Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 212/МА2022/00091

 

 

   

 

 

 

 

 

 

 

А.Н-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Алтан даргалж, шүүгч Н.Мөнхжаргал, тус шүүхийн шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж,   

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж шийдвэрлэсэн, 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 130/ШШ2022/00701 дүгээр шийдвэртэй, 

Нэхэмжлэгч тус аймгийн *** оршин суух Б овогт А.Н-ийн /рд:УЕ00000000/ нэхэмжлэлтэй, хариуцагч тус аймгийн Б сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль /захирал М.У, рд:00000000/-д  холбогдох,

Баян-Өлгий аймгийн Б сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн түүх, нийгмийн багшийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөх олговор гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.    

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Даулетжан, нэхэмжлэгч А.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд /цахимаар/ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн агуулга:   

1.1. Миний бие 2003 онд Баян-Өлгий аймгийн Б сумын Ерөнхий боловсролын дунд сургуульд түүх, нийгмийн багшаар ажилд орж 2021 оны 3 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл багшаар ажилласан. 2021 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Баян-Өлгий аймгийн Б сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлаар ажиллаж байгаад Б сумын Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Б/01 дүгээр тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл өвчний учир эмнэлгийн чөлөөтэй байсан. Улмаар Баян-Өлгий аймгийн Б сумын Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Б/04 дугаартай тушаалаар тус сумын 1 дүгээр сургуулийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон ба дараа нь мөн Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Б/06 дугаартай захирамжаар мөн Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Б/04 дүгээр захирамж хууль тогтоомжид нийцээгүй тул 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс хүчингүй болсонд тооцсон учир миний бие тус сургуулийн тамга тэмдгийг хүлээлгэж өгсөн.

1.2. Намайг тус сургуулийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилохдоо тус сургуулийн түүх, нийгмийн ухааны багшийн үүрэгт ажлаас чөлөөлөөгүй, багшаар ажиллаж байсан хөдөлмөрийн гэрээг цуцлаагүй тул миний бие тус сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн түүх, нийгмийн багшийн албан тушаалаас чөлөөлөгдөөгүй.

1.3. Тухайн үед би төрийн албаны тусгай шалгалт өгөөгүй. Яагаад гэвэл өмнө нь удирдах албан тушаал хашаагүй тул шалгалтад орж чадаагүй. Одоогийн захирлаар ажиллаж байгаа М.У өмнө нь менежерээр 8 жил ажиллаж байгаад тусгай шалгалтад ганцаараа ороод тэнцсэн. 2022 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажлаа хүлээлгэж өгсөн ба М.У намайг 2022 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мэргэжлээрээ ажилд авна гэж гараар тодорхойлолт бичиж өгсөн. Би уг гараар бичиж өгсөн тодорхойлолтын нэг хувийг авъя гэж асуухад тухайн үед ажил хүлээлгэж өгөх комиссын дарга одоогийн иргэний бүртгэлийн улсын хяналтын байцаагч Х.Е надад “энэ тодорхойлолт байж байдаг таныг мэргэжлээрээ ажилд авна, санаа зовохгүй байж болно” гэснээр би тухайн үед яваад өгсөн. Тэр өдрөөс хойш одоо хүртэл ажилгүй байгаа.

1.4. Цагийн багш нарыг ажлаас чөлөөлж намайг мэргэжлээрээ ажилд авах боломж байсан. Жирэмсний амралтаа авсан А.Б-ын оронд ажилд авах боломж бас байсан. Зарим хүмүүс асуухаар А.Н надтай ирж уулзах ёстой гэж хэлсэн байна. 2022 оны 5, 6 дугаар сараас эхэлж цалин, амралтын мөнгө авч чадаагүй.

1.5. Иймд А.Н намайг Баян-Өлгий аймгийн Б сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн түүх, нийгмийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 3600000 төгрөг гаргуулж, мөн хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:

2.1. Тус сургуулийн захирал М.У би Баян-Өлгий аймгийн Б сумын Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/01 дугаартай захирамжаар тус сургуулийн захирлын ажилд бүр томилогдсон.

2.2. Гэвч Б сумын Засаг даргаас намайг сургуулийн захиралд хууль ёсоор томилсон захирамжийг хүчингүй болгосон шийдвэр гаргасан боловч дараа нь Баян-Өлгий аймгийн Засаг даргын захирамжаар Б сумын Засаг даргын М.У намайг сургуулийн захирлаас хууль бусаар чөлөөлсөн захирамжийг хүчингүй болгосон. Ингээд М.У би 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн одоо хүртэл тус сумын сургуулийн захирлын ажлыг гүйцэтгэж байна.

2.3.А.Н тус сургуулийн захирлын ажилд томилогдохоос өмнө тус сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан. ХаринА.Н нь сургуулийн захирлын албан тушаалд томилогдохоос өмнө сургуульд түүх-нийгмийн багшаар ажиллаж байсан.А.Н нь Б сумын Засаг даргын 2021 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн Б/31 дугаартай захирамжаар тус сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсоноор түүний оронд С.Б гэдэг багш томилогдон тэрээр одоо хүртэл сургуулийн түүх, нийгмийн багшийн ажлыг хэвийн гүйцэтгэж байна.

2.4.А.Н нь 2021 оны 3 дугаар сарын 28-ны өдөр өөрийн дотоод итгэл, сайн дурын хүсэл зоригийн дагуу тус сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон уг албан тушаалыг 1 жил 1 сарын хугацаагаар хашиж, цалин хөлс, бусад хангамжийг эдэлж байсан. Нөгөө талаас А.Н нь тус сургуулийн захирлын албан тушаалын сонгон шалгаруулалтад оролцохоор Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбарт хүсэлт гаргаж байсан. Түүний оронд бүр томилогдсон С.Б багштай ажил олгогчийн байгуулсан хөдөлмөрийн гэрээ хүчинтэй байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан нэхэмжлэгчА.Ны тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

 3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 130/ШШ2022/00701 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2, 158.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн гомдлыг хангаж, Б  овгийн А.Н- г Баян-Өлгий аймгийн Б сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн түүх, нийгмийн багшийн ажилд эгүүлэн тогтоож,  Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д заасныг баримтлан Баян-Өлгий аймгийн Б сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулиас 3300000 /гурван сая гурван зуун мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Н-д олгож, илүү нэхэмжилсэн 300000 /гурван зуун мянган/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 15 дугаар зүйлийн 15.1-д заасныг тус тус баримтлан А.Н-ы ажилгүй байсан хугацаанд ажил олгогчоос төлөх нийгмийн даатгалын шимтгэл 386100 /гурван зуун наян зургаан мянга нэг зуун/ төгрөгийг нийгмийн даатгалын санд шилжүүлэхийг Баян-Өлгий аймгийн Б сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Баян-Өлгий аймгийн Б сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулиас 70200 төгрөг гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэжээ.  

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүх А.Н-ы нэхэмжлэлтэй Баян-Өлгий аймгийн Б сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирал М.У-д холбогдох хөдөлмөрийн маргаан бүхий иргэний хэргийг хянан шийдвэрлэхэд 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

4.2. М.У нь Баян-Өлгий аймгийн Б сумын Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Б\01 дугаартай захирамжаар тус сургуулийн захирлын ажилд томилогдон ба одоо хүртэл тус сургуулийн захирлын ажлыг хашиж байна. М.У нь тус сургуулийн захирлын ажилд томилогдохоос өмнө тус сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байжээ. Харин А.Н нь сургуулийн захирлын албан тушаалд томилогдохоос өмнө сургуульд түүх-нийгмийн багшаар ажиллаж байсан А.Н нь Б сумын Засаг даргын 2021 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн Б\31 дугаартай захирамжаар тус сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсоноор түүний оронд С.Б  гэдэг багш бүр томилогдон тэрээр одоо хүртэл сургуулийн түүх-нийгмийн багшийн ажлыг хашиж гүйцэтгэж байна.

4.3. Иймд нэхэмжлэгч А.Н нь 2021 оны 3 дугаар сарын 28-ны өдөр өөрийн дотоод итгэл, сайн дурын хүсэл зоригийн дагуу тус сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон уг албан тушаалыг 1 жил 1 сарын хугацаагаар хашиж, цалин хөлс, бусад хангамжийг бүрэн эдэлж байсан. Нөгөө талаас А.Н нь тус сургуулийн захирлын албан тушаалын сонгон шалгаруулалтад оролцохоор Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбарт хүсэлт гаргаж байсан, түүний оронд бүр томилогдсон С.Б  багштай ажил олгогчийн байгуулсан хөдөлмөрийн хугацаагүй гэрээ хүчинтэй байгаа зэрэг нөхцөл байдал тогтоогдсон. 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйл “Урьд эрхэлж байсан, ажил, албан тушаалд нь эгүүлэн авах”, 36.1 “ажил олгогч нь ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь дараах тохиолдолд эгүүлэн авах үүрэгтэй”, 36.1.1 “үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас тахир дутуу болж, хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон ажилтан эдгэрсний дараа нэг сарын дотор эргэн ирсэн”,  36.1.2 “ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтны өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон”, 36.1.3 “хуульд заасан бусад тохиолдол”

4.4. Гэтэл анхан шатны шүүх 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлд заасан хууль зүйн нөхцөл байдал үүсээгүй байхад А.Ныг урьд эрхэлж байсан Баян-Өлгий аймгийн Б сумын Ерөнхий боловсролын дунд сургуулийн түүх, нийгмийн багшийн ажилд эгүүлэн томилсон шийдвэр гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2. “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

4.5. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрлэж өгөхийг хүсье.  

 

5. Нэхэмжлэгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

5.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьездийн давж заалдах журмаар гаргасан гомдол нь үндэслэлгүй байна. Би анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан учир нь би өөрийнхөө орон тоонд хүн авсан ч гэлээ, цаана цагийн багшаар түр ажиллаж байсан багш нарын оронд намайг ажилд авах ёстой гэдэг агуулгатай шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан. М.У гэдэг хүн намайг өөрийнх нь орон тоонд Б гэдэг хүнийг ажилд авсан учир чиний орон тоо байхгүй гэдэг тайлбарыг гаргаж байна. Гэтэл бодит байдалд тус сургуульд А , А  гэх багш нар цагийн багшаар ажиллаж байсан бөгөөд тэдгээр багш нарын оронд намайг үргэлжлүүлэн ажиллуулах ёстой байсан. Тухайн үед би Засаг даргын санал болгосноор сургуулийн захирлаар ажиллаж байсан болохоос биш тус албан тушаалд сайн дураараа очоогүй. Би 20 жилийн хугацаанд ажиллаад, дараа нь 1 жилийн хугацаанд захирал хийсний төлөө урьд ажиллаж байсан 20 жилийн хөдөлмөр үгүйсгээд байна. Миний хувьд 2021 оны 3 дугаар сарын 28-ны өдөр захирлаар томилогдоод 2022 оны 4 дүгээр 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан. Ингээд захирлын ажлаас чөлөөлөгдөөд өмнө ажиллаж байсан Түүх, нийгмийн багшийн ажилдаа ажиллая гэсэн боловч ажиллуулаагүй. Намайг ийнхүү хууль бусаар ажиллуулаагүй улмаас миний бие хэдэн сарын хугацаанд цалин, мөн нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлж чадаагүй. Мөн цалин аваагүй учир банканд буй зээлээ төлж чадахгүй нөхцөл байдалд хүрч, Монгол банкны хар дансны жагсаалтад орсон. Ийнхүү эрх ашиг маань хөндөгдөж, зөрчигдсөн учир шүүхэд хандсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахаас татгалзаж шийдвэрлэж өгөхийг хүсэж байна.

 

ХЯНАВАЛ:

 

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаж үзээд, анхан шатны шүүхийн шийдвэр мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул  шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

7. Нэхэмжлэгч А.Н нь хариуцагч тус аймгийн Б сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захиралд холбогдуулан, тус сургуулийн түүх нийгмийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн  олговор гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай  нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

8. Хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч А.Н нь тус аймгийн Б сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 2003 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 12 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалаар түүх, нийгмийн багшаар томилогдон ажиллаж байгаад Б сумын Засаг даргын 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн Б/31 дүгээр тушаалаар багшийн ажлаас чөлөөлөгдөж, мөн өдрөөс эхлэн тус аймгийн Б сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлаар түр томилогдсон боловч тус аймгийн Б сумын Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Б/01 дугаартай захирамжаар Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс нэр дэвшүүлж, санал болгосон тогтоолын дагуу тус сумын 1 дүгээр сургуулийн захирлаар М.У  томилж, мөн өдрөөс эхлэн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Н-ыг үүрэгт ажлаас нь  чөлөөлсөн байна.

Мөн Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Б/03 дугаартай “Захирамж хүчингүй болгох тухай” захирамжаар М.У-ыг 1 дүгээр сургуулийн захирлаар томилох тухай Б/01 дугаартай захирамжийг хүчингүй болгож, Б/04 дугаартай “А.Н  түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай” захирамжаар 1 дүгээр сургуулийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр А.Н-ыг дахин томилжээ.

Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Б/06 дугаартай захирамжаар Б сумын Засаг даргын 2022 оны “Захирамж хүчингүй болгох тухай” Б/03 дугаар захирамж, 2022 оны “А.Н-г түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай” Б/04 дугаар захирамж хууль тогтоомжид нийцээгүй тул 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс хүчингүй болсонд тооцсон байна.  

Баян-Өлгий аймгийн Б сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлын 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Б/34 дугаартай тушаалаар С.Б-г 2021 оны 9 дүгээр сарын 01-ээс эхлэн түүх нийгмийн ухааны хичээлийн үндсэн орон тоонд авч ажиллуулсан үйл баримт тогтоогджээ.

 

9. Нэхэмжлэгч А.Н-ыг анх түүх, нийгмийн багшийн ажлаас ажил олгогчийн санаачилгаар буюу 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-т зааснаар чөлөөлсөн байх бөгөөд хариуцагчийн “нэхэмжлэгч өөрийн дотоод итгэл, сайн дурын хүсэл зоригийн дагуу тус сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажилласан” гэх тайлбар нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна. Иймд түүнийг түүх, нийгмийн багшийн ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн гэж үзэх  үндэслэлгүй байх тул ажил олгогч түүнийг түүх нийгмийн багшийн ажил, үүргийг гүйцэтгүүлэхгүй, цалин хөлс олгохгүй байгааг ажлаас халсантай адилтгаж үзэхээр байна. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

10. Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, ажилтны гомдлыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй бөгөөд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай талаас нь үнэлсэн байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

11. Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

12. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөнө.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дахь заалтыг удирдлага болгож

ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 130/ШШ2022/00701 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Л.АЛТАН

ШҮҮГЧ                                                            Н.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                            Д.КӨБЕШ