Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 212/МА2022/00093

 

 

   

 

 

 

 

 

 

 

 

 

                 

 

 

 

Д.Б-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Алтан даргалж, шүүгч Н.Мөнхжаргал, тус шүүхийн шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж,   

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж шийдвэрлэсэн, 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 130/ШШ2022/00639 дүгээр шийдвэртэй, 

*** оршин суух, У овогт Д .Б-ийн  нэхэмжлэлтэй, хариуцагч **** оршин суух О овогт А.А-д холбогдох,

“барааны үнэ 3,118,865 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.    

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Даулетжан, нэхэмжлэгч Д.Б, хариуцагчийн өмгөөлөгч К.Ержан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн агуулга:   

1.1. Миний бие А.А 2021 оны 3 дугаар сараас эхлээд Турк улсаас олон удаа каргогоор бэлэн хувцас, гэр ахуйн бараа зэргийг захиалаад худалдаж авч төлбөрөө тухай бүрд төлж ирсэн. Гэтэл миний 2021 оны 5 дугаар сард өгсөн захиалгаас 2,978,865 төгрөгийн бараа дутуу ирсэн. Энэхүү дутуу барааг эсхүл мөнгийг нь өгөхийг удаа дараа шаардсан боловч тэрээр үүргээ гүйцэтгэхээс татгалзсан. Мөн А.А 2021 оны 12 дугаар сарын эхээр надаас 65,000 төгрөг, 75,000 төгрөгийн үнэтэй хөнжлийн давуу тус тус худалдаж авсан боловч үнийг нь бас одоог хүртэл төлөөгүй. Иймд А.Ааас дутуу барааны үнэ 3,118,865 /гурван сая нэг зуун арван найман мянга найман зуун жаран таван/ төгрөг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:

2.1. Миний хүү өвдөж эмчлүүлэх зорилгоор Турк улсад эмчлүүлж байгаад ирсэн. Би Турк улсад байхад Д.Б бараагаа онлайнаар сурталчлан худалдаа хийдэг хүмүүсийн зарыг харж байгаад бараагаа сонгосны дараа тэдэнд итгэлгүй надад мөнгийг нь явуулж бараагаа авхуулдаг байсан. Би түүний хүсэлтээр тухайн дэлгүүрт очиж барааг өөрийнх нь хэлсэн тоо ёсоор тооцоог хийж худалдан авч тухай бүр шууд карго шуудангаар явуулдаг байсан. Миний зүгээс түүний барааг дутуу явуулсан асуудал огт байхгүй. Би түүнд өгөх ямар ч өглөггүй тул түүний нэхэмжилж буй мөнгийг төлөх учиргүй. Иймд Д.Б-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

 3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 130/ШШ2022/00639 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Б-ийн хариуцагч А.Ааас дутуу барааны үнэ 3,118,865 /гурван сая нэг зуун арван найман мянга найман зуун жаран таван/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч Д.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 64,852 төгрөгийг улсын орлого болгож шийдвэрлэжээ.  

 

4. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Миний бие шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч А.А Турк Улсад хүүгээ эмчлүүлж байхад түүнд фейсбүүк цахим чатаар бараа захиалаад төлбөрийг нь тухай бүр Хаан банкны дансаар шилжүүлж байсан талаар бичиж үүнийг нотлох дансны хуулгаа шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Миний хариуцагч А.Ад фейсбүүк чатаар бараа захиалж байсныг хариуцагч мөн адил баталж өгөөд хариу тайлбар бичсэн.

4.2. Гадаад улсад байгаа хүнд цахим сүлжээгээр бараа захиалснаа нотлох үүднээс өөрийн фейсбүүк чатаар А.Аы фейсбүүк чат руу бичиж байсан мессежнүүдэд шүүхийн журмаар үзлэг хийлгэх тухай хүсэлт гаргасан боловч шүүх миний энэ хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн учраас миний бие нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй. Тухайн чатад миний А.Ад бараа захиалж, А.А миний захиалгыг хүлээн авч төлбөр төлж мөнгө шилжүүлэхийг хүсэж, минийА.Ад мөнгө шилжүүлсэн талаар ярьсан харилцан яриа тодорхой агуулагдсан. Шүүхийн миний үзлэг хийлгэх тухай хүсэлтийг хүлээн авахгүйгээр шийдвэрлэсэнд гомдолтой байна.

4.3. Анхан шатны шүүх шийдвэртээ “...Нэхэмжлэгч Д.Б, хариуцагч А.А нарын тайлбараар болон нэхэмжлэгчийн хавтаст хэрэгт гаргаж өгсөн ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар Д.Б нь А.Ад мөнгө шилжүүлж байсан нь нотлогдон тогтоогдож байгаа боловч нэхэмжлэгч Д.Бээс нэхэмжлэлийн шаардлагын үндэс болж байгаа байдлаа нотлохоор өөрийн ХААН банкны 00000000 тоот дансны хуулгаар ХААН банкин дахь 000000000 тоот данс руу 22 удаа мөнгө төгрөг шилжүүлсэн байсан байх ба мөнгө шилжүүлгийн утга агуулга буюу хуулганы агуулгад Б 00000000, А, барааны үнэ гэх агуулгатай бичиж шилжүүлсэн, зарим мөнгө шилжүүлгийн утга агуулгыг бичээгүй, ямар учраас хариуцагчийн дансанд мөнгө шилжүүлж байсан нь тодорхойгүй байна...” гэж дүгнэсэн байна. Хэрэв анхан шатны шүүх миний үзлэг хийлгэх тухай хүсэлтийг ханган шийдвэрлэж, зохих ажиллагааг хийсэн бол А.Ад ямар учраас мөнгө шилжүүлснийг олж мэдэх боломжтой байсан. Мөн миний бие хариуцагчА.Аыг шүүх хуралдаанд заавал оролцуулж, миний түүн рүү мөнгө шилжүүлж байсан данс түүний данс мөн эсэх, надаас захиалга хүлээн авсан эсэхийг тодруулахыг хүссэн боловч шүүх мөн адил миний хүсэлтийг хүлээн аваагүй.

4.4. Энэхүү үзлэг хийх ажиллагааг давж заалдах шатны шүүхэд хэрэгжүүлэх боломжгүй учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд хэргийг буцаан шийдвэрлэж өгнө үү.

 

5. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

5.1. Миний бие анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдол үндэслэлгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд талууд холбогдох нотлох баримтуудыг өөрсдөө бүрдүүлэх ёстой.

5.2. Өнөөдрийн нэхэмжлэгчийн тайлбарлаж буй аудио бичлэг өнөөдөр хүртэл түүний өөрийнх нь гар утсанд бий. Тус бичлэгийг анхан шатны шүүхэд гаргаж өгөх бүрэн боломжтой байсан.

5.3. Тухайн гар утсанд бичлэг байгаа хэдий ч  нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл тодорхой бус. Шүүхэд 3,0 сая гаруй төгрөгийн барааг хариуцагч А.А дутуу өгсөн гэж байгаа боловч хэдэн тооны, ямар бараа дутуу байгаа нь тодорхой бус. Мөн нэхэмжлэгч шүүхэд Хаан банкны депозит дансны хуулгыг гаргаж өгсөн. Гэтэл тухайн депозит дансны хуулга нэхэмжлэгч Д.Б-ийн дансны хуулга. Тухайн дансны хуулганд байгаа мөнгө шилжүүлсэн гэж тэмдэглэсэн хэсэгт буй данс хариуцагч А.Аы данс гэснийг нотолсон нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийг нотлох ямар ч нотлох баримт учир нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй.

5.4. Хариуцагч А.А нь 2, 3 жилийн хугацаанд хорт хавдартай хүүхдээ эмчлүүлэхээр аймгийн бүх ард иргэдээс хандив цуглуулж Бүгд Найрамдах Турк улсад эмчилгээ хийлгэж байсан. Тэнд байхад хүүхдээ эмчлүүлж байсан болохоос биш худалдаа наймаа эрхлээгүй. Бодит байдалд А.А нь хүмүүсийн сонгосон барааг дэлгүүрээс худалдан авч, эдгээр хүмүүсээс мөнгийг авч дэлгүүрт дамжуулан өгч, тухайн барааг Монгол Улсад каргогоор явуулж байсан. Өөрөөр хэлбэл эдгээр хүмүүсийн хооронд ямар нэгэн харилцаа үүсээгүй. Мөн хариуцагчА.А шүүхэд өөр маргаан үүсгэж, хүмүүсийн бараа дутаасны мөнгө төгрөг төлсөн тухай зүйл байхгүй. Өөрөө өнөөдрийн байдлаар өвчтэй хүүхдээ харж ханддаг, ганц бие эмэгтэй байгаа учир шүүх хуралдаанд биечлэн оролцож чадахгүй байгаа. Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага нотлох баримтаа бүрдүүлж өгч чадаагүй учраас анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан тул тус шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

6. Нэхэмжлэгч Д.Б-ийн давж заалдах гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаж үзээд, анхан шатны шүүхийн шийдвэр мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул  шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, нэхэмжлэгчийн гомдлыг хангаж шийдвэрлэв.

7. Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч А.Ад холбогдуулан 3,118,865 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “А.А-аас 2021 оны 3 дугаар сараас эхлээд Турк улсаас олон удаа каргогоор бэлэн хувцас, гэр ахуйн бараа зэргийг захиалаад худалдаж авч, төлбөрөө тухай бүрд төлж ирсэн. 2021 оны 5 дугаар сард өгсөн захиалгаас 2,978,865 төгрөгийн бараа дутуу ирсэн. 2021 оны 12 дугаар сард надаас 65000 төгрөг, 75000 төгрөгийн үнэтэй хөнжлийн давуу  худалдаж авсан боловч үнийг нь одоо хүртэл төлөөгүй” гэж тайлбарлаж, хариуцагч “...Би Турк улсад байхдаа Д.Бийн хүсэлтээр дэлгүүрт очиж барааг өөрийнх хэлсэн тоо ёсоор хийж худалдан авч тухай бүр шууд карго шуудангаар явуулдаг байсан. Миний зүгээс түүний барааг дутуу явуулсан асуудал огт байхгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж эс зөвшөөрч маргажээ.

8. Хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлахад нэхэмжлэгч Д.Бээс хариуцагч А.Ад удаа дараа мөнгө шилжүүлж, А.А нь Турк улсаас нэхэмжлэгчийн захиалсан барааг худалдан авч карго шуудангаар нэхэмжлэгчид явуулдаг  байсан нь зохигчийн тайлбар, ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг нотлох баримтуудаар тогтоогджээ.

9. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас үзэхэд нэхэмжлэгч Турк улсад захиалсан барааны үнэ 2,978,865 төгрөгийн болон худалдаж авсан хөнжлийн даавууны үнэ 140,000 төгрөг  гаргуулах тухай хоёр төрлийн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээг худалдах-худалдан авах гэрээ гэж дүгнэн Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг тайлбарлан баримталсан боловч Турк улсад захиалсан бараанаас дутуу ирсэн барааны үнэ 2,978,865 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад эрх зүйн дүгнэлт өгөөгүй нь алдаатай болсноос гадна нэхэмжлэгч гэрээний үүргийн биелэлтийг бус харин гэрээнээс татгалзаж, өгсөн мөнгөө буцаан шаардсан байгааг анхаараагүй нь буруу болжээ.

10. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. Зохигчдын гэрээний зүйл болох эд хөрөнгө нь хариуцагчийн өмчлөлийн зүйл биш, уг эд хөрөнгийг бусдын өмчлөлөөс нэхэмжлэгчид шилжүүлэх үүрэг хүлээсэн хариуцагчийг худалдагч гэж үзэх үндэслэлгүй. Хариуцагч нэхэмжлэгчийн нэрийн өмнөөс худалдах-худалдан авах гэрээ байгуулж, эд хөрөнгийг гуравдагч этгээдийн өмчлөлөөс нэхэмжлэгчид шилжүүлэх үүрэг хүлээснээр түүнийг даалгавар гүйцэтгэгч гэж үзэхээр байна. Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1 дэх хэсэгт заасан даалгаврын гэрээгээр даалгавар гүйцэтгэгч нь даалгавар өгөгчийн нэрийн өмнөөс, түүний зардлаар тодорхой үйлдэл хийх, хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол даалгавар өгөгч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг. Мөн зүйлийн 399.4 дэх хэсэгт зааснаар ямар ч үед даалгавар өгөгч даалгавраа цуцлах эрхтэй байна. Иргэний хуулийн 405 дугаар зүйлийн 405.1.1 дэх заалтад зааснаар даалгавар өгөгч даалгавраа цуцалсан бол даалгаврын гэрээ дуусгавар болдог.

11. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэгч болон хариуцагч нарын фейсбүүкээр харилцсан /чат/ зурваст үзлэг хийлгэх тухай хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг тодруулаагүй, ”...хүсэлт нь энэ хэрэгт ямар ач холбогдолтой болох нь тодорхойгүй” гэх үндэслэлээр 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 130/ШЗ2022/01864 дугаартай “Хүсэлтийг хангахаас татгалзах тухай” захирамжаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 25 дугаар зүйлийн 25.1.3, 25.2.2-д заасан эрхийг зөрчиж, хуульд заасан тохиолдолд хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхээс нотлох баримт бүрдүүлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан журам зөрчигджээ. Шүүх нэхэмжлэгчийн дээрх хүсэлтийг хангаж үзлэг хийх байжээ. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй.

12. Иймд нэхэмжлэгчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3 дахь хэсэгт заасан хүсэлт гаргах эрх бодитой хангагдаагүй, анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, энэ тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагын талаар дүгнэлт хийх боломжгүй, нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн, Иргэний хуулийн хэрэглэвэл зохих заалтыг хэрэглээгүй тул нэхэмжлэгчийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцаах тухай гомдлыг хангаж шийдвэрлэв.

            13. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 64852 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь заалтыг удирдлага болгож,

ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 130/ШШ2022/00639 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 64852 төгрөгийг шүүгчийн  захирамжаар зохих данснаас гаргуулж буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Л.АЛТАН

 

ШҮҮГЧ                                                            Н.МӨНХЖАРГАЛ

 

ШҮҮГЧ                                                            Д.КӨБЕШ