Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 764

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүрэнжаргал, 

улсын яллагч М.Очбадрах,

шүүгдэгч П.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цэцэн овгийн Пүрэвийн Цогтбаатарт холбогдох эрүүгийн 1811020530795 дугаартай хэргийг 2018 оны 10 дүгээр сарын 9-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Ц овгийн П.Ц, 1982 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Завхан аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, найруулагч, жүжигчин мэргэжилтэй, Цэцэн-Оюу ХХК-ний захирал ажилтай, Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 41-55 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 16-10 тоотод оршин суудаг гэх, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар.....................

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;

Шүүгдэгч П.Ц нь 2018 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 16-10 тоотод гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох төрсөн ах Я.Түмэнцогтыг зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч П.Ц нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2018 оны 7 дугаар сарын 12-ны өдрийн орой үзүүр түрүү үзэж байхад. Миний өрөөны камер тасраад үүдрүүгээ очиж янзлах гээд явж байхад. Манай ах шал согтуу ээжийг хөл нүцгэн гадаа зогсоож байсан. Тэгэхээр нь би сандал бариад очсон, бид 2 сандалтай зууралдаад ноцолдох үед ханын цаг унаж хагарсан байсан. Намайг ахыг түлхсэн чинь ах унахдаа цагны хагарсан шилэн дээр унасан. Тэр үед толгой нь хагарсан байсан. Би гараад ээжийг хөл нүцгэн байгаа болохгүй ор гэсэн. Тэгээд хажуу айлын хүүхдүүд цагдаа дуудсан байдаг. Цагдаа нар ирээд согтуу хүнийг эрүүлжүүлнэ гэхээр нь наадмын өдөр байна хэрэггүй юм биш үү гэж би хэлсэн. Удалгүй би гараад явсан. 2 хоногийн дараа ах орж ирсэн чинь гараа гипсдүүлсэн байсан. Миний мэдэхээр бол толгой нь хагарсан байсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

              Хохирогч Я.Түмэнцогт нь мэдүүлэхдээ: “...00 өрөө ороод гараад ирсэн чинь дүү Цогтбаатар коридорт сандал гараад зогсож байхаар нь би чи юу хийгээд байгаа юм бэ? гэхэд чамд ямар хамаатай юм бэ гээд сандлаар цохиж газарт унагаагаад  өшиглөж, сандал, ханын цагаар толгой руу цохиод байхаар нь зугтаж гараад орцонд байсан хүүхдийг цагдаа дуудаад өг гэж хэлчхээд толгойноос цус гараад байхаар нь буцаад гэртээ толгойгоо угаачхаад байж байхад цагдаа нар орж ирсэн. ...Толгойдоо 8 оёдол тавиулсан, зүүн гар хугарсан байна гэж гипсдүүлсэн, нуруу, баруун гар, гуя хөхөрсөн байгаа. Цогтбаатар намайг сандлаар цохих гэхэд би зүүн гараараа хамгаалсан чинь зүүн гар сандалд цохигдсон, толгойн орой хэсэгт цагаар хэд хэдэн удаа цохисон, дух руу сандлаар цохисон. ...Толгойндоо болон гарандаа эмчилгээ хийлгэсэн одоо хааяа өвддөг. Ерөнхийдөө одоо гайгүй байна. Нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ /хх-10-14/.

              Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн шинжээчийн 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн №8756 дугаар дүгнэлтэд: 

“1. Я.Түмэнцогтын биед зүүн шууны далд зөрөөтэй хугарал, духанд шарх, толгой, зүүн шуу, бүсэлхий, зүүн даланд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Зүүн шууны далд зөрөөтэй хугарал Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэжээ /хх-21/. 

              Шинжээч эмч Ш.Цэцэгмаа мэдүүлэхдээ: “...Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн цохих цохигдох хүчний хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Зүүн зулайн зулгаралт гэмтлээс бусад нь унах үед үүсэх боломжтой...” гэжээ /хх-24/.  

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-31/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-29/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч П.Ц нь 2018 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 16-10 тоотод гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох төрсөн ах Я.Түмэнцогтыг зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох хохирогч Я.Түмэнцогтын “...сандлаар цохиж газарт унагаагаад  өшиглөж, сандал, ханын цагаар толгой руу цохиод байхаар нь зугтаж гараад орцонд байсан хүүхдийг цагдаа дуудаад өг гэж хэлчхээд толгойноос цус гараад байхаар нь буцаад гэртээ толгойгоо угаачхаад байж байхад цагдаа нар орж ирсэн. ...Толгойдоо 8 оёдол тавиулсан, зүүн гар хугарсан байна гэж гипсдүүлсэн, нуруу, баруун гар, гуя хөхөрсөн байгаа. Цогтбаатар намайг сандлаар цохих гэхэд би зүүн гараараа хамгаалсан чинь зүүн гар сандалд цохигдсон, толгойн орой хэсэгт цагаар хэд хэдэн удаа цохисон, дух руу сандлаар цохисон...” гэх мэдүүлэг, Шүүх эмнэлгийн шинжээчийн 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн №8756 дугаар дүгнэлт зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

Иймд шүүх шүүгдэгч П.Ц-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв. 

Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Хохирогч Я.Түмэнцогт нь “...Нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч П.Цогтбаатарыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Шүүгдэгч П.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц овгийн П.Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ц-т 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ц нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Шүүгдэгч П.Ц нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Ц-т хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ХАЛИУН