Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2021/0002

 

 “М к” ХХК-ийн гомдолтой, Шударга өрсөлдөөн,

хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчид

холбогдох  зөрчлийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:                Танхимын тэргүүн Ч.Тунгалаг

Шүүгчид:                   М.Батсуурь                             

                                   Б.Мөнхтуяа

                                   Д.Мөнхтуяа

Илтгэгч шүүгч:        Г.Банзрагч

Нарийн бичгийн дарга: С.Баяртуяа

Гомдлын шаардлага: “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 0005550 тоот шийтгэлийн хуудас болон 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 7/21 дугаартай улсын байцаагчийн албан шаардлагыг тус тус хүчингүй болгуулах

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 128/ШШ2020/0552 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 590 дүгээр магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-О, О.Ө, өмгөөлөгч Д.О, Э.Э-Э, хариуцагч Ш.Ц нарыг оролцуулж,

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 128/ШШ2020/0552 дугаар шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэг, Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2 дахь хэсэг, мөн хуулийн 12.1.10, 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэг, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3 дахь хэсэг, 52 дугаар зүйлийн 52.4 дэх хэсэг, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Ш.Ц, улсын байцаагч Д.О нарын 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 0005550 тоот шийтгэлийн хуудас болон албан шаардлагыг хүчингүй болгуулах тухай “М” ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 590 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 552 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын хуулийн зүйл заалт баримталсан хэсгийг “Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 3, Төрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.8-д заасныг баримтлан” гэж, “М” ХХК гэснийг “М к” ХХК болгон тус тус өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-О-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй  орхисон.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу тайлбарлан хэрэглэсэн, нотлох баримтыг тал бүрээс нь үнэлээгүй, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэн анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын “...шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл зөв байх тул шийдвэрийг хүчингүй болгуулах давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй” гэж шийдвэрлэсэн хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул дараах үндэслэлүүдээр гомдол гаргаж байна.

4. Давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн талаар: “М к” ХХК болон хэрэглэгчдийн хооронд байгуулагдсан гэрээний нөхцөлүүд нь Иргэний хуулийн 202 дугаар зүйлд заасныг зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж анхан шатны шүүхээс дүгнэснийг давж заалдах шатны шүүхээс үндэслэлгүй, “М к” ХХК болон хэрэглэгчдийн хооронд байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 202 дугаар зүйлд заасныг зөрчсөн гэж шууд дүгнэх боломжгүй байна гэж дүгнэсэн. Мөн түүнчлэн анхан шатны шүүхээс Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх заалт зөрчигдсөн гэж дүгнэснийг үгүйсгэн “М к” ХХК нь багц солигдох тухай мэдээллийг хэрэглэгчдийн гар утасны дугаарт мессежээр, өөрийн цахим хуудас, гар утасны аппликейшн болон өдөр тутмын сонинд нийтлүүлж мэдээлэл өгсөн байх тул энэхүү заалт зөрчигдөөгүй байна” гэж тус тус дүгнэсэн атлаа талууд маргаагүй үндэслэлээр буюу “М к” ХХК бараа үйлчилгээгээ хүч хэрэглэх замаар худалдах” үйл ажиллагаа явуулсан гэж дүгнээд анхан шатны шүүхийн шийдэл зөв байх тул шийдвэрийг хүчингүй болгуулах давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шийдвэрлэсэн нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг зөрчсөн байна.

5. Тодруулбал, давж заалдах шатны шүүхээс …Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэг заалт зөрчигдөөгүй, мөн түүнчлэн, “М к” ХХК болон хэрэглэгчтэй байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 202 дугаар зүйлд заасныг зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж шууд дүгнэх боломжгүй гэж үзсэн нь анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэлийг үгүйсгэсэн юм. Гэсэн атлаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.5 болон 118.3-д заасныг зөрчиж талуудын маргаагүй, үндэслэлгүй асуудлаар буруу дүгнэлт хийж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээснээрээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

6. Давж заалдах шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн талаар: ...Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.9-д “бараа, ажил үйлчилгээг хууран мэхлэх, төөрөгдүүлэх, хүч хэрэглэх замаар худалдах, гүйцэтгэх, хэрэглэгчийн эрхийг хохироосон гэрээ байгуулахыг хориглоно” гэж зааснаараа аливаа хэлбэрээр хэрэглэгчийн эрх ашиг хохирох, зөрчигдөхөөс хамгаалж буй юм. Гэтэл “М к” ХХК дараа төлбөрт хэрэглэгчийн хуучин багцын үйлчилгээг шинэ багц руу шилжүүлснээр хэрэглэгч ямар ч хэлбэрээр хохироогүй, харин ч эсрэгээрээ шинэ багц нь хэрэглэгчийн харилцаа холбооны үйлчилгээнд төлдөг төлбөрийг бууруулсан бөгөөд энэхүү үйл баримт хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсоор байтал “хүч хэрэглэж” бараа, ажил үйлчилгээгээ худалдсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, буруу юм. Өөрөөр хэлбэл, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12.9-ийг давж заалдах шатны шүүх тайлбарлахдаа тухайн хуулийн зорилго, агуулга зарчимд заасан “хэрэглэгчийн эрх зөрчигдсөн эсвэл хэрэглэгч хохирсон” эсэх үйл баримтыг тогтоолгүйгээр буруу дүгнэлт гаргасан. Манай компани үнэ тариф, үйлчилгээний нөхцөлийг Харилцаа холбооны зохицуулах хорооноос батласан аргачлалын дагуу тогтоож, тус хороонд хянуулсны үндсэн дээр үйлчилгээнд нэвтрүүлдэг.

7. 2017 онд гаргасан Му Моbi, Нabrid багц нь хэрэглэгч яриа, мессеж, дата гэсэн үйлчилгээнээс өөрийн хэрэглээнд тохируулан 38 өөр хувилбараас сонголт хийн 2 болон 3 үйлчилгээг өөрөө сонгож багцлан тухайн үйлчилгээнүүдийг хязгааргүй хэрэглэх боломжийг олгож буй багц юм.  ...Харин шинээр гаргасан Му Моbi, Нabrid багцыг үйлчилгээнд нэвтрүүлснээр хэрэглэгч, үйлчлэгч нарын хооронд үүсдэг үл ойлголцол, маргаан гарах асуудал нэг мөр шийдэгдэж энэ төрлийн маргаан гарахгүй болсон. Үйлчилгээний нөхцөлийг хэрэглэгчид анх хэрэглэгч болох үед танилцуулан хэрэглэгч нь тухайн нөхцөлийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зуран баталгаажуулж, гэрээ байгуулснаар үйлчилгээг ашиглаж эхэлдэг. Ийнхүү талуудын хооронд байгуулсан хүчин төгөлдөр гэрээнд заасан процессын дагуу багц шилжүүлэх талаар хангалттай хугацааны өмнө хэрэглэгчид мэдэгдсэний үндсэн дээр багц шилжүүлсэн тул бараа, ажил үйлчилгээг хүч хэрэглэж худалдсан, хэрэглэгчийг хохироосон зүйл байхгүй.  Харин хэрэглэгч нь багц шилжихээс өмнө төлж байсан төлбөрөөс бага төлбөр төлдөг болсон, энэ нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байгаа.

8. Хүч хэрэглэж бараа, ажил үйлчилгээг худалдсан гэж буруу дүгнэсэн талаар: Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль /4, 5, 6, 7, 12 дугаар зүйл/, Зөрчлийн тухай хууль /1, 6, 10.2 дугаар зүйл/ болон бусад холбогдох хууль тогтоомжид /Эрүүгийн тухай хууль/ заасан нийтлэг зарчмаар “Хүч хэрэглэх гэж хэрэглэгчийн хууль ёсны, эрх, ашиг сонирхолд харш хэрэглэгчийг хохироосон, хор уршиг учруулсан, аливаа сөрөг үйлдлийг ойлгох боломжтой бөгөөд м-ын нийт хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлага хангагдсан, багц шилжүүлээгүй бол  хэрэглэгч шинэ багцад төлж байгаа дүнгээс илүү төлбөр төлөх байсан нөхцөл байдал,  хэрэглэгч үйлчилгээг түргэн шуурхай, чанартай авах хэрэглэгчийн үндсэн эрх зөрчигдөхөөс сэргийлэх зорилгоор “М к” ХХК багц шилжүүлсэн бөгөөд нийт хэрэглэгчдэд мэдээлэл өгч шилжүүлэхээс өөр арга замаар энэхүү багцын шилжүүлэлтийг хэрэгжүүлэх боломжгүй байсан зэрэг нөхцөл бодит үйл баримтыг тогтоолгүйгээр хүч хэрэглэж бараа, үйлчилгээгээ борлуулсан гэж дүгнэсэн нь бодит байдалтай уялдаагүй, хуулийг илт буруу тайлбарлаж хэрэглэсэн юм.

 9. Хууль зөрчин хяналт шалгалтын ажиллагаа явуулан, нотлох баримт дутуу үнэлсэн талаар:  ...Өрсөлдөөний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3.2-т судалгаа, хяналт шалгалтын ажилд шаардлагатай мэдээ, мэдээлэл, тайлан, тайлбар, тодорхойлолт, бусад баримт бичгийг үнэ төлбөргүй гаргуулан авах талаар,  харин 20.3.4-т “хяналт шалгалтын явцад зөрчлийн ул мөр, нотлох баримт олох,  зөрчлийн талаарх ач холбогдол бүхий бусад байдлыг тодруулах зорилгоор шалгагдаж байгаа этгээдийн бие, албан тасалгаа, үйлдвэрийн газар, агуулах болон бичиг баримт, компьютер, эд зүйлд үзлэг хийх, шаардлагатай баримт материал, эд зүйлийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу түр хураан авах эрхийг заасан байна. Хувь хүний нууцын тухай хууль болон Байгууллагын нууцын тухай хуульд заасан хувь хүн, байгууллагын нууцыг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.4-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар байгууллага, хувь хүний нууцтай холбоотой мэдээлэл, баримт бичгийг  холбогдох байгууллага, албан тушаалтан, хүнээс прокурорын зөвшөөрлөөр гаргуулан авах ёстой байсан боловч зөвшөөрөл авалгүйгээр үзлэг хийн, баримт бичиг гаргуулан авсан нь хууль зөрчин нотлох баримт цуглуулан түүнийгээ үндэслэн зөрчлийн хэрэг нээсэн хууль бус үйлдэл гэж үзэж байна.

10. Хуульд заасан арга, хэлбэрээр цуглуулаагүй нотлох баримтыг үндэслэн дүгнэлт гаргаж үүний дагуу зөрчлийн хэрэг нээсэн нь анхнаасаа хууль бус байх тул 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 0005550 тоот “Шийтгэлийн хуудас” нь хүчин төгөлдөр бус юм. Дээрх нөхцөл байдлаас харахад улсын байцаагч болон шүүх гэм буруутай эсэх, хэрэглэгч яаж хохирсон талаар нотлоогүй, асуудалд бүх талаас нь бүрэн гүйцэд, бодитой үнэлэлт дүгнэлт өгөөгүй, хяналт шалгалтыг бүрэн гүйцэд явуулалгүй шалгуулагч этгээдийг зөвхөн буруутгах байр сууринаас хандсан болохыг тодорхой харуулж байна. Иймд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын  байцаагчийн 2019 оны 0005550 тоот “Шийтгэлийн хуудас, 2020 оны 552 дугаар шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 2020 оны 590 дүгээр магадлалын “...шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл зөв байх тул шийдвэрийг хүчингүй болгуулах давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй” гэж шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож, зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

11. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримтыг бүрэн цуглуулах үүргээ биелүүлээгүйгээс шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

12. Тодруулбал, анхан шатны шүүх “...М к нь багцын үйлчилгээг солихтой холбогдсон “Хуучин багцтай хэрэглэгчдийг Миний Моби болон Хосолсон төлбөрт 9900, Хосолсон төлбөрт 19900 багцууд руу шилжүүлэх тухай 2018 оны 12 дугаар сарын 24-ний 2217 тоот тушаал, шийдвэрийг гаргасан байна. “Өдрийн сонин”-ы 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 013 дугаарт “М к” ХХК-ийн “М к” нь хэрэглэгчдэдээ хүргэх бүтээгдэхүүн үйлчилгээгээ сайжруулах зорилгоор системийн шинэчлэлийн ажлыг үе шаттайгаар хийж байгаа нэрээр дараа төлбөрт үйлчилгээний хуучин багцууд болох “Signature. Mobizone. iPhone. MobiMih болон байгууллагад зориулсан Corporate Middle. Hubrid-1. Hubrid-2. Hubrid-3 багцуудыг 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс зогсоох болсныг үүгээр мэдэгдэж байна. Багцаа сольж амжаагүй хэрэглэгчдийн хувьд 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 02 дугаар сарын 03-ны өдрүүдэд хуучин багцын хэрэглээтэй нь ойр дүнтэй багц руу шилжүүлэхийг анхаарна уу” гэсэн мэдээлэл нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль /7 дугаар зүйлийн 7.1, 7.2, 12 дугаар зүйлийн 12.9 / болон Өрсөлдөөний тухай хууль /12 дугаар зүйлийн 12.1.2, 12.1.10/, Зар сурталчилгааны тухай хуулийг тус тус зөрчсөн. Дээрх үндэслэлээр хариуцагч Зөрчлийн тухай хуулийн /Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн гэж шийдвэрт алдаатай бичсэн/ 10.2.3-д “Бараа ажил үйлчилгээг хууран мэхлэх, төөрөгдүүлэх хүч хэрэглэх замаар худалдах, гүйцэтгэх, эсхүл хэрэглэгчийн эрхийг хохироосон гэрээ байгуулсан, эсхүл хууль, гэрээнд заасан чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан бараа хэрэглэх, ажил, үйлчилгээгээр хангуулах эрхийг зөрчсөн...” гэж заасны дагуу маргаан бүхий актаар М к-ийг 20 сая төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй... ...Хариуцагчаас нэхэмжлэгчийг Монгол Улсын зах зээл дээр үйл ажиллагаа явуулж байгаа “М к” ХХК нь хэрэглэгчид, үйлчлүүлэгчдийг үнэн бодит мэдээллээр хангаагүй, хэрэглэгч, үйлчлүүлэгчидтэй байгуулсан гэрээний нөхцөл нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон бусад хууль тогтоомжоор тогтоосон нөхцөлөөс дордуулсан ноцтой зөрчил гаргасан гэж дүгнэсэн нь үндэслэлтэй...” гэж дүгнэхдээ “М к” ХХК-ийн мэдээлэл нь дээрх хуулиудын зүйл, заалтуудыг ямар байдлаар яаж зөрчсөн, маргаан бүхий актын үндэслэл болох Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 3-т заасан “бараа, ажил, үйлчилгээг хууран мэхлэх, төөрөгдүүлэх, хүч хэрэглэх замаар худалдах”, эсхүл “хэрэглэгчийг хохироосон гэрээ байгуулсан...” зэрэг зөрчлийн бүрэлдэхүүний алинд нь ямар учраас хамаарч байгааг тодорхой тайлбарлаагүй, зөрчилд холбогдох үйл баримтыг хангалттай нотлоогүй байна.  

13. Давж заалдах шатны шүүхээс “анхан шатны шүүх зөрчлийг хангалттай тогтоогоогүй” гэж буруутгасан боловч “...Энэ тохиолдолд “М к” ХХК нь дээрх нэр бүхий хуучин багцуудын үйлчилгээг зогсоосноор шинэ багц сонгохыг хэрэглэгчид мэдэгдэж, хэрэв багцаа солиогүй тохиолдолд хуучин багцын хэрэглээтэй нь ойр дүнтэй багц руу шууд шилжүүлэхийг хэрэглэгчдэд мэдэгдэж буй нь өөрийн үйлчилгээгээ “хүч хэрэглэх замаар худалдах” үйл ажиллагаа явуулсан гэж үзэх үндэслэлтэй...” гэж дүгнэсэн нь мөн л хэрэгт авагдсан баримтаар хангалттай нотлогдоогүй гэж үзэхээр байна.

14. Иймд, шүүх “М к” ХХК нь хуучин багцын үйлчилгээгээ зогсоох болсон бодит шалтгаан, үндэслэл, зайлшгүй шаардлага, өөрөөр хэлбэл “М к” ХХК нь технологийн хувьд боломжтой байсаар байтал илүү ашиг орлого олох зорилгоор юмуу бусад шалтгаанаар хэрэглэгчдийг шууд шинэ багц руу шууд шилжүүлсэн эсэх, хэрэглэгчдийн хувьд хуучин багцаа сонгох боломж байсан эсэх, ийнхүү боломж байсаар байтал боломжгүй мэтээр тайлбарлаж шууд шилжүүлсэн эсэх, өмнө нь зөвхөн мессеж, ярианы үйлчилгээг хэрэглэж байсан хэрэглэгчдийн хувьд шинэ багц руу шилжсэнээр интернет, дата /3G. 4G гэх мэт/ зэрэг тухайн үйлчлүүлэгчийн хүсээгүй үйлчилгээг шууд дагалдуулж буюу тулгалтаар худалдан авахаас өөр аргагүй байдалд хүрсэн эсэх, ийнхүү хэрэглэгч дагалдах буюу давхар үйлчилгээг авахаас өөр аргагүй болсноор бодит байдал дээр яаж хохирсон, хохирч байгаа /өмнө нь хязгааргүй ярьдаг, мессеж илгээдэг байсан хэмжээнээсээ бага болсон, илүү төлбөр төлөх болсон, илүү боловсронгуй утас хэрэглэхээс өөр аргагүйд хүрсэн, эсхүл яриа, мессеж зэрэг үндсэн үйлчилгээ нь хэрэглэхэд төвөгтэй болсон гэх мэт/, “ойролцоо багц” гэдэг нь ямар багц болох, хуучин багцаас ямар ялгаатай, ямар төлбөрийн зөрүүтэй зэргийг тодруулах, шаардлагатай нотлох баримтыг цуглуулсны үндсэн дээр /хуучин багцыг хэрэглэж байсан хэрэглэгч нар буюу хохирогч нараас тайлбар, мэдүүлэг авах, тэдний төлбөрийн баримтыг харьцуулах, “М к” ХХК нь шинэ багцын үйлчилгээг нэвтрүүлэх зайлшгүй шаардлага буюу хуучин технологийг хэрэглэх боломжгүй болсон эсэх, түүнийг бусад ижил төрлийн үйлчилгээ үзүүлж буй компаниуд хэрэглэдэг эсэх зэргийг тодруулсан мэргэжлийн байгууллагын тайлбар, дүгнэлтийг авах гэх мэт/ “М к” ХХК-ийн мэдээлэл нь “бараа, ажил, үйлчилгээгээ хүч хэрэглэх замаар худалдсан” гэх зөрчил болох эсэхэд үндэслэл бүхий дүгнэлт өгөх шаардлагатай.

15. Хэдийгээр хариуцагчаас зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэхдээ түүврийн аргаар сонгогдсон 10 хэрэглэгчийн гэрээ, гэрч нарын мэдүүлэг, “М к” ХХК-ийн зүгээс өгсөн шинэ, хуучин багцын үйлчилгээтэй холбоотой мэдээлэл болон бусад нотлох баримтуудыг цуглуулж, хэрэгт авагдсан байх боловч тэдгээр баримтаар хэрэглэгчид хэрхэн хүчээр буюу сонголтгүйгээр үйлчилгээ авахад хүрсэн, яаж хохирсон зэргийг шүүхээс огт үнэлж, дүгнээгүй байна.

16. Дээр дурдсан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүх рүү буцаах нь зүйтэй гэж үзлээ.         

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 128/ШШ2020/0552 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 590 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар гомдол гаргагчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          Ч.ТУНГАЛАГ

                         ШҮҮГЧ                                                                     Г.БАНЗРАГЧ