Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2022/01859

 

 

 

 

 

2022 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2022/01859

 

 

 

 

Я.А ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч С.Энхбаяр, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2022/01852 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Я.А ийн ЗГНС гаас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хууль бус ажиллагааны улмаас учирсан гэм хорын хохиролд 102,280,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд прокурорын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч А.Мөнхзул илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ц, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Нийслэлийн прокурорын газрын прокурор Б.И, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Д аймгийн З сум дахь сум дундын прокурорын газрын 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 000000000000 дугаар тогтоолоор Д.Э д холбогдох эрүүгийн хэрэгт Я гийн А г /РД:АА000000000 / Д.Э тай бүлэглэн бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт гэмт хэрэгт яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагаа явуулах тогтоол үйлдэж, Я.А т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Я.А нь Мөрдөн шалгах ажиллагааны явцад өмгөөлөгч Ш.С тэй 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 00 дугаартай өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчтэй оролцсон. Д аймгийн З сум дахь сум дундын прокурорын газрын 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 0/00 дугаар Яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолоор тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсугай гэж Я.А т холбогдох хэргийн зүйлчлэлд өөрчлөлт оруулсан. Я.А яллагдагчаар татах тогтоолыг хүчингүй болгох хүсэлтийг тухайн шатны прокурорын газрын ерөнхий прокурорт, түүний өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгох тухай гомдлыг УЕПГ-т гаргасан боловч хүсэлт, гомдлыг хүлээн аваагүй. 2021 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 0/00 дугаар яллах дүгнэлтээр Я.А ийг залилах гэмт хэрэгт Д.Э тай бүлэглэн их хэмжээний буюу 1,092,070,000 төгрөг шилжүүлэн авч уг гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, гэмт хэргийн хамжигчаар оролцсон гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн шүүхэд шилжүүлсэн.

Я.А нь шүүхийн шатанд өмгөөлөгч Э.М г нэмж өмгөөлөгчөөр оролцуулах гэрээ байгуулсан. Шүүх 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Д.Э , Я.А нарт холбогдох хэргийг бүрэлдэхүүнтэй хэлэлцээд 00 дугаартай тогтоолоор хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд буцаан, 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчид хэргийн материал танилцуулан прокурорын хяналтад шилжүүлсэн. Хяналтын хугацаанд өмгөөлөгч Ш.С ийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Я.А т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай хүсэлтийг прокурор хангаж 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн прокурорын 0/00 дугаар тогтоолоор яллагдагч Я.А т холбогдох үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Д.Э д холбогдох хэргийг 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 00 дугаартай шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 00 дугаартай магадлалаар эцэслэн шийдвэрлэж, хуулийн хүчин төгөлдөр болсон. Нэхэмжлэгч нь эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдахдаа 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр өмгөөлөгч Ш.С тэй өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулж өмгөөллийн хөлсөнд Ш.С ийн Хаан банкны 0000000000 тоот дансанд 100,000,000 төгрөг бүрэн төлж барагдуулсан. Тодруулбал, 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 50,000,000 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 50,000,000 төгрөг тус тус шилжүүлсэн. Тэрээр 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл 9 сарын хугацаанд мөрдөн байцаалт болон прокурорын хяналтад байхдаа өдөр бүр бүртгүүлж олон удаа явсан, 5-12 жилийн хорих ялтай зүйл ангиар яллагдан яллагдагч, шүүгдэгчээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож биеэр туулж сэтгэл санаа, бие махбодын шаналгаа зовуурьтай байсан, сэтгэл санаа болон эд материалын хохирол хүлээсэн. Иймд хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлс 100,000,000 төгрөг гаргуулна. Эд хөрөнгийн бус хохирол, сэтгэл санаанд учирсан хор уршгийг Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, 510 дүгээр зүйлийн 510.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн мөрдөн шалгагдсан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон 9 сарын хугацаанд үргэлж айдас түгшүүртэй, нойр хагас, сэтгэлээр өвдөж, сэтгэл санааны дарамтад орж гэр бүлийн, найз нөхөдтэй халуун дулаан, инээд хөөртэй байх боломжийг алдсанаа баримтаар нотлон энэ миний сэтгэл санааны өвдөлт, зовуурь гэж үзүүлж болохгүй байгаа ч сэтгэл санаанд учирсан эдийн бус хохирлоо тухайн цаг хугацаанд дагаж мөрдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 320,000 төгрөгөөр тооцон 2019 оны 04 сарын 11-ний өдрөөс 2020 оны 01 сарын 10-ны өдрийг хүртэл 9 сар гэж тодорхойлж 320,000 x 9 cap = 2,880,000 төгрөг, нийт 102,280,000 төгрөгийг Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.4, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8.3.7-д заасныг үндэслэн төрөөс гаргуулна гэжээ.

2. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Прокурорын тайлбарын агуулга: Я.А нь Ш.С өмгөөлөгчтэй 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 00 дугаартай өмгөөллийн гэрээг байгуулахдаа хөлсийг 100,000,000 төгрөг гэж тохирсон зүйл байгаагүй. Харин иргэний хэрэгт гаргаж өгсөн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 00 дугаартай гэрээнд 100,000,000 төгрөгөөр өмгөөллийн хөлсийг тохиролцсон баримтыг гаргаж өгсөн. Энэ баримт нь эрүүгийн хэрэгт гаргаж өгсөн баримттай адилгүй учир хуурамч баримт гаргаж өгсөн гэж үзэж байна. Я.А нь нөхрийн хамт залилан мэхлэх гэмт хэрэгт шалгагдаад прокурорын тогтоолоор Я.А т холбогдох үйлдэл холбогдлыг нь хэрэгсэхгүй болгосон. Харин нөхөр Д.Э нь иргэдээс 1 тэрбум орчим төгрөгийг залилан мэхэлсэн гэмт хэрэгт 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэгдсэн. Уг гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг огт төлөөгүй. Өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн 100,000,000 төгрөгийн эх сурвалж тодорхойгүй, залилан мэхлэх гэмт хэргийн улмаас олсон мөнгөн хөрөнгө байх боломжтой. Өмгөөлөгч Ш.С нь өмгөөллийн хөлсөнд авсан төлбөрөөс татвар төлсөн эсэх талаарх лавлагааг гаргуулахад 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 0/000 дугаар албан бичгээр өмгөөлөгч Ш.С нь татвар төлөөгүй нөхцөл байдал тогтоогдсон. Олсон орлогоо тайлагнаж татвар төлсөн тохиолдолд өмгөөллийн хөлсийг нэхэх эрх үүснэ. Я.А өмгөөллийн хөлс төлж зардал гаргасан бол өмгөөлөгч нь орлогоосоо татвар төлснөөр харилцан хамаарал бүхий нөхцөл байдлыг тогтоогдсон гэж үзнэ. Сэтгэл санааны хохирол 2,280,000 төгрөг гаргуулах тухайд Иргэний хуулийн 230 дугаар зүйлд хуульд тусгайлан заасан тохиолдолд сэтгэл санааны хохирол нэхэмжлэх эрх үүсдэг. Сэтгэл санааны хохирол нэхэмжлэх тусгайлсан зохицуулалт байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.4, 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар ЗГНС гаас 20,000,000 /хорин сая/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Я.А т олгож, нэхэмжлэлээс 82,280,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Я.А ийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч байна.

4.1. Нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээгүй, нотлох баримтыг буруу үнэлсэн, эрх зүйн харилцаанд оролцогчдын гэрээний чөлөөт байдал, гэрээний нөхцөлөө өөрсдөө тодорхойлох эрхэд халдсан. Я.А , Д.Э нар гэр бүлийн хүмүүс бөгөөд өмгөөлөгч Ш.С тэдэнд өмгөөллийн үйлчилгээ үзүүлсэн нь үнэн боловч Д.Э 2017 онд, Я.А 2019 онд эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдсан, тус тусдаа гэрээ байгуулсан. Гэтэл шүүх талуудын хооронд байгуулсан гэрээний үнийг 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр батлагдсан Өмгөөллийн тухай хуулийг үндэслэн эрүүгийн хэрэг маргаан үргэлжлэх хугацаагаар буюу Я.А 9 сар 20,000,000 төгрөг, Д.Э 4 жил 80,000,000 төгрөг гэж тогтоосон нь хууль зүйн үндэслэлгүй. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний талуудын эрхийг хязгаарлаж, нэхэмжлэгчид учирсан эд хөрөнгийн хохирлыг тогтоож байгаа нь хууль зүйн үндэслэлгүй.

Эд хөрөнгийн бус хохирол, сэтгэл санаанд учирсан хор уршгийг Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн мөрдөн шалгагдсан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон 9 сарын хугацаанд үргэлж айдас түгшүүртэй, нойр хагас, сэтгэлээр өвдөж, сэтгэл санааны дарамтад орж гэр бүлийнхэн, найз нөхөдтэй халуун дулаан, инээд хөөртэй байх боломжийг алдсанаа баримтаар нотолж сэтгэл санааны өвдөлт, зовуурь гэж үзүүлж болохгүй байгаа ч сэтгэл санаад учирсан эдийн бус хохирлоо тухайн цаг хугацаанд дагаж мөрдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 320,000 төгрөгөөр тооцон 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл 9 сар гэж тодорхойлж 320,000х9сар=2,880,000 төгрөг гэж нэхэмжилснийг шүүх хохирлыг мөнгөөр төлүүлэх хууль зүйн үндэслэлгүй гэж хэрэгсэхгүй болгосон.

... Олон улсын гэрээгээр хүлээн зөвшөөрсөн эрхийг баталгаатай эдлүүлэх зорилгоор Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрхтэй гэж заасан. Уг хууль тогтоомж дахь хувь хүнд учирсан хохирлыг арилгах тухай ойлголт нь эдийн хохирлоос гадна тухайн этгээдэд учирсан эдийн бус хохирлыг арилгах тухай өргөн ойлголт болох талаар Иргэний хуулийн 230-р зүйлд заасан. Харин хувь хүнд учирсан эдийн бус хохирол гэдэгт хүний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд учирсан хохирлоос гадна сэтгэл санаанд учирсан хохирол багтдаг талаар Иргэний хуулийн 511.2-т заасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.4 дүгээр зүйлийн 1, Иргэний хуулийн 230.2-т эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах талаар зохицуулсан, сэтгэл санааны үр дагаврыг мөнгөн хэлбэрээр арилгах талаар хуулийн энэ хэсэгт шууд зохицуулаагүй хэдий ч 511.2-т сэтгэл санаанд учирсан үр дагаврыг харгалзах, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд мөнгөөр тооцож тогтоох талаар хуульчилснаас үзвэл сэтгэл санааны үр дагаврыг иргэний эрх зүйн хамгаалалтын объект мөн гэж үзэж улмаар мөнгөн хэлбэрээр арилгаж болохоор хуульчилжээ. Бие хүн гэдэг ойлголтод тухайн этгээдийн бие махбодоос гадна оюун санаа болон сэтгэл санааны төлөв байдлыг цогц байдлаар хамруулж үзэх нь нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн ойлголт тул бие хүнд хамаарах эдгээр ойлголтыг салгах, зарим хэргийг эрх зүйн хамгаалалтаас ангид байлгах учиргүй. Энэ агуулгаар эдийн бус гэм хор гэдэгт хүний нэр төр, алдар хүндээс гадна хувь хүний сэтгэл санаанд учирсан гэм хорыг ойлгох нь зүйтэй. Иймд Иргэний хуулийн 511.2-т заасан хувь хүний сэтгэл санаанд учирсан үр дагаврыг мөнгөн хэлбэрээс өөр хэлбэрээр арилгах боломж эрх зүйн хувьд байхгүй. Энэ тохиолдолд Иргэний хуулийн 230.2-т заасан ба харин хуульд мөнгөн хэлбэрээр нөхөн төлөх талаар хуульчлаагүй гэж үзэх нь учир дутагдалтай.

Сэтгэл санаанд учирсан үр дагаврыг мөнгөн хэлбэрээр нөхөн төлөх талаар хуульчлаагүй гэх үндэслэлээр шийдвэрлэхгүй орхих, татгалзах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6 дахь хэсэгт заасныг зөрчих ба иргэдээс шүүхэд итгэх итгэлийг сулруулж, эрх зүйн хамгаалалтын хүчин чадлыг үгүйсгэсэн асуудал болно. Сэтгэл санаанд учирсан үр дагаврыг эдийн бус гэм хорд хамруулан авч үзэж, эдийн бус хохирлыг арилгаж буй нөхцөлд эдийн бус хохирлын нэг хэсэг болох сэтгэл санаанд учирсан үр дагаврыг эрх зүйн хувьд мөнгөн хэлбэрээс өөр хэлбэрээр арилгах боломжгүй нөхцөлд хуульд тусгайлан заагаагүй гэж үзэж иргэний эрх зүйн хамгаалалтыг үгүйсгэх, шаардах эрхгүй гэж Иргэний хуулийн 498.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан субьектив эрхийг хязгаарлах нь Иргэний хуулийн 4 дүгээр зүйлд заасан хэм хэмжээг нөхөн хэрэглэх хууль хэрэглээний зарчимтай нийцэхгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6 дахь хэсэгт заасантай зөрчилдөнө. Иймд нэхэмжлэгчийн сэтгэл санаанд учирсан үр дагаврыг мөнгөн хэлбэрээр арилгах хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

5. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд прокурорын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Шийдвэрийг эс зөвшөөрч байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй атал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон нотлох баримт хуурамч болох нь гуравдагч этгээдийн хүсэлтээр шүүхийн журмаар гаргуулан өгсөн баримтаар тогтоогдсон. Гэтэл шүүх уг баримтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Я.А нь өмгөөлөгч Ш.С тэй гэрээ байгуулж өмгөөллийн хөлс 100,000,000 төгрөг төлсөн гэх боловч баримтаар нотлогдоогүй. Нэхэмжлэгчийн нотлох баримтаар өгсөн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 00 дугаартай Өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ нь хуурамч болох нь шүүхийн журмаар эрүүгийн 0000000000000 дугаартай хэргээс гаргуулан авсан 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 00 дугаартай Өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ-ээр нотлогдсон тул нэхэмжлэгчийн 100,000,000 төгрөгөөр өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан гэдэг нь бүхэлдээ үгүйсгэгддэг. Мөн Я.А нь өмгөөллийн хөлсөнд 100,000,000 төгрөг шилжүүлсэн гэх боловч уг санхүүгийн баримтад шилжүүлгийн утгагүй, мөнгөний эх үүсвэр нь тодорхойгүй. Өмгөөлөгч нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд зааснаар олсон орлогоо тайлагнаж, татвар төлөөгүй тул өмгөөллийн хөлсөнд хэдэн төгрөг төлсөн болох нь баримтаар тогтоогдоогүй байхад нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна. Иймд шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

6. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Нэхэмжлэгч Я.А , өмгөөлөгч Ш.С нарын хооронд хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний харилцаа үүссэн. Өмгөөллийн ажлын хөлс төлсөн баримтыг Я.А өөрийнхөө нэрээр шилжүүлсэн. Өмгөөлөгч Ш.С татвар төлөөгүй нь хууль бусаар яллагдагчаар татагдсаны улмаас учирсан хохирлыг арилгуулах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй. Хууль бусаар яллагдагчаар татагдсаны улмаас хэнд ямар хохирол учирсныг төрөөс арилгах үндэслэлтэй эсэхэд дүгнэлт хийх ёстой. Өмгөөлөгч Ш.С ийн татвар төлсөн эсэх талаар нотлох баримт гаргуулахаар гуравдагч этгээдээс хүсэлт гаргасан ба шүүх уг хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн нь хэтэрхий нэг талыг барьсан байж болзошгүй. Шүүх тухайн харилцааг зохицуулсан хууль байхгүй гэх үндэслэлээр иргэний эрхийг сэргээхээс татгалзаж байгаа нь өрөөсгөл. Иргэний хуульд тухайн харилцааг зохицуулах хэм хэмжээ байхгүй бол төсөөтэй харилцааг хэрэглэдэг. Хэрэв төсөөтэй харилцааг зохицуулсан хууль байхгүй бол нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зан заншлын хэм хэмжээг иргэний эрх зүйн агуулга, зарчимд нийцүүлэн сэтгэл санаанд учирсан хохирлыг арилгах боломжтой байсан гэжээ.

7. Давж заалдах гомдолд гаргасан бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд прокурорын тайлбарын агуулга: 100,000,000 төгрөгийн өмгөөллийн хөлс төлсөн болох нь баримтаар нотлогдоогүй. Нэхэмжлэгчийн иргэний хэрэгт гаргаж өгсөн гэрээ нь хуурамч болох нь эрүүгийн хэрэгт гаргаж өгсөн гэрээгээр нотлогддог. Эрүүгийн хэрэгт гаргаж өгсөн гэрээнд ямар нэг үнийн дүн бичигдээгүй байхад иргэний хэрэгт гаргаж өгсөн гэрээнд 100,000,000 төгрөг төлсөн гэдэг нь хуурамч байна. ХААН банкаар 2 удаагийн гүйлгээгээр 50,000,000 төгрөг шилжүүлсэн байх ба өмгөөллийн хөлс гэх утга бичигдээгүй. Өмгөөллийн хөлс авсан өмгөөлөгч нь татвар төлөх үүрэгтэй атал энэ үүргээ биелүүлээгүй. Я.А нь нөхрийн хамт эрүүгийн хэрэгт шалгагдсан ба бусдаас 1 тэрбум төгрөг залилсан нь тогтоогдсон. Шүүхийн шийтгэх тогтоолоор хохирол нэг ч төгрөг төлөөгүй. Иймд өмгөөлөгчийн хөлс төлсөн гэх мөнгөний эх үүсвэр нь хууль ёсны орлого эсэх нь тогтоогдоогүй. Анхан шатны шүүх сэтгэл санааны хохирол 2,280,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй. Нэхэмжлэгчийн сэтгэл санааны хохирол бодсон аргачлал нь тодорхойгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэлийг өөрөө нотлох үүрэгтэй. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон нотлох баримт нь хуурамч болох нь баримтаар тогтоогдсон гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 164 дүгээр зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

2. Нэхэмжлэгч Я.А эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад учирсан хохиролд нийт 102,280,000 төгрөг нэхэмжилж, шаардлагын үндэслэлээ ... Д.Э д холбогдох эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад өмгөөлөгч Ш.С тэй өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулж, 100,000,000 төгрөг төлсөн, прокурорын тогтоолоор Я.А т холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгосон. 9 сарын хугацаанд мөрдөн байцаалт, прокурорын хяналтад байж өдөр бүр бүртгүүлж, яллагдагч, шүүгдэгчээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож сэтгэл санаа, бие махбод, эд материалын хувьд хохирол хүлээсэн ... гэж тайлбарлаж байна. /хх1-3/

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төрийг төлөөлж оролцсон прокурор өмгөөлөгч Ш.С тэй байгуулсан гэрээнд өмгөөллийн хөлсний талаар тохиролцоогүй, хэрэгт хуурамч гэрээ өгсөн, өмгөөлөгчийн хөлс төлсөн төлбөрийн эх сурвалж тодорхойгүй, өмгөөлөгч Ш.С өмгөөллийн хөлсөнд авсан гэх мөнгөнөөс татвар төлөөгүй нөхцөл байдал тогтоогдсон, хуульд сэтгэл санааны хохирлыг нэхэмжлэх тусгайлсан зохицуулалт байхгүй... гэх тайлбар гаргасан. /хх123-124/

4. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүй, маргааны үйл баримт бүрэн гүйцэт тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

5. Д аймгийн З сум дахь сум дундын Прокурорын газрын прокурорын 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 0/00 дугаар тогтоолоор яллагдагч Я.А , Д.Э нарт холбогдох эрүүгийн хэргээс Я.А т холбогдох үйлдэл холбогдлыг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Нэхэмжлэгч нь тус хэрэгт шалгагдаж байхдаа өмгөөлөгч Ш.С тэй 00 дугаартай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг байгуулж, түүнд ажлын хөлс 100,000,000 төгрөг төлсөн гэж тайлбарласан. /хх52-54/

Нэхэмжлэгчийн нотлох баримтаар ирүүлсэн хэргийн 84 дүгээр тал дахь өмгөөлөгч Ш.С тэй 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан №00 дугаартай өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээнд ажлын хөлсийг нийт 100,000,000 төгрөг, үүнээс 50,000,000 төгрөгийг 2019.06.30-ны өдрийн дотор, үлдэгдэл 50,000,000 төгрөгийг 2019.09.30-ны өдрийн дотор төлөх тухай тусгасан байна. Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх эрүүгийн хэргээс нэхэмжлэгч Я.А ийн өмгөөлөгч Ш.С тэй байгуулсан өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх тухай 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 00 дугаартай гэрээг нотлох баримтаар ирүүлсэн байх боловч тус гэрээнд өмгөөллийн ажлын хөлсийг тохиролцсоноор гэж өөрөөр тусгасан байна. /хх102-103/

Хэргийн 85-86 дугаар тал дахь Хаан банкны орлогын баримтын гүйлгээний утгад А ээс гэж тусгагдсаныг өмгөөллийн ажлын хөлс төлөгдсөн гэж үзэхэд учир дутагдалтай байна. Шүүхээс уг гүйлгээний талаар тодруулах шаардлагатай.

Мөн өмгөөлөгч Ш.С нь Я.А т холбогдох эрүүгийн хэргийг хянан шалгах ажиллагааны явцад ямар ажил үйлчилгээг гүйцэтгэсэн, нэхэмжлэгчийн гэр бүлийн хүн болох Д.Э ын өмгөөллийн хөлс хэрхэн төлөгдсөн зэрэг нь тодорхойгүй байна.

Давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2022/01852 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

А.МӨНХЗУЛ