Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2022/01931

 

 

 

 

 

2022 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2022/01931

 

 

 

... ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШШ2022/02103 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ... ХХК-ийн хариуцагч Д.У , Ц.Э нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 377,473,893 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч А.Мөнхзул илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А, А.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Ц.Э , Д.У нар 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдөр орон сууцны зээлийн гэрээ болон үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг байгуулж, 286,000,000 төгрөгийг жилийн 19,8 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатай орон сууц худалдан авах зориулалтаар зээлдэн авсан. Үүргийн гүйцэтгэлд Ц.Э гийн өмчлөлийн, улсын бүртгэлийн А-0000000000 дугаартай, ... тоот хаягт байрлах 1335 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаалсан. Зээлдэгч нар гэрээний үүргээ байнга зөрчиж, зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүй тул гэрээний үүргээ биелүүлэхийг мэдэгдэж, зөрчлийг арилгах боломж олгосон боловч өнөөдрийг хүртэл биелүүлээгүй. Иймд зээлийн гэрээний 9.2 дахь хэсэгт заасны дагуу зээлдүүлэгч нь нэг талын санаачилгаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцлуулна. Зээлдэгч нар нь 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар үндсэн зээл 255,582,981.91 төгрөг, зээлийн үндсэн хүү 121,832,971.30 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 48,439.79 төгрөг, нотариатын зардал 9,500 төгрөг, нийт 377,473,893 төгрөгийг хариуцагч нараас гаргуулна. Хэрэв хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч нарын хариу тайлбар, татгалзлын агуулга: Зээл, зээлийн хүүгийн тооцоололд маргахгүй. Ковид цар тахал гарч нийгмийн амьдрал зогсох хүртэл зээлийн гэрээний үүргээ биелүүлж байсан нь зээл төлөлтийн хүснэгтээс харагдана. Анх зээлийн гэрээг зээлийн хүүг ахиухан төлүүлэх, үндсэн зээлээс бага төлөгдөх байхаар байгуулсан. Өнөөдрийг хүртэл 295,700,000 төгрөгийн зээл төлсөн байхад үндсэн зээлээс 30,000,000 төгрөг хасагдсан. Тухайн үед бизнесийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байсан учраас сарын 1,65 хувь, жилийн 20 хувийн хүүтэй буюу маш өндөр хүүтэй орон сууцны зээл авсан. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж 3 сарын дундаж хүүтэй тэнцэх хэмжээний мөнгийг нийт нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасуулах хүсэлтэй байна гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Ц.Э /АА00000000 /, Д.У /АА00000000 / нараас 365,068,807 /гурван зуун жаран таван сая жаран найман мянга найман зуун долоон/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч ... ХХК /0000000 /-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 12,347,145 /арван хоёр сая гурван зуун дөчин долоон мянга нэг зуун дөчин таван/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Э , Д.У нар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл Ц.Э гийн өмчлөлийн Улсын бүртгэлийн А-0000000000 дугаарт бүртгэлтэй, ... тоот хаягт байрлах 135 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг хуульд нийцүүлэн албадан худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,045,271 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ц.Э , Д.У нараас 1,983,294 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ... ХХК-д олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Нэхэмжлэлийн шаардлагаас 12,347,145 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна.

Шүүх 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 0/00000 дугаар мэдэгдлийг үндэслэн зээлийн гэрээнээс татгалзах журмыг хэрэгжүүлсэн гэж үзэн мэдэгдэлд заасан хугацаа болох 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөр зээлийн гэрээг цуцалсан гэж дүгнэсэн. Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсгийг хэрэглэн төлбөрөө төлөх мэдэгдэлд заасан хугацааны өдрөөр зээлийн гэрээг цуцалсан гэж үзэж, хүү 12,200,760 төгрөгийг хасаж шийдвэрлэсэн. Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэг нь аль нэг тал гэрээнээс татгалзахын тулд заавал нөгөө талдаа мэдэгдэнэ, ингэснээр гэрээнээс татгалзаж байгаа татгалзал нь хуулийн хүчин төгөлдөр болохыг заасан агуулгатай. Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн гэрээгээр банк, эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, зээлийн гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ. Мөн хуулийн 20.3 дахь хэсэгт зээлийн гэрээний хугацаа дууссан нь тухайн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасан нь зээлдэгч гэрээний хугацаа дууссан өдрөөс нэхэмжлэл гаргасан өдрийг хүртэлх үндсэн зээлийн хүүгээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсэгт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч тал оролцоогүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч ... ХХК хариуцагч Д.У , Ц.Э нарт холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээл 255,582,981.91 төгрөг, зээлийн хүү 121,832,971.30 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 48,439.79 төгрөг, нотариатын зардал 9,500 төгрөг, нийт 377,473,893 төгрөг гаргуулах, зээл, хүүг хуваарийн дагуу төлөөгүй бол ... тоот хаягт байрлах 135 м.кв талбайтай 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Зохигчид 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдөр орон сууц худалдан авах зориулалтаар 286,000,000 төгрөг жилийн 19,80 хувийн хүүтэй, 15 жилийн хугацаатай зээлдэн авах, үүргийн гүйцэтгэлд ... тоотын 135 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаалах тухай зээлийн болон барьцааны гэрээг байгуулсан байна. /хх7-9, 13-15/

Талуудын байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасантай нийцсэн, гэрээнүүд хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ. Гэрээний дагуу мөнгөн хөрөнгө шилжүүлэн авсан, зээл, зээлийн хүүгийн тооцоолол, зээлдүүлэгчийн санаачилгаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж байгаа үйл баримтад талууд маргаагүй.

Харин гэрээ хэрэгжих явцад Ковид цар тахал буюу давагдашгүй хүчин зүйл нөлөөлж гэрээний үүргийн зөрчил үүссэн, гэрээ байгуулснаас хойш нийт 295,700,000 төгрөг төлсөн байхад үндсэн зээлээс зөвхөн 30,000,000 төгрөг хасагдсан, нэхэмжлэлийн үнийн дүнгээс 3 сарын хүү хасуулна гэж хариуцагч маргажээ.

4. Хариуцагч нар нь гэрээ цуцлах мэдэгдэл өгсөн 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд төлбөл зохих үүргийн дүнгээс зээлд 30,417,019.09 төгрөг, зээлийн хүүд 295,745,446.30 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 98,175.95 төгрөг төлж гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь хэрэгт авагдсан зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээл, зээлийн хүүгийн тооцооллоор тогтоогдож байна. /хх10-12, 25-26/

Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3 дахь хэсэгт гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал зөвхөн энэ хуулийн 219.3, 225.2-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж болно гэж заасан. Анхан шатны шүүх зээлийн гэрээг зээлдүүлэгч талын санаачилгаар 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр цуцалсан гэж дүгнэж 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны зээлийн хүү 12,200,760 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

Хэргийн 24 дүгээр талд авагдсан нэхэмжлэгч ... ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 0/00000 дугаар мэдэгдэлд ... зээлийн хавсралтаар харилцан тохиролцож баталсан зээлийн эргэн төлөх хуваарийг удаа дараа зөрчиж, зээлийн ангилал буурч, чанаргүй зээлийн эргэлзээтэй ангилалд шилжсэн, 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар 4,685,082.38 төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдэлтэй, 25,182,514.82 төгрөгийн хүүгийн, нийт 29,867,597.20 төгрөгийн зөрчилтэй байна. Иймд 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн дотор үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлж барагдуулахыг мэдэгдье. Дээрх хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд банкны зүгээс холбогдох хууль тогтоомж, гэрээний заалтын дагуу зээлийн өр төлбөрийг барагдуулах зорилгоор шаардлагатай арга хэмжээг авч ажиллах болсныг үүгээр мэдэгдье. гэжээ.

Талуудын байгуулсан гэрээний 9.2.2-т зээлдэгч нь зээлийн гэрээгээр тохиролцсон хуваарийн дагуу төлбөрөө бүрэн буюу хэсэгчлэн төлөлгүй 90 хоногийн хугацаа хэтэрсэн тохиолдолд банк гэрээг цуцалж, зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг үл маргах журмаар төлүүлнэ гэж тохиролцсон байна. /хх9/

Тэрээр 2014 оны 12 дугаар сараас зээл төлөлт доголдож, үүргийн зөрчил үүсэж эхэлсэн байхад зээлдүүлэгчийн зүгээс арга хэмжээ аваагүй байна. Дээрх нөхцөл байдлуудыг харьцуулан дүгнэхэд анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийг зээлийн гэрээг 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөр цуцалсан гэж үзсэнийг буруутгах үндэслэлгүй. Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэх тухай Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

Мөн хариуцагч нь Ковид цар тахлын улмаас гэрээний үүргээ зөрчсөн, үүнээс өмнө үүргээ зохих ёсоор биелүүлж байсан тул нийт гүйцэтгэвэл зохих мөнгөн дүнгээс 3 сарын зээлийн хүүг хасуулна гэж тайлбарлах боловч нэхэмжлэгчид төлбөр төлөх хугацааг хойшлуулах хүсэлт гаргаж байсан талаарх баримтгүй.

5. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас нэмэгдүүлсэн хүү 146,615 төгрөг, нотариатын зардал 9,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргаагүй тул шүүхийн шийдвэрийг энэ хэсгийг хэвээр үлдээх нь талуудын зарчимд нийцнэ.

6. Хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 159 дүгээр зүйлийн 159.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШШ2022/02103 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 212,504 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

А.МӨНХЗУЛ