Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 779

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                                                                                                   

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                 

Чингэлтэй  дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, улсын яллагч М.Очбадрах, шүүгдэгч Б.Б, Ж.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Б.Б, Б овогт Ж.Г нарт холбогдох эрүүгийн “1811024510916” дугаартай, 186/2018/0753/э индекстэй хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн,1981 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, операторч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг,  ам бүл 4, эх, эхнэр хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, ХМК 4-33 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд 1 удаа ял шийтгэлтэй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Б.Б /РД:..................../, 

Монгол Улсын иргэн, 1995 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эх, эхнэр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүрэг, 7 дугаар хороо, Хувьсгалчдын Б 12-358 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Ж.Г /РД:................../,

Холбогдсон хэргийн талаар;

Б.Б, Ж.Г нар нь 2018 оны 08 дугаар сарын 27-ны шөнө Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Б-12 дугаар гудамжинд тасксины мөнгөнөөс болж маргалдаж харилцан зодолдох явцдаа Б.Б нь Ж.Ганзоригийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

Ж.Гнь Б.Бын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

 1.1. Шүүгдэгч Б.Б нь хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхэд мэдүүлэхдээ:...мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

 

1.2. Шүүгдэгч Ж.Г нь хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхэд мэдүүлэхдээ:...мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

 

 Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

2.1. Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Б.Бын:..2018 оны 08 дугаар сарын 26-ны орой би өөрийн 92-17 УНЗ улсын дугаартай верна маркийн машинтайгаа таксинд явж байсан ба 26-наас 27-ны шөнө 02 цагийн орчим хорооллын 1000 нэрийн барааны дэлгүүрийн урд талаас 2 залуу гар өргөн суугаад зурагтын хуучин эцэс хүргүүлэхээр явж байх замдаа согтуурахаад хөгшөөн манай гэр хүртэл 3500 төгрөг л гардаг юм гэх зэргээр өдөөд яваад байсан..урд сууж байсан өндөр залуу нь би Дэнжийн 1000-гийн Ганаа байна асуугаарай чи гээд томроод миний мөрлүү өшиглөөд ахиад өшиглөх гээд байхаар нь би машинаа унтраагаад буусан...намайг боогоод нүүр толгой хэсэгрүү гараараа цохиод байсан 4, 5 удаа цохисон...миний биед учирсан гэмтлийг бол Ганзориг нь зодож учруулсан....Бямбасүрэн нь Ганзориг бид хоёр ноцолдоод унах үед дундуур орж ирээд салгаж байсан гэх мэдүүлэг. /хх 13-15/,

2.2. Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Ж.Ганзоригийн:...Бэхбаттай маргалдаад машинаас буугаад машиных нь урд талд барилцаж аваад нэгнийгээ заамдахад намайг цохисон ба бид хоёр ноцолдоод газар унасан би доод талд нь ороод унасан ба миний хоолойг боохоор нь би цамцнаас нь зулгаагаад мөн хоолойг нь боосон тэр үед Бямбасүрэн машины хойд талаас бууж ирээд Бэхбатыг хойноос нь татаад бид хоёрыг салгаж хоёр тийш нь болгосон....би шинжээчийн дүгнэлтүүдтэй танилцлаа. Шинжээчийн дүгнэлтүүдтэй холбоотой ямар нэгэн санал гомдол байхгүй....тэр нь газар унахад болон харилцан нэгнийгээ боож, ноцолдох үед тухайн гэмтлүүд учирсан байх. Бямбасүрэн бол огт гар хүрээгүй, бид хоёрыг салгаад хоёр тийш нь л болгосон гэх мэдүүлэг. /хх-18/,

2.3. Мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч З.Бямбасүрэнгийн:..Ганзориг бид хоёр гэрлүү нь явахаар такси бариад гэрийнх нь гадаа очоод жолооч залуу 2500 төгрөг гэж хэлсэн ба Ганаа мөнгөө өгөөрэй гээд хэлээд буутал тэр хоёр машин дотроо маргаад байх шиг байснаа бууж ирээд хоёулаа барилцаж аваад машиныхаа урд талд очоод Ганзоригийг цохиод газар унагаачихаад хоолойг нь боосон. Би очоод жолоочийг хойш нь татах гэтэл Ганзориг цамцных нь зах болон юүдэнгээр нь ороогоод боочихсон байсан ба жолооч ах орилохоор нь хойш нь татаж байгаад Ганзоригийн гарыг салгасэн. Тэгэхэд жолооч ах хойшоо газарт унаад ухаан алдчихсан байхаар нь би таттал сэргэхээр нь яваад өгсөн юм гэх мэдүүлэг. /хх-н 21/,

2.4. Шүүхийн шинжилгээний  үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №10528 тоот актын: 

1.Ж.Ганзоригийн биед зүүн нүдний гадна булан, доод зовхи, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Ш.Цэцэгмаа гэсэн дүгнэлт. /хх-23/,

2.5. Шүүхийн шинжилгээний  үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №10541 тоот актын: 

1.Б.Бын биед дагзанд зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3.Дагзны зөөлөн эдийн няцрал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Ш.Цэцэгмаа гэсэн дүгнэлт. /хх-25/,

 

Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

3.1. Хавтас хэргээс улсын яллагч шүүгдэгчийн гэм бурууг нотлох байр суурьтай оролцож, хавтаст хэргийн 13, 15 дугаар хуудас хохирогч Б.Бын мэдүүлэг, 18 дугаар хуудас хохирогч Ц.Ганзоригийн мэдүүлэг, 21 дүгээр хуудас гэрч З.Бямбасүрэнгийн мэдүүлэг, 23 дугаар хуудас №10528 дугаартай шинжээчийн дүгнэлт, №10541 дугаартай шинжээчийн дүгнэлт, 35 дугаар хуудас яллагдагч Б.Бын мэдүүлэг, 33 дугаар хуудас яллагдагч Ж.Ганзоригийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалъя гэв. 

 

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

 

Шүүгдэгч  Б.Б, Ж.Г нар нь 2018 оны 08 дугаар сарын 27-ны шөнө Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Б-12 дугаар гудамжинд тасксины мөнгөнөөс болж маргалдаж харилцан зодолдох явцдаа Б.Б нь Ж.Ганзоригийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

Ж.Г нь Б.Бын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт  хэргийг тус тус  үйлдсэн болох нь  хохирогч Б.Бын:..намайг боогоод нүүр толгой хэсэгрүү гараараа цохиод байсан 4, 5 удаа цохисон...миний биед учирсан гэмтлийг бол Ганзориг нь зодож учруулсан....Бямбасүрэн нь Ганзориг бид хоёр ноцолдоод унах үед дундуур орж ирээд салгаж байсан гэх мэдүүлэг. /хх 13-15/, хохирогч Ж.Ганзоригийн:...Бэхбаттай маргалдаад машинаас буугаад машиных нь урд талд барилцаж аваад нэгнийгээ заамдахад намайг цохисон ба бид хоёр ноцолдоод газар унасан би доод талд нь ороод унасан ба миний хоолойг боохоор нь би цамцнаас нь зулгаагаад мөн хоолойг нь боосон тэр үед Бямбасүрэн машины хойд талаас бууж ирээд Бэхбатыг хойноос нь татаад бид хоёрыг салгаж хоёр тийш нь болгосон....Бямбасүрэн бол огт гар хүрээгүй, бид хоёрыг салгаад хоёр тийш нь л болгосон гэх мэдүүлэг. /хх-18/, гэрч З.Бямбасүрэнгийн:..Ганзориг бид хоёр гэрлүү нь явахаар такси бариад гэрийнх нь гадаа очоод жолооч залуу 2500 төгрөг гэж хэлсэн ба Ганаа мөнгөө өгөөрэй гээд хэлээд буутал тэр хоёр машин дотроо маргаад байх шиг байснаа бууж ирээд хоёулаа барилцаж аваад машиныхаа урд талд очоод Ганзоригийг цохиод газар унагаачихаад хоолойг нь боосон. Би очоод жолоочийг хойш нь татах гэтэл Ганзориг цамцных нь зах болон юүдэнгээр нь ороогоод боочихсон байсан ба жолооч ах орилохоор нь хойш нь татаж байгаад Ганзоригийн гарыг салгасэн. Тэгэхэд жолооч ах хойшоо газарт унаад ухаан алдчихсан байхаар нь би таттал сэргэхээр нь яваад өгсөн юм гэх мэдүүлэг. /хх-н 21/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 10528, 10541 дугаартай дүгнэлтүүд болон хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн  бусад нотлох баримтуудаарнотлогдонтогтоогдожбайна.

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй  болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгч нарын үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Ж.Ганзориг, Б.Б нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч хохирогч Ж.Г, Б.Б нар нь эвлэрсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад  бичгээр хүсэлт гаргаж өгсөн байх тул шүүгдэгч нарыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг  арилгасан байна гэж  шүүх үзлээ.

 

Шүүх шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн  хариуцлага, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож шүүгдэгчийн гарын үсэг  зурсан  прокурорын дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзэж,  торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

 

Шүүхээс шүүгдэгч Ж.Г, Б.Б нарыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул тэдгээрийн хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн шүүгчдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, хэрэгт эд мөрийн  баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч хохирол нэхэмжлээгүй болохыг тус  тус дурьдаж  шийдвэрлэв.

 

Монгол Улсын  Шүүхийн  тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээрзүйлийн 5, 17.5 дугаарзүйлийн 5, 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

         ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Б.Б, Б овогт Ж.Г нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Б, Ж.Г нарыг тус бүр   450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.Б, Ж.Г нарт оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Б, Ж.Г нар нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

 

5. Шүүгдэгч Б.Б, Ж.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол  хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б, Ж.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                         С.БАТЖАРГАЛ