| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ёндонгийн Цогтзандан |
| Хэргийн индекс | 186/2018/0785/э |
| Дугаар | 795 |
| Огноо | 2018-11-15 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Н.Булганчимэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 795
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж,
нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг,
улсын яллагч Н.Булганчимэг,
шүүгдэгч Б.Ш,
шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Тунгалаг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Б.Шт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1811006561014 дугаартай хэргийг 2018 оны 11 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол улсын иргэн Б овогт Б.Ш, 1983 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 62 дугаар гудамжны 1189 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, РД:/...................... /,
Шүүгдэгч Б.Ш нь 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 62 дугаар гудамжны 1189 тоотод хохирогч Д.Аюуртай архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхдаа хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар Самсунг галакси Жи-2, Самсунг галакси Эс-3 загварын гар утсыг хулгайлан авч 328.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Б.Ш шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Хохирогч Д.Аюураас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “…Шинэбаяр Ангиа хоёрыг орж ирэх үед надад цагаан сараар хэрэглэхээр авсан архи байсан тул би тэр хоёрт нэг шил архи задалж өгсөн. Тэгээд тэр хоёр архи уучихаад гараад явахаар нь утсаа үзэхэд Самсунг Галакси Жи-2, Си-3 гэсэн хоёр утас маань алга болсон байсан. Тэгээд би араас нь гараад гэр рүү нь ороод Батсууриас Шинээ орж ирэв үү гэхэд орж ирээгүй гэж хэлж байсан ...” гэсэн мэдүүлэг. /хх-20х/,
Гэрч Н.Отгондорж мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Шинэбаяр бид хоёр ...Аюур ахын гэрт орсон. Тэгээд бид гурав архи хувааж уусан. Архи дуусаад байж байтал Аюур ах дахиж нэг шил архи гаргаж ирээд уг архийг бид гурав хувааж уугаад дуусгасан. Дахиад архи авах гэтэл мөнгө байгаагүй. Тэгээд Шинэбаяр намайг явъя гээд тэдний гэрээс бид хоёр гараад явсан. Тэгтэл Шинэбаяр дэлгүүр дотор орж ирээд нэг хар өнгийн гар утсыг гаргаж ирээд уг миний дэлгүүр нэртэй дэлгүүрт тавих гэтэл аваагүй. Уг дэлгүүрээс гараад 7 буудал орж Шинэбаяр намайг үлдээгээд цаашаа яваад эргэж ирэхдээ мөнгөтэй ирсэн. Юун гар утас вэ гэж асуусан чинь Аюур ахын гар утас байгаа юм өөрт нь хэлж аваад түр барьцаанд тавьчихлаа, удахгүй аваад өгчихнө гэж хэлсэн ...” гэсэн мэдүүлэг. /хх-21-22х/,
Яллагдагч Б.Ш мэдүүлэхдээ: “...Тэгээд байж байхад ширээн дээр Аюур ахын ямар загварынх гэдгийг нь мэдэхгүй Самсунгийн мэдрэгчтэй дэлгэцтэй гар утас 2 ширхэг байхаар нь уг гар утаснуудыг тэр хоёрт мэдэгдэхгүйгээр авч халаасандаа хийгээд нуусан юм. Тэгээд нөгөө хоёрт дахиад нэг юм ууя гэж хэлсэн чинь тэр хоёрт мөнгө байхгүй гээд байхаар нь за за тэгвэл явъя гэж хэлээд найз Н.Отгондоржийг дагуулаад гэрээс нь гараад явж байгаад гэрийн ойролцоо байх миний сүлжээ нэртэй дэлгүүрт уг 2 ширхэг гар утасны нэгийг нь тавих гэсэн боловч авахгүй гэсэн юм. Уг гар утас нь Самсунг Эс-2 билүү 3 загварын гар утас байсан. Тэгээд тухайн үед надаас Отгондорж хэний ямар учиртай гар утас юм гэж асуухаар нь би тухайн үедээ нэг их онц зүйл хэлээгүй. Тэгээд явж байгаад бид хоёр 7 буудал орж Отгондорж 7 буудал дээр нэг хүнтэй уулзаад зогсож байхад нь би наанаа байж бай гээд цааш явж байгаад явуулын хүнд уг гар утасны нэгийг нь зарж борлуулаад эргэж ирээд зарсаны дараа Отгондоржид уг гар утсыг Аюур ахын утас байгаа юм өөрөөс нь асуугаад авсан би удахгүй буцаагаад аваад өгнө гэж хэлсэн. Намайг Аюур ахын гар утсыг хулгайлсан талаар Отгондорж эхлээд мэдээгүй дараа нь манай аавтай Отгондорж таараад намайг гар утсыг нь хулгайлсан байсныг мэдсэн. Тэгээд би нөгөөх гар утас болох Самсунг загварын гар утсыг нь халаасандаа хийж явж байгаад гээгдүүлсэн байсан...” гэсэн мэдүүлэг. /хх-32-35х/,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Ш нь 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 62 дугаар гудамжны 1189 тоотод хохирогч Д.Аюуртай архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхдаа хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар Самсунг галакси Жи-2, Самсунг галакси Эс-3 загварын гар утсыг хулгайлан авч 328.000 төгрөгний хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Шыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 328.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Ш учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, хохирогч Д.Аюур нь гэм буруутай этгээдэд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8,9 дэх хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б овогт Б.Ш-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 328.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Шыг 240 (хоёр зуун дөч) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ш нь 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Б.Ш нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Шт хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ё.ЦОГТЗАНДАН