| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Азуйсэдийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 181/2022/00285/И |
| Дугаар | 210/МА2022/01896 |
| Огноо | 2022-10-17 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 210/МА2022/01896
| 2022 оны 10 сарын 17 өдөр | Дугаар 210/МА2022/01896 |
... ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2022/01795 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ... ХХК-ийн хариуцагч Л.Э , Г.Н нараас 8,855,739.86 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч А.Мөнхзул илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Зээлдэгч Л.Э , Г.Н нар ... ХХК-тай 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн посын /карт уншигч төхөөрөмж/ орлого барьцаалсан зээлийн болон барьцааны гэрээг байгуулж 8,000,000 төгрөг жилийн 22,80 хувийн хүүтэй 18 сарын хугацаатай зээлдэн авсан. Зээлдэгч нар гэрээгээр хүлээсэн үүргээ байнга зөрчиж, зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлөхгүй гэрээний үүргийг зөрчиж ирсэн. Үүргээ биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл биелүүлээгүй. Гэрээний хугацаа дуусгавар болсон. Иймд ААААА0000/000000 дугаартай посын /карт уншигч төхөөрөмж/ орлого барьцаалсан зээлийн болон барьцааны гэрээний үүрэгт 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар үндсэн зээл 5,861,111.11 төгрөг, үндсэн хүү 2,647,978.64 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 340,649.11 төгрөг, шүүхэд нэхэмжлэхтэй холбогдон гарсан зардал 6,000 төгрөг, нийт 8,855,738,86 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч нарын татгалзал, хариу тайлбарын агуулга: Зээлийн гэрээ байгуулсан, мөнгөн хөрөнгө авсан талаар маргахгүй. Харин зээлийг төлөх явцад цар тахал гарч төлөлтөд хүндрэл гарч эхэлсэн. Энэ байдлаа салбарын захиралд хэлэхэд хүлээж авдаггүй. Засгийн газраас зээлийн гэрээг 6 сараар сунгах чиглэл өгсөн байхад сунгаж өгөөгүй, ажлын байранд ирж дарамталдаг байсан. Иймд зээлийн хүү, алдангиас тодорхой хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгчид өөр банкнаас зээл авч төлөх талаар хэлэхэд хугацаа хэтэрсэн зээлийн муу ангилалд оруулсан. Эхний 3 сар 250,000 төгрөг, дараа нь 2 сар, нийт 5 сарын төлөлт хийсэн гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л.Э , Г.Н нараас нийт 8,855,738.86 /найман сая найман зуун тавин таван мянга долоон зуун гучин найман төгрөг наян зургаан мөнгө/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч ... ХХК-д олгож, нэхэмжлэгч ... ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 156,641.8 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Л.Э , Г.Н нараас улсын тэмдэгтийн хураамжид 156,641.8 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ... ХХК-д олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч байна.
4.1. Хариуцагч нар ... д нийт 2,813,400 төгрөг төлсөн. Банк төлсөн мөнгийг зээлийн хүүд суутгадаг гэж тайлбарладаг байсан. Иймд 8,855,739 төгрөгөөс 7,055,739 төгрөг төлөхийг зөвшөөрч, 1,800,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 1,800,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Хэрэгт байгаа зээлийн хүү тооцоололд үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн талаар дэлгэрэнгүй байгаа. Нэхэмжлэлийн шаардлагаа уг тооцооллын дагуу гаргасан. Давж заалдах гомдолд 1,800,000 төгрөг гэж дурдсаныг ойлгохгүй байна гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч ... ХХК нь хариуцагч Л.Э , Г.Н нарт холбогдуулан зээл 5,861,111.11 төгрөг, зээлийн хүү 2,647,978.64 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 340,649.11 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой зардал 6,000 төгрөг, нийт 8,855,738.86 төгрөг нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан журмын дагуу үнэлж, холбогдох хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
4. Хариуцагч Л.Э , Г.Н нар 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэгч ... ХХК-аас 18 сарын хугацаатай 8,000,000 төгрөг сарын 1,90 хувийн хүүтэй зээлдэн авах, үүргийн гүйцэтгэлд Л.Э н УХБ дахь 0000000000 тоот харилцах дансны орлого, ... тоот хаягт байрлах 8 нэрийн дэлгүүрийн бүх бараа материалыг барьцаалах тухай пос /карт уншигч төхөөрөмж/-ын орлого барьцаалсан зээлийн болон барьцааны гэрээг байгуулсан байна. /хх13-14/
Талуудын хооронд Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсан байх ба хариуцагч тал зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээн авсан үйл баримтын талаар маргаагүй. Харин зээл төлөх явцад давагдашгүй хүчин зүйл буюу цар тахал гарч хүндрэл учирсан, энэ талаар салбарын захиралд хэлсэн боловч хүлээж аваагүй, Засгийн газраас гэрээг 6 сараар сунгах чиглэл өгсөн байхад сунгаж өгөөгүй, зээлийн хүү, алдангиас тодорхой хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Хэрэгт хариуцагч нь гэрээт хугацаанд зээл 8,000,000 төгрөг, зээлийн хүүд 1,447,262.10 төгрөг, нийт 9,447,262.10 төгрөг төлөхөөс 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл зээл 2,138,888.89 төгрөг, зээлийн хүүд 665,096.41 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 9,415.02 төгрөг, нийт 2,816,00.32 төгрөг төлсөн тухай зээл, зээлийн хүүгийн тооцооллын баримт авагдсан байна. /хх10-12, 15/
Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг, талуудын гэрээний 3.1.4, 3.1.5, 8.3 дах хэсэгт заасны дагуу хариуцагчаас зээл 5,861,111.11 төгрөг, зээлийн хүү 2,647,978.64 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 340,649.11 төгрөг, хохиролд 6,000 төгрөг, нийт 8,855,738.86 төгрөг шаардах эрхтэй байна. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас 1,800,000 төгрөгт холбогдох хэсгийг эс зөвшөөрч байх боловч татгалзлаа баримтаар нотолж чадаагүй.
5. Мөн хариуцагч нь цар тахлын улмаас гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй болсон талаар салбарын захиралд хэлэхэд хүлээж аваагүй, Засгийн газраас зээлийн гэрээг 6 сараар сунгах чиглэл өгсөн байхад сунгаж өгөөгүй гэж тайлбарладаг. Гэтэл зээлдэгчийн зүгээс зээлдүүлэгчид энэ талаар хүсэлт гаргаж байсан гэх баримтгүй, хүндэтгэн үзэх шалтгааны улмаас гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй байсан гэх үндэслэлээ баримтаар нотолж чадаагүй. Хариуцагч нарын пос /карт уншигч төхөөрөмж/-ын орлого барьцаалсан зээл нь Короновируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.7 дах хэсэгт заасан зээлийн төрөлд хамаарахгүй байна.
Дээрхээс үзэхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2022/01795 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43,750 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
А.МӨНХЗУЛ