| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 186/2018/0730/э |
| Дугаар | 762 |
| Огноо | 2018-10-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Бадрал |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 26 өдөр
Дугаар 762
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг,
улсын яллагч Э.Бадрал,
шүүгдэгч М.Ж,
хохирогч Л.Мөнх-Очир нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гөрөөчин овгийн Маньбазарын Жаргалд холбогдох эрүүгийн 1811025480835 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Г овгийн М.Ж, 1962 оны 7 дугаар сарын 6-ны өдөр Говьсүмбэр аймагт төрсөн, 56 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 5 дугаар байр, 2-00 тоотод оршин суух хаягтай,
Төмөр замын шүүхийн 1984 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 64 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 88а, 169б-д зааснаар 4 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 1986 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр хугацаа дуусч суллагдсан.
Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 1999 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 85 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123.2-д зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 1999 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хугацаа дуусч суллагдсан.
Сүхбаатар дүүргийн шүүхийн 2002 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 189 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125.1-д зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2005 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдаж байсан, регистрийн дугаар…………………….
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;
Шүүгдэгч М.Ж нь 2018 оны 9 дүгээр сарын 6-наас 7-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо 45 дугаар байрны орцонд Л.Мөнх-Очиртой “лифт асаагаад өг” гэхэд “чадахгүй” хэмээн маргалдаж улмаар зодож, хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч М.Ж нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр хохирогч хаалга хүчтэй цохиод байсан. Тэгээд би гараад яасан болохыг асуухад лифт явахгүй байна. Явуулаад өг гэж хэлсэн. Тухайн үед лифт явуулах боломжгүй дээрээс нь дусаал гоожоод байсан. Дараа сонсоход хохирогч гэрийн тавилга зөөх гэж байсан юм байна лээ. Миний эхнэрийн бие тааруухан тал цус харвасан хэвтэрт байдаг хүн. Миний эхнэр бие нь өвдөөд байна гэж хэлэхэд хохирогч “үхвэл үхнэ биз би арыг нь даана” гэж хэлж байсан. Би хохирогчийн нүүрэн тус газарт цохиход цус гарсан. Хохирогч мөн намайг цохиод би цохивол цохиг гэж бодож байсан. Тэр үед би манай эхнэрийг цохисон гэж андуурсан юм байна лээ. Хохирогч хүү учраа тайлбарлаад аятайхан хэлсэн бол би ойлгох байсан...” гэв.
Хохирогч Л.Мөнх-Очир нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2018 оны 9 дүгээр сарын 6-наас 7-нд шилжих шөнө энэ асуудал болсон. Хэд хоногийн өмнөөс гэртээ завсар хийж байсан. Тэгээд өөр газар байж байгаад тухайн өдөр гэр рүүгээ тавилга зөөх гэхэд лифт явахгүй байсан. Хадам ээж надад хэлэхдээ өдөр 5 цагт лифт явж байсан гэж хэлсэн. Тэгээд би М.Ж гуайд лифт явуулаад өгөөч гэж хэлэхэд хаалгаа хаагаад суугаад байсан. Тэгээд чадахгүй надад мөнгө өгөхгүй байгаа гэж хэлсэн. Би танд 5000 төгрөг өгье гэж хэлэхэд чадахгүй гэж хэлсэн. Цаанаас нь эхнэр нь орилоод л байсан. Эхнэрийг нь би огт цохиогүй. Манайх 7 давхарт амьдардаг. Гадаа эхнэр хүүхэд минь байсан. Эхлээд би учраа тайлбарлаад хэлсэн. М.Ж нь миний нүүрэн тус газарт цохиход цус гарсан. Тэгээд би хамраас гарсан гэж бодоод толинд харахад нүдний доор сэтэрсэн байсан. Эмнэлэг явж оёдол тавиулсан. Би СӨХ-ийн мөнгө цаг хугацаанд нь төлдөг. Лифтийг ажиллуулах шаардлага тавих нь зүй ёсны асуудал байсан. Миний хувьд их гомдолтой...” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч Л.Мөнх-Очир нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Тэгэхээр нь би ахаа танд 5000 төгрөг өгье та асаагаад буцаагаад унтраачих гэж хэлээд 5000 төгрөг гаргаж ирээд өгөх гэж үзсэн тэгэхэд авахгүй чи Нэргүйд л очиж л өг би бол чадахгүй гэж хэлсэн. Тэр үед эхнэр нь унтаж байгаад босч ирээд цаанаас нь гараад ирсэн ба тэр эгч над руу орилоод чи яв би унтаж амармаар байна гээд хаалгаа хаах гээд татаад байхаар нь би хаалгыг нь хаалгахгүй гээд барьж байсан тэгэхэд жижүүр ах надад чи энэ бие муутай хөгшин хүнийг унтаж амраа чи яв гээд намайг түлхсэн ба тэгэхэд нь би үгүй явахгүй лифт онгойлгож өг гээд зогсож байсан тэгээд гаргах гээд түлхээд байсан ба тэр үед эхнэр нь хаалга татаж нааш цааш болгох үеэр доошоо хаалга налаад унасан тэгж унахдаа намайг цохичихлоо гэж орилсон. Тэгэхээр нь би таныг цохиогүй шүү дээ гэж хэлээд эргэж харах хооронд миний нүүр рүү нөхөр нь цохиод авсан. ..эмчилгээний 360.000 төгрөгийн баримт бүрдсэн байгаа бөгөөд хэрэгт хавсаргуулсан байгаа. Өөр ямар нэгэн баримт байхгүй. 200.000 төгрөг эмчилгээний төлбөрт өгсөн...” гэжээ /хх-7-10/.
Гэрч Н.Хандам мэдүүлсэн: “...Тэр орой 23 цагийн үед гэртээ би унтаж байсан ба манай нөхөр Жаргал гэртэй кино үзээд сууж байсан юм. Тэгсэн нэг хүн хаалга маш хүчтэй цохисон ба би цочоод сэрсэн Жаргал хаалга тайлж өгсөн. Тэгсэн нэг залуу хүү лифт онгойлгоод өг гэсэн ба Жаргал бороо орсон учраас лифт ажиллуулж болохгүй гээд хэлсэн чинь тэр хүүхэд тэгвэл түлхүүрээ өг гэсэн тэгээд түлхүүрээ өгч болохгүй гэсэн чинь тэгвэл мөнгө өгье гэсэн ба Жаргал мөн л болохгүй гэж хэлсэн. Тэгээд тэр хоёр муудалцаад ноцолдоод л байсан би аргаа бараад босоод очоод энд битгий муудалцаад бай миний толгой өвдөөд байна би харвачихсан бие муутай хүн байна. Та нар гарч маргалд гар гэж хэлээд жижүүрийн өрөөний хаалгыг бариад зогсож байсан чинь тэр хүүхэд намайг алгадаад авсан ба би тэрнээс хойш юу болсныг мэдээгүй нэг мэдсэн цагдаа түргэн ирчихсэн байсан...” гэжээ /хх-20/.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн шинжээчийн 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн №10954 дүгээр дүгнэлтэд:
“1. Л.Мөнх-Очирын биед хамар ясны хугарал, зүүн нүдний доод зовхи, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
2.4 Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэжээ /хх-27/.
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-45-55/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-37/ зэргийг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч М.Ж нь 2018 оны 9 дүгээр сарын 6-наас 7-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо 45 дугаар байрны орцонд Л.Мөнх-Очиртой “лифт асаагаад өг” гэхэд “чадахгүй” хэмээн маргалдаж улмаар зодож, хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн нотлох баримт болох хохирогч Л.Мөнх-Очирын “...тэр үед эхнэр нь хаалга татаж нааш цааш болгох үеэр доошоо хаалга налаад унасан тэгж унахдаа намайг цохичихлоо гэж орилсон. Тэгэхээр нь би таныг цохиогүй шүү дээ гэж хэлээд эргэж харах хооронд миний нүүр рүү нөхөр нь цохиод авсан....” гэх мэдүүлэг, гэрч Н.Хандамын “...Тэр орой 23 цагийн үед гэртээ би унтаж байсан ба манай нөхөр Жаргал гэртэй кино үзээд сууж байсан юм. Тэгсэн нэг хүн хаалга маш хүчтэй цохисон ба би цочоод сэрсэн Жаргал хаалга тайлж өгсөн. Тэгсэн нэг залуу хүү лифт онгойлгоод өг гэсэн ба Жаргал бороо орсон учраас лифт ажиллуулж болохгүй гээд хэлсэн чинь тэр хүүхэд тэгвэл түлхүүрээ өг гэсэн тэгээд түлхүүрээ өгч болохгүй гэсэн чинь тэгвэл мөнгө өгье гэсэн ба Жаргал мөн л болохгүй гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, Шүүх эмнэлгийн шинжээчийн 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн №10954 дүгээр дүгнэлт зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүх шүүгдэгч М.Жыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулав.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Хохирогч Л.Мөнх-Очир шүүгдэгч М.Жаас 200.000 төгрөг авсан байна. Тиймээс баримтаар нэхэмжилж буй 360.000 төгрөгөөс үлдэх 160.000 төгрөгийг шүүгдэгч М.Жаас гаргуулан хохирогч Л.Мөнх-Очирт олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч М.Ж нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36,3,36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г овгийн М.Ж-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Жд 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Жд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ж нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч М.Ж нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Жаас нийт 160.000 төгрөг гаргуулан хохирогч Л.Мөнх-Очир /РД: УЗ90073134/-т олгосугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Жд хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХАЛИУН