Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2022/01932

 

 

 

 

 

2022 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2022/01932

 

 

 

 

 

Б.Ю гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2022/01859 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Ю гийн хариуцагч О ХХК-д холбогдуулан гаргасан тус компанийн гүйцэтгэх захирлын 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/00 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилласан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлүүлж, баталгаажуулалт хийхийг даалгах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч А.Мөнхзул илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ө, хариуцагчийн өмгөөлөгч Д.Б, Б.Ө нар шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Б.Ю 2011 оны 07 дугаар сарын 19-ний өдөр О ХХК-д ажилд орсон. Ажил олгогч нь 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Б.Ю г сахилгын шийтгэлийн хүчинтэй байх хугацаанд бусадтай харилцахдаа түрэмгий зан авир гаргасан, сүрдүүлж заналхийлсэн, зохисгүй байдлаар бусдын биед хүрсэн хөдөлмөрийн сахилгын давтан зөрчил гаргасан гэж түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Иймд ажил олгогчийн тушаал хууль зүйн үндэслэлгүй тул О ХХК-ийн захирлын 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/00 дугаар тушаалыг хүчингүй болгож, урд эрхэлж байсан уул уурхайн ажиллагааны хэлтсийн хөдөлгөөнт хүнд машин механизмын операторын албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Б.Ю 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн сануулах сахилгын шийтгэлийн хүчинтэй хугацаанд 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр бусадтай харьцахдаа түрэмгий зан авир гаргасан, сүрдүүлж заналхийлсэн, зохисгүй байдлаар бусдын биед хүрсэн хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг давтан гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, хөдөлмөрийн гэрээний 10.2-т заасныг заасныг үндэслэн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч О ХХК-д холбогдох О ХХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/00 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэгч Б.Ю гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Б.Ю нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна.

4.1. Шүүх нэхэмжлэгчийг нотлох баримт цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй гэж үндэслэлгүйгээр буруутгасан. Хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирлын 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 00/00/00 дугаар хөдөлмөрийн харилцаатай холбоотой асуудлыг шийдвэрлэх эрх олгосон тушаалыг Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3 дахь хэсэгт заасны дагуу олгосон. Тус тушаалд хугацаа заагаагүй тул Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.5 дахь хэсэгт зааснаар 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөр дуусгавар болсон. Б.Ю г ажлаас халсан уг тушаалд гүйцэтгэх захирал А Т гэж бичсэн атлаа гарын үсгийг гүйцэтгэх захирал бус О ХХК-ийн ерөнхий менежер М Ш зурсан болохыг хариуцагч тал тайлбарласан. Иймд 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/00 дугаар тушаалыг анхнаасаа эрхгүй этгээд буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсгийг зөрчиж гаргасан нь нотлогдож байхад шүүх уг тушаалын хууль зүйн үндэслэлийг хянаагүй, хууль зөрчсөн талаар дүгнээгүй.

4.2. Ажилтанд огт танилцуулаагүй дүрэм журмыг үндэслэж сахилгын шийтгэл ногдуулсан. Хөдөлмөрийн гэрээнд ажилтан компанийн бодлого, журам, стандарт болон холбогдох бусад бичиг баримтуудтай танилцах үүргийг хүлээсэн боловч хаана, ямар журам мөрдөгдөж байгаа, ямар арга замаар танилцах боломжтой талаар мэдээлэх, таниулах, танилцуулах үүрэг нь ажил олгогчид байгаа. Шүүх энэ талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй зөвхөн ажилтны танилцах үүргийг голчлон дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Мөн хөдөлмөрийн гэрээнд заасан ажилтны танилцах үүрэг нь хэзээ хэрэгжих боломжтой талаар дүгнэлт хийгээгүй. Ажил олгогч мөрдөгдөж байгаа хүчин төгөлдөр дүрэм, журмыг ажилтанд танилцуулах боломж нөхцөлөөр хангаж, таниулах ажиллагаа хийж, сурталчлах үед түүнтэй танилцах үүргийг хэрэгжүүлэх нь ажилтны зүй ёсны хийх үйлдэл мөн. Гэтэл тухайн журмыг таниулах талаар сургалт, үйл ажиллагаа явуулаагүй атлаа зөвхөн анх ажилд орох үед нь танилцуулсан гэж байгаа нь үндэслэлгүй. Б.Ю д 2011 онд танилцуулсан гэх журам нь хүчингүй болсон. 2012 онд боловсруулсан журамд хэд хэдэн удаа өөрчлөлт орж, 2017 онд хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн журмыг үндэслэж, уг журмыг зөрчсөн гэж ажилтанд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсныг шүүх анхаарч үзээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Тус компанийн гүйцэтгэх захирлын 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/00 дугаар хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаал нь ажил олгогч буюу түүнээс эрх олгосон албан тушаалтан гарын үсэг зурж баталгаажуулсан, компанийн тэмдэг дарагдсан хууль ёсны баримт бичиг мөн. Б.Ю нь О ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн В/000 дугаар сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал, 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/0000 дугаар сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар сахилгын шийтгэл хүлээж, сахилгын шийтгэл хүчинтэй байх хугацаанд 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр бусадтай харилцахдаа түрэмгий зан авир гаргасан, сүрдүүлж заналхийлсэн, зохисгүй байдлаар бусдын биед хүрч (алгадах, цохих зэргээр) хөдөлмөрийн сахилгын давтан зөрчил гаргасан тул ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг үндэслэн түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Гүйцэтгэх захирал нь 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсэгт заасны дагуу компанийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой асуудлыг шийдвэрлэх эрхийг боловсон хүчин, бүтэц зохион байгуулалт хариуцсан ерөнхий менежерт тушаалаар олгосон ба уг тушаалыг 2017 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөж эхэлсэн. Гүйцэтгэх захирал нь хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд хөдөлмөрийн харилцаатай холбоотой асуудлыг шийдвэрлэх эрх олгосон тушаал гаргасан ба компанийн боловсон хүчин, бүтэц зохион байгуулалт хариуцсан ерөнхий менежер нь энэ хүрээнд тушаалд гарын үсэг зурж, компанийн тамга, тэмдэг дарагдсан тул эрхгүй этгээд тушаал гаргасан гэх гомдол үндэслэлгүй. Ажил олгогч нь анх ажилд орж байгаа ажилтанд компанид мөрдөгдөж байгаа бүх дүрэм, журмыг танилцуулж, тухайн ажилтан танилцаж хүлээн зөвшөөрснөөр хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зурдаг. Б.Ю компанийн дүрэм, журамтай танилцсан. Хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйл ажилтны хүлээх үүрэг хэсгийн г-д ажилтан компанийн бодлого, журам, стандарт болон холбогдох бусад баримт бичгүүдтэй өөрөө танилцах үүрэгтэй талаар тодорхой заасан. Ажил олгогчийн зүгээс компанид мөрдөгдөж байгаа дүрэм, журмыг ажилтан бүрд нээлттэй портал веб хуудсанд байршуулж, уурхайн талбарт уг портал руу шууд нэвтрэх компьютерыг уурхайн хойд хаалганы оффис, (Ил) уурхайн үйл ажиллагааны оффис зэрэг нийт 14 байршилд байрлуулсан. Мөн олон нийтийн газар, хоолны заал, автобусны буудлын мэдээллийн самбар дээр, ажилчдын амрах байрны өрөөнүүдэд кемпд хориглосон үйлдлүүдийг (зөрчлүүдийг) плакат хэлбэрээр нааж, зөрчлийг үзсэн, харсан, зөрчил гаргасан тохиолдолд мэдээлэх утасны дугаарыг хамт бичсэн байдаг. Түүнчлэн бусдын толгой, биед зохисгүй байдлаар хүрэх, алгадах, бусдыг заналхийлэх нь цоо шинээр бий болсон зөрчил биш. Анх уурхайн талбар бий болж, дагаж мөрдөх журмыг тодорхойлоход уг зохисгүй үйлдлийг бүх ажилчдад хориглож ирсэн. Нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгч талын гомдлыг хангахгүй орхив. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

2. Нэхэмжлэгч Б.Ю хариуцагч О ХХК-д холбогдуулан тус компанийн гүйцэтгэх захирлын 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/00 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, уул уурхайн ажиллагааны хэлтсийн хөдөлгөөнт хүнд машин механизмын операторын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулан нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлүүлж, баталгаажуулалт хийхийг даалгахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын шүүх хуралдаанаар мэтгэлцсэн үйл баримт, зохигчдын тайлбар зэргээс үзэхэд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

3.а. О ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн тушаалаар Б.Ю нь сахилгын шийтгэлийн хүчинтэй хугацаанд 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр бусадтай харилцахдаа түрэмгий зан авир гаргасан, сүрдүүлж заналхийлсэн, зохисгүй байдлаар бусдын биед хүрсэн хөдөлмөрийн сахилгын давтан зөрчлийг гаргасан гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна. Ажил олгогчийн дээрх тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 43 дугаар зүйлийн 43.1, Эрүүл мэнд, Нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 000 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт Ээлжийн амралт олгох зааврын 15 дугаар зүйлийн 15 /б/, хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн б, в болон 10 дугаар зүйлийн 10.4.1.2, кэмпийн дотоод журам, ёс зүйн дүрмийн 9.1.1, 9.1.2, 9.1.3, 10.2.3, 12.4.1, 12.4.1.1 дэх заалтуудад үндэслэгджээ. /хх89/

4. О ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн АА0000 дугаар тушаалаар Б.Ю г 2019 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн шөнийн ээлжид ажил үүрэг гүйцэтгэхдээ LV234 машины хойд хаалгыг зөөврийн гэрлээр цохиж гэмтээсэн, уг зөрчлийг шууд удирдлагадаа мэдэгдээгүй, нуун дарагдуулсан гэх үндэслэлээр сануулах хөдөлмөрийн сахилгын шийтгэл, 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн гүйцэтгэх захирлын А000 дугаар тушаалаар 2020 оны 01 дүгээр сарын 24-ний шөнийн ээлжид НТ55 өөрөө буулгагч автомашиныг ил уурхайн налуу зам дээр 42 км/ц хүртэл хурдтай жолоодож зөвшөөрөгдсөн хурдын дээд хэмжээ 30 км/ц-аас хэтрүүлсэн гэх үндэслэлээр өмнөх бичгээр өгсөн сануулах сахилгын шийтгэлийн хүчинтэй хугацаанд хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасан гэж эцсийн сануулах гэж тодорхойлсон хөдөлмөрийн сахилгын шийтгэл, 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б0000 дугаар тушаалаар 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн ээлжид НТ-39 өөрөө буулгагч автомашиныг жолоодон ажил үүргээ гүйцэтгэж, ил уурхайн замын хөдөлгөөнд оролцохдоо гар утас биедээ авч явсан, хэрэглэсэн сахилгын зөрчил гаргасан гэх үндэслэлээр эцсийн сануулах гэх тодорхойлсон хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг тус тус ногдуулсан байна. Ажилтан дээрх тушаалуудад гомдол гаргаагүй болно. /хх79-81, 83/

5. Ажил олгогч ажилтныг хөдөлмөрийн сахилгын шийтгэлийн хүчинтэй байх хугацаанд буюу 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэх үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаал нь хууль зүйн үндэслэлтэй байна.

5.а. Б.Ю 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр согтууруулах ундааны зүйлийг зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэн хэрэглэж компанийн ажилчдын кэмпид байрлах Б.О ийн өрөөнд орж түүнтэй маргалдан, өөрийг нь болон гэр бүлийнх нь гишүүнийг хэл амаар доромжлон, хэрүүл маргаан үүсгэж, сүрдүүлсэн, сандал авч шидсэн, хувцасны шүүгээ, хаалга өшиглөж, амралтын цагаар чимээ шуугиан гарган, бусдад саад учруулан, Б.О ийн биед халдах зэрэг зөрчил гаргасан болох нь амьсгал дахь спиртийн агууламж тогтоох сорил, ажилчдаас авсан аюулгүй байдлын талаарх тайлбар, компанийн хөдөлмөрийн харилцааны хэлтсийн хянан шалгах ажиллагаа явуулсан тайлан, ажил олгогчийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Б.Ю , Б.О , Т.О нартай хийсэн ярилцлагын тэмдэглэл, гэрчүүдийн мэдүүлэг зэргээр тогтоогдсон. Анхан шатны шүүхийн энэ талаар хийсэн дүгнэлт зөв болжээ. /хх84-88, 90-104, 125-126, 137-140/

5.б. Хөдөлмөрийн гэрээний 8.б, 8.в-д ажилтан нь компанийн хууль ёсны аливаа заавар, тушаал, шийдвэр, бодлого, журам, дүрмийг баримтлан ажиллах, дагаж мөрдөх, компанийн дотоод бодлого, журмуудад заасан ажилтны ёс зүй болон мэргэжлийн зан төлөвийн талаарх стандартыг хангах ажиллах үүрэгтэй гэж, 10.4.1.2-т хэрэв ажилтан сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан эсхүл энэхүү гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд гэрээг цуцлах талаар ажилтанд урьдчилан мэдэгдэхгүй бөгөөд гэрээг шууд цуцална гэж тохиролцсон. /хх49-54/

О ХХК-ийн ХН-Ж7.1:Кэмпийн дотоод журам, ёс зүйн дүрмийн 9.1.1-9.1.3-т ёс зүйн зохистой хэм хэмжээнд Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, компанийн эрхэм зорилго, алсын хараа, үнэт зүйлс, бидний ажлын арга барил болон компанийн бусад бодлого, дүрэм, журам, стандартад нийцүүлэн биеэ авч явах, 9.1.2-т бусад хүмүүстэй эелдэг, боловсон харилцах, 9.1.3-т бусдын хувийн орон зай, хувийн нууц, амгалан тайван орчинд амрах эрхийг хүндэтгэн хангах зарчмууд багтана. 10.2.3-т компанийн ажилтан нь бусадтай харилцахдаа айлган сүрдүүлэх, түрэмгий зан авир гаргах, заналхийлсэн шинж чанар бүхий үг хэллэг ашиглах, үйл хөдлөл үзүүлэх, зохисгүй байдлаар бусдын биед хүрэх зөрчлийг гаргасан тохиолдолд тухайн зөрчлийн шинж чанараас хамааруулан компанийн ажилтанд ажлаас халах хүртэл сахилгын шийтгэл ногдуулж болно, 12.4.1.1-д ажилтнуудын унтаж амардаг газруудад чимээ шуугиан гаргахгүй байх тухай заасан байна. /хх35-45/

5.в. Ажилтны гаргасан дээрх зөрчил нь байгууллагын кэмпийн дотоод журам, ёс зүйн дүрмийн 9.1.1-9.1.3, 10.2.3, 12.4.1.1 дэх хэсэг болон түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний холбогдох заалтыг зөрчсөн болох нь тогтоогдсон тул ажил олгогчийн тушаал Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасантай нийцсэн байна.

6. О ХХК-ийн дотоод журам, кэмпийн дотоод журам болон ёс зүйн дүрмийг хүлээн зөвшөөрсөн тухай баримтад Б.Ю 2011 оны 05 дугаар сарын 23-ны өдөр гарын үсэг зурсан байх ба тус компанийн гүйцэтгэх захирлын 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн тушаалаар ХН-Ж7.1: уурхайн талбар, кемпийн журмын холбогдох заалтуудад өөрчлөлт оруулж, уг тушаалыг 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр шийдвэрлэжээ. Хэдийгээр дээрх журамд оруулсан өөрчлөлтийн талаар нэхэмжлэгчид танилцуулсан баримт хэрэгт авагдаагүй боловч энэ нь нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийг зөвтгөх үндэслэл болохгүй. Б.Ю тус компанид 2011 оноос хойш ажиллаж байсан, мөн ажилтан өөрөө холбогдох дүрэм, журамтай танилцах үүрэгтэй, компанид 10,000 гаруй ажилчид ажилладаг бөгөөд компанийн дүрэм журамд орсон өөрчлөлтийг удирдлагууд болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр ажилчдад байнга мэдэгддэг, и-мэйлээр явуулдаг байсан, дотоод сүлжээгээр явуулна, постер хэлбэрээр хэвлэж олон нийтийн газар байршуулдаг байсан гэх хариуцагч байгууллагын тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгээгүй болно. /хх75-76, 177, 179/

Иймд анхан шатны шүүхийн нэхэмжлэгч нь кэмпийн дотоод журам болон ёс зүйн дүрэмтэй анх ажилд орохдоо танилцсан, уг дүрэм, журам түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлт зэргийг мэдэх боломжтой, дотоодод дагаж мөрдөх ёстой хэм хэмжээ байсан гэж үзнэ гэх дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.

7. Б.Ю тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалд компанийн гүйцэтгэх захирал бус боловсон хүчин, бүтэц зохион байгуулалт хариуцсан ерөнхий менежер гарын үсэг зурж, компанийн тамга дарж баталгаажуулсан байна.

7.а. О ХХК-ийн гүйцэтгэх захирал А Т ын 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 00/00/00 дугаартай хөдөлмөрийн харилцаатай холбоотой асуудлыг шийдвэрлэх эрх олгох тухай тушаалаар ерөнхий менежерээс доогуур албан тушаалын зэрэглэл бүхий ажилтан сонгон шалгаруулж ажилд авах, түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах, ажилтан албан тушаал дэвшүүлэх, өөр ажил албан тушаалд түр хугацаагаар шилжүүлэх, ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах, эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх, хөдөлмөрийн гэрээг цуцлах, дуусгавар болгох, түүнтэй холбоотой мэдэгдэл өгөх ... асуудлаар шийдвэр гаргах, холбогдох тушаал болон бусад баримт бичигт гүйцэтгэх захирлын нэрийн өмнөөс гарын үсэг зурах бүрэн эрхийг тус компанийн боловсон хүчин, бүтэц зохион байгуулалт хариуцсан ерөнхий менежерт олгожээ. /хх77/

Дээрх тушаалаар гүйцэтгэх захирал нь Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсэгт заасан компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах ажил үүргийг хэрэгжүүлэх эрхийг боловсон хүчин, бүтэц зохион байгуулалт хариуцсан ерөнхий менежерт олгосон байх тул үүнийг Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.5 дахь хэсэгт заасан итгэмжлэл гэж үзэхгүй. Иймд Б.Ю тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалыг эрхгүй этгээд гаргасан гэх гомдол үндэслэлгүй болно.

8. Түүнчлэн нэхэмжлэгчийг хөдөлмөрийн гэрээнд заасан хуваарийн дагуу ажиллуулаагүй, хууль бусаар ажиллуулж байсан, хөдөлмөрийн гэрээнд заасан ажил амралтын хуваарийг зөрчсөн, ковид цар тахлын үед ажлаас чөлөөлсөн нь Коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх, нийгэм, эдийн засгийн үзүүлэлтэд нөлөөлөх, бууруулах тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.5-ийг зөрчсөн гэх үндэслэл нь ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн гэрээг цуцалсан энэхүү маргаанд хамааралгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2022/01859 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

А.МӨНХЗУЛ