Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2020/0435

 

 

2020 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2020/0435

Улаанбаатар хот

 

  

*******ийн нэхэмжлэлтэй,

Говь-Алтай аймгийн иргэдийн

Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн

нарийн бичгийн даргад холбогдох

захиргааны хэргийн

тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч: Танхимын тэргүүн Ч.Тунгалаг

Шүүгчид: Х.Батсүрэн

М.Батсуурь

Б.Мөнхтуяа

Илтгэгч шүүгч: Г.Банзрагч

Нарийн бичгийн дарга: С.Баяртуяа

Нэхэмжлэлийн шаардлага: Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ажлын албаны даргын 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Б/08 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх

Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 112/ШШ2020/0013 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 533 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч*******,*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч******* нарыг оролцуулж,

Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 112/ШШ2020/0013 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ажлын албаны даргын түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Б/08 дугаар тушаалыг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны 104 хоногийн олговор 5,115,331 (таван сая нэг зуун арван таван мянга гурван зуун гучин нэг) төгрөгийг хариуцагчаас гаргуулж, түүнээс зохих журмын дагуу нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутгаж үлдсэнийг нэхэмжлэгчид олгож, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 31 дүгээр зүйлийн 31.1, 31.1.1-т заасныг баримтлан ажилд эгүүлэн томилуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 533 дугаар магадлалаар: Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 13 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2, 3 дахь заалтуудыг нэгтгэж 1. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 62 дугаар зүйлийн 62.1.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч *******ийн Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ажлын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Б/08 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж, 4 дэх заалтыг 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй гэж, 5, 6 дахь заалтын дугаарыг 3, 4 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсэн.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. ...Намайг ажиллаж байх хугацаанд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ажлын албаны даргын 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Б/08 дугаар тушаалаар ажлаас хууль бусаар гэнэт чөлөөлсөн. Энэ тушаалыг ёсчлохдоо Монгол Улсын Үндсэн хууль болон холбогдох хуулийг зөрчсөн бөгөөд тушаал гарах хугацаанд миний бие ээлжийн амралттай байсан болно. ...Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2, 40 дүгээр зүйлийн 40.3-т тус тус зааснаас үзвэл дээрх тушаал нь анхнаасаа хууль зүйн үндэслэлгүй, хууль зөрчиж гарсан, иргэн миний хуульд заасан эрхэд халдсан байна. Нэгэнт тушаал хууль зөрчсөн учир миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь хуульд нийцнэ гэж үзэж байна. Дээрх байдлыг залруулахгүй бол Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлд заасан Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх боломжгүй болж хэн нэгэн тушаал гаргах эрхгүй этгээд тушаал гаргаж жирийн иргэний хөдөлмөрлөх, ажиллах эрхэд хөндлөнгөөс халдсан, хуулийг уландаа гишгэсэн үйлдэл улам бүр нэмэгдэх болоод байна.

4. Мөн нэг ноцтой асуудал бол тушаал гаргасан эрх бүхий албан хаагч нь өөрөө тушаал гаргах эрхгүй субъект юм. Өөрөөр хэлбэл тушаал гаргасан******* нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, ажлын албаны дарга албан тушаалтай бөгөөд тус албан тушаалыг хаших үндэслэлгүй, түүний өнөөдрийг хүртэл гаргасан эрх зүйн акт нь хүчин төгөлдөр бус байхаар байна.

5. Учир нь тус албан тушаалд өмнө нь томилогдсон******* аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгохоор шүүхэд хандсан бөгөөд Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 11 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, ажилд нь эгүүлэн тогтоох шийдвэр гаргасан. Энэхүү маргаан нь 3 шатны шүүхэд хянагдаж Улсын дээд шүүхийн эцсийн шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангасан бөгөөд түүнийг өнөөдрийг хүртэл ажил, албан тушаалд нь томилохгүй байгаа юм.

6. Энэ байдлаас дүгнэж үзэхэд*******ийг эгүүлэн томилохгүй байгаа эрх бүхий албан тушаалтан нь Эрүүгийн хуульд заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй, улмаар******* нь дээрх албан тушаалыг хаших, албан тушаалын дагуу шийдвэр гаргах үндэслэлгүй юм. Иймд миний эрхийг ноцтойгоор зөрчсөн, нотлох баримтыг хуулийн дагуу үнэлээгүй, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий бус Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 533 дугаар магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

7. Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

8. Нэхэмжлэгч ******* нь Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ажлын албаны даргын 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Б/24 дүгээр тушаалаар тус албаны орон нутаг, дотоод ажил хариуцсан ахлах мэргэжилтнээр томилогдохдоо төрийн албаны нөөцөд бүртгэгдээгүй, төрийн албаны төв байгууллагаас явуулсан сонгон шалгаруулалтад оролцоогүй байхдаа түр томилогдсон тул Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1. энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх, 61 дүгээр зүйлийн 61.1.10. хууль тогтоомжоор тогтоосон бусад баталгаа-г эдлэхгүй. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2. ээлжийн амралттай байгаа үед ажил албан тушаалыг хэвээр хадгалах зохицуулалт хамаарахгүй юм.

9. Мөн Төрийн албаны зөвлөлөөс хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Ажлын албанд хийсэн хяналт шалгалтаар тус Ажлын албаны орон нутаг, дотоод ажил хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд төрийн албаны шалгалт өгөөгүй *******ийг томилсныг тогтоож, улмаар тухайн шийдвэрийг Төрийн албаны тухай хууль тогтоомжид нийцүүлэн хүчингүй болгох, зөрчлийг арилгах чиглэлийг 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 388 дугаар тогтоолыг Ажлын албанд хүргүүлсэн байна.

10. Иймд, дээрх Төрийн албаны зөвлөлийн тогтоол болон Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.5. хуульд заасан бусад үндэслэл-ээр нэхэмжлэгчийг төрийн албанаас буюу ажлаас чөлөөлсөн хариуцагч Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ажлын албаны даргын 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Б/08 дугаар тушаал хууль зөрчөөгүй талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

11. Гэтэл анхан шатны шүүх төрийн албанд түр томилогдсон нэхэмжлэгчийн хувьд Төрийн албаны тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хуульд заасан төрийн албан хаагчийн нийтлэг баталгаа хамаарна гэсэн агуулгаар маргааны үйл баримтад холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, маргаан бүхий актыг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны олговрыг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь буруу байна.

12. Иймээс ...Монгол Улсын Үндсэн хууль болон Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2, 40 дүгээр зүйлийн 40.3-ийг зөрчин ээлжийн амралттай байх хугацаанд тушаал гаргасан нь анхнаасаа хууль зүйн үндэслэлгүй, иргэн миний хуульд заасан эрхэд халдсан... гэсэн утгатай энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 4-т заасан нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

13. Түүнчлэн, ... хариуцагч******* нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, ажлын албаны дарга албан тушаалтай бөгөөд тус албан тушаалыг хаших үндэслэлгүй, иймд түүний өнөөдрийг хүртэл гаргасан эрх зүйн акт нь хүчин төгөлдөр бус... гэх /Тодорхойлох хэсгийн 4-6/ хяналтын гомдлын тухайд нэхэмжлэгч ******* нь өөрөө тухайн албан тушаалд хариуцагч*******гийн /нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч/ тушаалаар түр томилогдож байсан, өөрөөр хэлбэл хэрэв хариуцагчийн гаргасан бүх тушаал хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа бол түүнийг томилсон тушаал ч мөн хүчин төгөлдөр бус болох тул энэхүү гомдол нь маргаан бүхий актыг үгүйсгэх үндэслэл болохгүй. Тодруулбал, маргаан бүхий акт нь агуулгаараа хариуцагчаас өмнө нь гаргасан хууль бус актаа хүчингүй болгосон ч гэж үзэж болохоор байна.

14. Дээр дурдсан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 533 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Ч.ТУНГАЛАГ

 

ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ