Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 758

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж,

нарийн бичгийн дарга М.Бүрэнжаргал, 

улсын яллагч Н.Булганчимэг,

шүүгдэгч Н.Т/шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Н.Төмөртогоод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1811012160922 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол улсын иргэн Х овогт Н.Т, 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Хэнтий аймгийн Норовлин суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа том оврын автомашинаар ачаа тээвэрлэдэг ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Сэлбэ 26 гудамж 698 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Жаргалантын А-207 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй,

-урьд 2013 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Хэнтий аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 25 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 3 дугаар сарын 2-ны өдөр хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, РД:/..................... /,

 

Шүүгдэгч Н.Т нь 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Олон нуур” караокены хажууд иргэн Х.Ганзоригийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Н.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Бусдад хохирол учруулсан нь үнэн. Мөн хохирогч одоо гомдол саналгүй гэсэн. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогч Х.Ганзориг мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “…2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр би Дарь Эх рүү эгчийнхээрээ орох гэж очсон. Тэгээд буцах гэж байтал тэнд найз Төмөртогоотой таарсан. Тэгээд уулзаад байж байтал Төмөртогоо руу найз Энхтөр залгасан. Энхтөр нь манай цэргийн найз байгаа юм. Тэгээд уулзахаар болоод Энхтөр дэлгүүрээс архи аваад Энхтөрийн гэрт уусан. Энхтөр тасарчихсан юм. Төмөртогоо бид хоёр тэндээс гараад Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Олон нуур караокед орсон. Би таксинаас түрүүлээд буусан. Би түрүүлж буугаад ороод 4 шил пиво захиалаад сууж байсан. Тогоо 30-аад минутын дараа орж ирээд согтуу чи яагаад орхиод ордог юм бэ, чамайг би Дарь эхээр алхуулахгүй дээ гээд дайраад байсан ...Караокений урд гудаманд хоёулаа маргалдсан. Чи намайг орхиж явлаа гээд бүүр ноцолдсон. Би Тогоог нэг хөмрөөд унагасан. Тэгээд за одоо бос бос гээд босгосон. Миний куртикийг өмсчихсөн байсан. Би куртикээ нэг нэхэх гэснээ за яршиг яршиг гэж бодоод эргэж хараад явах гэж байтал Тогоо миний араас юмаар цохисон. Толгой руу тоосгоор цохих шиг болсон. Би толгойгоо гараараа барьж байхад миний гартай хавсраад цохисон юм. Тэгээд миний баруун гарын эрхий хуруу зөрж хугарсан. Толгой бол гайгүй, жаахан шалбарсан байсан ...” гэх мэдүүлэг /хх-14-16х/,

              Яллагдагч Н.Тмэдүүлэхдээ: “...Ганзориг гарч ирээд чи яагаад маяглаад байгаа байгаа гэхээр нь чи таксины мөнгө өгчихөж чадахгүй гээд тэрнээс болж маргалдаж уг баарны урд талын гудамжинд муудалцаж зодолдох үед Ганзориг над руу чулуу барьж дайраад намайг хөмөрч унагаасан тул би гарт байсан чулууг нь булааж аваад толгой руу нь чулуугаар нь 1 удаа цохиод түүнийг орхиж явсан юм ...” гэх мэдүүлэг. /хх-35-36х/,

              Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 5116 тоот дүгнэлтэд: “1. Х.Ганзоригийн биед баруун гарын 1-р хурууны алганы шивнүүр, зүүн хоншоор ясны зөрөөтэй, зүүн нүдний ухархайн доод, зүүн хацар ясны зөрөөгүй, хүзүүний 1-р нугалмын баруун сэртэнгийн хугарал, зүүн хацар, дагзны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

           2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

           3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

          4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

          5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна” гэжээ /хх-28х/

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Н.Тнь 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Олон нуур” караокены хажууд иргэн Х.Ганзоригийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Н.Т-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Н.Т учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, хохирогч Х.Ганзориг нь гэм буруутай этгээдэд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.

Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8,9 дэх хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Х овогт Н.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Тг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Тд оногдуулсан торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд буюу 2018 оны 12 дугаар сарын 25-ны дотор төлөхийг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Т нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Н.Т нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Төмөртогоод хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ё.ЦОГТЗАНДАН