Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 307/ШШ2026/01209

 

 

 

                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 135/2025/00070/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *******  байранд байрлах ДДС ТӨХК-ний нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******** тоотод оршин суух ******* овогт ******* ******* /утас ******/-д холбогдох,

1,275,176.54 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х ,

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Хүдэрчулуун,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мандах нар оролцов.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.    Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

 

2. Нэхэмжлэгч ДДС ТӨХК нь хариуцагч Л.Н ас 2023 оноос 2025 оны 12 дугаар сарын 10-ныг дуусталх хугацааны халаалт, хэрэгцээний халуун усны төлбөр 1,275,176.54 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

Хариуцагч Л.Н нь ...2023 оны 05 дугаар сард тоолуурын заалт авахад гал тогоо 40 тонн, угаалгын өрөө 65 тонн гарсан бөгөөд 3 сарын дараа буюу 2023 оны 08 дугаар сард тоолуурын заалт авахад гал тогоо 168 тонн, угаалгын өрөө 255 тонн болж өссөн. Утасны дугаарт төлбөрийн мессеж ирсний дагуу төлбөрөө төлдөг байсан. Их хэмжээний төлбөр гарсан талаар нэхэмжлэгч талаас мэдэгдээгүй. 2023 оны 06 дугаар сард 280,000 төгрөг төлсөн. Одоо төлөх төлбөргүй байхгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй... гэх тайлбарыг гаргаж маргасан.

 

3. Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар баг 5 дугаар хороолол 3 дугаар байрны 172 тоот орон сууц нь 2001 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн Л.Н , Ч.Б нарын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө болох нь хэрэгт авагдсан Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

ДДС ТӨХК нь Ч.Б тэй 2020 оны 04 дүгээр 01-ний өдрөөс 2021 оны 04 сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны Дулааны эрчим хүчээр хангах гэрээг, хариуцагч Л.Н тай 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны гэрээг тус тус байгуулсан байна.

4. Хэрэгт авагдсан харилцагчийн дэлгэрэнгүй тайлангаар 2023.01.01-нээс өмнөх хугацааны төлбөрийн үлдэгдэл 218,363.79 төгрөг, 2023.01.01-2025.12.01-ний өдөр хүртэлх хугацаанд халаалт болон хэрэглээний халуун усны төлбөр нийт 2,454,297.54 төгрөг гарсан бөгөөд үүнээс хариуцагч Л.Н нь 1,179,121 төгрөгийг төлж, үлдэгдэл 1,275,176.54 төгрөг болох нь тогтоогдож байна.

Харилцагчийн дэлгэрэнгүй тайлан болон 2023 оны 08 дугаар сарын дэлгэрэнгүй бичилтэд Хэрэглээний хүйтэн ус хаасан дулаан-гал тогоо 128 тонн *2500 төгрөг =320,000 төгрөг, Ванн 190 тонн*2500=475,000 төгрөг, суурь үнэ 5,500 төгрөг, 202308 сар алданги 832.50 төгрөг, мэдээллийн төлбөр 50 төгрөг, НӨАТ 80,132.25 төгрөг, нийт 881,520.75 төгрөг... гэсэн төлбөр гарсныг хариуцагч тал хүлээн зөвшөөрдөггүй болно.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр ...хэрэглэгч үнэн зөв хэрэглээний халуун усны тоолуурын заалтыг сар бүр өгөх үүрэгтэй. Л.Н нь настай хүн байдаг. Манай байцаагч Л.Н руу утсаар ярьж тоолуурын заалтыг авах гэхэд эмчилгээ сувилгаатай байна, гэртээ байхгүй байна гэсэн хариуг өгдөг, тэрээр 1,2 тонн ус нэмээд бичих гэсний дагуу манай байцаагч хэлснийхэн дагуу усны заалтыг бичдэг. Гэрт нь очихоор хүн байхгүй хаалгаа тайлдаггүй. 2023 оны 08 дугаар сард гарсан хэрэглээний халуун усны заалтыг манай байцаагч хариуцагч Л.Н ын гэрт орж өөрийн биеэр тоолуурын заалтыг тулган харж бичсэн юм. Хариуцагч Л.Н нь цаг тухай бүрд нь тоолуурын заалтыг үнэн зөвөөр өгөөгүйн улмаас хуримтлагдаж их хэмжээний төлбөр бичигдсэн... гэх тайлбарыг,

Хариуцагч талаас ...хариуцагч Л.Н нь гар утсанд ирдэг мэдээллийн дагуу тухай бүр төлбөрөө төлдөг байсан. Намайг байхгүй байсан хугацаанд манай тоолуурын заалт эрс нэмэгдэж 2023 оны 08 дугаар сард тоолуурын заалт гал тогоо 168 тонн, угаалгын өрөө 255 тонн болж огцом өссөн нь тоолуурын эргэлт буруу байсан учраас өссөн, ус алдуулсан тохиолдол байхгүй... гэх агуулга бүхий тайлбарыг гаргаж маргадаг.

 

6. Хэрэгт авагдсан сар бүрийн бичилтийн баримтаас үзэхэд 2015 оны 01 сараас 2020 оны 07 сар хүртэлх хугацаанд огт хэрэглээний халуун усны тоолуурын заалт бичигдээгүй /төлбөр гараагүй/, 2020 оны 08 сард хэрэглээний халуун ус -2 тонн, 2020 оны 09 сард -2 тонн, 2020 оны 10 сард тоолуурын заалт бичигдээгүй, 2020 оны 11 сард -1 тонн, 2020 оны 12 сард -1 тонн, 2021 оны 01 сард-3 тонн, 2021 оны 02-11 сар хүртэл сар бүр 5 тонн, 2021 оны 12-2022 оны 04 сар хүртэл огт тоолуурын заалт бичигдээгүй, 2022 оны 05 сард 4 тонн, 2022 оны 06 сард 4 тонн, 2022 оны 07 сард 2 тонн, 2022 оны 08 сард 4 тонн, 2022 оны 09 сард 5 тонн, 2022 оны 10 сард 5 тонн, 2022 оны 11 сараас 2023 оны 04 сар хүртэл огт тоолуурын заалт бичигдээгүй, 2023 оны 05 сард 7 тонн, 2023 оны 06 -07 сард тоолуурын заалт бичигдээгүй, 2023 оны 08 сард 318 тонн /128+190/ хэрэглээний халуун усны заалт бичигдэж төлбөр гарсан байна.

Өөрөөр хэлбэл Эрчим хүчний тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-т эрчим хүчээр хангагчийн эрх бүхий ажилтан ажил, үүргийн шаардлагаар хэрэглэгчийн эрчим хүчний тоног төхөөрөмжид үзлэг шалгалт хийх, энэ зорилгоор орон байранд нэвтрэх эрхтэй, талуудын хооронд байгуулсан Дулааны эрчим хүчээр хангах гэрээ-ний 2.1.10-т Хэрэглэгч техникийн шаардлага хангасан хэрэглээний халуун усны тоолуур тавьж бодит хэрэглээгээ тооцуулах бөгөөд тоолуур заалтаа сар бүрийн 10-20-ны дотор хариуцан орлогын байцаагчид өгч бичилтээ хийлгэсэн байна гэж заасан үүргээ хариуцагч Л.Н нь биелүүлээгүйн улмаас 2023 оны 08 дугаар сард ******* байцаагч нь хариуцагчийн орон сууцанд нэвтрэн тоолуурын заалтыг тулгаж, бичилт хийхэд 318 тонн халуун ус хэрэглэсэн буюу 881,520.75 төгрөгийн төлбөр гарсан болох нь дээрх нотлох баримтаар тогтоогдож байна.

Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.7-т хэрэглэгч нь эрчим хүчний тоолуур, хэмжүүрийн бүрэн бүтэн байдлыг хариуцах үүрэгтэй гэж заасан бөгөөд хариуцагч талаас халуун усны тоолуур гэмтэлтэй, эргэлт нь буруу байсны улмаас их хэмжээний төлбөр гарсан гэх агуулга бүхий тайлбар гаргаж байх боловч энэхүү тайлбар нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байгаа ба уг тоолуур нь өдий хүртэл ашиглагдаж ирсэн байна.

 

7. Хариуцагчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаан дээр Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1.3-т заасан хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой тайлбарыг гаргасан болно.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна, 76 дугаар зүйлийн 76.1-д Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно 76.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ гэж тус тус заасан.

Хэдийгээр 2023 оны 08 дугаар сард тоолуурын заалтаар илэрсэн 318 тонн буюу 881,520.75 төгрөгийн усны төлбөр нь өмнөх хугацааны усны төлбөр байх боломжтой боловч Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-т заасны дагуу нэхэмжлэгч ДДС ТӨХК нь мэдсэн хугацаа буюу 2023 оны 08 дугаар сараас хойш хуульд заасан 3 жилийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байна.

Харин 2023 оноос өмнөх хугацааны төлбөрийн үлдэгдэл 218,363.79 төгрөгийг шаардах эрхтэй холбоотой Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул нэхэмжлэлийн 218,363.79 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

8. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ, Эрчим хүчний тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т Хэрэглэгч нь зохицуулалттай хангалтын төлбөрийг нийтлэгдсэн тарифаар, зохицуулалтгүй хангалтын төлбөрийг гэрээний үнээр төлнө гэж тус тус заасны дагуу хариуцагч Л.Н ас ******* эрчим хүч хэрэглэсний төлбөр 1,056,812.75 төгрөгийг гаргуулан ДДС ТӨХК-нд олгож, үлдэх шаардлага болох 218,363.79 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

9. Нэхэмжлэгч ДДС ТӨХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35,154 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Н ас улсын тэмдэгтийн хураамжид 29,913 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Эрчим хүчний тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т заасныг баримтлан хариуцагч Л.Н ас ******* төлбөрт 1,056,812.75 төгрөгийг гаргуулан ДДС ТӨХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 218,363.79 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35,154 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Н ас улсын тэмдэгтийн хураамжид 29,913 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511.1-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА