Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 771

 

           

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, улсын яллагч Э.Бадрал, шүүгдэгч Д.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д“ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Даваасүрэнгийн Түмэндэмбэрэлд холбогдох эрүүгийн “1811024620837” дугаартай, 186/2018/0729/э индекстэй хэргийг  2018 оны 10 дугаар дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч,  2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр шүүн  хэлэлцэв.                

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,1968 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Баянхонгор аймагт төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Баянхошуу 32 дугаар гудамжны 11 тоотод оршин  суух бүртгэлтэй,

 

- урьд 1995 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 265 таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар,

 

-1999 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 493 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жил хорих ялаар,

 

-2003 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 202 дугаартай шийтгэх тогтоолоор  Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар,

 

-2009 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 49 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сар хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан, Б овогт Д.Т  /РД:......................./,

 

            Холбогдсон хэргийн талаар:

            Д.Т нь 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах автобусны буудлын орчим насанд хүрээгүй хохирогч А.Номинтөгсийн халааснаас хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар 680,000 төгрөгний үнэ бүхий Айфон 7 эс маркийн гар утсыг хулгайлсан  гэмт хэрэгт холбогджээ.

         ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн  хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн  мэдүүлэг:

1.1. Шүүгдэгч Д.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлгээ үнэн зөв мэдүүлсэн тул мэдүүлэг өгөхгүй гэв.

 

Хоёр: Шүүгдэгч  мэдүүлэг өгсний дараа талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч А.Номинтөгсийн:...2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр би өвөө Бадамжавын хамт Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо Бөмбөгөр худалдааны төвийн ертөнцийн зүгээр зүүн талын автобусны буудал дээр автобус хүлээгээд зогсож байхдаа өөрийн айфоне 7 эс маркийн гар утсаа формныхоо халаасанд хийсэн. Тэгээд утсаа авах гээд халаасандаа үзтэл миний гар утас байхгүй байсан. Тухайн үед цагаан өнгийн цамцтай, 40-өөс дээш насны эрэгтэй хүн миний ойр орчмоор эргэлдээд байсан гэх мэдүүлэг. /хх 14-15/,

 

2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ц.Бадамжавын:... 2018 оны 09 сарын 03-ны өдөр 14 цагийн орчим гэрээсээ зээ охин А.Номинтөгсийн хамт Бөмбөгөр худалдааны төв орсон. Тэндээс будагны өнхрүүш авчихаад харих гээд автобусны буудал дээр зогсож байтал бид хоёрыг намхан цагаан цамцтай саравчтай малгайтай 40-45 орчим насны хүн дагаад байх шиг байсан автобусанд суух гэтэл охин утас алга болсон байна гэж надад хэлсэн би тэр залуугийн араас гүйж барьж авсан тэгэхэд би аваагүй таны гар утсыг 2 хүүхэд аваад бөмбөгөрийн тийшээ гүйчихлээ гэж хэлэхэд нь тэр залууг орхиод бид хоёр цаашаа хайсан боловч олоогүй гэх мэдүүлэг /хх 17-18/,

 

2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Ганцэцэгийн:..би ах Түмэндэмбэрэлтэй хамгийн сүүлд 2018 оны 08 сарын 30-нд манай гэр бүлийнхэн амралтанд явахад ирж уулзсан, тэрнээс хойш ахин уулзаагүй. Одоо хаана явааг нь мэдэхгүй ер нь тэгээд алга болчихдог өвөл л ирдэг юм. Хувийн байдлын хувьд бид эцэг эхээс зургуулаа манай хамгийн том ах байгаа юм. Архи их уудаг уухаараа их агсан зантай. Эхнэрийг нь Батчимэг гэдэг эхнэр дээрээ очихгүй их удаж байгаа салчихсан байх. Эрүүл үедээ их ажилсаг хүн байгаа юм гэх мэдүүлэг  /хх-28/,

 

Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд

3.1. Хавтас хэргээс улсын яллагчаас: хавтаст хэргийн 10 дугаар хуудас камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, 15-16 дугаар хуудас хохирогч А.Номинтөгсийн мэдүүлэг, 18 дугаар  хуудас гэрч Ц.Бадамжамцын мэдүүлэг, 22 дугаар хуудас эд зүйлийн үнэлгээ, 32 дугаар хуудас яллагдагч Д.Түмэндэмбэрэлийн мэдүүлэг зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав. 

 

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараахи үйл баримтыг тогтоов.

 

Шүүгдэгч Д.Т нь 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах автобусны буудал орчим насанд хүрээгүй хохирогч А.Номинтөгсийн халааснаас хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар 680,000 төгрөгний үнэ бүхий Айфон 7 эс маркийн гар утсыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч А.Номинтөгсийн:...2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр би өвөө Бадамжавын хамт Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо Бөмбөгөр худалдааны төвийн ертөнцийн зүгээр зүүн талын автобусны буудал дээр автобус хүлээгээд зогсож байхдаа өөрийн айфоне 7 эс маркийн гар утсаа формныхоо халаасанд хийсэн. Тэгээд утсаа авах гээд халаасандаа үзтэл миний гар утас байхгүй байсан. Тухайн үед цагаан өнгийн цамцтай, 40-өөс дээш насны эрэгтэй хүн миний ойр орчмоор эргэлдээд байсан гэх мэдүүлэг. /хх 14-15/, гэрч Ц.Бадамжавын:... 2018 оны 09 сарын 03-ны өдөр 14 цагийн орчим гэрээсээ зээ охин А.Номинтөгсийн хамт Бөмбөгөр худалдааны төв орсон. Тэндээс будагны өнхрүүш авчихаад харих гээд автобусны буудал дээр зогсож байтал бид хоёрыг намхан цагаан цамцтай саравчтай малгайтай 40-45 орчим насны хүн дагаад байх шиг байсан автобусанд суух гэтэл охин утас алга болсон байна гэж надад хэлсэн би тэр залуугийн араас гүйж барьж авсан тэгэхэд би аваагүй таны гар утсыг 2 хүүхэд аваад бөмбөгөрийн тийшээ гүйчихлээ гэж хэлэхэд нь тэр залууг орхиод бид хоёр цаашаа хайсан боловч олоогүй гэх мэдүүлэг /хх 17-18/, гэрч Д.Ганцэцэгийн:..би ах Түмэндэмбэрэлтэй хамгийн сүүлд 2018 оны 08 сарын 30-нд манай гэр бүлийнхэн амралтанд явахад ирж уулзсан, тэрнээс хойш ахин уулзаагүй. Одоо хаана явааг нь мэдэхгүй ер нь тэгээд алга болчихдог өвөл л ирдэг юм. Хувийн байдлын хувьд бид эцэг эхээс зургуулаа манай хамгийн том ах байгаа юм. Архи их уудаг уухаараа их агсан зантай. Эхнэрийг нь Батчимэг гэдэг эхнэр дээрээ очихгүй их удаж байгаа салчихсан байх. Эрүүл үедээ их ажилсаг хүн байгаа юм гэх мэдүүлэг  /хх-28/, камерын бичлэг зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн  бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Д.Түмэндэмбэрэлийг  бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Ц.Бадамжав нь шүүгдэгч Д.Түмэндэмбэрэлд гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралдаанд  оролцохгүй гэсэн хүсэлтийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд бичгээр гаргаж өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг  арилгасан байна гэж  шүүх үзлээ.

 

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг  үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсө  зэргийг тус тус харгалзан үзэж,  Эрүүгийн  хуулийн ерөнхий  ангийн  5.4 дүгээр зүйлд заасан “Нийтэд тустай ажил хийлгэх ял” оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй  байна гэж үзлээ.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн эд  хөрөнгөгүй, шүүгдэгч нь  цагдан хоригдсон  хоноггүй, бусдад  төлөх төлбөргүй  болохыг тус тус  дурьдаж  шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1  дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

         ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Д.Т-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч  хулгайлах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Т-ийг 300 /гурван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар Д.Т-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх  ялыг өдөрт 3 цагаар хийлгэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн  5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар  Д.Т нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй  бол шүүх биелэгдээгүй  ялын  найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж  болохыг сануулсугай.

 

5. Шүүгдэгч Д.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан өнгийн 1 ширхэг СД-ийг хэргийн хугацаа дуусах хүртэл хугацаагаар хадгалсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                                                                                           

 

                              ДАРГАЛАГЧШҮҮГЧ                           С.БАТЖАРГАЛ