Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 774

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                                                                                                   

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Чингэлтэй  дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, улсын яллагч Э.Бадрал, шүүгдэгч О.Ш, Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Отгоны Шижирбаатар, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бүрэг овогт Батжаргалын Баянжаргал нарт холбогдох эрүүгийн “1811012760946” дугаартай, 186/2018/0745/э индекстэй хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 01-ний  өдөр хүлээн авч, 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

   Монгол улсын иргэн, 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Төв аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Би Би Эс Эйч ХХК-д жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, хадам ээж, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 20-1237-А тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, Б овогт О.Ш /РД:…............../,

Монгол улсын иргэн, 1995 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгын засал чимэглэл хийдэг ажилтай, ам бүл 4, ээж, ах дүүгийн хамтаар Чингэлтэй дүүрэг, 9 дүгээр хороо, Дэнжийн 1-3 тоотод түр оршин бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, Б овогт  Б.Б  /РД:….............../,

Холбогдсон хэргийн талаар

О.Ш нь 2018 оны 04 дүгээр сарын 23-ний өдрөөс 24-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Баянбүрд" төвийн орчим өөрийн найз О.Ганчулууны эхнэр Ц.Дуламсүрэнг өмөөрч Б.Баянжаргалтай зодолдож улмаар түүний биед  зүүн талын дух яснаас баруун тийш духны хөндийн гадна, дотор ялтас дайрсан, доошоо зүүн духны хөндийн гадна, дотно ялтас дайран босоо тэнхлэгээр хамар ясны үзүүр хүртэл үргэлжилсэн шугаман хугарал, баруун зүүн духны хөндий, элхэг, баруун хоншоорын хөндийд цус хуралт, духанд шарх бүхий эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан,

Б.Б нь 2018 оны 04 дүгээр сарын 23-ний өдрөөс 24-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Баянбүрд" төвийн орчим өөрийн найз Б.Марал-Одыг өмөөрч О.Ш, Т.Дугар нартай маргалдан улмаар зодолдож О.Шын биед зүүн нүдний дээд  зовхины зөөлөн эдийн няцрал, дээд, доод зовхинд цус хуралт, нүдниы гадна булан, хацрын төвгөрт зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

 Т.Дугарын биед баруун сарвууны 4, 5 дугаар хурууны шивнүүр ясны  битүү хугарал, баруун нүдний дээд, доод зовхи, хацрын дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал,цус хуралт, баруун хөмсөгт шарх, дух, баруун хөмсөг, хацар, хамар дээд уруул, зүүн шанаа, хоёр гарын тохойнд зулгаралт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

         ТОДОРХОЙЛОХ нь:

 1.1. Шүүгдэгч, хохирогч О.Ш нь хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхэд мэдүүлэхдээ:...мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

1.2.Шүүгдэгч, хохирогч Б.Б нь хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхэд мэдүүлэхдээ:..мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

 Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

2.1. Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Б.Баянжаргалын:...Марал-Одын явсан зүгрүү би харсан чинь нэг эрэгтэй нь Марал-Одын нүүрлүү цохьчихоор нь би "та нар яагаад байгаа юм бэ" гэсэн чинь миний хажууд зогсож байсан савхин куртик өмссөн эрэгтэй миний нүүр хэсэгт хэд хэдэн удаа алгадсан. Тэгээд би газар уначихсан бөгөөд босоод ирсэн чинь Марал-Одыг ТҮЦ-ний хажууд 1 эрэгтэй зодож байсан. Энэ үед гадаа байсан танихгүй 3 эрэгтэй хүрч ирээд "танай найзыг чинь зодоод байна шүү дээ" гэхээр нь би ТҮЦ-ний тиишээ очоод Марал-Одыг салгасан. Гэтэл намайг зодоод эхэлсэн бөгөөд нэг хүн араас боогоод би газар уначихаад босоод ирсэн чинь толгойруу нэг хүчтэй зүйлээр цохисон. Тэгээд би ухаан алдаж унасан бөгөөд нэг сэрэхэд түргэн ирсэн байсан.." гэх мэдүүлэг/хх 15-16/,

   2.2. Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч О.Ш:...Баянжаргал Дуламсүрэнд хандаж "4 эр дагасан янхан" гэж хэлэхээр нь би чи одоо эмэгтэй хүнтэй ингэж харьцдаг юм уу гээд ойртож очтол намайг газар хавсарч унагасан, тэгээд босоод ирэхэд нүүрэнд гараараа нэг цохьсон тэгээд барьцалдаж аваад зодолдсон гэх мэдүүлэг /хх 87-88/,

2.3. Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Т.Дугарын:...Баянжаргал нь Дуламсүрэнг янхан гэж доромжилсон юм шиг байна лээ бас Шижибаатарыг цохисон юм шиг байна лээ тэгээд муудалцаж байхад нь би салгах гээд очтол Баянжаргал баруун гараараа нэг удаа нүүрэнд цохисон, тэгэхэд би газар цементэн шалан дээр унахдаа гараараа тулаад уначихсан тэндээ нэг хэсэг манарч суусан гэх мэдүүлэг. /хх 92-93/,

   2.4. Мөрдөн шалгах ажиллагааны үед О.Шын:...тэгтэл намайг хавсарч унагаасан, намайг босоод ирэхэд нүүрэнд гараараа нэг удаа цохисон тэгэхээр нь уур хүрээд барьцалдаж аваад зодолдож байгаад би Ганчулууны өгсөн тоосгыг аваад шууд Баянжаргалруу шидсэн тэгтэл түүний нүүрэнд нь ончихсон. Тэгээд түүнийг газар уначихсан байхад нүүрэнд нь 1 өшиглөсөн. Тэгтэл толгойноос нь цус гарахаар нь бид нар айгаад таксинд суугаад харьсан..." гэх мэдүүлэг.          /хх  87-88/,

 

   2.5. Мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч Ж.Нямзагдын:...ТҮЦ-ны хажууд байх үед О.Ганчулуун газраас явган хүний замын хавтан аваад Баянжаргал руу нэг удаа шидсэн боловч оноогүй. Тэгээд зууралдаж явсаар "ТЭС" шатахуун түгээгүүрийн хажууд цувралдаад ирцгээсэн. Энэ үед О.Ганчулуун чулуу тоосго хайж байгаад бүр хоёр тоосго олоод ирчихсэн "май үүгээр шаа" гээд О.Шт өгсөн, О.Ш Б.Баянжаргалаас 2-3 метрийн зайтай зогсож байсан ба шууд эгц өөдөөс нь чулуугаа шидээд Б.Баянжаргалын нүүр духанд оносон гэх мэдүүлэг. /хх 95-96/,

 

 2.6. Мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч М.Билгүүндалайгийн:.О.Ганчулуун эхэлж газраас чулуу аваад Б.Бруу шидээд оноогүй. Тэгээд дараа нь ахин 2 тоосго олж ирээд О.Шт өгөөд "май үүгээр шаа" гээд өгсөн. Шижирбаатар Баянжаргалын яг өөдөөс нөгөө тоосгыг шидтэл түүний дух нүүрэнд оносон ба шууд газар унаад өгсөн. Энэ үед Шижирбаатар явж очоод Баянжаргалын нүүрлүү нэг өшиглөсөн гэх мэдүүлэг.  /хх 97-98/,

 

          2.7. Мөрдөн шалгах ажиллагааны гэрч Б.Туулайхүүгийн:...О.Ганчулуун газраас чулуу аваад Баянжаргал руу шидсэн боловч оноогүй. Тэгтэл дахин тоосго хоёрыг олж ирээд Шижирбаатарт өгсөн. Тэгтэл шууд нэгийг нь аваад Баянжаргалруу шидсэн тэгсэн түүний нүүрэнд оноод тэрээр газар унахад явж очоод нүүрлүү нь нэг удаа өшиглөсөн. Энэ үед Баянжаргалын духнаас цус гарсан тэгээд тэр хүмүүс айснуу яасан зугтааж байсан гэх мэдүүлэг. /хх 99-100/,

2.8. Шүүхийн шинжилгээний  үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №5368 тоот актын: 

1. Б.Баянжаргалын биед зүүн талын дух яснаас баруун  тийш духны хөндийн гадна дотор ялтас дайрсан, доошоо зүүн духны хөндийн гадна, дотно ялтас, дайран босоо тэнхэглэгээр хамар ясны үзүүр хүртэл үргэжилсэн шугаман хугарал, баруун зүүн духны хөндий, элхэг, баруун хоншоорын хөндийд цус хуралт, духанд шарх гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт  хамаарна.

4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээнээс хамааран. Шинжээч эмч М.Золжаргал гэсэн дүгнэлт. /хх-37/,

2.9. Шүүхийн шинжилгээний  үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №5422 тоот актын: 

 1.Т.Дугарын биед баруун сарвууны 4, 5-р хурууны шивнүүр ясны битүү хугарал, баруун нүдний дээд зовхи, хацрын дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун хөмсөгт шарх, дух, баруун хөмсөг, хацар, хамар, дээд уруул, зүүн шанаа, хоёр гарын тохойнд зулгаралт тогтоогдлоо.

2.4 Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.

3.Дээрх гэмтлүүдийг хэдэн хүний үйлдлээр үүссэн болохыг тогтоох боломжгүй.

5.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Ч.Эрдэмболор гэсэн  дүгнэлт. /хх-49/,

2.10. Шүүхийн шинжилгээний  үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №5419 тоот актын: 

1.О.Шын биед зүүн нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал, дээд, доод зовхинд цус хуралт, нүдний гадна булан хацрын төвгөрт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр 1-3 удаагийн үйлдлээр, хэрэг болсони гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

3.Дээрх гэмтэл нь хэдэн хүний үйлдлээр үүссэнийг тогтоох боломжгүй.

5.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Ч.Эрдэмболор гэсэн дүгнэлт. /хх-51/,

 

2.11. Шүүхийн шинжилгээний  үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №3854 тоот актын: 

 

1.Шинжилгээнд ирүүлсэн дүрс бичлэгүүд нь ердийн компьютер, дүрс бичлэг тоглуулагч төхөөрөмжинд хөврүүлэн тоглуулах боломжтой. Эдгээр дүрс бичлэгүүдийн форматыг “аvi”  төрөл болгон хөрвүүлж DVD дискэнд хуулбарлан хүргүүлэв. Шинжээч Д.Мөнхбаатар  гэсэн  дүгнэлт. /хх119-121/,

 

2.12. Шүүхийн шинжилгээний  үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №4033 тоот актын: 

1. Шинжилгээнд ирүүлсэн дүрс бичлэг нь шинжилгээнд тэнцэнэ.

2.Шинжилгээнд ирүүлсэн дүрс бичлэгийн цагаар 02:25:49 секундэд дүрслэгдэх хүн нь үйл хөдлөлийн шинжээрээ эрэгтэй, урдаа цахилгаан товчтой саарал  ханцуйтай хар өнгийн хүрэм, бараан өнгийн өмд, хажуу талдаа цагаан өнгийн 3 эгнээ канттай /Adidas брэндийн байж болох/ пүүзтэй хүний дүрс тодорч байна.

Шинжилгээнд ирүүлсэн дүрс бичлэгт дүрслэгдэх цагаан өнгийн автомашин нь оврын гэрэл, ерөнхий хэлбэр зэрэг шинжүүдээрээ 2003-2009 онуудад үйлдвэрлэгдсэн “Т.Приус-20”  маркийн автомашин байна. Уг автомашин улсын дугаарын хэсгийг тодруулах хяналтын дүрс бичлэгийн камерийн дэлгэцэн доогуур  хэт хурдтай явж, цаана очиж зогсохдоо хяналтын дүрс бичлэгийн камераас хол зогссон байх тул улсын дугаар тодрох боломжгүй байна. Шинжээч, цагдаагийн ахмад Г.Учрал гэсэн дүгнэлт. /хх 123-124/,

 

Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

3.1. Хавтас хэргээс улсын яллагч шүүгдэгчийн гэм бурууг нотлох байр суурьтай оролцож, хавтаст хэргийн 13, 15 дугаар хуудас хохирогч Б.Бэхбатын мэдүүлэг, 18 дугаар хуудас хохирогч Ц.Ганзоригийн мэдүүлэг, 21 дүгээр хуудас гэрч З.Бямбасүрэнгийн мэдүүлэг, 23 дугаар хуудас №10528 дугаартай шинжээчийн дүгнэлт, №10541 дугаартай шинжээчийн дүгнэлт, 35 дугаар хуудас яллагдагч Б.Бэхбатын мэдүүлэг, 33 дугаар хуудас яллагдагч Ж.Ганзоригийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалъя гэв. 

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

Шүүгдэгч О.Ш нь 2018 оны 04 дүгээр сарын 23-ний өдрөөс 24-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Баянбүрд" төвийн орчим өөрийн найз О.Ганчулууны эхнэр Ц.Дуламсүрэнг өмөөрч Б.Баянжаргалтай зодолдож улмаар түүний биед  зүүн талын дух яснаас баруун тийш духны хөндийн гадна, дотор ялтас дайрсан, доошоо зүүн духны хөндийн гадна, дотно ялтас дайран босоо тэнхлэгээр хамар ясны үзүүр хүртэл үргэлжилсэн шугаман хугарал, баруун зүүн духны хөндий, элхэг, баруун хоншоорын хөндийд цус хуралт, духанд шарх бүхий эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Б.Бнь 2018 оны 04 дүгээр сарын 23-ний өдрөөс 24-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Баянбүрд" төвийн орчим өөрийн найз Б.Марал-Одыг өмөөрч О.Ш, Т.Дугар нартай маргалдан улмаар зодолдож О.Шын биед зүүн нүдний дээд  зовхины зөөлөн эдийн няцрал, дээд, доод зовхинд цус хуралт, нүдниы гадна булан, хацрын төвгөрт зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

 Т.Дугарын биед баруун сарвууны 4, 5 дугаар хурууны шивнүүр ясны  битүү хугарал, баруун нүдний дээд, доод зовхи, хацрын дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал,цус хуралт, баруун хөмсөгт шарх, дух, баруун хөмсөг, хацар, хамар дээд уруул, зүүн шанаа, хоёр гарын тохойнд зулгаралт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б.Баянжаргалын:...гэтэл намайг зодоод эхэлсэн бөгөөд нэг хүн араас боогоод би газар уначихаад босоод ирсэн чинь толгойруу нэг хүчтэй зүйлээр цохисон. Тэгээд би ухаан алдаж унасан бөгөөд нэг сэрэхэд түргэн ирсэн байсан.." гэх мэдүүлэг/хх 15-16/, хохирогч О.Шын:...Баянжаргал Дуламсүрэнд хандаж "4 эр дагасан янхан" гэж хэлэхээр нь би чи одоо эмэгтэй хүнтэй ингэж харьцдаг юм уу гээд ойртож очтол намайг газар хавсарч унагасан, тэгээд босоод ирэхэд нүүрэнд гараараа нэг цохьсон тэгээд барьцалдаж аваад зодолдсон гэх мэдүүлэг /хх 87-88/, хохирогч Т.Дугарын:...Баянжаргал нь Дуламсүрэнг янхан гэж доромжилсон юм шиг байна лээ бас Шижибаатарыг цохисон юм шиг байна лээ тэгээд муудалцаж байхад нь би салгах гээд очтол Баянжаргал баруун гараараа нэг удаа нүүрэнд цохисон, тэгэхэд би газар цементэн шалан дээр унахдаа гараараа тулаад уначихсан тэндээ нэг хэсэг манарч суусан гэх мэдүүлэг. /хх 92-93/, гэрч Ж.Нямзагдын:...ТҮЦ-ны хажууд байх үед О.Ганчулуун газраас явган хүний замын хавтан аваад Баянжаргал руу нэг удаа шидсэн боловч оноогүй. Тэгээд зууралдаж явсаар "ТЭС" шатахуун түгээгүүрийн хажууд цувралдаад ирцгээсэн. Энэ үед О.Ганчулуун чулуу тоосго хайж байгаад бүр хоёр тоосго олоод ирчихсэн "май үүгээр шаа" гээд О.Шт өгсөн, О.Ш Б.Баянжаргалаас 2-3 метрийн зайтай зогсож байсан ба шууд эгц өөдөөс нь чулуугаа шидээд Б.Баянжаргалын нүүр духанд оносон гэх мэдүүлэг. /хх 95-96/, гэрч М.Билгүүндалайгийн:...О.Ганчулуун эхэлж газраас чулуу аваад Б.Бруу шидээд оноогүй. Тэгээд дараа нь ахин 2 тоосго олж ирээд О.Шт өгөөд "май үүгээр шаа" гээд өгсөн. Шижирбаатар Баянжаргалын яг өөдөөс нөгөө тоосгыг шидтэл түүний дух нүүрэнд оносон ба шууд газар унаад өгсөн. Энэ үед Шижирбаатар явж очоод Баянжаргалын нүүрлүү нэг өшиглөсөн гэх мэдүүлэг.  /хх 97-98/, гэрч Б.Туулайхүүгийн:...О.Ганчулуун газраас чулуу аваад Баянжаргал руу шидсэн боловч оноогүй. Тэгтэл дахин тоосго хоёрыг олж ирээд Шижирбаатарт өгсөн. Тэгтэл шууд нэгийг нь аваад Баянжаргалруу шидсэн тэгсэн түүний нүүрэнд оноод тэрээр газар унахад явж очоод нүүрлүү нь нэг удаа өшиглөсөн. Энэ үед Баянжаргалын духнаас цус гарсан тэгээд тэр хүмүүс айснуу яасан зугтааж байсан гэх мэдүүлэг. /хх 99-100/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 5422, 5368,5419 дугаартай  дүгнэлтүүд болон хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн  бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй  болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгч нарын үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Боржигон овогт Отгоны Шижирбаатар, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бүрэг овогт Батжаргалын Баянжаргалд нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч О.Шыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, шүүгдэгч  Б.Баянжаргалыг  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч, О.Ширжирбаатар, Б.Баянжаргал, Т.Дугар нар нь эвлэрсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад  бичгээр хүсэлт гаргаж өгсөн байх тул шүүгдэгч нарыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг  арилгасан байна гэж  шүүх үзлээ.

 

Шүүх шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Боржигон овогт Отгоны Шижирбаатарыг 10.000 нэгж буюу 10.000.000 төгрөг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Бүрэг овогт Батжаргалын Баянжаргалыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр  тус тус торгох улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн  хариуцлага, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож шүүгдэгч нарын  гарын үсэг  зурсан  прокурорын дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзэж,  торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

 

Шүүхээс шүүгдэгч О.Ш, Б.Б нарыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Шүүх шүүгдэгч, хохирогч нарын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн шүүгчдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан шүүгдэгч О.Ш-ын торгох ялыг 3 жилийн хугацаанд, шүүгдэгч Б.Баянжаргалын торгох ялыг 5 сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлүүлэх, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус  дурьдаж  шийдвэрлэв.

 

Монгол Улсын  Шүүхийн  тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээрзүйлийн 5, 17.5 дугаарзүйлийн 5, 8,9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

         ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт О.Ш-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан,

-  Шүүгдэгч Б овогт Б.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б овогт О.Ш-ыг 10.000 нэгж буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар,

 

-   Шүүгдэгч Б овогт Б.Б-ыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч О.Шт оногдуулсан торгох ялыг 3 жилийн, шүүгдэгч Б.Б-д оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч О.Ш, Б.Б нар нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

 

5. Шүүгдэгч О.Ш, Б.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан өнгийн 2 ширхэг СД-ийг хэргийн хугацаа дуусах хүртэл хугацаагаар хадгалсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол  хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                         С.БАТЖАРГАЛ