| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ёндонгийн Цогтзандан |
| Хэргийн индекс | 186/2018/0726/э |
| Дугаар | 781 |
| Огноо | 2018-11-05 |
| Зүйл хэсэг | 17.1.1., 17.4.1., |
| Улсын яллагч | Д.Агар |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 781
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг,
Улсын яллагч Д.Агар,
Шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч Ц.Тунгалаг,
Хохирогч Р.Мөнхтогтох,
Иргэний хариуцагч Ж.Энхбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Бадамхандын Энхбатад холбогдох эрүүгийн 1811011270581 дугаартай хэргийг 2018 оны 10 сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Б овогт Б.Э, Монгол Улсын иргэн, 1981 оны 12 сарын 9-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 10 дугаар гудамж 518 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:
- 2003 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 265 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1, 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ял,
- 2005 оны 3 дугаар сарын 9-ний өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 69 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 148 дугаар зүйлийн 148.2, 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ялаар шийтгэгдсэн,
- 2005 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр Баянгол дүүргийн шүүхийн 352 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 148 дугаар зүйлийн 148.3, 261 дугаар зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 8 жил 11 сар 7 хоногийн хорих ялаар шийтгэгдсэн,
- 2013 оны 3 дугаар сарын 4-ний өдөр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 95 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 2 сарын хорих ялаар шийтгэгдсэн,
- 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 814 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сар хорих ялаар шийтгэгдэж 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдөр суллагдаж байсан, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ................./.
Шүүгдэгч Б.Э нь 2018 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 3 дугаар гудамж 220 тоот хашаанд байсан хохирогч Ц.Амархүүгийн 53-74 УБХ улсын дугаартай Камак автомашинаас Солайт маркийн 200 ампер цагтай аккумлятор нууцаар, хууль бусаар хулгайлж 891.000 төгрөгний хохирол учруулсан,
Шүүгдэгч Б.Э нь 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мөнх такси” ХХК-аас 47-24 УБС улсын дугаартай “Хьюндай Аванти” маркийн тээврийн хэрэгслийг түрээсээр явуулах гэрээ байгуулан авч бусдын итгэмжилж хариуцуулсан эд хөрөнгийн завшиж 5.000.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Эаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “…Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 3-220 тоот нийтийн байранд очсон. Хөлсөлж явсан машинаа хашааны гадаа үлдээгээд дотогш ороход хашаанд ямар нэгэн хүн байгаагүй. Тэгэхээр нь би тэр хашаанд байсан шорлогийн хажууд байсан улбар шар өнгийн камаз машины буруу талд нь очоод 2 ширхэг аккумляторыг нь тайлж авсан. Тухайн үед аккумляторыг бэхлээд боочихсон байсан болохоор таксины жолоочоос 10-н түлхүүр авч аккумляторыг салгасан юм. Тэгээд нөгөө сууж ирсэн таксиндаа ачаад 32-ын буудлын урдуур Хүчит шонхор зах руу эргээд байдаг түүхий эд авдаг Цэрэн төвд очиж нэг аккумляторыг 65.000 төгрөгөөр бодоод хулгайлсан 2 ширхэг аккумлятороо 130.000 төгрөгөөр зарсан ...” гэсэн мэдүүлэг /хх-31-32/, мөн түүний мөн дахин яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: “ ...өмнө нь сэжигтний мэдүүлэг өгөх үедээ болсон явдлын талаар бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Дахин нэмж хэлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг 132-133х/,
Шүүгдэгч Б.Эаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Хохирогч Р.Мөнхтогтохоос шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Би Мөнхтакси ХХК-ийн захирал ажилтай. Манай компани Энхбатад өөрийн эзэмшлийн таксийг түрээсээр өгсөн. Машин авснаас нэг сарын хугацаанд орлого өгч байгаад зогссон. Тухайн хугацаанд нь би хөдөө явж таарсан. Энхбатыг хайгаад олохгүй байж Төв аймгаас олсон. Манай машинууд нийтийн тээврийн бүртгэлтэй. Нийт өртөг 8.000.000 төгрөг гэтэл үнэлгээний байгууллага 5.000.000 төгрөг гэж үнэлсэн. Энхбат асуудал гаргаагүй бол өнөөдрийг хүртэл хугацаанд 8.000.000 төгрөгийн орлого гаргах л байсан. Иргэний хариуцагчид гомдолтой байна. Ямар учраас баримт бичиггүй машин аваад нөгөөд нь зараад байгаа юм бэ? Миний зүгээс 8.000.000 төгрөг авах хүсэлтэй байна. Мөн тус машин нь манай компанийн нэр дээр явж байгаа учраас даатгал, татварт манай компани дээр гарч байгаа учраас хасалт хийж өнгө үү” гэв.
Иргэний хариуцагч Ж.Энхбаатараас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Би Да хүрээ захад хуучин машин авч янзлаад буцааж зардаг ажил эрхэлдэг. Нэг өдөр Зар сонинд машин зарах зар гарсан байсан. Тэгээд залгаж уулзаад машинаа үзэж хараад хоорондоо ярьсан. Тухайн үед нэлээн муудсан машин байсан учраас 500.000 төгрөгт авсан. Надад хэлэхдээ такси компаниас саяхан чөлөөлсөн. Би танд маргааш нөгөөдрөөс шилжүүлж өгнө гэж хэлсэн. Энхбат иргэний үнэмлэхийн хуулбар аваад юм бичиж өгсөн. Би 200.000 төгрөгийн засвар хийлгээд Дорнод аймгийн нэг залууд өөрөө нэрийг нь шилжүүлээд аваарай гэж хэлээд 700.000 төгрөгт зарсан” гэв.
Хохирогч Ц.Амархүүгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “…2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 11 цаг өнгөрч байхад гэрээсээ гараад гадуур өөрийн хувийн ажлаа хөөцөлдөж явж байсан. Тэгсэн чинь манай нийтийн байранд түрээсээр суудаг хүн болох Х.Батдорж манай охин А.Даваадулам руу залгаад урьд буюу 2017 оны 11 сард манай нийтийн байранд 1 сар орчим түрээслэн сууж байгаад архи уугаад төлбөр мөнгөө өгөхгүй дутуу мөнгө өгсөн залуу болох Ээнээ гэж дууддаг Энхбат гэдэг залуу манай хашаанд зогсож байсныг хэлсэн. Тэгээд тэр залуу манай гэрийн зүг яваад буцаад яваад миний машины хажууд зогсож байсныг Х.Батдорж гэдэг хүн харсан. Би тэгээд гэртээ ирээд тээврийн хэрэгслийнхээ бүрэн байдлыг харахад аккумляторын суурь дээр байсан 2 ширхэг аккумлятор алдагдсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-15х/,
Хохирогч Р.Мөнхтогтохоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...зарын дагуу 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Бадамхандын Энхбат гэх хүн ирж уулзсан. Б.Э гэх хүн өөрийн хорооны тодорхойлолт иргэний үнэмлэхийн лавлагаа, батлан даалт гаргаж өгөх хүний тодорхой баримтуудыг бүрдүүлж манай компанид өгсөн. Б.Эыг батлан дааж түүний ээж Сэнгийн Бадамханд гэх хүн оролцсон. Б.Э нь манай хашаанд байгаа машинуудаас өөрөө 47-24 УБС улсын дугаартай 2004 онд үйлдвэрлэгдсэн, 2013 оны 09 дүгээр сарын 17-нд Монгол улсад орж ирсэн, 2015-2017 оны хооронд таксины үйлчилгээнд явж байсан мөнгөлөг өнгийн Хюйндай Авинти машиныг сонгож авсан. Манай компаниас Б.Этай уг машиныг 8.000.000 төгрөгөөр үнэлж өдрийн 25.000 төгрөг төлөхөөр ажлын 300 хоногийн хугацаатай такси түрээслэх гэрээ байгуулсан. Уг гэрээг байгуулахдаа урьдчилгаа гэж буцаан олгосон. Энхбат нь машинд засвар үйлчилгээ хийлгэсэн талаар мэдэхгүй байна. Энхбат түрээслэсэн өдрөөс хойш 2 долоо хоногийн түрээсийн төлбөр төлсөн. Энэ талаар баримтаар гаргаж өгөх боломжтой. Тэрнээс хойш Энхбат түрээсийн төлбөр төлөхгүй ор сураггүй алга болсон. Тухайн үед Энхбаттай утсаар холбогдоход хөдөө явсан машин эвдэрсэн гэх шалтгаануудыг хэлж байгаад сураггүй алга болсон...” гэсэн мэдүүлэг /хх-104-105, 171-172х/,
Иргэний хариуцагч Ж.Энхбаатараас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Би хувиараа хуучин машин аваад засаж сэлбээд зардаг ажил хийдэг юм. 2018 оны 03 дугаар сарын сүүлээр зар мэдээ сонинд япон, солонгос машин авна гэж зар өгсөн юм. Тэгтэл нэг дугаараас залгаад Аванти эксди машин байна 1.000.000 төгрөгнөөс яриад өгнө гэхээр нь би Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 5 буудлын орчим гэр хорооллын гудамжинд бензин байхгүй гээд зогсож байхаар нь үзсэн. Жолооч нь гээд өндөр туранхай бор залуу байсан бөгөөд өөр нэг найзтайгаа явж байсан. Тэгээд би машиныг нь үзсэн чинь өнгө үзэмж муутай дуу шуу ихтэй байсан. Жолоочтой би 500.000 төгрөгөөр авах юм байна гээд үнэ мөнгөө тохироод гэрчилгээг нь үзсэн чинь такси компани нэр дээр байсан. Тэгэхээр нь би юун такси компаний нэр дээр байдаг билээ гээд асуутал такси компаниас чөлөөлөөд авсан юм танд хэд хоногоос бичгийг нь аваад өгнө гэхээр нь би итгээд авсан юм. Тэгээд тэр машин над дээр 2 долоо хоног болсон бөгөөд нөгөө залуу руу залгасан чинь утас нь ерөөсөө болохгүй байсан. Тэгсэн чинь над дээр нэг залуу ирээд хямдхан машин байна уу гэхээр нь тэр машинаа үзүүлээд 700.000 төгрөгөнд өгсөн. Тэр залууд нөгөө залуугийн машин зарсан баталгаа бичгийг өгсөн ба өөрийнх нь утасны дугаар гэрийн хаягыг тэмдэглэж аваагүй. Одоо хаана байгаа талаар мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-177-179х/,
Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-6-9х/, Дамно ХХК-ний Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-107х/, Дамно ХХК-ний Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-25-26х/, Мөнх такси ХХК ба жолоочийн хооронд байгуулсан такси ажиллуулах гэрээ /хх-111-113х/,
Шүүгдэгч Б.Эын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-70х/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-34х/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-36-37х, 38-39х, 40-41х, 44-45х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч Б.Э нь 2018 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 3 дугаар гудамж 220 тоот хашаанд байсан хохирогч Ц.Амархүүгийн 53-74 УБХ улсын дугаартай Камак автомашинаас Солайт маркийн 200 ампер цагтай аккумлятор нууцаар, хууль бусаар хулгайлж 891.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг,
Мөн шүүгдэгч Б.Э нь 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мөнх такси” ХХК-иас 47-24 УБС улсын дугаартай “Хьюндай Аванти” маркийн тээврийн хэрэгслийг түрээсээр явуулах гэрээ байгуулан авч бусдын итгэмжилж хариуцуулсан эд хөрөнгийн завшиж 5.000.000 төгрөгний хохирол учруулсан болох нь тус тус нотлогдож байна.
Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Б.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлж 891.000 төгрөгийн хохирол учруулсан,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан итгэмжилж хариуцуулсан эд хөрөнгийг завшиж 5.000.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч Б.Эын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.
Харин иргэний хариуцагч Ж.Энхбаатар нь “Мөнх такси” ХХК-ийн нэр дээр байгаа машиныг хулгайн машин гэдгийг мэдсээр байж худалдан авсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт: “...тухайн хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдэж олсон болохыг мэдсээр байж авсан болох нь тогтоогдвол шүүх уг эд зүйл, хөрөнгө, орлогыг бусдын өмчлөлд шилжүүлсэн хэлцлийг хүчингүйд тооцож, хөрөнгө, орлогыг хураан авч хохирлыг төлүүлнэ” гэсэн байх тул түүнээс уг автомашины үнэ болох 5.000.000 төгрөгийг гаргуулан хохирогч Р.Мөнхтогтоход олгох нь зүйтэй.
Мөн шүүгдэгч Б.Эаас хохирлын 891.000 төгрөгийг гаргуулан хохирогч Ц.Амархүүд, мөн 5.000.000 төгрөгийг гаргуулан иргэний хариуцагч Ж.Энхбаатарт олгож шийдвэрлэв.
Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Э нь 140 хоног цагдан хоригдсон хоногтой болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлсан,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжилж хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эыг 1 /нэг/ жилийн хорих ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эад энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эад оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эын цагдан хоригдсон нийт 140 /нэг зуун дөч/ хоногийг биечлэн эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эаас хохирлын 891.000 /найман зуун ерөн нэгэн мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч Ц.Амархүүд, мөн 5.000.000 /таван сая/ төгрөгийг гаргуулан иргэний хариуцагч Ж.Энхбаатарт, иргэний хариуцагч Ж.Энхбаатараас 5.000.000 /таван сая/ төгрөгийг гаргуулан хохирогч Р.Мөнхтогтоход олгосугай.
7. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эыг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний хариуцагч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Ё.ЦОГТЗАНДАН