Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2019/0035

 

 

 

 

 

2019 оны 01 сарын 17 өдөр             Дугаар 221/МА2019/0035                      Улаанбаатар хот  

 

“Х б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, гуравдагч этгээд Н.А, түүний өмгөөлөгч Ж.М нарыг оролцуулан, Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 17 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж гомдлоор, “Х б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Тендерийн үнэлгээний хороо, Тендерийн үнэлгээний хорооны нарийн бичгийн даргад тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 17 дугаар шийдвэрээр: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 27.4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Х б ХХК-ний ЗГХЭГ/201801013 дугаартай Тендерийн үнэлгээний хорооны үйл ажиллагаа хууль бус болохыг тогтоолгох, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан тус хорооны шийдвэрийг хүчингүй болгуулах, дахин тендер сонгон шалгаруулахыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

            Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Тухайн ЗГХЭГ/2018.01.30/ дугаартай тендерийг шалгаруулахдаа сонгон шалгарсан аж ахуй нэгж ТОӨЗ 5.3, 5.3г-д заасан инженер техникийн ажилчид болон тоног төхөөрөмжийн шаардлага хангаагүй мөн хангасан эсэх талаарх нотлох баримтыг цуглуулж, үзлэг хийж захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 хэргийг хяна шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргээ биелүүлээгүй зөвхөн тухайн тендерт аж ахуйн нэгжүүдийн өгсөн материалуудыг нотлох баримтаар гаргуулан авч үнэлсэн нь хууль зүйн үндэслэлгүй, нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн нотлох баримтад тухайн тендерт шалгарсан “А г ө” ХХК нь 2018 онд 3 тендерийн ажил авч гүйцэтгэж байгаа бөгөөд тухайн тендерийн ажлууд дээр инженер техникийн ажилтан, тоног төхөөрөмж нь давхцаж байдаг. Үүнээс харахад ЗГХЭГ/2018.01.30/ дугаартай тендерт “А г ө” ХХК ТОӨЗ 5.3, 5.3г-д заасан шаардлагыг хангаагүй. Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт заасан нотлох баримтыг тал бүрээс бодитой ач холбогдолтой талаас нь үнэлээгүй, нотлох баримт цуглуулах үүргээ биелүүлээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх боловч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах журмыг алдаатай заасан байх тул зөвтгөн өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхилоо.

            Нэхэмжлэгч “Х б” ХХК нь Говь-Алтай аймгийн тендерийн үнэлгээний хорооны ЗГХЭГ/201801013 дугаартай тендерийн ажлын гүйцэтгэгчээр “А г ө” ХХК-ийг шалгаруулсан шийдвэрийг хүчингүй болгуулах, дахин сонгон шалгаруулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Анхан шатны шүүх хэрэгт авагдсан “А г ө” ХХК-ийн тендерт ирүүлсэн инженер, техникийн ажилтнуудын боловсролын гэрчилгээ, диплом, ажиллах хүчний тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын дэвтэр, мэргэшил, мэргэжлийн талаарх сертификат зэрэг баримтуудыг үнэлж, “А г ө” ХХК-ийн инженер техникийн ажилтны талаар ирүүлсэн баримт нь ТОӨЗ-ны 5.3 г-д заасан шаардлага хангасан гэж үзсэн нь үндэслэлтэй байна.

Мөн ажил гүйцэтгэх хугацаанд бэлэн байлгах техник, тоног төхөөрөмжийн жагсаалтыг тендерийн материалд ирүүлсэн, нэхэмжлэгч түүнийг үгүйсгэсэн тайлбараа нотолсон баримт ирүүлээгүй тул “А г ө” ХХК-ийг ТОӨЗ-ны 5.3 б-д заасан шаардлага хангаагүй гэж үзэхгүй талаар зөв дүгнэжээ.

“А г ө” ХХК нь “А Ө” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулж тендер шалгаруулалтад оролцсон тул санхүүгийн чадавхи нь ТОӨЗ-ны 5.3 а-д заасан шалгуурыг хангасан гэж үзэн хариуцагч Тендерийн үнэлгээний хорооний тус компанийг шалгаруулсан үйл ажиллагаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах журмын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 27.4-д заасныг зөрчөөгүй, хууль бус гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо “... шүүх инженер техникийн ажилчид болон тоног төхөөрөмжийн талаар нотлох баримт цуглуулаагүй, зөвхөн тендерийн материалд өгсөн баримтыг үнэлсэн нь хууль зүйн үндэслэлгүй, “А г ө” ХХК нь 2018 онд 3 тендерийн ажил авч гүйцэтгэж байгаа тул ажилтнууд нь давхцаж байгаа учраас шаардлага хангаагүй” гэжээ.

Анхан шатны шүүх Тендерийн үнэлгээний хорооны үйл ажиллагаа хуульд нийцсэн эсэх талаар гаргасан нэхэмжлэлийг шийдвэрлэхэд тендерт оролцогчдоос ирүүлсэн, хариуцагч Үнэлгээний хорооны үнэлгээ хийсэн тендерийн материалд авагдсан баримтуудыг нотлох баримтаар авч, үнэлснийг нотлох баримт дутуу цуглуулсан гэж үзэхгүй. Харин нэхэмжлэгч Үнэлгээний хорооны үйл ажиллагааг хууль бус гэж үзсэн нэхэмжлэлийн үндэслэл, тайлбараа  нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөх, боломжгүй бол эх сурвалжаа зааж өгөх үүрэгтэй бөгөөд нотлох баримт  цуглуулах хүсэлт гаргах эрхтэй боловч гаргаагүй байх тул гомдол үндэслэлгүй байна.

Түүнээс гадна нэхэмжлэгч “Х б” ХХК нь тус компанийн ирүүлсэн тендерийг ТОӨЗ-ны 5.3 а-д заасан санхүүгийн чадавхын шаардлага хангаагүй, мөн ажлын тоо хэмжээнд заасан гадна бохир усны зарим ажил дутуу санал болгож шаардлага хангаагүй гэж үндэслэлээр Үнэлгээний хорооны тус компанийн тендерээс татгалзсан шийдвэртэй маргаагүй байх бөгөөд маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхээргүй байна.

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.4, 112.5-д заасныг зөрчсөн гэсэн нь үндэслэлтэй, шүүх хэрэг үүсгэснээс хойш 46 хоногийн дараа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг сунгаж, дээрх хуулийн заалтыг зөрчсөн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлөхөөргүй байх тул мөн хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.3-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

Харин шүүх тусгай журмаар шийдвэрлэдэг маргааны давж заалдах гомдол гаргах журмыг буруу заасан байх тул зөвтгөсөн өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн  2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 17 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 3, 4 дэх заалтыг “3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.1, 113.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эрхтэй” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.  

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-д зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

             

 

 

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Д.БАТБААТАР   

             ШҮҮГЧ                                                                   Э.ЗОРИГТБААТАР   

             ШҮҮГЧ                                                                   С.МӨНХЖАРГАЛ