| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 186/2018/0731/э |
| Дугаар | 763 |
| Огноо | 2018-10-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Нямцэцэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 26 өдөр
Дугаар 763
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга M.Бүрэнжаргал,
улсын яллагч П.Нямцэцэг,
шүүгдэгч Э.А,
хохирогч М.Сумъяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Энхбаатарын Анхтулгад холбогдох эрүүгийн 1811023760823 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б овгийн Э.А, 1990 оны 8 дугаар сарын 9-ний өдөр Төв аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3 эхнэр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 15-301 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 23-8-5 тоотод оршин сууж байгаа гэх, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар ..................
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;
Шүүгдэгч Э.А нь 2018 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт М.Сумьяатай маргалдаж улмаар зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Э.А нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Болсон явдлын талаар би үнэхээр гэмшиж байна. Нэмж хэлэх зүйл байхгүй…” гэв.
Хохирогч М.Сумьяа нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Минийхээр бол 800.000 гаруй мянган төгрөгийн хохирол байгаа. Тухайн үед миний өрөөсөн ээмэг алга болсон байсан. Түүний үнийг оролцуулаагүй байна…” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч М.Сумьяа нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2018 оны 8 дугаар сарын 17-ны өдөр найз Нарантунгалагийн хамт Нарантуул-2 худалдааны төвийн ойролцоо байх караокед 18 цагийн үед орсон. Араас Бямбацэцэг нөхрийн хамт мөн Нараагийн нөхөр ирсэн. Дараа нь Энхзаяа ирсэн. Нөгөө хэд яваад Энхзаяа бид хоёр үлдсэн. Би караокед байхдаа 5 шил пиво уусан. Энхзаяа сүүлд ирсэн болохоор 1-2 шил пиво уусан. Манай хажуугийн ширээнд 3 залуу сууж байсан. Манай ширээн дээр 10.000 төгрөгийн тооцоо гарсан чинь нөгөө ширээний залуучууд манай ширээний тооцоог хийчихсэн гэсэн. Бид хоёр 12 цаг бараг өнгөрсөн болохоор явах гээд гараад такси бариад би Энхзаяаг суулгачхаад өөрөө суух гэсэн чинь улаан малгайтай залуу намайг таксинд суулгахгүй дахиад өөр газар хамтдаа сууя гээд байсан. Би үгүй одоо харилаа, явах гэж байна гэхэд тэр залуу явуулахгүй надаас зулгааж байснаа миний баруун хөмсөгний орчим нэг удаа мөргөсөн. Тэгээд гараараа 2 шанаа руу нэлээд хэдэн удаа цохиод байсан. Энхзаяа таксинаас бууж ирээд намайг салгасан...” гэжээ /хх-9/.
Гэрч Б.Энхзаяа мэдүүлэхдээ: “...2018 оны 8 дугаар сарын 17-ны өдөр манай найзууд Нарантуул-2 захын ойролцоо караокед сууж байна гэхээр нь би 21 цагийн үед очиход Сумьяа Нараа хоёр байж байсан. Удалгүй Нараагийн нөхөр нь ирээд нэг шил архи авч өгснөөс би хоёр татчихаад нэг шил пиво уусан. Тэгээд Нараа нөхрийн хамт явсан. Сумьяагийн хамт тэр караокед үлдээд хажуу талын ширээнд сууж байсан гурван залуугийн нэгтэй нь хамтдаа дуу дуулсан. Удалгүй караоке хаах болоод манай ширээн дээр 10.000 төгрөгийн тооцоо гарсан чинь хамтдаа дуу дуулж байсан залуу тооцоог хийчихсэн байсан бөгөөд Сумьяа уурлаад бид хоёр гадаа гарсан. Бид хоёр гадаа гараад такси бариад яг суух гэж байхад нөгөө тооцоо хийсэн залуу таксины хаалгыг татаад бид хоёрыг явуулахгүй байсан. Сумьяа хаалганаасаа татаад тавь гэж уурлаад хаалгаа хаах гээд тэр залуутай нэлээд ноцолдоод цохих шиг болсон..” гэжээ /хх-19/.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн шинжээчийн 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн №10145 дугаар дүгнэлтэд:
“1. М.Сумьяагийн биед баруун нүдний зовхи, баруун хөмсөг, хамрын нуруу, баруун хацар, баруун бугалганд цус хуралт, хүзүү, баруун бугалга, баруун шилбэнд зулгаралт, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид гэмтэл ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэжээ /хх-23/.
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-31/, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-30/ зэргийг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Э.А нь 2018 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт М.Сумьяатай маргалдаж улмаар зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч М.Сумъяагийн “...улаан малгайтай залуу намайг таксинд суулгахгүй дахиад өөр газар хамтдаа сууя гээд байсан. Би үгүй одоо харилаа, явах гэж байна гэхэд тэр залуу явуулахгүй надаас зулгааж байснаа миний баруун хөмсөгний орчим нэг удаа мөргөсөн. Тэгээд гараараа 2 шанаа руу нэлээд хэдэн удаа цохиод байсан. Энхзаяа таксинаас бууж ирээд намайг салгасан...” гэх /хх-9х/ мэдүүлэг, шинжээчийн 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн №10145 дугаар дүгнэлт зэрэг дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Э.Анхтулгыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч Э.Ад эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан хуульд заасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулав. Ингэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарлав.
Хохирогч М.Сумьяа нь баримттайгаар нийт 646.556 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч Э.Аас гаргуулан түүнд олгох нь зүйтэй байна.
Хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримт, битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн Э.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ад 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Аас нийт 646.556 төгрөг гаргуулан хохирогч М.Сумъяа /РД: ЧО81032360/-д олгосугай.
5. Шүүгдэгч Э.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Ад хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХАЛИУН