| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ёндонгийн Цогтзандан |
| Хэргийн индекс | 186/2018/0789/э |
| Дугаар | 796 |
| Огноо | 2018-11-15 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Н.Булганчимэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 796
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж,
нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг,
улсын яллагч Н.Булганчимэг,
шүүгдэгч Л.Д/шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Л.Доржсүрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1711007650992 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол улсын иргэн Ш овогт Л.Д, 1994 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, Монголын Залуучуудын холбоонд жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт иргэний үнэмлэхийн лавлагаагаар Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн нарангийн 11 дүгээр гудамж 8 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо Орбит 70-33 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, РД:/................... /,
Шүүгдэгч Л.Д нь 2017 оны 9 дүгээр сарын 17-ноос 18-ны шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч С.Энхцэцэгийн цүнхнээс хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар бэлэн 400.000 төгрөгийг хулгайлан авч С.Энхцэцэгт 400.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Л.Дшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Хохирогч С.Энхцэцэг мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “…Манай найз залуу байсан Доржсүрэн над руу залгаж яриад хамт явъя гэсэн. Тэгээд бид хоёр Нарантуул захын баруун талын уулзвар дээр уулзсан. Тухайн үед би такси бариад явж байсан. Доржсүрэн шууд таксинд суугаад явсан. Би орой болгон орлогоо экспресс АТМ-ээр хийдэг байсан. Тэр өдөр надад 600.000 төгрөгний орлого байсан ...мөнгө карт хоёр хоёулаа алга болсон байсан. Тэгээд би Доржсүрэн рүү залгаад миний мөнгө алга болсон байна гэтэл яаж мэддэг юм гээд утсаа салгасан ...” гэсэн мэдүүлэг. /хх-31-38х/,
Гэрч С.Долгорсүрэн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Өглөө босоод 11 цагийн үед Энхцэцэгийн өрөөнд ороод падаануудаа хийсэн үү гэж асуухад амжаагүй та хийчих гэсэн. Тэгээд цүнхнээсээ 200.000 төгрөг гаргаж өгөөд надад карт өгөөд картанд мөнгөө хийсэн гэж хэлээд картаа өгсөн...” гэсэн мэдүүлэг. /хх-39х/,
Яллагдагч Л.Дмэдүүлэхдээ: “...тэгээд 7 буудал дээр ирээд Энхцэцэг орлогоо шилжүүлэх ёстой гээд АТМ руу очсон. Бид хоёр очоод Энхцэцэгт байсан бэлэн мөнгийг нь карт руу нь хийсэн. Тэгээд шилжүүлэг хийх гэхэд хийж чадахгүй болохоор нь больсон ...би картыг нь аваад АТМ орох үед Энхцэцэг таксинд суугаад үлдсэн. Би картыг нь уншуулахдаа бүх мөнгө болох 600000 төгрөгийг авчихсан юм ...” гэсэн мэдүүлэг. /хх-44-45х/,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Л.Днь 2017 оны 9 дүгээр сарын 17-ноос 18-ны шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч С.Энхцэцэгийн цүнхнээс хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар бэлэн 400.000 төгрөгийг хулгайлан авч С.Энхцэцэгт 400.000 төгрөгний хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Л.Доржсүрэнг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 400.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Л.Д учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, хохирогч С.Энхцэцэг нь гэм буруутай этгээдэд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8,9 дэх хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ш овогт Л.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 400.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Дг 240 (хоёр зуун дөч) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Д нь 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэгт хадгалсугай.
5. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Л.Днь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Д-д хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ё.ЦОГТЗАНДАН