Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 573

 

А.А-т  холбогдох эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Б.Ууганбаатар, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Пүрэвдорж, хохирогч К.Р, түүний өмгөөлөгч С.Тилеуберди, хохирогч Х.Ж, түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал, К.Ержан, П.Гансүх, иргэний хариуцагч Х.С, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 133 дугаар шийтгэх тогтоол,  Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 26 дугаар магадлалтай А.А-т холбогдох 201726020423 дугаартай эрүүгийн хэргийг хохирогч К.Р, түүний өмгөөлөгч С.Тилеуберди, хохирогч Х.Ж, түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал, К.Ержан нарын гаргасан гомдлуудыг үндэслэн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Батдэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1992 онд төрсөн, 28 настай, эмэгтэй, эрхэлсэн ажилгүй, ял шийтгэлгүй Ш овогт Атын А

А.А нь иргэн Х.Жийг 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр ХХК-иас тамхи худалдан авч, борлуулж 1 өдрийн дотор урамшууллын ашиг 9 сая төгрөгийг хувааж авна гэж хуурч мэхлэн түүний эхнэрийн эзэмшилд байдаг Хаан банкны 5013130122 тоот данснаас 87,000,000 төгрөгийг ХХК-ний Хаан банкны 5007079477 тоот данс руу шилжүүлэн авч өөрийн өгөх өр төлбөрөө төлүүлж авч залилан мэхэлж авсан,

 2016 оны 09 дүгээр сарын 22-ноос 26-ны өдрийн хооронд Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны Содон хороолол 103-168 тоотод оршин суудаг Б.Э Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Ханы материал 18062 Үйлдвэрчний эвлэлийн гудамж 70 дугаар байр, 314 тоот хаягт байршилтай 52 м.кв хоёр өрөө орон сууцны байрны гэрчилгээг хуурамчаар үйлдэж барьцаалан 35,800,000 төгрөгийг залилан мэхэлж авсан,

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багийн иргэн К.Раас өөрийгөө  ХХК-д гэрээт борлуулагчаар ажилладаг, түр хугацаагаар мөнгө зээлдэж аваад өндөр хүүгээр буцааж өгнө гэж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2017 оны 04 дүгээр сарын 11-ээс 06 дугаар сарын 29-ний өдөр хүртэл үргэлжилсэн үйлдлээр нийт 86,414,000 төгрөгийг иргэн А.Х, Х.Х нарын Хаан банкин дахь 5031523315, 5926003447 дугаартай дансаар шилжүүлэн авсан,

мөн аймгийн Өлгий сумын 13 дугаар багийн иргэн З.Каас өөрийгөө  ХХК-д гэрээт борлуулагчаар ажилладаг, түр хугацаагаар мөнгө зээлдэж аваад өндөр хүүгээр буцааж өгнө гэж бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулж 2017 оны 04 дүгээр сарын 21-ээс 05 дугаар сарын 30-ны өдөр хүртэл үргэлжилсэн үйлдлээр 24,000,000 төгрөгийг иргэн А.Х, Х.Х, Х.Е нарын Хаан банкин дахь 5031523315, 5926003447, 5024711830 дугаартай дансаар шилжүүлэн авсан,

мөн аймгийн Булган сумын эрүүл мэндийн төвийн сувилагч ажилтай А.Сээс 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 5,000,000 төгрөгийг “...би Оросын холбооны улсаас бараа оруулж ирэх гэж байна, Өлгий сумын төвд байгаа дэлгүүрүүдэд бараа нийлүүлэх үйл ажиллагаа явуулах гэрээ байгуулан 14 хоногийн дотор мөнгийг чинь 5 хувийн хүүтэй буцааж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож залилан мэхэлж авсан,

мөн аймгийн Өлгий сумын 11 дүгээр багт оршин суух хаягтай Д.Д, С.Л нарт 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр өөрийнхөө нэрийг Еркегүл гэж танилцуулж  ХХК-д гэрээт борлуулагчаар ажилладаг, одоо Улаанбаатар хотод 2 их дэлгүүртэй,   компаниас авах 2,000,000 төгрөгийн урамшууллыг авахад 8,000,000 төгрөг шаардлагатай байна. Та нарын мөнгийг 10 хоногийн дотор 10 хувийн хүүтэй эргүүлж өгнө гэж итгүүлэн 5,000,000 төгрөгийг нь залилан мэхэлж авсан,

мөн аймгийн Алтай сумын 4 дүгээр багийн иргэн Б.Нуржауарын нөхөр К.Бийг Хууль сахиулах их сургуулийн цагдаагийн ахлагчийн сургуульд оруулж өгнө гэж хууран мэхэлж 2017 оны 08 дугаар сараас 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд хэд хэдэн удаагийн үйлдлээр нийт 5,970,000 төгрөгийг залилан мэхэлж авсан,

мөн аймгийн Өлгий сумын 2 дугаар багт оршин суугч Д.Аийн гэрээс очиж 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр би  ХХК-аас тамхи худалдаж авах ба том оноо /бал/ цуглуулж байгаа, түр хугацаагаар мөнгө зээлдэж аваад шагналын мөнгө орж ирэхээр нь өндөр хүүгээр буцааж өгнө гэж бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулж 3,900,000 төгрөгийг залилан мэхэлж авсан гэмт хэрэгт  тус тус холбогджээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 133 дугаар шийтгэх тогтоолоор  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан А.А,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар хөнгөрүүлэн өөрчилж,

шүүгдэгч А.А, ыг бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар 2 жил хорих ял шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлууд болон прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн хэргийг Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцэж 26 дугаар магадлалаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.А, түүний өмгөөлөгч А.Серикжан, хохирогч К.Р, түүний өмгөөлөгч С.Тилеуберди, хохирогч Х.Ж, түүний өмгөөлөгч К.Ержан нарын давж заалдах гомдлууд, прокурорын бичсэн эсэргүүцлийг тус тус хэрэгсэхгүй болгожээ.

Хяналтын шатны шүүхэд хохирогч К.Р, түүний өмгөөлөгч С.Тилеуберди нар хамтран гаргасан гомдол болон өмгөөлөгч С.Тилеуберди шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1-т заасан заалтыг буруу тайлбарласан хэрэгт цугларсан нотлох баримтад зөв дүгнэлт хийгээгүй тухайд:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 36-р тал хууль зүйн дүгнэлт өгсөн хэсэгт А.А,  нь шунахайн сэдэлтээр бусдыг залилан мэхэлж, бусдын өмнө буюу / ХХК/-ны өмнө хүлээсэн өр төлбөрөө барагдуулах шалтгаанаар гэмт хэрэг үйлдсэн, тогтоолын 37-р тал шүүгдэгч гэмт хэрэг үйлдэх үедээ  ХХК-тай гэрээ байгуулж 229,475,000 төгрөгийн бараа материал авсан. Гэтэл  ХХК нь хугацаанаас өмнө мөнгөө нэхсэнээр А.А,  нь өрөө дарахын тулд дээрх хохирогчдоос удаа дараагийн үйлдлээр нийт 253,084,000 төгрөгийг залилан авсан үйлдлийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж үзэх боломжгүй байна гэж шүүхээс үзсэн. Учир нь шүүгдэгч А.А,  нь нэр бүхий хохирогч нарыг залилж, их хэмжээний хохирол учруулсан байх боловч тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг “амьдралын эх үүсвэр” болгосон гэх үйлдэл нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэж үзэв. Шүүгдэгч А.Аын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт заасан “байнга” гэх хэлбэрийн шаардлагыг хэдийгээр хангаж байгаа боловч агуулгын шаардлага болох “амьдралын эх үүсвэр” болгосон гэдэг нь нотлогдон тогтоогдохгүй байна гэж үзсэнд гомдолтой байна. Тогтоолын 38-р тал, Тиймээс А.А-т,  прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дутуу үнэлж  ХХК-наас авсан өр болох 22,947,500 төгрөгийн өрөнд орсон гэж үзэж, хохирогч нараас удаа дараагийн үйлдлээр авсан 253,084,000 төгрөгийн зөрүү 23,609,000 төгрөгийг А.А амьдралын эх үүсвэр болгон хэрэглэсэн эсэхийг тогтоогоогүй байж ялыг нь хөнгөрүүлсэн нь буруу болсон. Логикийн хувьд бүх хохирогч нарын мөнгийг  ХХК-д шилжүүлсэн нь ял хөнгөрүүлэх нөхцөл болсон бол хохирогч нар мөнгө хэнээс нэхэмжлэх нь тодорхойгүй болгосон, төлөгдөөгүй хохирол болох 162,923,200 төгрөг буюу их хэмжээний хохирлыг шүүгдэгч төлөх чадваргүй байхад гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгээгүй гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг шүүгдэгчид оногдуулсан ялын зүйлчлэлд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

 Хяналтын шатны шүүхэд хохирогчийн өмгөөлөгч К.Ержан гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн бодит байдлын талаар үнэн зөв дүгнэлт хийгээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэрэгт ач холбогдолтой, хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь дүгнээгүйгээс хохирогчийн эрх зүйн байдлыг дордуулсан, хэргийн бодит байдалтай нийцээгүй шийдвэр гаргасан. Учир нь уг 87,000,000 төгрөгийг А.А, аас гаргуулан шийдвэрлэхдээ хохирогч Х.Жийн мэдүүлэг, А.А, ын  ХХК-д бичсэн гар баримт, Хаан банкны шилжүүлгийн баримт,  ХХК-ний Хаан банкны депозит дансны хуулга, гэрч Ж.Б, А.О нарын мэдүүлэг зэргийг үндэслэл болгон шийдвэрлэсэн байна. Х.Ж нь 87,000,000 төгрөгийг А.А, ын данс руу биш  ХХК-ний данс руу шууд шилжүүлсэн ба одоогоор Х.Жийн өмч болох 87,000,000 төгрөг  ХХК-ний эзэмшилд байгаа нь дээрх нотлох баримтуудаар бүрэн нотлогдоод байгаа билээ. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй”, 106 дугаар зүйлийн 106.1-д “Өмчлөх хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй”, 106.3-т “Энэ хуулийн 106.1, 106.2-т заасан шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал, өмчлөгч арбитрын хэлэлцээртэй бол арбитрын журмаар, бусад тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна” гэж тус тус заасан байх бөгөөд энэхүү заалтуудаас дүгнэхэд Х.Ж нь өмчлөлийн зүйл болох 87,000,000 төгрөгийг  ХХК-ний эзэмшлээс шаардан авах эрхтэй бөгөөд энэ эрхээ хэрэгжүүлэн  ХХК-иас шаардаж байсан нь хавтаст хэрэгт авагдсан Х.Жийн  ХХК-д гаргасан хүсэлт гэрч нар болох Б, А.О нарын мэдүүлгээр бүрэн нотлогдоод байгаа. Улмаар шүүх хуралдаанд 87,000,000 төгрөгөө ХХК-иас нэхэмжилж байгаагаа тодорхой илэрхийлсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан билээ. ХХК нь 87,000,000 төгрөгийг шударгаар олж авсан гэж маргаж байгаа нь хэрхэвч хууль болон бодит байдалд нийцэхгүй юм. Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт “Эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тооцно. Харин эрхээ шилжүүлж байгаа этгээд өмчлөгч биш болохыг тухайн үед мэдэж байсан буюу мэдэх ёстой буюу мэдэх боломжтой байсан бол өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэхгүй” гэж заасан байх бөгөөд энэхүү заалтад заасанчлан  ХХК  87,000,000 төгрөгийг А.Аын өмч биш бусдын өмч гэдгийг тухайн үед мэдэх боломжтой, ерөөсөө мэдэж байсан нь доорх нотлох баримтуудаар нотлогдож байгаа юм. ХХК-ны эрх бүхий албан тушаалтан болох Б-ний “... 2016 оны 11 дүгээр сарын сүүлээр Х.Ж гэгч урьд өмнө танихгүй хүн манайд гэнэт ирээд 2016 оны 09 дүгээр сарын 16-нд “Би танай дансанд 87,000,000 төгрөгийг андуураад шилжүүлсэн гэж ирсэн. Тэгэхэд бид А.А манайд ийм мөнгө орж ирнэ. Миний төлбөрийг хасаарай гэж байсан тул тэр тайлбараа хэлээд тэр хүнийг явуулсан. Гэрч А.Оийн “2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 87,000,000 төгрөг шилжиж ирсэн байсан. Тэгэхээр нь би дансны хуулгаа шүүж ирээд Еска гэрэт гэдэг нь юу гэсэн үг бэ гэхэд Еска гэвэл манай гэрээт гэсэн үг гэж А.А,  хэлж байсан. Нийт 87,000,000 төгрөгийг Х.Жээс шилжүүлсэн байсан...дараа нь Х.Ж гэх хүн ирээд манай санхүүгийн албаны даргатай уулзсан байсан. Маралгуа надруу яриад Х.Ж гэх хүн ирж уулзлаа 87,000,000 төгрөгийг андуураад хийчихлээ. Мөнгөө буцааж авч болох уу гэж байна” гэх мэдүүлгээс үзэхэд тухайн өдөр дансны хуулгаа шүүж үзсэн А.Аын өмч биш бусдын өмч гэдгийг бүрэн мэдэж байсныг нотлоод байгаа. Энэхүү байдлаар эд хөрөнгө 114 дүгээр зүйлд заасан эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд өмчлөгч биш болохыг бүрэн мэдэж байсан тул 87,000,000 төгрөгийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэх боломжгүй байна. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д “Хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй” тохиолдолд хөрөнгө шилжүүлсэн этгээд хөрөнгөө олж авсан этгээдээс хөрөнгөө шаардах эрхтэй гэж зүйлчилсэн байна. Манай тохиолдолд Х.Ж болон  ХХК нь хоёрын хооронд дээрх зүйлд заасанчлан хоорондоо үүрэг үүсээгүй холбогдолгүй этгээдүүд тул  ХХК нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж байна. Дээрх нотлох баримтуудаар  ХХК  А.А  87,000,000 төгрөгийг гэмт хэрэг үйлдэх замаар олсон болохыг мэдсээр байж шилжүүлэн авч одоог хүртэл эзэмшилдээ байлгаж байгаа нь бүрэн нотлогдож байна. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх эрүүгийн хуулийн энэхүү заалтыг огт хэрэглэлгүй 87,000,000 төгрөгийг А.А, аас шууд гаргуулж байгаа нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж байгаа хэлбэр юм гэв. Хяналтын шатны шүүхэд хохирогчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа:  Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05  дугаар сарын 29-ны өдрийн 133 дугаартай шийтгэх тогтоол, Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 25 дугаартай магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3-т Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийг зөрчсөнд гомдолтой байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино гэж заажээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, зөрчсөн талаар: Шүүгдэгч А.Ардах нь хохирогч Х.Жийг 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр  ХХК-иас тамхи худалдан авч, борлуулж 1 өдрийн дотор урамшууллын ашиг 9 сая төгрөгийг хувааж авна гэж хуурч мэхлэн түүний эхнэрийн эзэмшилд байдаг Хаан банкны 5013130122 тоот данснаас 87.0 сая төгрөгийг  XX компаний Хаан банкны 5007079477 тоот данс руу шилжүүлж авч өөрийн өгөх өр төлбөрөө төлүүлж авч залилан мэхэлсэн гэмт хэрэг үйлдсэн гэж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татжээ. Шийтгэх тогтоол магадлалд “...Баян-Өлгий аймгийн прокурорын газраас шүүгдэгч А.А холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг мөн зүйлийн 2.2 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заалтаар гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль ёсны байх зарчим, 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруугийн зарчимд тус тус нийцсэн байна"... гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Давж заалдах шатны шүүх нь шүүгдэгч А.А,  холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг мөн зүйлийн 2.2 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтаар гэм буруутайд тооцсон үндэслэлээ тодорхой заахгүйгээр хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөнд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэнгүй, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсонгүй. Энэ нь Дээд шүүхийн тайлбарт (2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 51 дугаартай тогтоол) 1-д Энэ зүйлд заасан “...бусдын эд хөрөнгө... “ гэдэг нь Иргэний хуулийн 84 дүгээр зүйлд тодорхойлсон өөр этгээдийн эзэмшил, өмчлөлд байгаа эд юмс байна. 2-т “...өмчлөх эрх...” гэдэгт Иргэний хуулийн 101 дүгээр зүйлд заан тодорхойлсон, өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмших, ашиглах, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхийг ойлгоно. 3-т хуурч мэхлэх арга..." гэдэг нь бусдын эд хөрөнгө, түүнийг өмчлөх эрхийг өөртөө хууль бусаар олж авахын тулд үгээр буюу үйлдлээр, бодит байдлыг гуйвуулах, нуун дарагдуулах, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэхийг хэлэхээр тайлбарлажээ. Шүүгдэгч А.Аын хувьд залилах гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө “бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, эсхүл хагасыг нь хийнэ” гэсэн санаа зорилго, сэдэлтээр хохирогчийг хуурч, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинж бүрэн хангагддаг ба А.А, ын холбогдсон 8 үйлдэл холбогдлын хувьд гэмт хэргийн дээрх шинжийг агуулсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөрдөн байцаалт болон шүүх хуралдааны явцад нотолбол зохих байдлууд бүрэн нотлогдон тогтоогдсон байна. Түүнчлэн анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүх нь шүүгдэгч А.А оногдуулсан хоёр жилийн хорих ял нь их хэмжээний хохирол учруулж үйлдсэн залилах гэмт хэрэг, тухайн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохироогүй ял шийтгэл оногдуулжээ. Мөн шүүгдэгч А.А  эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, хохирол төлбөр төлсөн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулсан нь мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт' нийцсэн, хууль ёсны байх зарчмыг зөрчөөгүй байна гэсэн нь давж заалдах шатны шүүхийн магадлал нь хэрэгт цугларсан нотлох баримтанд үндэслэж гарсангүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1-д заасан “Энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх хүндрүүлэх шинж нь нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд гурав буюу түүнээс дээш удаа үйлдэж, уг гэмт хэргийг үйлдэж олсон ашиг орлогыг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг залгуулах гол эрх сурвалж, эсхүл бусад үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ зэрэг ашиг олох зорилготой үйл ажиллагааныхаа үндсэн хэрэгсэл, эх үүсвэр болгож тогтвортой ашигласан байхыг хамааруулсан хууль зүйн ойлголт юм. Гэтэл хавтаст хэрэгт шүүгдэгч А.А нь хохирогч Х.Ж, К.Р, Б., 3.К, А.С, С.Л, Б.Н, Д.А нарын найман хүний эд хөрөнгийг залилан авч, нийт 253,084,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж гэмтхэрэг үйлдсэн нь энэ гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хангасан байх тул Баян-Өлгий аймаг дахь прокурорын газрын 2019 оны 04 сарын 01-ний өдрийн 48 дугаартай яллах дүгнэлтээр шүүхэд шилжүүлсэн нь зүйн үндэслэлтэй юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэх хуулийн заалтыг зөрчсөн. Иймд шийтгэх тогтоол болон магадлал нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэхийг бүхэлд нь хянаж өгнө үү. Шийтгэх тогтоол болон магадлалд "... хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч А.А  нь 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 12/75 дугаартай гэрээгээр  ХХК-ийн Баян-Өлгий аймаг дахь гэрээт борлуулагч болсон байх бөгөөд тэдний хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн. Шүүгдэгч А.А нь зээлийн гэрээний гүйцэтгэлээ гэрээнд заасан хугацаандаа гүйцэтгээгүй бөгөөд тус компанид төлөх ёстой өрөө төлөхийн тулд хохирогч Х.Жийг ХХК-иас тамхи худалдан авч, борлуулж 1 өдрийн дотор урамшууллын ашиг 9 сая төгрөгийг хувааж авна гэж хуурч мэхлэн, түүний эхнэрийн эзэмшилд байдаг Хаан банк дахь 5013130122 дугаар данснаас 87,000,000 төгрөгийг  ХХК-ийн Хаан банк дахь 5007079477 тоот данс руу шилжүүлж өөрийн өр төлбөрөө барагдуулж залилан мэхэлсэн нь нотлогдон тогтоогдсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болохоор хуульчилсан бөгөөд мөн зүйлийн 2 дахь хэсэгт энэ тохиолдолд мөрдөгч тогтоол гаргана.  ХХК-ийн хувьд шүүгдэгч А.А, ын үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хуулийн этгээд биш, түүний учруулсан хохирлыг хариуцах хууль зүйн үндэслэлгүй байхад мөрдөгчийн 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн тогтоолоор тус компанийг иргэний хариуцагчаар тогтоож, улмаар иргэний хариуцагчийн хууль ёсны төлөөлөгчөөр  ХХК-ийн итгэмжлэлээр Б.Л, Х.С нарыг тогтоосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ёсны байх зарчимд нийцээгүй байна. Түүнчлэн Баян-Өлгий аймгийн прокурорын газрын 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 5/34 дүгээр прокурорын тогтоолоор иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн иргэний хариуцагчаар татан оролцуулсан мөрдөгчийн дээрх тогтоолыг хүчингүй болгуулах тухай гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэснийг тэмдэглэх нь зүйтэй байна”... гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.              Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д Өсвөр насны яллагдагчийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно. Мөн хуулийн 8.6 дугаар зүйлийн 2-т Иргэний хариуцагчаар татахдаа мөрдөгч, прокурор, шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана. Мөн хуулийн 8.6 дугаар зүйлийн 3-т иргэний хариуцагч, түүний төлөөлөгч дараах эрх эдэлнэ, 3.1. нэхэмжлэлийн талаар тайлбар гаргах, 3.2. баримт сэлт, хүсэлт гаргах, 3.3.энэ хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.4, 1.5, 1.6, 1.7, 1.8, 1.10, 1.11, 1.12-т заасан эрхтэй байна. Хавтаст хэрэгт  ХХК-ийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад итгэмжлэлээр Б.Л, Х.С нарыг тогтоосон. Харин эд хөрөнгийн хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хуулийн этгээд иргэний хариуцагч  ХХК юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ. Мөн хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч гэнэ. Хохирогч, иргэний нэхэмжлэгчээр Х.Жийг тогтоосон мөрдөгчийн тогтоол хавтаст хэрэгт авагджээ. Гэтэл анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүхийн дээрх дүгнэлт нь хууль ёсны байх шаардлага хангаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ гэх хуулийг зөрчсөн шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийг зөрчсөнд гомдолтой байна. Хавтаст хэргийн нотлох баримтуудын талаар: Хохирогч Ж "...2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр би өөрийн ажилладаг Нарантуул зах дээр худалдааны ажлаа хийж байгаад Ардах гэгч өмнө нь надаас бараа авч байсан эмэгтэй ирээд урамшуулалтай тамхи авах гээд байгаа юмаа та мөнгийг нь гаргаад өгөөчээ, би  ХХК-тай борлуулалтын албан ёсны ажилтай гэрээ хийсэн. Мөн манай нөхрийн найзын орон сууц болон өөрийн нөхрийн байрны хамт барьцаанд тавьсан байгаа юм. Одоо тамхиа аваад очсон ч болж байна. Надад 9,000,000 төгрөг орчим төгрөгний урамшуулал өгнө, хоёулаа хувааж авъя, тал мөнгийг нь танд өгье гэж хэлсэн. 87,000,000 төгрөгний үлдэгдэл өгөх хэрэгтэй болоод байна. Үлдэгдэл мөнгийг нь би хийчихсэн байгаа, ийм мөнгө дутаад байна гэхээр нь бид хоёр  компани руу орсон”...гэх мэдүүлэг, Хохирогч Х.Жийн 2017 оны 06 сарын 04-ны өдөр өгсөн мэдүүлэгт ”... Ардах нь надад 2016 оны 07 дугаар сарын 04-ны өдөр Монгол тамхи со ХХК-тай хийсэн зээлээр худалдах, худалдан авах гэрээг үзүүлээд өөрийгөө Монгол тамхи со ХХК-ийн Баян-Өлгий аймаг дахь салбарыг хариуцсан гэрээт борлуулагч хийдэг байгаа гэж хэлсэн. Мөн надад 2016 оны 07 дугаар сарын 04-ны өдөр хийсэн үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг үзүүлэхээр миний итгэл төрсөн. Надад үзүүлсэн баримтуудыг нь би нээх их шалгаад, юм асууж тодруулаагүй итгэчихсэн байсан. А.А надад би  ХХК-ийн гэрээт борлуулагч болохоор тамхи борлуулж байгаа. Энэ удаагийн  ХХК-аас зарлаж байгаа тамхины урамшуулал өндөр байгаа болохоор тамхи бэлнээр авах хэрэгтэй байна. Одоо 87.0 сая төгрөг дутуу байгаа юм. Та энэ мөнгийг гаргаад  ХХК-наас тамхи худалдаж аваад хүнд бэлнээр зарна, авах хүн нь бэлэн байгаа, дундаас нь 9 сая төгрөгийн 1 өдрийн дотор олно, олсон мөнгөө хуваагаад авья гэж хэлсэн. Тэгэхээр нь би итгээд 87.0 сая төгрөг гаргахаар хүлээн зөвшөөрсөн бөгөөд тэндээсээ шууд  ХХК-ийн байр луу такси бариад А.А,  бид хоёр явсан. Ингээд ХХК-ийн байрнаас 100 метр хүрэхгүй газар очоод таксинаасаа бууцгаасан. А.А,  надад би ганцаараа ХХК-руу орьё харин та ойрхон Хаан банкин дээр очоод мөнгө шилжүүлэхэд бэлэн байж байгаарай гэж хэлсний дагуу Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Техник импорт ХК-ийн байранд ажиллагаа явуулдаг Хаан банкны салбар дээр очиж А.А, ыг хүлээгээд байж байгаад би тус Хаан банкны салбар дээр 2 цаг орчим А.А, ыг хүлээгээд утас руу залгаж болсон талаар асуухад  ХХК-ийн санхүүгийн ажилтан байхгүй байна маргааш шилжүүлэхээр болчихлоо, та явж бай гэж хэлсэн. Тэгээд би гэрлүүгээ явсан юм. Маргааш нь буюу 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр би гэртээ амарч байсан. А.А,  нь тухайн өдөр 10 цагийн орчим над руу утсаар яриад та 87.0 сая төгрөгөө 2 хуваагаад  ХХК-ийн 5007079477 тоот данс хуу шилжүүлчих гэж хэлсэн. Би тухайн үед Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Ривер гарден хотхонд байрлах гэртээ байсан учир гараад Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо ривер гарден хотхонд Ривер таурын 1 дүгээр давхарт байрлах Хаан банкны салбараас Бахытгүл бид хоёрын дундын эзэмшлийн 5013130122 тоот Хаан банкны данснаас 50 сая төгрөг, 37 сая төгрөгөөр хоёр хувааж шилжүүлсэн юм. А.А нь та мөнгө шилжүүлэхдээ утга дээр нь өөрийнхөө нэрийг бичилгүй Баян-Өлгий Еска-гаас гэж хийгээрэй гэж хэлсэн”.... гэх мэдүүлэг /хэргийн 5 дахь хавтас,105 дахь тал/,

Хохирогч Х.Жийн 2017 оны 11 сарын 16-ны өдөр өгсөн мэдүүлэгт ’’... А.А,  надтай 2016 оны 09 дүгээр сард уулзаад  Компани тамхи авсан хүмүүстээ урамшуулал зарласан байна. Та тамхи авч борлуулаач ашигтай юм байна гэсэн. Түүний дагуу Ардахаас хэрхэн тамхи авч борлуулах талаар асууж байгаад Ардах урьд өмнө  ХХК-иас тамхи авч байсан гэхээр нь би Ардахыг надад тамхи аваад өг, би мөнгийг нь  ХХК-руу шилжүүлье гэсэн. Тэгээд Ардах  ХХК дээр ирчихлээ мөнгөө  ХХК шилжүүлчих гэхээр нь би 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр  ХХК-ийн данс болох 5007079477 дугаарын данс руу эхлээд 50 сая, дараа нь 37 сая төгрөг шилжүүлсэн. Тэгээд А тамхи авч ирэхийг хүлээсэн чинь А тамхи ирээгүй. Тэгээд юу болсон талаар Ааас асуусан чинь маргааш авахаар болсон гэж хэлсэн. Түүнээс хойш би өөрийн захиалсан тамхиа авч чадахгүй байсаар өдийг хүрч байна. Тэгээд ХХК-иас захиалсан тамхи авъя гэтэл Ардахын өрөнд мөнгийг чинь суутгаж авсан гэж хэлсэн. Энэ бүгдээс үзэхэд  ХХК нь миний мөнгийг надаас асуухгүйгээр дураараа аашлан Ардахын өрөнд суутгаж авсан байна. Иймд  ХХК-аас өөрийн мөнгийг нэхэмжилж байна”... гэх мэдүүлэг /хэргийн 5 дахь хавтас, 152-153 дахь тал/,

Гэрч Б.Лийн 2017 оны 06 сарын 29-ний өдөр өгсөн мэдүүлэгт”...би үл хөдлөх хөрөнгөө барьцаанд тавьсан. Би олон жил энэ салбарт ажиллахдаа ямар нэгэн гэрээт борлуулагчид залилуулж байгаагүй учраас итгээд өгсөн. Эхлээд 78,000,000 сая төгрөгний бараа өгчхөөд байж байхад А.А,  нь надад 97,000,000 төгрөг бэлэн байна. 150,000,000 төгрөгний тамхи авмаар байна гэхээр нь итгээд өгчихсөн. Манайхаас тамхиа ачуулчихаад замаараа банк ороод хийе гэж хэлсэн юм. Тухайн үед би барьцаа чинь бага байна, авах гэж байгаа тамхи чинь барьцаанаас чинь давах гэж байна гэж хэлэхэд манай нөхрийн нэр дээр 100 айлд нэг байр байгаа би Баян-Өлгий явж ирчихээд барьцаанд тавъя гэхээр нь мөн адил итгээд өгсөн юм. Ер нь А.А,  нь их итгэл үнэмшилтэй ярьдаг юм”... гэх мэдүүлэг /хэргийн 5 дахь хавтас, 113 дахь тал/,

Иргэний хариуцагч Б.Лийн 2018 оны 04 сарын 12-ны өдөр өгсөн мэдүүлэгт"... 2016 оны 09 сарын 14-ний өдөр Хаан банкны данс руу 40,000,000 сая төгрөг шилжүүлсэн. Ингэхдээ өөрөө ирж уулзаагүй утсаар ярьж байгаад хийсэн байгаа. Харин дараа нь танай данс руу одоо мөнгө хийх гэж байна шүү гээд надруу ярьдаг бөгөөд мөнгө орсон уу мөнгө хийлээ гэж хэлдэг ба яг хэдэн төгрөг хийснээ хэлдэггүй байсан. Энэ үед манай ажил дээр ирдэг байсан ба одоо мөнгөө хийх гэж байнаа л гэдгээ ярьж байгаад 2016 оны 09 сарын 16-ны өдөр эхлээд 50,000,000 төгрөгийг Ескан Ж гэсэн данснаас хийсэн дараа нь хэдэн минутын дараа мөн Еска Жанарбекээс гэж 37,000,000 сая төгрөгийг шилжүүлсэн. Би тэгэхээр нь мөнгө орж ирвэл бараг баярлаж байгаа болохоор ямар еска Жанарбек гэж орж ирснийг нь асуугаагүй ээ. Харин дараа нь мөнгө ингэж орж ирсний дараа Ж гэх хүн ирж уулзаад энэ А танайхаас тамхи авч өгнө гэтэл тамхиа өгөхгүй байна гэхээр нь би энэ хүн чинь манайд өртэй байгаа мөнгөө өгөхгүй байгаа юмаа уг мөнгийг өрнөөс хассан байгаа гэж хэлсэн”... гэх мэдүүлэг /хэргийн 5 дахь хавтас, 219 дахь тал/,

Гэрч А.Оийн 2017 оны 06 сарын 29-ний өдөр өгсөн мэдүүлэгт”... манай компанид борлуулалтын тодорхой дотоод дүрэм журам гэж байхгүй. Орон нутагт гэрээт борлуулагчтай гэрээ хийдэг. Нэг ёсондоо зээлээр худалдах, худалдан авах гэрээ хийдэг юм. Гэрээт борлуулагч тодорхой үл хөдлөх хөрөнгөтэй, манай бараа бүтээгдэхүүнийг борлуулах цэгтэй байх ёстой гэсэн шаардлага тавигддаг. Аймаг бүрт 1-2 гэрээт борлуулагч байдаг. Голдуу нэг борлуулагч байдаг юм. Тийм болохоор гэрээт борлуулагчтайгаа тодорхой ажил олгох хөдөлмөрийн гэрээ байгуулдаггүй юм. Тиймээс ямар нэг анкет, ажилд томилсон тушаал шийдвэр байхгүй гэсэн үг. Зөвхөн зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулдаг юм. Гэрээн дээрээ нөхцөлүүдээ тодорхой тусгасан байдаг юм. Сарын эхэнд хэрэв бараа зээлээр авсан тохиолдлын тухайн сарын сүүлээр төлбөрөө барагдуулж байж дараагийн бараа авах эрх нь нээгддэг юм’’... гэх мэдүүлэг /хэргийн 5 дахь хавтас, 114 дэх тал/ зэрэг мэдүүлэгээс харахад хохирогч Х.Ж нь  ХХК-тай ажил хэргийн харилцаагүй, төлөх төлбөргүй нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл Хаан банкны 5013130122 тоот дансаас  XXК-ний Хаан банкны 5007079477 тоот данс руу шилжүүлсэн 87.0 сая төгрөгний хууль ёсны шударга өмчлөгч нь хохирогч Х.Ж юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дах хэсэгт Мөрдөгч нотлох баримт цуглуулж, бэхжүүлэхдээ хуулийн дагуу явагдаж байгаа эсэх, цугларч байгаа нотлох баримт нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхийг хянаж үнэлнэ. Мөн хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дах хэсэгт Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана гэх хуулийг заалтыг ноцтой зөрчиж хохирогч Х.Жийг өмчлөлийн эд хөрөнгийг  ХХК-д үлдээж, хохирлыг шүүгдэгч А.А, аас гаргуулсанд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл хохирогч Х.Ж нь Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй байтал  ХХК нь хохирогчийн өмчлөлийн 87.0 сая төгрөгийг үндэслэлгүйгээр эзэмшилдээ авч захиран зарцуулсанд гомдолтой байна.  ХХК нь 87.0 сая төгрөгний өмчлөгч биш бөгөөд харин иргэний хариуцагчийн эрх үүрэгтэйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон. Иймд хавтаст хэрэгт ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан баримтат мэдээлэл нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсан байхад хохирогч, иргэний нэхэмжлэгч Х.Жийн хохирлыг иргэний хариуцагч  ХХК-иас гаргуулахаар шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүхэд хохирогч Х.Ж гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Монгол улсын зохих хуулийн дагуу  ХХК-ний гэрээт борлуулагч А.А-т, ай холбогдох залилангийн хэргийг 2016-2020 онд шалгаж мөрдөн байцаах ажиллагаа болон прокурорын шийдвэрээр А эрүүгийн хэрэг үүсгэж хохирогч миний 87,0 сая төгрөгийг хууль бусаар өмчилж байгаа  ХХК-ийг иргэний хариуцагчаар тогтоож шийдвэр гарсан юм. Энэхүү шийдвэрийн дагуу Атай холбогдох хэргийн шүүх хурал Баян-өлгий аймгийн шүүхэд эрүүгийн хэргийн анхан шатны болон давж заалдах шатны шүүх хурал болж Ат эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн ба миний хохирлыг ХХК-аас биш А гаргуулахаар шийдвэрлэв. Миний бие шүүхийн энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй хяналтын гомдол гаргаж байна. Би А.А-т,  уг 87,0 сая төгрөгийг өгөөгүй тамхи авахаар  ХХК-ний дансанд шилжүүлсэн болно. Ардах нь надад  ХХК-тай байгуулсан гэрээт борлуулагч гэсэн нотариатаар баталгаажуулсан барьцааны хөрөнгөтэй гэрээг үзүүлж тамхи авч өгөхөөр ярьсан тул би тамхи авахаар тус компанийн дансанд 87,0 сая төгрөг шилжүүлсэн. Ардахт өгөөгүй бөгөөд түүнд мөнгө зарцуулах тухай үүрэг хүлээлгээгүй болно.Үүнийг иргэний хариуцагчаар татагдсан  ХХК-ний бие төлөөлөгч гэрч ня-бо А.О, Ж.Б, М нарын мэдүүлэгт ч гэсэн энэ мөнгө Аын гараар дамжаагүй. Жээс гэж данснаас дансанд шилжиж орсон болох нь батлагддаг юм. Энэ талаар  ХХК-ний нягтлан бодогч А.Оийн өгсөн мэдүүлэгт 2016 оны 09 дүгээр сарын16-ны өдөр банкны хуулга авахад Жанарбекээс гэж 87,0 сая төгрөг орсон байсан гэсэн ба Аын өгсөн мэдүүлэгт “..уг мөнгийг би аваагүй Жээс тус компанийн дансанд шууд орсон тул тус компани төлөх ёстой“ гэжээ. Миний бие  ХХК-ний дансанд мөнгө шилжүүлсэн 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр баасан гараг байсан ба бямба, ням гаригуудыг өнгөрөөж дараагийн долоон хоногоос тус компанийн хүмүүстэй ярих гэхэд байхгүй утасууд нь холбогдохгүй байсан тул миний бие 2 хүний хамтаар тус компани дээр очиж мөнгөө буцааж авъя гэхэд тэд, бид тэр мөнгийг Аын өрөнд суутган авсан та нар шүүх.цагдаагаар явж олж аваарай гэж мөнгөө өгөөгүй юм. Энэ хугацаанд миний бие тус компанийн санхүү, удирдлагад мөнгө буцааж авах хүсэлтээ өөрийн биеэр болон бичгээр гаргаж байсан учир тус компаний удирдлага.санхүүгийн хүмүүс уг мөнгө А эзэмшлийн мөнгө биш Ж гэдэг өөр хүний мөнгө гэдгийг мэдэж байсан ба мэдэх бүрэн боломжтой боловч хариу өгөөгүй, бөгөөд дансандаа миний нэрээр шилжиж орсон мөнгийг хууль бусаар ашиглан хөрөнгөжиж байгаа болно.Тус компанийн хувьд шилжиж ирсэн мөнгөний эзэн өөр хүн байна гэдгийг бүр анхнаас мэдэж байсан боловч миний мөнгийг хууль зөрчиж өмчилж байна. Бид арга буюу эрхэнд цагдаа шүүхэд хандсан ба уг хэргийг шийдэх асуудал сунжарч Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн цагдаа, мөрдөн байцаах албадаар дамжин хэрэг нь 4 гаруй жил шалгасны эцэст шүүхэд шилжсэн юм. Ингээд А.А-т, ай холбогдох эрүүгийн хэргийг хоёр шатны шүүх хуралдаанаар орж түүнд залилангийн хэрэг үүсгэж  ХХК-ийг иргэний хариуцагчаас чөлөөлж миний мөнгийг Ардахаар төлүүлэхээр шийдвэрлэсэн юм. Шүүхээс миний мөнгийг өмчилж бусдын өрөнд суутган авсан байгууллага хариуцлагаас чөлөөлөгдөж, мөнгөө гардаж аваагүй бөгөөд захиран зарцуулах үүрэг хүлээгээгүй А хариуцахаар шийдвэрлэсэн нь хуулинд нийцэхгүй гэж үзэж байна. Хоёр шатны шүүхэд  ХХК-ийг иргэний хариуцагчаар тогтоосон мөрдөн байцаах ажиллагаа болон прокурорын шийдвэрийг хохирогч миний эрхийг хамгаалсан гэж хүлээн авч миний мөнгийг хууль бусаар өмчилж байгаа  ХХК-аас иргэний журмаар гаргуулахаар шийдвэрлэж өгөхийг хүссэн юм. Ингэж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна. Иргэн миний хохирлыг шийдвэрлэхэд Иргэний хуулийн 106.1-д зааснаар “... өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс буцаахыг шаардах эрхтэй", 106.1,106.2-д “..эрх нь зөрчигдвөл шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна”, Иргэний хуулийн 492.1-д ”..хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй” тохиолдолд хөрөнгө шилжүүлсэн этгээд хөрөнгө олж авсан этгээдээс хөрөнгөө шаардах эрхтэй” гэсэн. Иргэний хуулийн 114.1-д “...эрхээ шилжүүлж байгаа этгээд өмчлөгч биш болохыг тухайн үед мэдэж байсан мэдэх ёстой буюу мэдэх боломжтой байсан бол өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэхгүй” гэж заасан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5-д ”...тухайн хөрөнгө гэмт хэрэг үйлдэж олж авсан байхыг мэдсээр байж авсан болох нь тогтоогдвол шүүх уг эд хөрөнгө орлогыг бусдын өмчлөлд шилжүүлсэн хэлцлийг хүчингүйд тооцож, хөрөнгө орлогыг хураан авч хохирлыг нөхөн төлүүлнэ” гэж тус тус заасан хуулийн заалтууд зөрчигдөж миний өөрийн ариун хөдөлмөрөөр олсон хөрөнгө болох 87,0 сая төгрөгийг  ХХК бараг 4 жил хууль бусаар эзэмшиж намайг хохироож байна. Иймд миний хөрөнгө болох 87,0 сая төгрөгийг хууль бусаар ашиглаж өмчлөн хөрөнгөжиж байгаа  ХХК-аас иргэний журмаар гаргуулахыг шийдвэрлэж өгөхийг хүсч гомдол гаргаж байна гэв.

Хохирогч Х.Жийн өмгөөлөгч П.Гансүх хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Хоёр шатны шүүх хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлтийг хийсэн байна. Хэрэг анх Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс дээр шалгагдаж байх явцад  ХХК дээр өөрийн биеэр очиж уулзаж байхад уг асуудлыг бүрэн хүлээн зөвшөөрч байсан. Хохирогч Х.Ж, А.А,  хоёрын хувьд 87,000,000 төгрөгөөр авсан тамхины ашиг болох 9,000,000 төгрөгийг хувааж авна гэсэн анхны хэлцэл байдаг. Гэтэл  ХХК хүний шилжүүлсэн мөнгийг завшсан асуудал гарсан. Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасныг зөрчиж шийдвэр гаргасан байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Пүрэвдорж хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Шүүгдэгч А.А,  нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн учир хяналтын журмаар гомдол гаргаагүй. Шүүхийн шатанд 30,000,000 гаруй төгрөгийг нөхөн төлсөн. Хувийн байдлын хувьд А.А нь өрх толгойлсон эмэгтэй, бага насны хоёр хүүхэдтэй буюу бага хүү нь хоригдож байх хугацаанд 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, одоо 2 сартай, эмчийн тодорхойлолтоор төрөлхийн түнхний мултралтай гэсэн дүгнэлт гарсан. Эдгээр байдлыг харгалзан А.А  торгуулийн ял оногдуулж өгнө үү гэв.

Иргэний хариуцагч Х.С хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, хохирогчийн өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Прокурор Б.Ууганбаатар хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ:  Шүүгдэгч А.А-т холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Шүүгдэгч нь бусдын итгэлийг эвдэх аргаар өөрийн гүйцэтгэх ёстой үүргийг хохирогч Х.Жээр гүйцэтгүүлсэн байгаа. Хоёр шатны шүүх бусдыг итгэл эвдэх аргаар залилан мэхлэх гэмт хэргийг үйлдсэн талаар хангалттай дүгнэлт хийсэн. Иймд хохирогч, түүний өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэв.

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч А.А,  нь 2016 оны 09 дүгээр сараас 2017 оны 09 дүгээр сарын хооронд нийт найман удаагийн үйлдлээр бусдын 253,084,000 төгрөгийг хууль бусаар авсан үйл баримтыг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтанд тулгуурлан хоёр шатны шүүх эргэлзээгүй, хөдөлбөргүй нотлон тогтоосон байна.

Ийнхүү хууль бусаар авахдаа тэрээр өөрийн урьд үүсгэсэн өрийг барагдуулах санаа зорилгоор хохирогчдыг хуурч мэхлэх болон итгэлийг эвдэх аргыг хэрэглэснийг хоёр шатны шүүх өмчлөх эрхийн эсрэг буюу залилах гэмт хэрэг гэж дүгнэсэн нь хуульд нийцжээ.

Тухайлбал, шүүгдэгч нь өндөр хүү болон ашиг хүртээхээр амлах, хуурамч баримт бичиг ашиглан эд хөрөнгө барьцаалах, сургуульд оруулна гэж худал хэлэх зэргээр бодит байдлыг нуун дарагдуулах, зохиомол байдлыг бий болгох замаар тэдгээрийг төөрөгдүүлсэн нь залилах гэмт хэргийн шинжийг бүрнээ хангасан гэж хоёр шатны шүүхээс үзсэн нь хуульд нийцсэн байна.

Шүүгдэгчийн эдгээр үйлдэл нь тооны хувьд Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3.1-д заасан “байнга” гэсэн шинжийг хэлбэрийн талаас хангаж буй боловч тэрээр хууль бусаар олсон орлогыг өөрийн болон гэр бүлийн, түүнчлэн хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааны хэрэгцээг хангах үндсэн эх сурвалж болгоогүй, түүнчлэн өөрийн ба тэдгээрийн эрхэлдэг үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ зэрэг ашиг олох зорилготой үйл ажиллагааны эх үүсвэр, хэрэгсэл болгон ашиглаагүй, зөвхөн өмнө нь үүсгэсэн өөрийн өрийг барагдуулахад зарцуулсан байх тул залилах гэмт хэргийн онц хүндрүүлэх бүрэлдэхүүн болох “амьжиргааны эх үүсвэр болгосон” гэх шинжээр түүний хэргийг зүйлчлэх үндэслэлгүй гэж хоёр шатны шүүхээс дүгнэсэн нь хууль зөрчөөгүй гэж үзнэ.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас найман хохирогчид нийт 253,084,000 төгрөгийн хохирол учирсан тул шүүх Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 4.1-д заасныг үндэслэн түүний үйлдлийг мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар зүйлчлэн энэ хуулийг зөв хэрэглэжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх билээ.

Шүүх ял оногдуулахдаа Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.

Эрүүгийн хуульд тодорхойлон заасан, дээр дурдсан үндэслэл, зарчмыг удирдлага болгох болон харгалзан үзсэний үндсэн дээр анхан шатны шүүх нь хуулиар олгосон бүрэн эрхийн хүрээнд дээрх хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т заасан торгох, хорих ялуудаас хорих ялыг сонгон хэрэглэж, энэ зүйл, хэсэгт заасан хэмжээний дотор хоёр жилийн хорих ялыг шүүгдэгчид оногдуулсан нь түүний гэм буруугийн болон хувийн байдалд тохирсон талаар давж заалдах шатны шүүхээс хийсэн дүгнэлт, гаргасан шийдэл нь хууль ёсны ба үндэслэлтэй болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээд” гэдэгт Иргэний хуулийн 498 дугаар зүйлд заасан ажил олгогч, хуулийн этгээдээс гадна мөн хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3, 499.4, 500 дугаар зүйлийн 500.1, 501 дүгээр зүйлийн 501.1, 502 дугаар зүйлийн 502.1, 512 дугаар зүйлийн 512.1 дэх хэсэгт тус тус заасан иргэн, хуулийн этгээдийг хамааруулан үздэг билээ.

Хуулийн эдгээр зохицуулалтаас үзэхэд гэмт хэрэг үйлдээгүй, уг хэргийн яллагдагч, шүүгдэгч биш боловч хуульд заасан үндэслэлээр гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгах үүрэг бүхий этгээд л эд хөрөнгийн хохирлыг хариуцвал зохих этгээдэд хамаарч байна.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны яллагдагчийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, түүнчлэн Эрүүгийн хуулийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн боловч Иргэний хуулийн 16 дугаар зүйлд заасан эрх зүйн бүрэн бус чадамжтай 14-18 хүртэлх насны яллагдагчийн бусдад учруулсан хохирлыг түүний хууль ёсны төлөөлөгч буюу эцэг, эх, харгалзан дэмжигч нь Иргэний хуулийн 503 дугаар зүйлийн 503.5, 503.6-д зааснаар, харин  өсвөр насны яллагдагч нь сэтгэцийн өвчний улмаас иргэний эрх зүйн чадамжгүй гэж тооцогдсон бол түүний үйлдлийн улмаас учирсан хохирлыг асран хамгаалагч нь Иргэний хуулийн 503 дугаар зүйлийн 503.3 дахь хэсэгт заасан үндэслэл, журмын дагуу  хариуцан арилгана.

Харин хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад ажилтны бусдад учруулсан гэм хорыг ажил олгогч (Иргэний хуулийн 498 дугаар зүйл), тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн хохирлыг уг тээврийн хэрэгслийг эзэмшигч (Иргэний хуулийн 499 дүгээр зүйл), барилга байгууламж барих, ашиглах явцад учирсан гэм хорыг тухайн барилгыг өмчлөгч буюу эзэмшигч (Иргэний хуулийн 500 дугаар зүйл), амьтны үйлдэлтэй холбогдон учирсан хохирлыг тухайн амьтны өмчлөгч буюу эзэмшигч (Иргэний хуулийн 501 дүгээр зүйл), орчин тойрондоо аюултай үйл ажиллагаа болон бусад зүйлээс үүссэн гэм хорыг уг зүйлийг өмчлөгч буюу эзэмшигч, чанарын шаардлага хангаагүй бараа, ажил үйлчилгээ нийлүүлсний улмаас учирсан хохирлыг тэдгээрийг үйлдвэрлэсэн этгээд (Иргэний хуулийн 512 дугаар зүйл) тус тус хариуцан арилгах үүрэгтэй болно.

ХХК нь шүүгдэгч А.А, ыг үүсгэсэн өрөө төлөхийг шаардсанаар тэрээр богино хугацаанд мөнгийг эргэлтэнд оруулж, ашиг хүртээнэ гэж хохирогч Х.Жт худал хэлж, түүнийг итгүүлэн 87,000,000 төгрөгийг дээрх аж ахуйн нэгжийн дансанд шинжүүлснийг өрөндөө тооцуулсан үйл баримт тогтоогдсон байна.

Шүүгдэгч А.А нь хохирогч Х.Жээс шилжүүлэх мөнгийг өөрийн өрөндөө тооцуулах талаар  ХХК-ний холбогдох хүмүүст урьдчилан мэдэгдэж уг мөнгийг өөрийн биш уг аж ахуйн нэгжийн данс руу хохирогчоор шилжүүлүүлэх байдлаар залилах гэмт хэргийг үйлдсэн, хохирогч болон уг компани хоёрын хооронд дээр дурдсан Иргэний хуулийн зохицуулалтанд заасан гэм хорыг хариуцаж арилгахтай холбоотой ямар нэгэн харилцаа үүсээгүй, нөхцөл байдал бий болоогүй тул хохирогчийн гаргасан иргэний нэхэмжлэлийн талаар хоёр шатны шүүхээс хийсэн дүгнэлт, гаргасан шийдэл нь хуульд нийцсэн гэж хяналтын шатны шүүх үзэв.

Иймд “хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэх” талаар гаргасан хохирогч К.Р, түүний өмгөөлөгч С.Тилеуберди, “хохирлын мөнгийг  ХХК-иас гаргуулж өгөх”-ийг хүссэн хохирогч Х.Ж, түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал, К.Ержан нарын гомдлуудыг хангах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 133 дугаар шийтгэх тогтоол, Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 26 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж,  хохирогч К.Р, түүний өмгөөлөгч С.Тилеуберди, хохирогч Х.Ж, түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал, К.Ержан нарын гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

                           ДАРГАЛАГЧ                                            Б.ЦОГТ

                           ШҮҮГЧИД                                                Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                            С.БАТДЭЛГЭР

                                                                                            Б.БАТЦЭРЭН

                                                                                            Ч.ХОСБАЯР