Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 307/ШШ2026/01050

 

 

 

                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс 307/2025/00419/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ******* тоотод оршин суух, Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч ажилтай, ******* овогт ******* ******* /утас ********/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******** тоотод оршин суух ******* овогт ******* ******* /утас ********/,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *********тоотод оршин суух ******* овогт ******* ******* /утас ******/ нарт холбогдох

30,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч Б.Т,

Хариуцагч, хариуцагч Ж.А-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнгөншүр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэгч Б.Т нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

... нэхэмжлэгч, хариуцагч нар 2022 оны 03 сарын 23-ны өдөр "Эрх зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх №11 тоот гэрээ-г байгуулсан юм.

№11 тоот гэрээгээр М.З ХХК болон ҮТ" ХХК нарын хамтран ажиллагааны үр дүнд Дархан-Уул аймгийн Дархан сумын 10-р багийн нутаг дэвсгэрт үйлчилгээний төв бүхий 30 айлын нийт 3557 м.кв талбай бүхий супер орон сууцны барилга барьж ашиглалтад оруулснаас нэхэмжлэгч М.З ХХК, түүний захирал Г.От ногдох ашиг гаргуулахтай холбоотой Арбитрын маргаан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж өмгөөлөгч, төлөөлөгчөөр оролцох үүрэг хүлээсэн.

Нэхэмжлэгчийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн буюу хариуцагч М.З ХХК, түүний захирал Г.От болон "ҮТ ХХК, түүний захирал А.Д нарын хамтын ажиллагааны үр дүнд бий болсон үл хөдлөх хөрөнгөөс М.З ХХК, түүний захирал Г.О 106 м.кв талбай бүхий 300,000,000 төгрөгөөр үнэлэгдэх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч эрхтэй болохыг 2024 оны 12 сарын 17-ны өдрийн Улсын дээд шүүхээр эцэслэн тогтоолгосон юм.

Нэхэмжлэгч миний бие өнгөрсөн хугацаанд Арбитрын маргаан шийдвэрлэх ажиллагаа, мөн Дархан-Уул аймгийн Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн харьяалалтай иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэх мэт 10 гаруй удаагийн шүүх хуралдаанд оролцож, үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг тууштай хамгаалж ажилласан.

Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан №11 тоот "Эрх зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ-ээр өмгөөлөгчийн үйлчилгээний хөлс, гарсан зардлыг хугацааны эцэст төлөх бөгөөд хөлс, зардлын хэмжээг гарсан үр дүнгийн 10 хувь байхаар тохиролцсон юм. Нэхэмжлэгчийн үзүүлсэн үйлчилгээний үр дүнгийн тухайд хариуцагчид 300,000,000 төгрөгөөр үнэлэгдэх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг баталгаажуулж өгсөн тул №11 тоот гэрээний 2 дугаар зүйлд заасны дагуу 30,000,000 сая төгрөгийн ажлын хөлс, зардал шаардах эрхтэй юм гэв.

 

2.   Хариуцагч, хариуцагч Ж.А-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О шүүхэд гаргасан тайлбартаа:

... Б.Ттэй 202# оны 03 сарын 23-ны өдөр Хууль зүйн туслалцаа авах гэрээ хийсэн нь үнэн. Гэхдээ надад өгсөн гэрээний дугаар №078 тоот гэрээ. 11 тоот биш шүү. Мөн огноо нь 22# гэж байгаа. Мөн бид хоёрын эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээн дээр мөнгөн дүн огт байхгүй. Тэгээд ч Б.Т нь надад хуулийн дагуу эрх зүйн туслалцаа бүрэн үзүүлж чадаагүй. Мөн оролцсон шүүх хурал болгон дээрээ ялагдаж байсан. Үүнд: 2018.11.07-нд №301 дугаартай Монголын Олон улсын ба Үндэсний арбитрын шийдвэр /уг хуралд би ялсан байсныг 2022 оны 08 сарын 24-ны хурлаар шийдвэр №723 ялагдсан/.

2/ 2022 оны 11.07-ны өдөр БГД ИХАШШүүх дээр ******** дугаартай иргэний хэрэг үүссэнийг 2023 оны 03 сарын 02-ны өдрийн БГД ИХАШШ шүүгчийн ******** дугаартай захирамжаар хаяг нь дээрээ байхгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. /Шүүх хуралд тодорхой ярина/ Уг хэрэг хэрэв БГД дээр шийдэгдсэн бол би ялах нь тодорхой байсан. Б.Т нь 2023 оны 4 сард сөрөг нэхэмжлэл, 2024 оны 06 сарын 24-нд давж заалдах гомдол, 2ш -уудыг бичиж өгсөн. /5 ш хуудас хавсаргав/

-Маргаантай үл хөдлөхийг битүүмжлээгүй нь улмаас Д нь уг үл хөдлөхийг шүүхийн шатанд зарж борлуулсан. Тэгээд анхан болон давж заалдах шүүх хурлуудад удаа дараалан ялагдсан. Хурлын завсарлагаагаар Б.Т нь Д уулзсанаа надад хэлсэн. Би Б.Тийг 2 талд зэрэг ажиллаж байсан гэж хардаж байгаа болно. Энэ нь удаа дараалан миний эсрэг шийдвэр гарч байгаа болон шүүх хурал дээр олигтой хуулийн үндэслэл тайлбар гаргаж чадаагүй зэргээс болж би хардах үндэслэл нь болсон. Үүнээс хойш буюу давахын хурлаас хойш утсаа авахаа больсон. Би хяналтын шатанд гомдлоо гаргах тухай хэд хэдэн удаа залгаад утсаа огт аваагүй. Ингээд би өөр өмгөөлөгч, хуулийн хүмүүсээс зөвлөгөө авч хяналтын гомдлоо өөрөө бичиж Улсын дээд шүүхэд өгсөн. Гэтэл улсын дээд шүүхээр миний гомдлыг тань хэлэлцэхээр болсон байна ах гээд л нэг өдөр над руу өөрөө холбогдоод л ороод ирсэн. Тэгэхээр нь би за яахав гээд л цуг Улсын дээд шүүх дээр шүүх хуралд оролцсон. Би хувь хүний хувьд Б.Т өмгөөлөгчид харин гомдолтой байгаа. Хэрэв миний үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн бол, би одоо үл хөдлөх хөрөнгөө өөрийн нэр дээр болгож чадах байсан. Харин ч гомдолтой. Энэ хүн Улсын дээд шүүхэд гаргасан гомдлыг бичээгүй надаас 30сая төгрөг нэхэмжилж байгаа нь өмгөөлөгч хүний ёс зүйд таарахгүй. Харин би цаг хугацаа, эдийн засгаар хохирч байгаа болно.

Мөн хариуцагч талаас нэмж өгсөн хариу тайлбартаа:

Миний бие нь өмгөөлөгч Б.Ттэй "Эрх зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ-г 2022 оны 03 сарын 23-ны өдөр 11 дугаартай гэрээ байгуулсан. Тус гэрээний 1. Ерөнхий нөхцөл. Өмгөөлөгч нь үйлчлүүлэгчийн нэрийн өмнөөс түүний зардлаар хууль зүйн мэргэжлийн үйлчилгээ үзүүлнэ.

1.1.2-т зааснаар Хууль зүйн туслалцаа үзүүлэх үйлчилгээ нь: хязгаарлагдана. тодруулснаар гэж заасан бөгөөд 1.1.2 дахь заалт нь буюу тодруулсан гэх хэсэг нь хэргийн дугаар 36/18 М.З ХХК-ийн нэхэмжлэлтэй, ҮТ ХХК-д холбогдох Арбитрын хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцох нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хариуцагчийн хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх гэж өөрийн байр сууриа тодотгон тодорхойлсон билээ. Гэтэл энэ хэрэгт өмгөөлөгч Б.Т нь миний зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг бүрэн хамгаалж чадаагүй билээ. 2022 оны 08 сарын 24-ны өдрийн Арбитрын шүүхэд хуралд оролцсон боловч миний буюу "М.З" ХХК-ны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон билээ.

 

11 дугаартай гэрээ нь нэхэмжлэгчийг төлөөлөх гэрээ бөгөөд өөрийнх өмгөөлөгчийн тодорхойлсноор зөвхөн 36/18 дугаартай хэрэгт л оролцох гэрээ байтал А.Д ийн нэхэмжлэлтэй хэргийн шийдвэрээр мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Харин түүнийг удаа дараагийн шүүх хуралд анхан болон давж заалдах шатны шүүхэд түүний шүүх хуралд ирж оролцож байсныг үгүйсгэхгүй оролцсон нь үнэн гэхдээ өмгөөлөгч авч оролцсоноор миний хүсэл зориг буюу шүүхэд хариуцагчаар оролцсон болон сөрөг нэхэмжлэлийн шаардлага хангуулах тухай хүсэл зоригийг маань хангаж чадаагүй билээ. Энэ талаар анхан болон Давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүдээс тодорхой харагдах билээ. Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 20-ны өдрийн ******** дугаар шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2024 оны 08 сарын 20-ны өдрийн******** дугаар магадлал/. Ингээд өмгөөлөгч Б.Т нь өөрийн биеэр ирж уулзаад ... за ахаа би дийлэхгүй юм байна. Одоо ингээд болъё доо гэж хэлсэн.

Тиймээс миний бие нь 2024 оны 08 сарын 29-ны өдөр өмгөөлөгч Э.Гт гэгчид хандаж зөвлөгөө авч улмаар өмгөөлөгч Э.Гтаар Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны шүүхэд гомдол гаргахаар өргөдөл гомдлоо бичүүлж, эрхээ хамгаалуулсан бөгөөд Хяналтын шатны шүүх хуралд орохоор хүлээж байхад буюу 2024 оны 12 сарын 17-ны өдрийн Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн Шүүх хуралдаанд Б.Т өмгөөлөгч оролцсон нь үнэн. Гэхдээ шүүх хурлын тэмдэглэлд тусгагдсанаас харахад зөвхөн ирц бүртгүүлснийг эс тооцвол өөр бусад эрх зүйн туслалцаа үзүүлээгүй билээ. Иймд түүний шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд 11 дугаартай гэрээнд Ж.А- ямар ч оролцоогүй билээ. Харин өмгөөлөгч Б.Т нь Ж.А-тэй "Эрх зүйн Харин өмгөөлөгч Б.Т нь туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ" г байгуулаагүй Ж.А-ийг хариуцагчаас чөлөөлж өгнө үү гэв.

 

3.   Нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, Эрх зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх 11 дугаартай гэрээ, гэрээний хавсралт зэргийг нэхэмжлэлийн хамт ирүүлсэн болно.

 

4.   Хариуцагч талаас Монголын Олон улсын ба үндэсний арбитрын 2018.11.07-ны өдрийн 301 дугаартай шийдвэр, Монголын Олон улсын ба үндэсний арбитрын 2022.08.24-ний өдрийн 723 дугаартай шийдвэр, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 11 сарын 07-ны өдрийн ******** дугаартай захирамж, 2023 оны 03 сарын 02-ны өдрийн ******** дугаартай захирамж, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 сарын 17-ны өдрийн ******** дугаартай шийдвэр, Монгол Улсын дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2024 оны 12 сарын 17-ны өдрийн ******** дугаартай тогтоол, хяналтын журмаар гаргасан гомдол, баталгаа гаргах тухай бичиг, Эрх зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх 38 дугаартай гэрээ, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл, давж заалдах гомдол, хүсэлт, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2026 оны 02 сарын 24-ний өдрийн 04/29 6 дугаартай хариу мэдэгдэх хуудас зэргийг баримтаар гаргаж өгсөн болно.

 

5.   Шүүхийн журмаар нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, Ашид билгүүн хөрөнгө үнэлгээ ХХК-аар дүгнэлт гаргуулсан болно.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ө.******* нь хариуцагч М.З ХХК-д холбогдуулан ажлын хөлс 30,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаар Г.О, Ж.А- нарыг татаж, шүүх хуралдааны явцад хариуцагч М.З ХХК-аас татгалзсан.

Тодруулбал, нэхэмжлэгч Б.Т нь нэхэмжлэлийн шаардлага гаргаж буй үндэслэлээ ...2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 11 дугаартай Эрх зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ, 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 78 дугаартай Эрх зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ-гээр тохиролцсон ажлыг хийж гүйцэтгэсэн тул гэрээний дагуу ажлын хөлс буюу нэхэмжлэлийн шаардлага хангагдсан үнийн дүнгийн 10 хувь болох 30,000,000 төгрөгийг хариуцагч Г.О, Ж.А- нараас гаргуулахаар шаардсан байна.

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О нь ...өмгөөлөгч Б.Т нь гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлээгүй, тэрээр М.З ХХК-ий нэхэмжлэлтэй ҮТ ХХК-д холбогдох арбитрын хэрэгт өмгөөлөгчөөр оролцсон боловч нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлүүлсэн. Мөн тэрээр А.Бн, А.Д нарын нэхэмжлэлтэй Ж.А-т холбогдох иргэний хэрэгт хяналтын шатны шүүхэд гаргах гомдлыг бичээгүй, би өөрөө хяналтын шатны шүүхэд гомдол бичиж, эрхээ хамгаалсан. Тухайн хэрэг дээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасан шүүхээс гаргах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээг авхуулах тухай хүсэлтийг гаргаагүйгээс үүдэн одоо хүртэл өөрийн үл хөдлөх хөрөнгөө өмчлөлдөө шилжүүлж авч чадахгүй миний эрх ашиг хохирч байна. Өмгөөлөгч Б.Тийн гаргасан ажлын хөлс шаардсан иргэний хэрэгт Ж.А- хамааралгүй, хариуцагч биш... гэх агуулга бүхий тайлбарыг гаргаж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан болно.

2. Хэрэгт авагдсан 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 11 дугаартай Эрх зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ-гээр өмгөөлөгч Ө.******* нь ...Иргэний болон Захиргааны хэрэг маргаанд өмгөөлөгч, төлөөлөгчөөр оролцох, М.З ХХК-ийн нэхэмжлэлтэй ҮТ ХХК-д холбогдох Арбитрын хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцох нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хариуцагчийн хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхэд үйлчлүүлэгчийн нэрийн өмнөөс түүний зардлаар хууль зүйн мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх...-ээр, үйлчлүүлэгч Г.О, М.З ХХК нар нь дээрх ажлын хөлсийг талууд нэхэмжлэл хангагдсан үнийн дүнгийн 10 хувийг төлөх...-өөр тохиролцжээ.

2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэгч Б.Т, Г.О нар нь нэмэлт гэрээ болох 78 дугаартай Эрх зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ-г байгуулж, уг гэрээний дагуу өмгөөлөгч Б.Т нь Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэгдэж буй А.Д ийн нэхэмжлэлтэй Г.От холбогдох иргэний хэрэгт өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцохоор тохиролцсон байна.

3. Нэхэмжлэгч Б.Т нь дараах арбитр болон иргэний хэрэг маргаанд Г.О, Ж.А- нарын эрх ашиг сонирхлыг хамгаалан өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон байна. Үүнд:

а. М.З ХХК-ийн нэхэмжлэлтэй ҮТ ХХК-д холбогдох ...Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт баригдсан үйлчилгээний төв бүхий 30 айлын супер орон сууц-ны барилгын 1 давхрын, үйлчилгээний зориулалттай, 148,400,000 төгрөгийн үнэ бүхий 102.9 м.кв талбайн, мөг уг барилгын зоорийн давхрын 16,000,000 төгрөгийн үнэ бүхий 15 тоот авто зогсоолын өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлж өгөхийг даалгах... тухай нэхэмжлэлийг арбитрын журмаар хянан шийдвэрлэхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон бөгөөд Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дэргэдэх Монголын Олон Улсын Арбитрын ******** дугаартай шийдвэрээр дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн,

б. А.Бн, А.Д нарын нэхэмжлэлтэй Ж.А-т холбогдох хөрөнгийг хууль бусаар эзэмшсэнээс олох байсан орлого 66,749,642 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Дархан-Уул аймгийн Дархан сумын ******** байрны 1 давхрын 104.42 м.кв талбай бүхий үйлчилгээний талбайн өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийг шилжүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй,

Гуравдагч этгээд А.Цогнямын Дархан-Уул аймгийн Дархан сумын ******** байрны 1 давхар 104.42 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг Ж.А-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай бие даасан шаардлагатай,

Гуравдагч этгээд Г.Оын Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэр дээр үйлчилгээний төв бүхий 30 супер орон сууцны барилгаас зоорийн давхрын 15 тоот зогсоолын өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах, 176.66 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус гаргуулах тухай бие даасан шаардлагатай иргэний хэрэгт хариуцагч Ж.А-, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г.О нарын өмгөөлөгчөөр оролцсон болох нь Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ******** дугаартай тогтоол болон хэрэгт авагдсан бусад баримтаар тогтоогдож байна.

Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ******** дугаартай тогтоолоор ...Ж.А-ийг Дархан-Уул аймгийн Дархан сумын ********* байрны 1 давхрын 586.5 м.кв талбай бүхий үйлчилгээний талбайн 104.42 м.кв талбайн өмчлөгчөөр тогтоож, улсын бүртгэлд бүртгэхийг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай... гэж шийдвэрлэсэн байна.

4. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ, 359.2-т Энэ гэрээний зүйл нь бүх төрлийн ажил, үйлчилгээ байж болно гэж заасны дагуу талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан гэж дүгнэхээр байна. Талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргадаггүй болно.

Талуудын хооронд хийгдсэн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 11 дугаартай, 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 78 дугаартай Эрх зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ-үүдийг үндэслэн нэхэмжлэгч Б.Тийг иргэний болон арбитрын хэрэг маргааныг хянан шийдвэрлэхэд хариуцагч Г.О, Ж.А- нарын өмгөөлөгчөөр оролцуулсан, хариуцагч нар нь хууль зүйн туслалцаа үйлчилгээ авсан болох хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа ба Хяналтын шатны шүүхээс хариуцагч Ж.А-ийг Дархан-Уул аймгийн Дархан сумын ******** байрны 1 давхрын үйлчилгээний талбайн өмчлөгчөөр тогтоож эцэслэн шийдвэрлэсэн байх тул уг гэрээний дагуу Г.О, Ж.А- нар нь өмгөөлөгчийн хөлсийг төлөх үүрэгтэй байна.

5. Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О нь ... би хяналтын журмаар гомдол гаргаж, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ******** дугаартай тогтоол гарах үндэслэл болсон. Б.Т нь хяналтын шатны шүүхэд гомдол бичээгүй, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан арга хэмжээг авхуулах тухай хүсэлтийг гаргаагүй, хууль зүйн туслалцаа үзүүлэх үүргээ биелүүлээгүй, хариуцагч Ж.А- нь өмгөөлөгчийн хөлсийг төлөх үүрэггүй, тэрээр хариуцагч биш... гэх агуулга бүхий тайлбарыг гаргасан боловч энэ нь хууль зүйн туслалцаа үйлчилгээ үзүүлсний хөлсийг төлөхгүй байх үндэслэл болохгүй болно.

Тодруулбал, шүүхийн шийдвэрт хуульд зааснаар гомдол гаргах, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасан шүүхээс гаргах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авхуулахаар хүсэлт гаргах эрхийг зохигч болон түүний төлөөлөгч, өмгөөлөгч нарт тус тус хуулиар олгосон байх тул дээрх хүсэлт, гомдлыг өмгөөлөгч Б.Т гаргаагүй ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г.От хүсэлт, гомдол гаргах эрх нь байгаа болно.

Нэхэмжлэгч Б.Т нь хариуцагч Ж.А-ийн гаргасан үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Отай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг байгуулан, Ж.А-ийн эрх ашиг сонирхлыг хамгаалан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон үйл баримт тогтоогдож байх тул хариуцагч Ж.А- нь өмгөөлөгчийн ажлын хөлсийг төлөх үүрэгтэй гэж дүгнэлээ.

6. Өмгөөллийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т Өмгөөлөгч хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэхдээ үйлчлүүлэгчээс хөлс авах бөгөөд хэмжээг өмгөөлөгч, үйлчлүүлэгч гэрээгээр харилцан тохиролцож тогтооно гэж заасны дагуу талууд гэрээний хавсралтаар ажлын хөлсийг талууд нэхэмжлэлийн хангагдсан үнийн дүнгийн 10 хувь байхаар тохиролцжээ.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн шаардлага хангагдсан буюу хариуцагч Ж.А-ийн Дархан сумын ******** байрны 1 давхрын үйлчилгээний зориулалттай талбайн өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага хангагдсан байх тул уг үл хөдлөх хөрөнгийн үнээс 10 хувийг тооцож, хууль зүйн туслалцаа үзүүлсэн ажлын хөлсөнд төлөх үүрэгтэй гэж үзэхээр байна.

 

7. Нэхэмжлэгч Б.Т нь дээрх үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 300,000,000 төгрөгөөр үнэлж, түүний 10 хувь болох 30,000,000 төгрөгийг хариуцагч Г.О, Ж.А- нараас нэхэмжилсэн болно.

 

Шинжээч Ашид билгүүн хөрөнгийн үнэлгээний компанийн 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн ********* дугаартай дүгнэлтээр Дархан-Уул аймгийн Дархан сумын ********* байрны 1 давхар 104,42 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг 2024 оны 12 дугаар сарын байдлаар 271,833,754 төгрөгөөр тогтоов гэжээ.

 

Нэхэмжлэгч Б.Т, хариуцагч Г.О нар нь анх 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Эрх зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулах үед дээрх үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн ханш нь 148,400,000 төгрөг байсан болох нь Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын дэргэдэх Монголын Олон улсын арбитрын ******** дугаартай шийдвэрээр тогтоогдож байна.

Иймд талуудын анх гэрээ байгуулж, тохиролцоо хийсэн үеийн ханшаар үл хөдлөх хөрөнгийн үнэ болох 148,400,000 төгрөгөөс 10 хувийг тооцож, ажлын хөлс 14,840,000 төгрөгийг хариуцагч Г.О, Ж.А- нараас гаргуулан нэхэмжлэгч Б.Тт олгож, нэхэмжлэлийн үлдэх 15,160,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-т заасныг баримтлан хариуцагч Г.О, Ж.А- нараас 14,840,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Тт олгож, нэхэмжлэлийн үлдэх 15,160,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Төөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.О, Ж.А- нараас улсын тэмдэгтийн хураамж 232,150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн ******* дугаартай захирамжийн Захирамжлах хэсгийн 3 дахь заалт буюу шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулахаар авсан арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 


 

                                         

                                     ДАРГАЛАГЧ                                   З.ТУНГАЛАГМАА