| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Азуйсэдийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 183/2021/00455/И |
| Дугаар | 210/МА2022/01926 |
| Огноо | 2022-10-26 |
| Маргааны төрөл | ШБОС, зохиогч болон патент эзэмшигчийн эрхийг зөрчсөн маргаан, Зохиогчийн эрхийн тухай хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 10 сарын 26 өдөр
Дугаар 210/МА2022/01926
| 2022 оны 10 сарын 26 өдөр | Дугаар 210/МА2022/01926 |
ХК ХХК, Б.Ц нарын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2022/01577 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ХК ХХК, Б.Ц нарын хариуцагч ТФ ХХК-д холбогдуулан гаргасан ХК ХХК-ийн зохиогчийн эрх эзэмшдэг дүрс бичлэгийн бүтээлээс ... брэнд бүтээгдэхүүн үйлчилгээндээ зөвшөөрөлгүй, дураараа ашиглаж гэм хор учруулсны хохирол ХК ХХК 15,000,000 төгрөг, Б.Ц гийн дүрсийг зөвшөөрөлгүй ашигласан 5,000,000 төгрөг тус тус гаргуулах нэхэмжлэлтэй иргэний нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: ХК ХХК, Б.Ц нь вэб сайт, сурталчилгааны дүрс бичлэг бүтээх, интернет худалдаа, загвар ба оёдлын сургалт, загвар өмсөх чиглэлээр бизнесийн үйл ажиллагаа эрхэлдэг. Компанийн үүсгэн байгуулагчид нь хувцас загвар өмсөгчдийн хувьд ... телевизийн нэвтрүүлэг, гоёл наадмын загвар өмсөгч, загвар зохион бүтээгчээр оролцож байсан. Мөн нэр хүндтэй брэндүүдийн нүүр царай болж байсан туршлагатай, олны танил юм. ХК ХХК өөрийн нэрээр 2018 онд ... хөгжмийн наадамд зориулсан 27 минутын баримтат кино бүтээсэн ба уг киногоо ютүб /yоutube/ сувагт байрлуулж олон үзэгчдийн таашаалыг хүртсэн. Уг баримтат кино нь Зохиогчийн эрхийн тухай хуульд зааснаар баримтат төрлийн оюуны бүтээлд хамаарах ба үүнийг дагаад зохиогчид бүтээлийн эрхийг эзэмших онцгой эрх дагалдана. Иргэний хуульд зааснаар баримтат кино бүтээгчдэд оюуны эд хөрөнгийн эрх бий болох ёстой. Салбар хууль болон Монгол Улсын нэгдэн орсон конвенцоор нэхэмжлэгчид уг оюуны бүтээлийг өмчлөх эрх үүссэн. ТГ ХХК-ийн охин компани ТФ ХХК нь ХК ХХК-ийн бүтээсэн баримтат киног зөвшөөрөлгүй хулгайлан ... хоолны рекламд ашигласан. Уг хоолны брэнд нь дэлхий даяар алдартай, Монгол Улсад франчайз эрхийг хэрэгжүүлж ажиллаж байгаа компани нь ТФ ХХК юм. Тус компани нь нэхэмжлэгчийн бүтээсэн Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.9-т заасан дуу авиа бүхий дүрст бүтээлийн хэсгээс нь өөрийн эрхэлж буй олон улсад нэр хүндтэй, ашгийн төлөө бизнесийн үйл ажиллагааныхаа сурталчилгаанд зохиогчийн зөвшөөрөлгүй, дураараа ашигласан бүдүүлэг үйлдэл гаргасан нь хуульд заасан зохиогчийн эдийн бус баялгийн эрх болон бүтээл ашиглах онцгой эрхийг зөрчсөн. Хариуцагч нь нэхэмжлэгчийн бүтээлийг зөвшөөрөлгүй ашиглахдаа тухайн бүтээлд хэрэглэсэн нэхэмжлэгчийн өөрийн бараа, үйлчилгээг бусдын бараа, үйлчилгээнээс ялгах зорилгоор хэрэглэдэг барааны тэмдэг байсаар байтал уг тэмдгийг арилгаж ... тэмдгээ байршуулж ашигласан. Нэхэмжлэгчийн бүтээлийг зөвшөөрөлгүй ашигласан бичлэгт нэхэмжлэгч Б.Ц гийн дүрсийг ашигласан хууль бус үйлдэл хийсэн. Нэхэмжлэгч нь өөрийн ур чадвар, хүсэл сонирхол, туршлагаараа телевизийн нэвтрүүлгүүд, брэндийн сурталчилгаанд оролцож байсан. Гэтэл хариуцагч нь нэхэмжлэгчээс зөвшөөрөл аваагүй, дураараа өөрийн ашгийн төлөө үйл ажиллагааны сурталчилгаанд ашигласан нь Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсгийг зөрчсөн. Тухайн үед энэ асуудлаар ТГ ХХК-д хандахад буруугаа хүлээн зөвшөөрсөн утгатай тайлбар гаргаж байсан. Иймд ХК ХХК-ийн бүтээсэн баримтат кинонд өөрийн барааны тэмдгээ байрлуулан нэхэмжлэгч байгууллагын зөвшөөрөлгүй ашигласан ТФ ХХК-ийг гэм буруутайд тооцож, уг буруутай үйлдлээ Ө сонинд ХК ХХК-аас уучлал хүссэн албан ёсны баримт буюу мэдэгдэл болгож гаргуулж өгнө үү. ХК ХХК-ийн бүтээсэн бүтээлийг дураараа зөвшөөрөлгүй ашигласан ТФ ХХК-аас гэм хорын хохиролд 15,000,000 төгрөг, нэхэмжлэгч Б.Ц гийн дүрсийг зөвшөөрөлгүй дураараа ашигласан ТФ ХХК-аас гэм хорын хохиролд 5,000,000 төгрөг тус тус гаргуулна гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга: ТФ ХХК нь ТГ ХХК-ийн охин компани бөгөөд ... олон улсын түргэн хоол үйлдвэрлэлийн сүлжээг Монгол Улсад нээх, үйл ажиллагаа явуулах франчайз эрхийг 2013 онд албан ёсоор авсан. ... брэндийг Монгол Улсад сурталчлах, таниулах зорилгоор 2020 онд ... нэртэй компанит ажлыг эхлүүлсэн ба уг ажлын хүрээнд маркетингийн үйлчилгээний гэрээний дагуу үйлчилгээ үзүүлдэг Д А ХХК нь 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр ... 000 дугаар реклам, видео, шторк хийц хийх ажил гүйцэтгэх гэрээг К А ХХК-тай байгуулсан. К А ХХК нь ... брэндийн ... буюу рекламыг хийх, түүнд ашиглагдах бүхий л дүрс бичлэг, зураг нь талуудын байгуулсан гэрээний 7.1, 7.2, 7.3-т заасны дагуу баталгаа гаргаж, дээрх ажлыг хийж гүйцэтгэсэн. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага нь ТФ ХХК-д хамааралгүй ба аливаа оюуны өмчтэй холбоотой хохирлыг хариуцах үндэслэлгүй тул холбогдох хохирлыг К А ХХК-аас нэхэмжлэн ТФ ХХК-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулга: Нэхэмжлэлийг хангах нь зөв, хариуцагч талыг гэм буруутай гэж үзэж байна гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: .Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ТФ ХХК-д холбогдох, гэм хор учруулсны хохирол нийт 20,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ХК ХХК, Б.Ц нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ТГ ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч нар татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч компани улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуулиар чөлөөлөгдөх тул төлөөгүйг дурдаж, Б.Ц гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 95,000 төгрөгийг улсын төсвийн орлого болгож шийдвэрлэжээ.
5. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна.
5.1. Гэм хорын хохирол 20,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон тухайд,
Шүүх ... гуравдагч этгээдээр гэрээний дагуу гүйцэтгүүлсэн, гэрээгээр хохирлыг хариуцахаар заасан нь хариуцагч хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй гэж талуудын харилцааг зөв тодорхойлсон боловч хохирлыг ХК ХХК-ийн зохиогчийн эрхийг хариуцагч зөрчсөн болох нь тогтоогдсон, хариуцагчийн гэм хор учруулсан хохиролд хуулийн этгээд болон иргэн 20,0000,000 төгрөгийг баримтаар нотлоогүй, хэрхэн тооцож маргаж байгаа нь тодорхой бус байна гэж дүгнэсэн нь хуульд нийцэхгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу хэрэгт авагдсан маркетингийн үйлчилгээний гэрээ, ерөнхий гэрээ, ажил гүйцэтгэлийн акт, хамтран ажиллах гэрээ, телевизийн нэвтрүүлэгт оролцох тухай гэрээ, Г банк дахь ... ХХК-ийн дансны хуулга, Б.Ц ы харилцах банкны дансны хуулга, хамтран ажиллах гэрээ, ажил гүйцэтгэх гэрээ зэргээр нэхэмжлэлийн шаардлагын хохирлоо нотлохоор маргасан. Уг баримтууд нь ХК ХХК-ийн бүтээсэн 27 минутын кино бүтээл, түүнд дүрс оруулсан Б.Ц гийн дүрс бичлэг нь хэдэн төгрөгөөр үнэлэх боломжтойг ойролцоо төрлийн бичлэг, контентыг нэхэмжлэгч нь хуулийн этгээдүүдтэй хэдэн төгрөгөөр гэрээ байгуулж, төлбөр орсон баримтыг депозит дансны хуулгатай хамт гарган маргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт заасны дагуу тайлбараа баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлсэн. Гэтэл шүүх уг баримтуудыг зөв таньж нотлоогүй тул талуудын маргааныг үнэн зөв эргэлзээгүй талаас нь шийдвэрлэсэн гэж үзэхгүй.
5.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн тухайд,
Хууль бус шүүх бүрэлдэхүүн хэргийг шийдвэрлэсэн. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч О.О ийн 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 000/AA0000/00000 дугаар захирамжаар тус хэргийн шүүх хуралдааны даргалагч, шүүх бүрэлдэхүүнийг томилсон шийдвэрийг албажуулахдаа хуралдаан даргалагч шүүгч Б.Т , бүрэлдэхүүнд шүүгч О.О , Ж.Л нарыг томилон шүүхийн дардас дарахгүй захирамж гаргасан. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт ерөнхий шүүгчийн бүрэн эрхийг заасан ба 17.1.3-д хуульд өөрөөр заагаагүй бол шүүх бүрэлдэхүүнийг томилох, албажуулах бүрэн эрхийг хэрэгжүүлэх нь гагцхүү ерөнхий шүүгчийн бүрэн эрх байна гэж заасан. О.О шүүгч нь бүх шүүгчдийн зөвлөгөөнөөс томилогдсон ерөнхий шүүгч, ерөнхий шүүгчийг түр орлон гүйцэтгэж байгаа талаарх баримт хэрэгт авагдаагүй, 00000 дугаартай захирамж хуульд нийцсэн гэж үзэх боломжгүй, мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсгийг ноцтой зөрчсөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дугаар зүйлийн 81.1 дэх хэсэгт анхан шатны шүүх дангаар шийдвэрлэхээс бусад хэргийг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэх бөгөөд шүүх бүрэлдэхүүнийг мөн хуулийн 78 дугаар зүйлийн 78.1-д заасны дагуу тухайн дүүргийн ерөнхий шүүгч албажуулна. Иймд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2022/00000 дугаартай О.О шүүгчийн захирамж хуульд нийцэхгүй бөгөөд шүүгч бүрэлдэхүүнд орж Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2022/01577 дугаартай шийдвэрийг гаргасан нь хууль бус бүрэлдэхүүн хэргийг шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.
5.3. Иргэдийн төлөөлөгчийг хуульд заасан үндэслэл журмын дагуу сонгоогүй тухайд,
Тус хэрэгт иргэдийн төлөөлөгчөөр Т.О ийг сонгосон, түүнд хэрэг танилцуулсан боловч хэрхэн томилсон талаар баримт хэрэгт авагдаагүй. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2.3, 63 дугаар зүйлийн 63.2. 87 дугаар зүйлийн 87.2, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2013 оны 09 дүгээр сарын тогтоолоор баталсан Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн сонгон шалгаруулах ажиллагаа-ны журмын 3.1, 2022 оны 00 дугаар тогтоолоор баталсан Анхан болон давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын үйл ажиллагааны нийтлэг журам-ын 4.2.3. 9.2.2 дахь хэсгийг тус тус үндэслэн шүүхийн тамгын газар дэд жагсаалт батлан шүүхийн иргэдийн төлөөлөгчийн нэрсийн жагсаалтаас сонгодог. Гэтэл Т.О ийг иргэдийн төлөөлөгчөөр сонгосон дэд жагсаалт хэргийн материалд авагдаагүй нь хууль ёсны иргэдийн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон гэж үзэхгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.1, 86 дугаар зүйлийн 86.1 дэх хэсэгт заасныг ноцтой зөрчсөн. Хэрэв талуудын хэн аль нь иргэдийн төлөөлөгч оролцуулахгүй хэргийг шийдвэрлэх боломжтой гэсэн хүсэлт гаргасан тохиолдолд иргэдийн төлөөлөгч оролцуулахгүй шийдвэрлэх боломжтой. Гэтэл талуудаас иргэдийн төлөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргаагүй байхад шүүх процессын ноцтой алдаа гаргасан.
5.4. Хэргийн оролцогчийн хүсэлтийг шийдвэрлэхдээ хэрэгт ач холбогдолтой байдлыг эргэлзээгүй нэг мөр шийдвэрлээгүй тухайд,
Хариуцагчийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Д А ХХК-ийг хамтран хариуцагчаар татах хүсэлт, 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Д.С , Ю.Н , Ю.Х нарыг гэрчээр оролцуулах хүсэлтийг шүүх тус тус хэрэгсэхгүй болгосон. Хуульд зааснаар хариуцагч нь хариуцагчаа тодорхойлох эрхгүй боловч шүүх талуудын тайлбарыг үндэслэн хэрэгт ач холбогдолтой нөхцөл байдлыг тодруулж шийдвэрлэх бүрэн боломжтой. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон хамтран хариуцагч, гэрч оролцуулах хүсэлтээ маркетингийн гэрээг хуулийн этгээдтэй байгуулж ажил гүйцэтгүүлсэн уг гэрээгээр ажил гүйцэтгэгч этгээд бусдын зохиогчийн эрх, контентыг хуулбарлан авсан бол гэм хорыг арилгах үүрэгтэй талаар гэрээнд тусгасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт заасан жинхэнэ хариуцагч нь Д А ХХК, К А ХХК болохыг тайлбарлаж татгалзлын үндэслэл болгосон. Шүүх үйл баримтыг үндэслэн талуудын тайлбартай нийцэж байгаа хэсэгт дүгнэлт өгөх, эргэлзээгүй, тал бүрээс нь шүүгчийн дотоод итгэл үнэмшлээр хэргийг шийдвэрлэхдээ хамтран хариуцагчаар татвал зохих этгээд Д А ХХК, К А ХХК болон гэрч нараас тайлбар авч шийдвэрлэх боломжтой байсан. Гэтэл шүүх өөрийн санаачилгаар дээрх нөхцөл байдлыг тодруулах ажиллагааг хийгээгүй нь үнэн зөв эргэлзээгүй, нэг мөр талуудын маргааныг шийдвэрлэсэн гэж үзэх боломжгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
6. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг гэм хорын хохирол гэж тодорхойлж, нотлох баримтаар дансны хуулга өгсөн. Анхан шатны шүүх хуралдааны явцад тухайн гаргаж өгсөн нотлох баримт, нэхэмжлэлийн шаардлага 20,000,000 төгрөгийг өөрсдөө үнэлж, чөлөөт эрхийн хүрээнд тодорхойлж нэхэмжилсэн. Нэхэмжлэгч нь хохирлын хэмжээг өөрсдөө тодорхойлсон бөгөөд ямар нэгэн бодит зардал биш байна. ... хөгжмийн фестивальд оролцсон хүмүүсийн дүрс бичлэгийг ХК ХХК нь ашиглахдаа ямар нэгэн үнэ төлбөргүй ашигласан. Тухайн дүрс бичлэгт орсон хүмүүст ямар нэгэн төлбөр төлөөгүй. Уг 27 минутын бичлэгийг хийхдээ ямар гэрээний үндсэн дээр хэдэн төгрөг зарцуулсан нь тодорхойгүй байхад анхан шатны шүүх баримтад киног үндэслэж, хохирлын хэмжээг тогтоох боломжгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг өөрсдөө чөлөөт эрхийн хүрээнд 20,000,000 төгрөгийг нэхэмжилсэн гэж тайлбарласан. Хариуцагч талаас хамтран хариуцагчаар татах хүсэлтийг гаргахад нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч хамтран хариуцагчаар татах шаардлагагүй, манайх өөрсдөө хариуцагчаа тодорхойлж, 20,000,000 төгрөгийг нэхэмжилж байна. Тухайн хамтран хариуцагчаар татах гэж байгаа хүмүүс нь манай хэрэгт хамааралгүй гэж тайлбарласан. Мөн 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хариуцагч талаас 3 гэрч асуулгах хүсэлт гаргасан боловч нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч уг гэрчүүдийг энэхүү хэрэг маргаанд хамааралгүй, юу нотлох гэж байгаа нь тогтоогдохгүй байна гэх үндэслэлээр гэрчээр асуулгахыг хүлээн зөвшөөрөөгүй гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.
2. Нэхэмжлэгч ХК ХХК тус компанийн зохиогчийн эрх эзэмшдэг дүрс бичлэгийн бүтээлээс ... брэнд бүтээгдэхүүн үйлчилгээндээ зөвшөөрөлгүй дураараа ашиглаж гэм хор учруулсны хохиролд 15,000,000 төгрөг, нэхэмжлэгч Б.Ц гийн дүрсийг зөвшөөрөлгүй дураараа ашигласан гэм хорын хохиролд 5,000,000 төгрөг тус тус нэхэмжилснийг хариуцагч ТФ ХХК эс зөвшөөрч маргасан.
3. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн иргэдийн төлөөлөгчийг хуульд заасан үндэслэл журмын дагуу сонгоогүй гэх гомдол үндэслэлтэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1 дэх хэсэгт хэргийг анхан шатны журмаар шүүх бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд гурав хүртэл иргэдийн төлөөлөгчийг оролцуулна гэж заасан.
Тус шүүхийн Тамгын газрын даргын 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн А/00 дугаар тушаалаар шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцох иргэдийн нэрсийн жагсаалтыг хавсралтаар баталсан байна. Уг нэрсийн жагсаалтаар сонгогдсон 10 иргэнээс 01 дугаартай Г.Э нь тус хэрэгт иргэдийн төлөөлөгчөөр сонгогдож, нөөцөд 05 дугаартай Ж.Э, 10 дугаартай Р.А нар сонгогдсон болохыг баталгаажуулсан тэмдэглэл хэрэгт авагджээ. /хх140-142/
Гэтэл 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанд дээрх нэрсийн жагсаалтад ороогүй Т.О оролцож дүгнэлт гаргасан байх ба хэрэгт Т.О иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон баримт авагдаагүй байна. /хх154/
Анхан шатны шүүх батлагдсан нэрсийн жагсаалтад ороогүй иргэдийн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулсан нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2, 63 дугаар зүйлийн 63.2, 63.3, 63.4 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан гэж үзэхгүй.
Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2022/01577 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 95,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
А.МӨНХЗУЛ