Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 41

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

            Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Хажидмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Иргэн Б.Отгонмягмарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төв аймгийн Улсын Бүртгэлийн хэлтсийн даргад холбогдох

“Төв аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэс хүүхэд үрчилснийг бүртгэхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бспохыг тогтоолгож, хүү Билгүүнбаатарыг Бат-Очирын Отгонмягмарын нэр дээр 2010 оны 5 дугаар сарын 11-ний өдөр үрчлэн авчсныг бүртгэж, төрсний гэрчилгээг олгохыг даалгах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Баасансүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн Д.Оюунтуяа нар оролцов.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:            

Нэхэмжлэгч Б.Отгонмягмар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие өөрийн төрсөн охиныхоо хүүхэд Уранбилэгийн Билгүүнбаатарыг 2007 оноос хойш буюу төрснөөс нь хойш өнөөдрийг хүртэл өсгөж, хүмүүжүүлж байна. Хүү Билгүүнбаатарыг өөрийн нэр дээр үрчлэн авах тухай өргөдлыг хүүгээ 2 нас 5 сартай байхад нь 2010 оны 5 дугаар сарын 06-ны өдөр сумын иргэний бүртгэл мэдээлэл хариуцсан ажилтанд өгсөн. Гэтэл тухайн үед сумын иргэний бүртэл мэдээллийн байцаагч төрсний гэрчилгээ дуучихсан ирээгүй байгаа түр хүлээж бай болоогүй байна гэсэн. Тэгээд 1 жилийн дараа төрсний гэрчилгээ ирчихсэн шүү гээд захирамж, гэрчилгээг бичиж өгөхдөө 2011 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөр сумын Засаг даргын захирамж мөн төрсний гэрчилгээг гаргаж өгсөн. Би тухайн үедээ хүүхэд үрчлүүлэх тухай захирамж, хүүхдийн төрсний гэрчилгээ гарчихлаа гээд баярлаад он, сар, өдрийг нь анзаараагүй өнгөрсөн. Манай эхнэр Л.Баасансүрэн нь 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдөр дөрвөн хүүхэдтэй гээд тэтгэвэрээ тогтоолгох гэсэн боловч 3 хүртэлх насны хүүхдийг үрчилж аваад 6 нас хүртэп нь өсгөж, хүмүүжүүлсэн байх ёстой гэтэл та 3 нас өнгөрсөн байхад үрчилж авсан байна гээд эхнэр маань тэтгэвэрээ тогтоолгож чадаагүй. Тэгээд манай эхнэр саяхан сумын иргэний бүртгэл мэдээлэл хариуцсан ажилтанд 2010 оны 5 дугаар сарын 06-ны өдөр өгсөн өргөдлөө шүүлгэж үзэхэд тухайн үедээ гараараа бичиж өгсөн өргөдөл байсан. Энэ тухайгаа сумынхаа Засаг дарга Хууль эрх зүйн ажилтан, иргэний бүртгэл мэдээллийн ажилтан нарт хэлж, хүүгээ үрчилж авахыг хүссэн өргөдөл энэ байна гэтэл миний өргөдлийн хариуг 1 жилийн дараа шийдэж миний эрх ашгийг хохироож байгаа тухайгаа хэлэхэд сумын Засаг дарга өөрийнхөө гаргасан захирамжид өөрчлөлт оруулсан захирамж гаргасан боловч Төв аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсээс шүүхэд хандан асуудлаа шийдвэрлүүл гэсэн хариу өгсөн юм.

Улсын бүртгэлийн хэлтэс хүүхэд үрчилснийг бүртгэхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, Билгүүнбаатарыг Бат-Очирын Отгонмягмарын нэр дээр 2010 оны 5 дугаар сарын 11-ний өдөр үрчлэн авчсныг бүртгэж, төрсний гэрчилгээг олгохыг даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Баасансүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Манай охин Ууганбилэг 2007 онд хүүгээ төрүүлсэн. Хүүхэд үрчилж авах хүсэлтээ 2010 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Санждорж гэдэг хүнд өгсөн. Тухайн үед төрсний гэрчилгээ байхгүй гэж хэлсэн. 2011 оны 04 сар Санждорж надад Цагдаагийн байгууллагын тодорхойлолт аваад ир гэж байсан. 2011 оны 05 дугаар сарын 13-ны өдөр төрсний гэрчилгээ ирсэн гээд, төрсний гэрчилгээ өгсөн. Манай охин Ууганбилэг нь хотод оюутан, нөхрөөсөө салсан учраас хүүхдээ харах боломжгүй байсан. Хүү Билгүүнбаатарыг төрсөн цагаас нь хойш би өсгөж байгаа. Энэ талаар манай сумын иргэд бүгд мэднэ. Миний хувьд улсад 25 жил ажилласан. 2015 онд тэтгэвэрт гарах талаар судалж үзэхэд, Билгүүнбаатарыг 2011 онд үрчилж авсан болохоор болохгүй тэтгэвэрт гарах боломжгүй гэж нийгмийн даатгалын байцаагч хэлсэн. Аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс дээр ирж улсын бүртгэгчтэй уулзахад, хүүхэд үрчилсэн сумын Засаг даргын захирамж 2011 онд гарсан болохоор боломжгүй гэж хэлсэн. Өмгөөлөгчөөс зөвлөгөө авахад, сумын Засаг дарга өөрийнхөө гаргасан захирамжийг өөрчлөх эрх нь байгаа. Иймээс 2010 он үрчилж авсан гэсэн захирамж гаргуулах юм бол болно гэж хэлсний үндсэн дээр, Засаг дарга Д.Ганбаяртай уулзаж хэлэхэд, 2011 онд гаргасан хүүхэд үрчилсэн захирамжаа хүчингүй болгоод, 2010 онд үрчилсэн гэсэн захирамж гаргаж өгсөн. Тус захирамжаа аваад, Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Б.Ундрахбаяртай уулзахад, та хүлээж бай таны асуудлыг шийдэж өгнө гэж хэлсэн боловч ямарч хариу өгөхгүй болохоор дахиад очиж уулзахад, таныг асуудлыг шийдэх боломжгүй шүүхэд хандаж шийдвэрлүүл гэж хэлсэн. Хүүхдээ 2010 онд үрчилж авсан байхад, 2011 онд үрчилсэн гэсэн захирамж гаргасан. Аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А/686 дугаар захирамж гаргасан, хүүхэд үрчлэх тухай сумын Засаг даргын захирамжийг хүчингүй болгосон тухай би огт мэдээгүй гэжээ.

Хариуцагч Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Н.Энхбат шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Д.Отгонмягмар, Л.Баасансүрэн нар хүүхэд үрчлэн авахаар сумын Засаг даргад 2011 оны 05 дугаар сард бүрдүүлэн өгсөн нотлох баримтууд, Гэр бүлийн тухай хуулийн 54 дүгээр зүйл, Иргэний бүртгэлийн тухай хуулийн 16 зүйлд зааснаар бүрдүүлсэн материалын бүрдүүлбэрүүд болон Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг дарга Д.Ганбаярын 2011 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 157 тоот захирамж, Упсын бүртгэлийн мэдээллийн сан болон архивын ХААТР-12 маягт зэргийг шалгахад хуулийн дагуу бүртгэгдсэн хүчин төгөлдөр бүртгэл болох нь нотлогдож байна. Нэхэмжлэгч Д.Отгонмягмар нь нэхэмжлэлийн шаардлагадаа хүү О.Билгүүнбаатарыг өөрийн нэр дээр үрчлэн авах тухай өргөдлөө хүүгээ 2 ой 5 сартай байхад нь 2010 оны 05 дугаар сарын 06-ны өдөр сумын иргэний бүртгэлийн ажилтанд өгсөн. Гэтэл сумын иргэний бүртгэлийн мэдээллийн байцаагч төрсний гэрчилгээ дуусчихсан ирээгүй байгаа түр хүлээж бай болоогүй байна гээд байсан. Тэгээд 1 жилийн дараа төрсний гэрчилгээ ирчихсэн шүү гээд захирамж, гэрчилгээг бичиж өгөхдөө 2011 оны 05 дугаар сарын 25-ны Засаг даргын захирамж мөн төрсний гэрчилгээг гаргаж өгсөн гэж тайлбарлажээ.

Үрчлэн авагч Д.Отгонмягмар, Л.Баасансүрэн, үрчлүүлэгч О.Уранбилэг нарын иргэний үнэмлэхийг нотариатаар батлуулсан он, сар, өдөр, багийн Засаг даргын тодорхойлолт, үйлчилгээний хураамж төлсөн баримтууд зэрэг нь 2011 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөр, тухайн сумын Засаг даргын хүүхэд үрчлүүлэх тухай захирамж 2011 оны 05 дугаар сарын 25-ны өдөр гарч, аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн иргэний бүртгэлийн тасгийн архивт хадгалагдаж байгаа Хүүхэд үрчилснийг мэдэгдэх хуудас зэргээс үзэхэд тус үрчлэлтийн бүртгэл нь улсын бүртгэлийн мэдээллийн санд 2011 оны 05 дугаар сард бүртгэгдсэн байна. Үрчлэн авагч талууд болох Б.Отгонмягмар, Л.Баасансүрэн нар нь тухаин үед хүүхэд үрчилснийг мэдэгдэх хуудас /ХААТР-12/ маягтад гарын үсгээ зурж баталгаажуулсан нь 2010 оны 05 дугаар сар биш 2011 оны 05 дугаар сард үрчлэлтийн харилцаа үүссэнийг нотолж байна. Мөн Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг дарга Д.Ганбаяр нь 2011 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 157 тоот “Иргэн О.Билгүүнбаатарын үрчлэлтийг шийдвэрлэсэн хүчин төгөлдөр захирамжаа 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн А/683 тоот захирамжийн 3 дугаар заалтаар хууль зөрчин, хүчингүй болгож дахин үрчлэлтийг шийдвэрлэжээ. Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйл 61.1, 61.2 , Иргэний бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.9 дүгээр үрчлэлтийг зөвхөн шүүх хүчингүй болгоно гэж заасан байдаг. Иргэн  Л.Баасансүрэн  нь  хүчин  төгөлдөр бүртгэлийг хууль зүйн үндэслэлгүй, 4 хүүхэдтэй гэсэн үндэслэлээр 50 насандаа тэтгэвэр тогтоолгох зорилгоор уг үрчлэлтийн он, сар өдрийг хууль бусаар өөрчлөх гэсэн санаа зорилготойгоор хандаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Отгонмягмар, Г.Баасансүрэн нар нь 2011 онд хүүхэд үрчилж авах тухай материал өгсөн. Гэр бүлийн тухай хуулийн 54 дүгээр зүйл, Иргэний бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлд зааснаар бүрдүүлсэн материалын бүрдүүлбэр, Батсүмбэр сумын Засаг дарга Д.Ганбаярын 2011 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 157 тоот захирамж, иргэний бүртгэлийн мэдээллийн сан, улсын бүртгэлийн архивт хадгалагдаж байгаа /ХААТР/ 12 маягт зэргээр энэ бүртгэл хүчин төгөлдөр бүртгэл гэдэг нь нотлогдож байгаа. Мөн үрчлэн авсан Отгонмягмар, Баасансүрэн нарын иргэний үнэмлэхний наториатаар батлуулсан он сар, цагдаагийн газрын тодорхойлолт, эмнэлгийн байгууллагын тодорхойлолтын он сар нь 2011 оны 05 сар гэсэн он сартай байдаг. Хүүхэд үрчлэлтийг 2011 оны 05 сард бүртгэсэн бүртгэл гэдгийг нотлогдож байгаа. 2016 оны 09 сард гаргасан Батсүмбэр сумын Засаг даргын захирамж нь өмнөх 2011 онд гарсан хүүхэд үрчилсэн захирамжийг хууль бусаар хүчингүй болгосон гэж үзэж, манай байгууллагаас аймгийн Засаг даргад хандсанаар, сумын Засаг дарын 2016 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн захирамж хүчингүй болсон. Улсын бүртгэлийн хэлтсийн бүртгэгч нар хуульд зааснаар бүртгэлийн ажлыг хийдэг. Билгүүнбаатарыг үрчилж авсан бүртгэл нь 2011 оны 04 сард бүрдүүлж өгөөд, 05 сард нь үрчилж авсан нотлож байгаа. Иймээс дээрх үрчлэлтийг хүчин төгөлдөр гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баасансүрэн нь хүүхэд үрчилж авах тухай өргөдлийг бүгдийг өөрөө бичсэн ээ хүлээж байна. Охин Уранчимэг, нөхөр Отгонмягмар зэргийг өмнөөс хүүхэд үрчилж авах тухай өргөдөл бичсэн нь хууль бус үйлдэл бөгөөд цагдаагийн газраас хүүхдийг хууль бусаар үрчилж авсан гэж эрүүгийн хэрэг үүсгээд шалгах бүрэн боломжтой. Иймээс нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзахгүй бол сөрөг нэхэмжлэл гаргана. Хүүхэд үрчилсэн бүртгэлийг хүчингүй болгох шаардлага байхгүй.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлж байх бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн  шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана гэж заасан байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Баасансүрэн шүүх хуралдааны явцад гаргасан хүсэлтдээ: 2011 онд миний охин Ууганбаярийн хүү У.Билгүүнбаатарыг Б.Отгонмягмар өөрийн хүүхэд болгон үрчилж авсан. Үрчлэлтийн бүртгэлээ хэвээр үлдээмээр байна. Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно.”, 66.2-д “Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсан байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, уг захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Баасансүрэн шүүх хуралдааны явцад “Төв аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэс хүүхэд үрчилснийг бүртгэхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, хүү У.Билгүүнбаатарыг Бат-Очирын Отгонмягмарын нэр дээр 2010 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөр үрчлэн авчсныг бүртгэж, төрсний гэрчилгээг олгохыг даалгах” тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй.

4. Уг захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ХАЖИДМАА