018 оны 8 дугаар сарын 2-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо Мөнгөн завъяа дэлгүүрийн автобусны буудал дээр иргэн Ц.Бадамцэцэгийн Самсунг галакси эс-9 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч П.М нь шүүхийн хэлэлцүүлэгт: “…Мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг үнэн зөв, нэмж мэдүүлэх зүйлгүй, хохирол төлбөрийг төлж барагдуулсан...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

            Хохирогч Ц.Бадамцэцэг нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би 2018 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 15 цаг 30 минутын үед зүүн дөрвөн замын хойд талд байрлах гэрээсээ гараад Улсын их дэлгүүр орохоор 13 дугаар хорооллын хойд талд байрлах автобусны буудлаас Зүүн салаа 13 дугаар хороолол зах гэсэн бичигтэй автобусанд суугаад автобусны баруун урд хэсэгт зогсож явсан. Тухайн үед автобусанд маш олон хүнтэй байсан юм. Тэгээд Мөнгөн завъяагийн хойд талын автобусны буудалд дээр 16 цаг 20 минутын үед автобуснаас буухад нэг танихгүй эрэгтэй хүүе эгчээ цүнхийг чинь ухчихлаа ш дээ нөгөө хүмүүс нь ард руу явчихлаа гэж хэлэхээр нь гар цүнхэнд байсан гар утсаа үзтэл алга болчихсон байсан. Тэгээд араас нь Ард кино театр зүглээд гүйж байхад анх цүнхийг нь ухчихлаа ш дээ гэж хэлж байсан эрэгтэй бас нэг үл таних эрэгтэй хүнтэй араас ирээд чиний ард зогсож байсан саарал малгайтай, хар үүргэвч үүрсэн хар царайтай ах чиний цүнхийг ухсан гэж хэлж байсан. Тэгээд би цааш гүйгээд хайсан боловч олоогүй ба Мөнгөн завъяагийн автобусны буудал дээр ирээд хүний утас гуйж аваад өөрийнхөө алдагдсан утас руу залгаж үзэхэд 3 удаа дуудаж байгаад салгачихсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандах болсон юм. Би гар утсаа 2018 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Теди худалдааны төвөөс 1.950.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Одоо 1.950.000 төгрөгөөр үнэлж байна. Би учирсан хохирлоо барагдуулж өөрийн Самсунг галакси эс 9 гар утсаа биетээр нь буцаан авсан байгаа. Надад цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ /хх 18-19/.

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-12/.

Эд зүйлийн үнэлгээ /хх-22/.

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-25/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-24/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч П.М нь 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо Мөнгөн завъяа дэлгүүрийн автобусны буудал дээр иргэн Ц.Бадамцэцэгийн Самсунг галакси эс-9 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Иймд шүүгдэгч П.М-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв. 

Мөн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлав.

Хохирогч Ц.Бадамцэцэг нь “...Би учирсан хохирлоо барагдуулж өөрийн Самсунг галакси эс 9 гар утсаа биетээр нь буцаан авсан байгаа. Надад цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” /хх 18-19/ гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байна гэж үзлээ.

Шүүгдэгч П.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй байна.

Баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхийн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргав.    

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овгийн П.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.М-т 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, баримтаар ирүүлсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээхийг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.М-т хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ХАЛИУН