| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 168/2018/0303/э |
| Дугаар | 2018/ШЦТ/321 |
| Огноо | 2018-11-01 |
| Зүйл хэсэг | 11.5.1., |
| Улсын яллагч | С.Алтай |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 2018/ШЦТ/321
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн
Улсын яллагч С.Алтай
Хохирогч *******, түүний өмгөөлөгч М.Энхтуяа
Шүүгдэгч С.Т, түүний өмгөөлөгч В.Давааням нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хүнд овогт С.Т-д холбогдох 1821004360287 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ....... оны ....... дугаар сарын ........-ны өдөр Дорнод аймаг, Чойбалсан хотод төрсөн, ...... настай, эрэгтэй, дээд боловсролтой, худалдааны удирдлага мэргэжилтэй, .......... ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг,........ тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ........ овогт С.Т. /РД: .................../
Шүүгдэгч С.Т нь 2018 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэр 3 дугаар байрны подвалд байрлах “ буйдан” мужааны цехэд Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэг, 17 дугаар зүйлийн 17.1, 17.2.1 дэх хэсэгт заасан заалтыг зөрчиж иргэн ******* хөрөө рамд ажиллуулсны улмаас ******* нь зүүн гарын дунд хуруугаа тасалж, *******ийн бие махбодид хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч С.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Хохирогч ******* нь 2018 оны 05 дугаар сарын 19-ний өдөр ажилд ороод 3 дахь өдрөө үйлдвэрлэлийн осолд ороод гэмтэл авсан. Тухайн үед би ажил дээрээ байсан. Миний зүгээс аюулгүй ажиллагааны зааварчилгааг дутуу өгснөөс болж осол гарсан. Цаашид алдаа дутагдлаа залруулж ажиллаж байгаа. Учирсан хохирлыг төлж барагдуулахад татгалзах зүйл байхгүй...” гэв.
Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:” ...2018 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 09 цагт ажил дээрээ очоод өмнөх өдрийн ажлын хогийг цэвэрлэсэн. Тэгээд намайг “гутлын сав хийх 10 ширхэг банз зүс” гэхээр нь би зүссэн. Дахиад 10 банз зүсэх гээд байж байтал хөрөө арам гэнэт гацсан. ******* нь гаргах гэтэл миний гар гэнэт халуун оргиод явсан. Тэгээд хартал миний нэг хуруу арьсан дээрээ тогтсон байсан. Би тусламж дуудаж хашгирахад хүн орж ирэхгүй болохоор нь өөрөө яваад очсон. Тэгээд түргэн дуудсан...” гэв.
Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр би уг үйлдвэрт ажилд орсон юм. Ажилд авахдаа надтай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй ба амаараа 1 сарын 300000 төгрөгийн цалинтай ажиллуулна гэж тохирсон. 2018 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Т надад... “чи дахиад 10 банз зүсчих” гэж хэлсэн. Тэгээд би банзнуудаа зүсч байгаад хамгийн сүүлийн 10 дахь банзаа зүсэж байтал хөрөө рам гацсан ба зүсэж байсан банз нь нойтон байсан. Тэгээд би хөрөө рамын гацааг нь гаргах гээд банзыг араас нь түлхэж гацааг нь гаргаж байтал миний зүүн гар маань халуун оргиод байсан ба гараа хартал миний зүүн гарын 4 хуруу маань зүсэгдсэн байсан бөгөөд дунд хуруу маань арьсан дээрээ тогтоод унжиж байсан...” гэжээ. /хх-ийн 14-15 тал/
Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Хэрлэн сумын 9 дүгээр баг, 3 дугаар байшингийн 1 дүгээр орцны подвальд байрлах “” буйдангийн газарт будагч албан тушаал эрхэлдэг юм. 2018 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 13 цагийн орчим би ажил дээрээ үдийн цайгаа уучихаад буйдангийн даавуу буддаг өрөөнд Т, *******, ******* нарын хамтаар ажлаа хийж байсан. Тухайн үед би буйдангийн бүрээс будаад сууж байтал хойд талын мужааны өрөөн дотроос ******* муухай орилоод ороод ирсэн ба зүүн гарын дунд хуруу нь арьсан дээрээ тогтоод санжигначихсан байсан. *******гийн гарнаас нь их цус гарч байсан. Тэр үед ******* *******гийн гарыг нь боож өгсөн ба бид нар түргэн дуудсан юм. Их цус гарсан учраас миний дотор маань муухайраад би тэндээс яваад өгсөн. Ажил дээр Т, *******, ******* нар үлдсэн. Дараа нь би *******г эмнэлэг дээр эргэж очоод юу болсон талаар асуухад надад “Нойтон банз хөрөө рам дээр гацаад модыг нь түлхэж гаргах гэж байгаад хуруугаа зүсчихсан” гэж хэлсэн...” гэжээ. /хх-ийн 22-23 тал/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 488 тоот дүгнэлтэд
1. *******ийн биед зүүн гарын 3 дугаар хурууны 3 дугаар шивнүүрийн түвшиндэх тайрагдал, зүүн гарын 2, 4 дүгээр хурууны урагдсан шарх, зүүн гарын 2 дугаар хурууны шөрмөсний тасрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтлүүд нь хурц ир бүхий зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Дээрхи гэмтлүүд нь зүүн гарын 3 дугаар хурууны 3 дугаар шивнүүрийн түвшиндэх тайрагдал, зүүн гарын 2 дугаар хурууны шөрмөсний тасрал нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн Хүндэвтэр зэрэгт хамаарна, зүүн гарын 2, 4 дүгээр хурууны урагдсан шарх нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн Хөнгөн зэрэгт хамаарна. Дээрхи гэмтэл нь бүрдэл байдлаараа гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Зүүн гөрйн 3 дугаар хурууны 3 дугаар шивнүүрийн түвшиндэх тайрагдал нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 15% алдагдуулна, бусад гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна” гэжээ. /хх-ийн 33 тал/
Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2018 оны 08 дугаар сарын 22-ний өдрийн №12-06-033-003 дугаартай шинжээчийн дүгнэлтэд
Хариулт-1. “Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хууль”-ийн 3 дугаар зүйлийн 3.1.20-д /“Үйлдвэрийн осол” гэж хөдөлмөр эрхлэгч иргэн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг/ гэж заасан мөн Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газрын үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх орон тооны бус комисс нь Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолын дагуу дээрх ослыг 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр судлан бүртгэж үйлдвэрлэлийн ослын акт тогтоосон байна.
Хариулт-2. 1. “Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хууль”-ийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Ажил, хөдөлмөр эрхлэж байгаа иргэн, ажилтан болон ажил олгогч нь хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан журмын дагуу хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад хамрагдаж мэдлэг дадлагатай болсон байна”,
2. Мөн хуулийн 17.2.1-д “Шинээр ажилд орж байгаа иргэний сургалт”,
3. Мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Ажил олгогч нь ажилтныг түүний ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй” гэжээ. /хх-ийн 37-38 тал/
- Шинжээч эмч Ж.Жаргалангийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 28-29 тал/
- С.Т-н яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 50-52 тал/
- Амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хх-ийн 41-44 тал/
- Сэргээн засах эмчилгээний карт /хх-ийн 45 тал/
- Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 46-47 тал/
- Хохиролтой холбоотой баримтууд /хх-ийн 66-76 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Т-г хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг биелүүлээгүйн улмаас хүний бие махбодид хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэн Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүгдэгч С.Т нь 2018 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэр 3 дугаар байрны подвалд байрлах “ буйдан” мужааны цехэд Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэг, 17 дугаар зүйлийн 17.1, 17.2.1 дэх хэсэгт заасан заалтыг зөрчиж ******* хөрөө рамд ажиллуулсны улмаас хохирогч ******* нь зүүн гарын дунд хуруугаа тасалж, түүний бие махбодид хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэг, хохирогч *******, гэрч *******, шинжээч эмч Ж.Жаргалан нарын мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 488 тоот дүгнэлт, Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2018 оны 08 дугаар сарын 22-ний өдрийн №12-06-033-003 дугаартай шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч С.Т-г хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг биелүүлээгүйн улмаас хохирогч *******ийн бие махбодид “зүүн гарын 3 дугаар хурууны 3 дугаар шивнүүрийн түвшиндэх тайрагдал, зүүн гарын 2, 4 дүгээр хурууны урагдсан шарх, зүүн гарын 2 дугаар хурууны шөрмөсний тасрал” гэмтэл буюу хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан үйлдэл нь гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан байна гэж үзлээ.
Шүүгдэгч С.Т-д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч С.Т-г хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг биелүүлээгүйн улмаас хүний бие махбодид хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч С.Т-г хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг биелүүлээгүйн улмаас хүний бие махбодид хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч С.Т-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болно.
Шүүгдэгч С.Т-н үйлдлийн улмаас хохирогч *******ийн бие махбодид хүндэвтэр хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь хохирогчид эмчилгээний болон бусад зардалд 2500.000 төгрөгийг төлсөн ба 2862.500 төгрөгийн хохирлыг шүүхийн хэлэлцүүлэгт нөхөн төлөхөө илэрхийлсэн хүсэлт гаргасан байх тул шүүгдэгчээс 2862.500 /хоёр сая найман зуун жаран хоёр мянга таван зуу/ төгрөг гаргуулж, хохирогч *******д олгох үндэслэлтэй байна гэж үзлээ.
Мөн хохирогч ******* нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болно.
Иймд шүүгдэгч С.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн ....................... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1, 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С.Т-г хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг биелүүлээгүйн улмаас хүний бие махбодид хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Т-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Т-н хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Т-с бусдад учруулсан гэм хорын хохиролд 2862.500 /хоёр сая найман зуун жаран хоёр мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж, хохирогч Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Пионерийн 4-25 тоотод оршин суух, Шарайд овогт Зоригтын ******* /РД: ЖЯ95090414/-д олгосугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч С.Т-н .................... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
6. Хохирогч ******* нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ