Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 787

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                                                                                                   

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                 

Чингэлтэй  дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, улсын яллагч М.Очбадрах, шүүгдэгч Ү.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Баяд овогт Үрчээгийн Ганболдод холбогдох эрүүгийн “1811024080921” дугаартай, 186/2018/0763/э индекстэй хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1968 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засварчин тракторын жолооч мэргэжилтэй, группт байдаг, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүрэг, 7 дугаар хороо Хувьсгалчдын Г-751 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд 1 удаа ял шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Ү.Г /РД:...................... /,

Холбогдсон  хэргийн талаар;

Ү.Г нь 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр  Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-751 тоотод иргэн С.Буяннэмэхтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүнийг модоор цохиж биед нь зүүн  чамархайд зөөлөн эдийн  няцрал, зүүн  шуунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

         ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүгдэгч Ү.Г нь хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхэд мэдүүлэхдээ:...мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

 Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

            2.1. Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч С.Буяннэмэхийн:..2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 11.00 цагийн үед гэртээ байж байтал Ганболд ах гэртээ орчихоод муухай орилоод Бурмаа эгчийг босооч, чи дандаа унтаж байх юм, мах шөл хөргөгчинд хий гээд хашгичаад байхаар нь гэрээс гараад тэдний гэрт ороод Ганболд ахад хандаж Бурмаа эгч урьд шөнө нойргүй хоносон, манай хүүхдүүдийг харсан, жоохон унтаг гэж хэлтэл танай хүүхдүүдийг харах алба юм уу, муу хар пизда нар, муу хулгайч нар гээд хажуудаа байсан тулж явдаг модоо аваад намайг цохихоор нь баруун гараараа хамгаалахад миний баруун гар эвгүй, тэгснээ шууд толгой, зүүн чихний ар хэсэгт дахиад цохихоор нь та яаж байгаа юм бэ гэтэл дахиад модоороо миний зүүн талын шагай хэсэг рүү цохисон, тэгэхээр нь дахиад цохиулахгүй гэж бодоод гэртээ орсон.Би Ү.Ганболдтой сайн дурын үндсэн дээр учир зүйгээ ололцож, эмчилгээний зардалд 100.000 төгрөгийг бэлнээр хүлээн авсан тул түүнээс дахин нэхэмжлэх зүйл байхгүй. Надад гомдол санал байхгүй гэх мэдүүлэг. /хх 12-13/,

2.3. Шүүхийн шинжилгээний  үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №10362 тоот актын: 

1. С.Буяннэмэхийн биед зүүн чамархайнд зөөлөн эдийн няцрал, зүүн шуунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид  ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд  нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Ахлах зэргийн шинжээч эмч, Н.Туяа гэсэн  дүгнэлт. /хх-21/,

 

Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

3.1. Хавтаст хэргийн 12-13 дугаар хуудас хохирогч С.Буяннэмэхийн мэдүүлэг, 21 дүгээр хуудас ¹10362 дугаартай шинжээчийн дүгнэлт, 24 дүгээр хуудас шинжээч эмч Н.Туяагийн мэдүүлэг, 32 дугаар хуудас яллагдагч Ү.Ганболдын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалъя гэв.  

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг  тогтоов.

Шүүгдэгч Ү.Г нь 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын Г-751 тоотод иргэн С.Буяннэмэхтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүнийг модоор цохиж биед нь зүүн  чамархайд зөөлөн эдийн  няцрал, зүүн  шуунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт  хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч С.Буяннэмэхийн:.. 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 11.00 цагийн үед гэртээ байж байтал Ганболд ах гэртээ орчихоод муухай орилоод Бурмаа эгчийг босооч, чи дандаа унтаж байх юм, мах шөл хөргөгчинд хий гээд хашгичаад байхаар нь гэрээс гараад тэдний гэрт ороод Ганболд ахад хандаж Бурмаа эгч урьд шөнө нойргүй хоносон, манай хүүхдүүдийг харсан, жоохон унтаг гэж хэлтэл танай хүүхдүүдийг харах алба юм уу, муу хар пизда нар, муу хулгайч нар гээд хажуудаа байсан тулж явдаг модоо аваад намайг цохихоор нь баруун гараараа хамгаалахад миний баруун гар эвгүй, тэгснээ шууд толгой, зүүн чихний ар хэсэгт дахиад цохихоор нь та яаж байгаа юм бэ гэтэл дахиад модоороо миний зүүн талын шагай хэсэг рүү цохисон, тэгэхээр нь дахиад цохиулахгүй гэж бодоод гэртээ орсон.Би Ү.Ганболдтой сайн дурын үндсэн дээр учир зүйгээ ололцож, эмчилгээний зардалд 100.000 төгрөгийг бэлнээр хүлээн авсан тул түүнээс дахин нэхэмжлэх зүйл байхгүй. Надад гомдол санал байхгүй гэх мэдүүлэг. /хх 12-13/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 10362 дугаартай дүгнэлт болон  шинжээч  эмч Н.Туяагийн мэдүүлэг болон хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн  бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй  болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Ү.Ганболдыг  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч С.Буяннэмэх нь шүүгдэгч Ү.Ганболдтой эвлэрсэн, цаашид нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад  бичгээр хүсэлт гаргаж өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг  арилгасан байна гэж  шүүх үзлээ.

 

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн  хариуцлага, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож шүүгдэгчийн гарын үсэг  зурсан  прокурорын дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзэж,  торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

 

Шүүхээс шүүгдэгч Ү.Ганболдыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн шүүгчдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан торгох ялыг 3  сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, хэрэгт эд мөрийн  баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч хохирол нэхэмжлээгүй болохыг тус  тус дурьдаж  шийдвэрлэв.

 

Монгол Улсын  Шүүхийн  тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээрзүйлийн 5, 17.5 дугаарзүйлийн 5, 8,9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

         ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Ү.Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ү.Г-ыг  450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Ү.Г-д оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Ү.Гнь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван  нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

 

5. Шүүгдэгч Ү.Гнь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол  хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ү.Г-од урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                         С.БАТЖАРГАЛ