| Шүүх | Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чирчинийн Одсүрэн |
| Хэргийн индекс | 123/2016/0023/З |
| Дугаар | 40 |
| Огноо | 2016-12-16 |
| Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 40
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Одсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ”Өгөөж сүмбэр” ХХК-ний нэхэмжлэлтэй
Хариуцагч: Төв аймгийн Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн даргад холбогдох
“Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 03 дугаар сарын 11-ний 09 дүгээр тогтоол илт хууль бус болохыг тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч “Өгөөж сүмбэр” ХХК-ний захирал Б.Пүрэвжаргал, түүний өмгөөлөгч Н.Сосорбарам, хамтран хариуцагч Д.Батбилэг, гуравдагч этгээд “Ай гоулд” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Оюунгэрэл, гэрч Г.Амарбаясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Доржпүрэв нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ”Өгөөж сүмбэр” ХХК-ний захирал Б.Пүрэвжаргал, түүний өмгөөлөгч Н.Сосорбарам нар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас 2016 оны 02 дугаар сарын 23-нд 07/127 тоот албан бичгээр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад хайгуулын тусгай зөвшөөрлийг дэмжих, эс дэмжих талаар санаа ирүүлэхийг хүссэн. Энэ асуудлыг сумын газрын даамал, байгаль орчны хяналтын улсын байцаагч Ц.Даваасүрэн 2016 оны 03 дугаар сарын 14-нд сумын Засаг даргад албан ёсоор гаргасан саналдаа “сумын Засаг даргын 2008 оны 308, 2007 оны 17 дугаар захирамжаар “Өгөөж-Сүмбэр” ХХК, иргэн Ц.Амаржаргал нарын 437 га тариалангийн талбай, малчин В.Өлзийбат, Б.Цэрэнжамц, Х.Даваасүрэн, Ё.Баасанжав, Ч.Отгонбаатар нарын өвөлжөөний газартай давхардсан, тус сумын бэлчээрийн талбай бага, дөнгөж 22.000 га бөгөөд бэлчээрийн даац 6 дахин хэтэрсэн байгаа тул тусгай зөвшөөрөлд газар олгохгүй байх” гэсэн санал өгсөн байхад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ч.Цэдэнбал 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 09 тоот тогтоол гаргаж “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн “Айгоулд” ХХК-ний талбай нь өөр компанийн болон ямар нэг газартай давхцаагүй, малчдын бэлчээрээр ашигладаг талбай бөгөөд хуульд заасан татгалзах үндэслэлгүй тул дэмжиж байгааг уламжилсугай” гэж бичээд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд явуулсан. Энэ тогтоолыг үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 2016 оны 03 дугаар сарын 17-нд хуралдааны 10 тоот тэмдэглэл гаргаж, Сүмбэр суманд 614.61 га газрыг хайгуулын тусгай зөвшөөрөлд хамааруулахыг аймгийн Засаг даргад санал өгчээ. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 03 сарын 11-ний 09 тоот тогтоол нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8-р зүйлийн 8.1.3-д албан тушаалтны хууль бус эс үйлдэхүй нь иргэн, хуулийн этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн байна. Байгаль орчны Улсын байцаагчийн санал 2016 оны 3-р сарын 14-нд бичигдсэн байхад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоол 3 хоногийн өмнө 2016 оны 3-р сарын 11-нд гаргасан нь улсын байцаагчийн саналыг огт тусгаагүй байна. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Тэргүүлэгчдийн хурал 2016 оны 03 дугаар сарын 11-нд болоогүй энэ өдрөөр огноолсон 09 тоот тогтоол хууль бус юм. Харин 2016 оны 3-р сарын 04-нд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид хуралдаж сумын амьжиргааг дэмжих зөвлөл байгуулах тухай 09 тоот тогтоол гарсан байна. Ч.Цэдэнбал нь энэ асуудлаар хуралдааныг товлон зарлаагүй, бэлтгэлийг хангах саналыг Тэргүүлэгчдийн хуралд оруулж шийдвэрлээгүй. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч Ч.Баасан, Д.Батбилэг нар уг асуудлыг Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцээгүйг баталж байна. Иймд иргэд, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 3 дугаар сарын 11-ний 09 дүгээр тогтоол илт хууль бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Хариуцагч Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийг төлөөлж дарга Ч.Цэдэнбал шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Айгоулд” ХХК-ний хүсэлт гаргасан талбай нь хуульд заасан шаардлагыг хангасан бөгөөд малын бэлчээр, тариалангийн талбай давхцах нь хуульд зааснаар татгалзах үндэслэлд багтахгүй тул дэмжсэн санал хүргүүлсэн. Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 3 дугаар сарын 11-ний 09 тоот тогтоол нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар хянан хэлэлцэх захиргааны шийдвэр биш. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх боломжгүй, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хамтран хариуцагч Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийг төлөөлж дарга Д.Батбилэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. Энэ тогтоолыг гарах үед би иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч байсан, 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр тэргүүлэгчид хуралдаагүй, 2016 оны 3 сарын 04-ний өдөр тэргүүлэгчид хуралдаж 09 дугаартай тогтоол гаргаж амжиргааг дэмжих зөвлөл байгуулсан гэжээ.
Гэрч Г.Амарбаясгалан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 3 дугаар сарын 04-ний өдөр тэргүүлэгчид хуралдаж 09 дугаартай тогтоол гаргаж амжиргааг дэмжих зөвлөл байгуулсан. 3 сарын 11-ний өдөр би аймгийн төвд сургалттай байсан, тэргүүлэгчид хуралдах тов гараагүй байсан, 3 сарын 11-ний өдөр 09 дугаартай тогтоол гаргаагүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 09 дүгээр тогтоол илт хууль бус болохыг тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн 614.61 га талбай нь манай компанийн 137 га газар, мөн малчдын өвөлжөөний газартай давхацсан, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 03 дугаар сарын 11-ний өдөр хуралдаагүй, 09 тоот тогтоол хууль бус” гэж тодорхойлсон, харин хариуцагч Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийг төлөөлж дарга Ч.Цэдэнбал “хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн талбайд хуульд зааснаар татгалзах үндэслэл байгаагүй, 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 09 тоот тогтоол нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар хянан хэлэлцэх захиргааны шийдвэр биш” гэж тайлбарлажээ.
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж дүгнээд нэхэмжлэгчийн “Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 03 дугаар сарын 11-ний 09 тоот тогтоол илт хууль бус болохыг тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ.
1. Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 6/1089 тоот “Сүмбэр сумын Сүмбэрийн бор нэртэй 614.61 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой эсэх талаар саналаа ирүүлэх” тухай албан бичгийг Төв аймгийн Засаг даргад хүргүүлсэн ба Төв аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас 2016 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 07/127 тоот албан бичгийг Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нарт хүргүүлж 614.61 га газарт хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг дэмжих эсэх талаар саналаа ирүүлэхийг мэдэгдсэн байна.
Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 09 дүгээр тогтоолоор ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн Айгоулд ХХК-ний талбай нь өөр компаний болон ямар нэг газартай давхцалгүй малчдын бэлчээрээр ашигладаг талбай, хуульд зааснаар татгалзах үндэслэлгүй тул дэмжиж байна гэж шийдвэрлэсэн. Уг тогтоолыг үндэслэн Сүмбэр суманд 614.61 га талбайд тусгай зөвшөөрөл олгох боломжтой тухай шийдвэрийг Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаас гаргаж Төв аймгийн Засаг даргад хүргүүлсэн бөгөөд Засаг дарга Д.Баярбат 2016 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 200 дугаартай “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх санал”-д “дэмжиж байна” гэсэн санал гаргаж Ашигт малтмалын газарт өгчээ.
Дээр дурдсан Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 09 дугаартай тогтоолыг тухайн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэн батлаагүй, энэ өдөр Хурлын Тэргүүлэгчид хуралдаагүй бөгөөд “Санал хүргүүлэх тухай” 09 дугаартай тогтоолыг батлан гаргаагүй болох нь Сүмбэр сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 08 дугаартай “Эхийн алдар” одон авах эхчүүдийн нэрс батлах тухай” тогтоол[1], 2016 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 09 дугаартай “Зөвлөл шинэчлэн байгуулах тухай” тогтоол[2], мөн тус сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын “Тогтоол, тушаал, захирамж бүртгэх дэвтэр”[3] болон гэрч Д.Нэргүйн “...тэргүүлэгчид 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хуралдаагүй” гэсэн мэдүүлэг, гэрч Г.Амарсанаагийн “би 2016 оны 3 сарын 11-ний өдөр аймагт сургалтанд сууж байсан, энэ өдөр хуралдааны тов зарлаагүй, Тэргүүлэгчид хуралдаагүй, 09 дугаартай тогтоолыг 2016 оны 3 дугаар сарын 04-ний өдөр зөвлөл шинэчлэн байгуулахаар батлан гаргасан” гэсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ч.Цэдэнбал нь дээд шатны байгууллагаас Сүмбэр сумын Сүмбэрийн бор нэртэй 614.61 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой эсэх асуудлыг тухайн шатны Хурлын болон Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр хурлын төлөөлөгчдийн болон тэргүүлэгчдийн хуралдааныг товлон зарлаагүй, тэдгээрийг удирдан зохион байгуулаагүйгээс гадна хэлэлцэж шийдвэрлээгүй асуудалд хэлэлцсэн гэх байдлаар санал хүргүүлэх тухай тогтоол батлан гаргасан нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д Хурлын хуралдааныг товлон зарлах, түүний бэлтгэлийг хангах, зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбогдсон санал, шийдвэрийн төсөл боловсруулах” гэж, 22 дугаар зүйлийн 22.1.1-д “...тухайн хурлын ээлжит болон ээлжит бус хуралдааныг товлон зарлах” гэж, 22 дугаар зүйлийн 22.1.7-д “Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаан, өдөр тутмын үйл ажиллагааг удирдах” гэж, 22.1.12-д “ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлаар сум, дүүргийн Хурлын саналыг авч Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрээ Засаг даргад уламжлах” гэж тус тус заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хуралдаагүй, “Санал хүргүүлэх тухай” 09 дугаартай тогтоолыг тухайн Хурлын Тэргүүлэгчид хэлэлцэн батлаагүй байх тул уг тогтоолыг Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон ... олонхийн саналаар батална” гэж заасныг зөрчсөн илт хууль бус захиргааны акт гэж дүгнэх үндэслэлтэй.
Тодруулбал тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ч.Цэдэнбал нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид болон Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэхээр хуульд тусгайлан заасан асуудлыг төлөөлөгчид, тэргүүлэгчдээр хэлэлцүүлэлгүйгээр 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 09 дугаартай “Санал хүргүүлэх тухай” тогтоол батлан гаргасан байх тул түүнийг өөрийнхөө чиг үүрэг, бүрэн эрхэд олгогдоогүй асуудлыг шийдвэрлэж, илт хууль бус захиргааны акт үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
2. Нэхэмжлэгчийн “хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн талбай нь манай компаний тариалангийн талбай болон малчдын өвөлжөөний газартай давхацсан, Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 03 сарын 11-ний 09 тоот тогтоол нь иргэн, хуулийн этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн” гэх тайлбарыг шүүх хүлээн авч дүгнэлт хийх боломжгүй байна.
Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 6/1089 тоот албан бичигт заасан Сүмбэр сумын Сүмбэрийн бор нэртэй 614.61 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой эсэх асуудлыг Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлээгүй, тус Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн “Санал хүргүүлэх тухай” 09 дугаартай тогтоол илт хууль байх тул уг тогтоолын хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийх боломжгүй болно. Тухайн асуудлыг Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22.1.12-д “ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлаар сум, дүүргийн Хурлын саналыг авч Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрээ Засаг даргад уламжлах” гэж заасны дагуу нутгийн өөрөө удирдах байгууллага өөрийн бүрэн эрхийн хүрээнд хэлэлцэн шийдвэрлэх боломжтойг дурьдах нь зүйтэй.
3. Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 09 дүгээр тогтоол Захиргааны хэргийн шүүхэд хянан хэлэлцэх шийдвэр биш гэх хариуцагчийн тайлбарын тухайд
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай 2002 оны хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “захиргааны акт гэж нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар захиргааны байгууллага, албан тушаалтнаас амаар буюу бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон эрх зүйн үр дагавар шууд бий болгодог нэг удаагийн захирамжилсан үйл ажиллагааг, энэ хуулиар захиргааны байгууллагын хэм хэмжээ тогтоосон шийдвэрийг … хамааруулна” гэж заасан. Мөн 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж тус тус заасан байна. Үүнээс гадна Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3, 19.4, 19.5, 19.6-д Төрийн захиргааны байгууллага буюу Ашигт малтмалын газар нь хүсэлт гаргасан талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзсэн бол энэ талаар тухайн аймгийн Засаг даргад бичгээр мэдэгдэж, аймгийн Засаг дарга уг мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзэх ба аймгийн Засаг дарга дэмжсэн хариу өгсөн бол төрийн захиргааны байгууллага тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргахаар заасан байна. Эдгээрээс үзвэл ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлыг шийдвэрлэсэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоол нь эрх зүйн үр дагавар шууд үүсгэж буй захиргааны акт байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “ ...хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар...гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх...” гэж зааснаар Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 09 дүгээр тогтоолтой холбогдох нэхэмжлэлийг Захиргааны хэргийн шүүн хүлээн авч хянан шийдвэрлэх үндэслэлтэй болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 22 дугаар зүйлийн 22.1.1, 22.1.12, 25 дугаар зүйлийн 25.1-д заасныг баримтлан Төв аймгийн Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 09 дугаартай “Санал хүргүүлэх тухай” тогтоол илт хууль бус болохыг тогтоосугай.
2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Өгөөж сүмбэр” ХХК-д олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ОДСҮРЭН
[1] Хавтас хэргийн 79-р хуудас,
[2] Хавтас хэргийн 80-р хуудас,
[3] Хавтас хэргийн 76-78 дугаар хуудас