| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномдаржаагийн Батжаргал |
| Хэргийн индекс | 186/2018/0736/э |
| Дугаар | 780 |
| Огноо | 2018-11-05 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | М.Очбадрах |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 780
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, улсын яллагч М.Очбадрах, шүүгдэгч Ц.О, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д“ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гөрөөчин овогт Цолмонгийн Очирхүүд холбогдох эрүүгийн “1811024960838” дугаартай, 186/2018/0736/э индекстэй хэргийг 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1987 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ах, дүү нарын хамт Орхон аймаг Баян-Өндөр сум 10 дугаар баг Наран 5 дугаар гудамж, 6 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 28-47 тоотод оршин суудаг гэх,урьд ял шийтгэлггүй, Г овогтой Ц.О /РД:....................... /,
Холбогдсон хэргийн талаар:
Ц.О нь 2018 оны 08 дугаар сарын 31-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч А.Баянсүхийн халааснаас хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар 400,000 төгрөгний үнэ бүхий Самсунг эс-7 загварын гар утас, 150,000 төгрөгний үнэ бүхий Сасунг эс-5 загварын гар утас зэргийг хулгайлж нийт 550,000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:
1.1. Шүүгдэгч Ц.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:....мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Хоёр: Шүүгдэгч мэдүүлэг өгсний дараа талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч А.Баянсүхийн:...би 2018 оны 08 дугаар сарын 31-ны өдөр 15 цагийн үед найз охин Санчирсүрэнгийн хамт Их дэлгүүрээс Алтай центр орох гээд явж байсан юм. Тэгээд Алтай центрийн урагшаа автомашины зам гарах гээд явж байхад үл таних нүдний шилтэй хар бараан хувцас өмссөн хар малгайтай махлагдуу залуу миний хөл дээр гишгээд уучлаарай гээд надтай зөрсөн. Би найз охинтойгоо цааш явж Алтай центрийн баруун талд байрлах цайны газарт ороод гар утсаа шалгатал гар утас маань алга болсон байсан гэх мэдүүлэг /хх 12-14/
Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд
3.1. Хавтас хэргээс улсын яллагч шүүгдэгчийн гэм бурууг нотлох байр суурьтай оролцож, хавтаст хэргийн 13 дугаар хуудас хохирогчийн мэдүүлэг, 19 дүгээр хуудас эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалъя гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч: шүүгдэгчид оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэх байр суурьтай оролцож, хавтаст хэргээс эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, ял шалгах хуудас зэрэг нотлох баримтыг шинжлэн судалъя гэв.
Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараахи үйл баримтыг тогтоов.
Шүүгдэгч Ц.О нь 2018 оны 08 дугаар сарын 31-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч А.Баянсүхийн халааснаас хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар 400,000 төгрөгний үнэ бүхий Самсунг эс-7 загварын гар утас, 150,000 төгрөгний үнэ бүхий Сасунг эс-5 загварын гар утас зэргийг хулгайлж нийт 550,000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогчийн мэдүүлэг, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Ц.Ог бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирогч А.Баянсүх нь шүүгдэгч Ц.Од гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн хүсэлтийг мөрдөн шалгах ажиллагааны явцад бичгээр гаргаж өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан байна гэж шүүх үзлээ.
Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг тус тус харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлд заасан “Нийтэд тустай ажил хийлгэх ял” оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзэв.
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г овогтой Ц.О-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.Ог 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Ц.Од оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 3 цагаар тооцож хийлгэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Ц.О нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч Ц.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Од урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧШҮҮГЧ С.БАТЖАРГАЛ