| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ёндонгийн Цогтзандан |
| Хэргийн индекс | 186/2018/0752/э |
| Дугаар | 778 |
| Огноо | 2018-11-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Булганчимэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 778
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж,
нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг,
улсын яллагч Н.Булганчимэг,
шүүгдэгч П.Э /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан П.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1811024780954 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол улсын иргэн Б овогт П. Э, 1984 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Баруун Алтан-Өлгий 37-654 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй,
-урьд 1999 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 330 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 1-д зааснаар 30.000 төгрөгөөр торгох ялаар,
- 2013 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 106 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар,
- 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 383 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, регистрийн ................. дугаартай.
Шүүгдэгч П.Э нь 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд байрлах Нарантуул-2 захын урд согтуурсан үедээ О.Мөнхдархантай маргалдан архины шилний хагархайгаар зүсэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч П.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Хохирогч О.Мөнхдархан мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “…2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 18 цагийн орчим Нарантуул-2 захын урд би дэлгүүр орохоор ганцаараа явж байсан. Тухайн үед би жаахан халамцуу явж байсан. Тэгтэл замд нэг залуу нэг настай хүнийг заамдаад цохих гээд зогсож байсан. Би очоод болиоч аав шигээ хүнийг зодох гэлээ гээд хэлчихээд яваад өгсөн. Дэлгүүр орчихоод гараад иртэл тэр залуу тулж ирээд гартаа нэг хагархай шил барьчихаад намайг хэд хэд цохиод байсан. Эрүү нүүр лүү шилгүй гараараа цохисон ...” гэсэн мэдүүлэг. /хх-14-15х/,
Яллагдагч П.Э мэдүүлэхдээ: “...тэгэхээр нь би миний аав ийм хүн байгаагүй юм гэж хэлсэн чинь Мөнхдархан шууд миний нүүр рүү цохиод авахаар би эргүүлээд нүүр рүү нь нэг удаа цохисон юм. Тэгээд Мөнхдархан миний хувцаснаас зуураад дээш нь шуугаад барьчихаад газар унагаасан. Би газар уначихаад миний унасан газар хагархай шил байсан бөгөөд би тэр шилийг аваад эрүүнд нь нэг удаа зүсчихээд цаашаа бай гээд шилээрээ айлгасан. Гэтэл над руу хүрээд ирсэн чинь гэдэс хэсэгт нь зүсэгдсэн юм ...” гэсэн мэдүүлэг. /хх-28х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 10805 тоот дүгнэлтэнд:
“1. О.Мөнхдарханы биед доод эрүү, хэвлийд шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь иртэй зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна” гэжээ /хх-23х/,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч П.Э нь 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд байрлах Нарантуул-2 захын урд согтуурсан үедээ О.Мөнхдархантай маргалдан архины шилний хагархайгаар зүсэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч П.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч П.Э учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, хохирогч О.Мөнхдархан нь гэм буруутай этгээдэд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8,9 дэх хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б овогт П. Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Эыг 240 (хоёр зуун дөч) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Э нь 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, П.Э нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Эд хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ё.ЦОГТЗАНДАН