Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 831

 

 

Б.Баярсайханд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

          Ялтан Б.Баярсайханы өмгөөлөгч А.Туул,

          Хохирогч Ц.Эрдэнэбаатарын өмгөөлөгч Ю.Батболд,

          Нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дайрийжав даргалж хийсэн шүүх хуралдааны 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 48А дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Б.Баярсайхан, түүний өмгөөлөгч А.Туул нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Баярсайханд холбогдох эрүүгийн 2016 2400 0229 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Баяуд овгийн Бямбаагийн Баярсайхан, 1982 оны 11 дүгээр сарын 7-нд өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, 4 дүгээр хэсэг гудамж, 3 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ЗЮ82110771/,

Б.Баярсайхан нь 2016 оны 3 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнийн 01 цаг 45 минутын орчим Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, Оргил худалдааны төвийн баруун урд замд өөрийн эзэмшлийн “Тоёота Приус” загварын 70-93 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 13.1 дэх хэсэгт заасан “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө”, мөн дүрмийн 2.3 дахь хэсэгт  жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах: Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолоочийн талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Ц.Эрдэнэбаатарыг мөргөж биед нь хүнд зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн Прокурорын газраас: Б.Баярсайханы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Баярсайханыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчиж бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар шийтгэж, түүнд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Б.Баярсайхан нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Б.Баярсайханы №460548 дугаартай BCDE ангиллын жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Алтанзулд даалгаж, хохирогчийн нэхэмжлэлээс 234.206 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар 1.090.294 төгрөгийг Б.Баярсайханаас гаргуулж хохирогч Ц.Эрдэнэбаатарт олгож, хохирогч Ц.Эрдэнэбаатар эмчилгээтэй холбогдох болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Ялтан Б.Баярсайхан давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Миний бие 2016 оны 3 дугаар сарын 12-наас 13-нд шилжих шөнө Ц.Эрдэнэбаатарыг мөргөж биед нь гэмтэл учруулсан болохоо хүлээн зөвшөөрч байна.

Би хохирогч Ц.Эрдэнэбаатарын гаргасан эмчилгээний зардлыг төлж барагдуулсан. Дутуу мөнгөндөө “Тоёота Приус” загварын 70-93 УНД улсын дугаартай автомашинаа өгсөн. Уг автомашин банкны барьцаатай байсныг өнөөдрийг хүртэл би болон миний ар гэрийнхэн төлж байгаа.

Шүүхээр тогтоосон 1.090.294 төгрөгийг төлсөн. Иймд анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг өөрчилж тэнсэж, хянан харгалзаж өгнө үү. Хохирогчийн цаашид нэхэмжлэх мөнгийг ажил хийж зайлшгүй олох шаардлагатай байх тул намайг нийгмээс тусгаарлахгүйгээр тэнсэж өгнө үү...” гэжээ.

Ялтан Б.Баярсайханы өмгөөлөгч А.Туул давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Баярсайхан нь хохирогч Ц.Эрдэнэбаатарт авто тээврийн хэргийн улмаас хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч хохирлыг барагдуулсан, чин санаанаасаа гэмшиж байгааг харгалзан үзэж Б.Баярсайханыг нийгмээс тусгаарлахгүйгээр оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзах ял оноож өгнө үү. Хохирогч Ц.Эрдэнэбаатарт 1.100.000 төгрөгийг төлж барагдуулсан. Хохирогч Ц.Эрдэнэбаатар нь “нэхэмжлэх зүйлгүй тул Б.Баярсайханыг заавал хорих шаардлагагүйгээр тэнсэж, хянан харгалзахад татгалзах зүйлгүй” гэсэн хүсэлт бичгээр гаргаж өгсөн болно...” гэв.

Хохирогч Ц.Эрдэнэбаатарын өмгөөлөгч Ю.Батболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Баярсайхан хохиролд 1.090.294 төгрөгийг төлж барагдуулсан. Учирсан бодит хохирлыг төлсөн. Хохирогчид цаашид учрах зардлыг төлж барагдуулна гэсэн тул гомдол, саналгүй, түүний гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна, татгалзахгүй...” гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэрэгт хавсаргасан эд мөрийн баримтуудыг үндэслэж, зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр бус хэргийг бүхэлд нь хянав.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн хуулийн шаардлагыг хангажээ.

Б.Баярсайхан нь 2016 оны 3 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнийн 01 цаг 45 минутын орчим Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, Оргил худалдааны төвийн баруун урд замд өөрийн эзэмшлийн “Тоёота Приус” загварын 70-93 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 13.1 дэх хэсэгт заасан “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө”, мөн дүрмийн 2.3 дахь хэсэгт  жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах: Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолоочийн талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Ц.Эрдэнэбаатарыг мөргөж биед нь хүнд зэргийн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал /1-р хх- 4-5/, Зам тээврийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-6-8/, Хан-Уул дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Батмөнхийн бичсэн илтгэх хуудас, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-10-11/,

Хохирогч Ц.Эрдэнэбаатарын “...найз Одонбаатартай тааралдаж гудамжинд 0.5 литр архи хувааж ууж байгаад Одонбаатарын таньдаг 2 хүн тааралдсан. 4-үүлээ нийлээд дахиад 0.75 литр архи аваад гудамжинд уусан. ...гэр лүүгээ харих гээд хорооллын эцсийн буудлын зүүн талын замаар явган хүний гармаар ертөнцийн зүгээр урдаасаа гарцаар гарч байтал юу болсон нь мэдэгдэхгүй, нэг мэдсэн чинь эмнэлэгт хэд хоногийн дараа тархины хагалгаанд орсны дараа сэргэсэн...” /1-р хх-18-20/,

Гэрч Г.Жаргалын “...Хорооллын эцэс дээр явж байхад тэр залуу “тамхи  авъя” гэсэн. Тэгээд би замын эсрэг талын ТҮЦ-ийн харалдаа зогсож өгөхөд, тэр хүн явган хүний гарцаар ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа гарч, ТҮЦ орчихоод, буцаад урдаасаа хойшоогоо гарч байтал “түс тас” гээд дуу гарсан. Хартал зүүнээс баруун тийшээ 2 дугаар эгнээгээр явж байсан ““Тоёота Приус 11” загварын автомашин тэр хүнийг мөргөөд, дайрч унагаад, тоормосоо гишгээд зогссон. Би мөргүүлсэн хүн дээр очиход мөргөсөн автомашины урд талд хэвтэж байсан. Тэр хүн хөдлөхгүй байсан...” /1-р хх-31-32/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Ц.Эрдэнэбаатарын биед баруун дух, зулай ясны хугарал, хатуу хальсан дээрх цусан хуралт, нүүр, баруун ташаа, хэвлийн баруун хэсгийн зулгаралт, баруун умдаг ясны дээд салааны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2–3.1.3 дахь хэсгүүдэд зааснаар эрүүл, амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт алдалтанд тогтонгид нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна...” гэсэн 3519 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-38-39/,

 “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ, Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн гаргасан “...уг автомашин нь ерөнхий байдал, иж бүрдлийн хувьд урд шил баруун талдаа цацарч, үйрсэн, урд буфер зүүн гар талын булангийн хэсэгтээ будаг нь халцарч, бэхэлгээ нь салснаас доошоо санжсан, зүүн хойд талын крыло хонхойж будаг нь халцарсан, баруун гар талын урд оврын гэрлийн чийдэн асахгүй, зүүн гар талын тоормосны гэрлийн чийдэн асахгүй, иж бүрдэлгүй /галын хор, эмийн сан, ослын зогсолтын тэмдэг, дугуйн ивүүргүй/ байдалтай байв. Уг тээврийн хэрэгслийг тоног төхөөрөмж дээр шалгаж үзэхэд урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ 0.3 мм, урд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 2.00 кн, баруун талдаа 2.10 кн, зөрүү нь 4.76% /стандарт 20%/, хойд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 1.40 кн, баруун талдаа 1.30 кн, зөрүү нь 7.14% /стандарт 30%/ байна. зогсоолын тоормос ажиллагаатай байсан. Зүүн гар талын гэрлийн тусгалын эрчим хол дээрээ 0cd, баруун гар талын гэрлийн тусгалын эрчим хол дээрээ 1100 cd /стандарт 10000.0-250000.0cd/, гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан байлаа...” гэсэн автомашины шинжээчийн дүгнэлт /1-р хх-48-53/,

Техникийн шинжээчийн “...“Тоёота Приус” загварын 70-93 УНД дугаартай автомашин жолоодон явсан жолооч Б.Баярсайхан нь Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 “явган хүний зохицуулагдаагүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасч, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө”, 2.3 “жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ. а/ Хөдөлгөөнд оролцохын өмнө замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслэлийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон, цас бороо орж байгаа үед жолоочийн талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх нь үндэслэлтэй байна. Явган зорчигч Ц.Эрдэнэбаатар нь Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна...” гэсэн 206 дугаартай дүгнэлт /1-р хх-59/,

            Хохирогч Ц.Эрдэнэбаатарын Гэмтэл согог судлалын үндэсний төв, “Манал-Оточ” эмнэлэгт тус тус хэвтэн эмчлүүлсэн талаарх өвчний түүх /1-р хх-101-111, 123-142/, хохирлын баримтууд /1-р хх-24-28, 154-157/, хохирол төлсөн баримт /1-р хх-186/, ялтан Б.Баярсайханы сэжигтэн, яллагдагчаар хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд /1-р хх73-76, 77-81/ зэрэг хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогджээ.

Ялтан Б.Баярсайханы гэм буруу нь тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дээр дурдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон, анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй.

Гэвч Б.Баярсайхан нь хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, бусдад учирсан бодит хохирлыг нөхөн төлсөн байх бөгөөд хохирогч Ц.Эрдэнэбаатарын “...1 сая 100 мянган төгрөгийг авсан нь үнэн болно, цаашид Б.Баярсайханыг заавал хорих шаардлагагүйгээр тэнсэн суллахад татгалзах зүйлгүй, нэхэмжлэх зүйлгүй болно...” гэсэн хүсэлт, түүний өмгөөлөгч Ю.Батболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...бодит хохирлыг төлж барагдуулсан, Б.Баярсайхан болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлуудыг дэмжиж байна...” гэсэн хүсэлт зэргийг харгалзан Б.Баярсайханд оногдуулсан хорих ялыг заавал биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж, ялтан Б.Баярсайхан, түүний өмгөөлөгч А.Туул нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авч, Б.Баярсайханд оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзах боломжтой гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1., 315.1.4. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 48А дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1., 61.4. дэх хэсэгт заасныг журамлан Бямбаагийн Баярсайханд оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж, ялтан Б.Баярсайханыг нэн даруй сулласугай.

3. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

                  ШҮҮГЧИД                                     Т.ӨСӨХБАЯР                      

 

                                                                        Ш.БАТ-ЭРДЭНЭ