Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 1422

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Олзод даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Отгонмаа,

улсын яллагч О.Багшбаяр,

шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Г.Ганбадрах /ҮД:0764/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Г-т холбогдох эрүүгийн 1806058801411 дугаар хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 05-ны хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б.Г.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Б.Г нь 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн хэсгийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Тэмүүлэнгийн албан үүргээ биелүүлэхтэй холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэх явцдаа, хууль сахиулах албаны тоног төхөөрөмж болох станцад халдсан,

мөн хохирогч Б.Тэмүүлэнгийн 834.000 төгрөгний үнэ бүхий ай фон-7 плас маркийн гар утсыг хууль бусаар гэмтээсэн,

хохирогч Б.Дуламсүрэнг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

       

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Мөрдөн байцаалтанд хохирогч Б.Тэмүүлэнгийн: “Би 2018 оны 7 дугаар сарын 5-ны өдөр 22 цагийн үед хариуцсан хорооны нутагт байрлах БЗД-ийн 18 дугаар хороо 38-р байрны урд ажлаа хийгээд явж байтал вьетнам засварын хажууханд  үл таних эрэгтэй эмэгтэй 2 үл таних согтуу хүнтэй маргалдаж байсан ба хажуугаар нь явж байхдаа хууль ёсны шаардлага тавихад 4111 УБЕ улсын дугаартай ланд-100 маркийн машины ард хэсэгт сууж явж байсан үл таних 35-40 орчим насны согтуу эрэгтэй хэл амаар доромжлон тамхи татаж байгаад тамхитай гараараа миний нүүрэн хэсэг рүү цохисон. Би яаж байгааг нь тодруулан асуухад “чи зайл” гэж хэлэхэд нь би гартаа барьж явж байсан гар станцаараа сүлд 10-т мэдэгдэх гэсэн боловч гар станц булаан авч эвдэж газарт шидэн намайг зодож эхэлсэн. Хажууд согтуу залуутай маргалдаж байсан үл таних эрэгтэй эмэгтэй 2-ын эмэгтэй нь бичлэг хийхэд тэр эмэгтэйн гар утсыг авч шидэн боож цохисон. Би салгах гэсэн боловч дахин намайг цохиж зодсон. Тэгж байтал хажууд байсан хүмүүс цагдаа дуудаж зодооноос салсан. Би дахин цагдаагийн 102 дуудлага дуудсан. 5-8 минутын дараа сүлд-115 ирж уг хүнийг авч машиндаа оруулахад машины эд зүйл эвдэх гээд хаалга цохиод байсан. Миний нүүрэн хэсэг рүү цохиж, аль хөлийг нь мэдэхгүй байна, төмсөг рүү их олон удаа өшиглөсөн. Тэгээд 2 гараараа дарж байгаад бөөр хэсэг болон нуруу руу цохиод байсан. Миний биеийн нуруу бөөр хэсэг их зовиуртай байна. Хамар шалбарч хавдсан байна. Миний өөрийн эзэмшлийн iphone7 plus маркийн гар утсыг эвдэн албаны хувцас урж, гар станц эвдэлсэн. Уг станц бол манай Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эзэмшлийн эд хөрөнгө байгаа юм. Би уг станцын холбооны инженер цагдаагийн дэслэгч Лхагвадоржоос хүлээн авч албаны үйл ажиллагаандаа ашиглаж байсан юм. ...Би ажил үүргээ гүйцэтгэж явж байхад зодуулсандаа гомдолтой байна...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-7-8/,

 

Мөрдөн байцаалтанд хохирогч Б.Дуламсүрэнгийн: “...2018 оны 7 дугаар сарын 5-ны өдар 23 цагийн үед Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо 38 дугаар байрны урд талын зогсоолд би нөхрийн хамт приус 20 маркийн 0210 УБС улсын дугаартай автомашинаа байрлуулаад зогсож байхад ланд-100 маркийн 4111 УБЕ улсын дугаартай автомашинтай 2 хүн ирсэн. Тэгээд манай нөхөр бид хоёрыг автомашины ард талд сууж байсан согтуу хүн “гөлөг, пизда, лалар минь наад машинаа холдуул” гээд доромжилж байхад цагдаагийн алба хаагч ирээд тэр хүнд “та ингэж болохгүй, хүнтэй зөв харьц” гэж шаардлага тавьтал автомашины ард талд сууж байсан тэр хүн тамхитай гараараа цагдаагийн алба хаагчийн нүүрний хамар хэсэг рүү цохисон. Тэгээд машинаасаа буугаад цагдааг зодож эхэлсэн. Тэр үед бид өөрсдийн гар утсаараа бичлэг хийсэн. Гэтэл тэр ах над руу ирээд нүүр лүү цохиод, утас булааж аваад шидсэн. Намайг зодох үед цагдаа голоор орж ирээд намайг хамгаалсан. Тэр үед миний гарыг зуураад тавихгүй байсан. Миний нүүрийг бас маажсан. Нөгөө хүн үргэлжлүүлээд цагдааг зодоод эхэлсэн, зодож байхад цагдаа нар ирээд аваад явах гэтэл бас цагдаагийн алба хаагч нарын шаардлагыг биелүүлэхгүй автомашин дотор цонхыг нь цохиод байсан. Намайг үсдээд дух руу цохисон, хөл, гэдэс рүү өшиглөсөн. Дух, толгойн дагз хэсэгт хавдсан. Хэвлий хэсэг хөндүүртэй, баруун гарын тохойн дээд хэсгээр хөхөрсөн. Миний бичлэг хийж байсан iphone 5s маркийн гар утсыг авч шидэж эвдсэн. Анх 2016 онд 790.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Одоо 400.000 төгрөгөөр үнэлж байна...

...Г гэх хүн миний хохирлыг барагдуулж надад дансаар 400.000 төгрөг өгсөн учир одоо миний зүгээс ямар нэгэн санал хүсэлт алга. Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй ээ...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-10-12/,

 

Мөрдөн байцаалтанд гэрч Р.Мэндбаярын: “...Б.Г бол миний нөхөр байгаа юм. Нөхөр бид хоёр 2001 оноос хойш нэг гэр бүл болон амьдарч байна. ...Зан аашийн хувьд хүнд тусархуу, гэр бүл үр хүүхдэдээ халамжтай, найз нөхдөдөө үнэнч шударга, цайлган цагаан сэтгэлтэй хүн байгаа юм. Муу зуршил гэвэл тамхи татдаг, хааяа ганц нэг удаа л архи уудаг. Архи уухаараа элдэв олон муухай зан ааш гаргадаггүй л хүн байгаа юм...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-14/,

 

Мөрдөн байцаалтанд гэрч Г.Оюунбаатарын: “...2018 оны 7 дугаар сарын 5-ны орой 22-23 цагийн үед өөрийн эхнэр Б.Дуламсүрэнгийн хамт өөрийн эзэмшлийн 02-10 УБС улсын дугаартай цагаан өнгийн тоёота приус 20 маркийн автомашинаар Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо 38 дугаар байрны урд талд байх Вьетнам засварын газар орох гээд 38 дугаар байрны урд талын машин зам дээр хажуугаар машин зөрж гарах зай үлдээгээд зам дээр машинаа шахаж зогссон байсан юм. Тэгээд машин дотроо сууж байтал 4111 УБЕ гэсэн дугаартай цагаан өнгийн ланд 100 маркийн машин хажууд ирсэн. Уг машины арын суудал дээр үл таних 35-40 орчим настай согтуу хүн сууж байсан ба тэр хүн учиргүй намайг хараагаад “машинаа холдуул пизда, лалар, гөлөг, гичий” гээд л янз бүрээр хараагаад байсан юм. Тэгээд байж байтал цаанаас нэг цагдаа хувцастай цагдаагийн алба хаагч ганцаараа хүрч ирээд нөгөө ланд 100 машины ард сууж байсан согтуу хүнд хандаж “ах аа та архи уусан байна, хүнтэй ингэж харьцаж болохгүй шүү, биеэ зөв авч явах хэрэгтэй” гэж хэлсэн юм. Гэтэл тэр согтуу хүн машин дотроо тамхи татаад сууж байгаад цонхоороо гараа гаргаж үгийн зөрүүгүй тамхитай гараараа цагдаагийн алба хаагчийн нүүрэн тус газар нь нэг удаа цохисон. Тэр үед би машинаасаа буугаад хараад зогсож байтал цагдаа нь намайг “утсаа өгч бай дуудлага өгмөөр байна” гэхээр нь манай эхнэр Дуламсүрэн айфон 5 эс маркийн гар утсаа цагдаад өгсөн юм. Гэтэл нөгөө согтуу ах машинаасаа бууж ирээд цагдаагаас манай эхнэрийн гар утсыг булааж аваад шидчихсэн юм. Тэгээд тэр согтуу ах шууд л цагдааг зодоод толгой руу нь цохиод, хувцсыг нь татаж мөрдсийг нь ураад эхэлсэн. Тэр үед цагдаа нь “ах аа би ажлаа хийж яваа хүн шүү, та миний хууль ёсны шаардлагыг биелүүлээрэй” гэж хэлсэн. Манай эхнэр гар утсаараа бичлэг хийсэн. Гэтэл нөгөө согтуу ах манай эхнэр рүү дайраад эхнэрийн үснээс нь зулгаагаад гар утсыг нь гарнаас нь булааж аваад гражны хана руу саваад шидчихсэн. Тэр согтуу ах манай эхнэрийг барьж аваад тавихгүй байхаар нь нөгөө цагдаа нь дундуур нь орж салгасан. Тэр үед би очиж нөгөө согтуу ахыг барьж салгасан. Миний биед халдсан зүйл байхгүй...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-15/,

 

Мөрдөн байцаалтанд насанд хүрээгүй гэрч Г.Билгүүний: “...2018 оны 7 дугаар сарын 5-ны орой ...аавыг согтуу байсан учир би машинаас буулгаад би машиныг зогсоолд байрлуулах гээд жолоон дээр суусан юм. Тэр үед аав машины ард талд орж суусан юм. Гэтэл цагаан өнгийн приус 20 маркийн машинтай эрэгтэй эмэгтэй 2 хүн зам хаагаад зогсож байхаар нь манай аав тэр машины жолоочид хандаж “хөдлөөч ээ пизда минь” гэж зандрангуй хэлсэн юм. Тэгээд байж байтал цаанаас нэг цагдаа ах хүрч ирээд манай аавд хандаж “ах аа та бусадтай боловсон харьцаарай, та ийм үйлдэл гаргаж болохгүй” гэж хэлсэн юм. Гэтэл манай аав тэр цагдаа ахын өөдөөс хэрэлдэж байгаад тамхитай гараараа цагдаа ахын нүүр хамарны хэсэг рүү нь 1 удаа алгадаж цохисон юм. Тэгээд манай аав машинаас буусан ба хажууд байсан эмэгтэй хүн болон цагдаа ах хоёр тус тусын гар утсаараа бичлэг хийсэн юм. Гэтэл манай аав “бичлэг хийхээ болиоч” гэж хэлчихээд нөгөө эмэгтэйгийн гар утсыг нь гарнаас нь булааж аваад шидчихсэн юм. Тэгээд л манай аав нөгөө цагдаа ахыг барьж аваад шанаадаж цохиж аваад, барилцаж байгаад цагдаа ахын мөрдсийг нь таслаад авчихсан. Тэгээд цагдаа ахтай барилцаж аваад байсан ба би тэр үед голоор нь орж салгах гэсэн боловч дийлээгүй. Тэгтэл хажууд байсан эгчийн нөхөр нь ирээд манай аавыг татаж салгасан. Барьцалдаж авсан байхдаа бие биенийхээ цамцыг урчихсан. Мөн тэр цагдаа ах гар станц гаргаж ирээд ярих гэтэл манай аав гараараа цохиод станцных нь дээд хэсгийн антеныг хугалчихсан. Тэр үед цагдаа ахын хамар нь үнс болоод шалбарчихсан байсан. Мөн цамц нь урагдаад, гар станц нь эвдэрчихсэн байсан...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-16-17/,

 

Мөрдөн байцаалтанд Б.Гын яллагдагчаар: “...Би 2018 оны 7 дугаар сарын 5-ны орой өөрийн найз Хосбаяр гэх залуутай уулзаж хоёулаа нийлээд 2 шил 0,75 граммын Эвок нэртэй архи хувааж уусан юм. Тэгээд бид хоёр нилээн согтсон учир манай гэрт очих гээд такси барьж орой 22-23 цагийн үед Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 38 дугаар байрны гадна очиж машинаас буугаад миний өөрийн эзэмшлийн 4111 УБЕ улсын дугаартай цагаан өнгийн ланд 100 маркийн машинд сууж, өөр нэг найзаа дуудаж гурвуулаа нийлээд дахиад 1 шил 0,75 граммын Соёрхол нэртэй архи хувааж уусан юм. Тэгээд архи ууж дуусаад манай 2 найз яваад өгсөн ба миний өөрийн төрсөн хүү Билгүүн ирээд машиныг 38 дугаар байрны зүүн хойд талд байдаг төлбөртэй зогсоол руу оруулж тавих гээд хүү машин бариад би машины ард суудал дээр суугаад хөдөлсөн юм. Тэр үед өөдөөс нэг машин гарч ирээд зам хаагаад зогсчихсон байсан. Тэгээд зам хааж зогссон үйлдлээс нь болж би тэр машины жолоочтой маргалдсан юм. Тэр маргаан болж байх үед тэр хоёр хүний хажууд энэ хэргийн хохирогч цагдаа Б.Тэмүүлэн хамт зогсож байсан юм. Тэгээд л Тэмүүлэн бид хоёр маргалдаж бага зэргийн асуудал гаргасан юм. Би архи уусан согтуу байсан нь үнэн. Гэхдээ ер нь бол өөрийн үйлдлээ хянах чадвартай байсан. Би буруу үйлдэл гаргасан, өөрийн гэм буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч байна. Эд зүйлийн үнэлгээгээр тогтоогдсон мөнгөн төлбөр болох 1.089.000 төгрөгийг Б.Тэмүүлэнд өгсөн. Мөн Дуламсүрэн гэх эмэгтэйгийн хохирол 400.000 төгрөгийг өгсөн...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-59-60/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн шинжээчийн №8414 тоот:

1. Б.Тэмүүлэнгийн биед хамрын нуруун, баруун бугалганы ард зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Шинжээч эмч О.Болороо гэсэн дүгнэлт /хх-20/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн шинжээчийн №8442 тоот:

1. Б.Дуламсүрэнгийн биед тархи доргилт, баруун бугалганд цус хуралт, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Уг гэмтэл нь 2018.07.05-нд үүссэн байх боломжтой. Шинжээч эмч С.Чулуунсүх гэсэн дүгнэлт /хх-23/,

 

Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-26-27/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-33/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-34-36/, хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-50-51, 52/,

 

Б.Гын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-45/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-46/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-47/ зэрэг болно.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Г: “Би хохирол төлбөрөө төлж барагдуулсан. Гэм буруугийн хувьд маргах зүйл байхгүй. Би сарын 6.000.000-7.000.000 төгрөгийн тогтмол орлоготой байдаг. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэж мэдүүлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

I. Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.Г нь 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн хэсгийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Тэмүүлэнгийн албан үүргээ биелүүлэхтэй холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэх явцдаа, хууль сахиулах албаны тоног төхөөрөмж болох станцад халдсан,

мөн хохирогч Б.Тэмүүлэнгийн 834.000 төгрөгний үнэ бүхий ай фон-7 плас маркийн гар утсыг хууль бусаар гэмтээсэн,

хохирогч Б.Дуламсүрэнг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн байцаалтанд хохирогч Б.Тэмүүлэнгийн: “Би яаж байгааг нь тодруулан асуухад “чи зайл” гэж хэлэхэд нь би гартаа барьж явж байсан гар станцаараа сүлд 10-т мэдэгдэх гэсэн боловч гар станц булаан авч эвдэж газарт шидэн намайг зодож эхэлсэн. Хажууд согтуу залуутай маргалдаж байсан үл таних эрэгтэй эмэгтэй 2-ын эмэгтэй нь бичлэг хийхэд тэр эмэгтэйн гар утсыг авч шидэн боож цохисон. Би салгах гэсэн боловч дахин намайг цохиж зодсон. Тэгж байтал хажууд байсан хүмүүс цагдаа дуудаж зодооноос салсан. Би дахин цагдаагийн 102 дуудлага дуудсан. 5-8 минутын дараа сүлд-115 ирж уг хүнийг авч машиндаа оруулахад машины эд зүйл эвдэх гээд хаалга цохиод байсан. Миний нүүрэн хэсэг рүү цохиж аль хөлийг нь мэдэхгүй байна, төмсөг рүү их олон удаа өшиглөсөн. Тэгээд 2 гараараа дарж байгаад бөөр хэсэг болон нуруу руу цохиод байсан. Миний биеийн нуруу бөөр хэсэг их зовиуртай байна. Хамар шалбарч хавдсан байна. Миний өөрийн эзэмшлийн iphone7 plus маркийн гар утсыг эвдэн албаны хувцас урж, гар станц эвдэлсэн. Уг станц бол манай Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эзэмшлийн эд хөрөнгө байгаа юм. Би уг станцын холбооны инженер цагдаагийн дэслэгч Лхагвадоржос хүлээн авч албаны үйл ажиллагаандаа ашиглаж байсан юм. ...Би ажил үүргээ гүйцэтгэж явж байхад зодуулсандаа гомдолтой байна...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-7-8/,

 

Мөрдөн байцаалтанд хохирогч Б.Дуламсүрэнгийн: “...Тэгээд манай нөхөр бид хоёрыг автомашины ард талд сууж байсан согтуу хүн “...гөлөг, пизда, лалар минь наад машинаа холдуул” гээд доромжилж байхад цагдаагийн алба хаагч ирээд тэр хүнд “та ингэж болохгүй, хүнтэй зөв харьц” гэж шаардлага тавьтал автомашины ард талд сууж байсан тэр хүн тамхитай гараараа цагдаагийн алба хаагчийн нүүрний хамар хэсэг рүү цохисон. Тэгээд машинаасаа буугаад цагдааг зодож эхэлсэн. Тэр үед бид өөрсдийн гар утсаараа бичлэг хийсэн. Гэтэл тэр ах над руу ирээд нүүр лүү цохиод, утас булааж аваад шидсэн. Намайг зодох үед цагдаа голоор орж ирээд намайг хамгаалсан. Тэр үед миний гарыг зуураад тавихгүй байсан. Миний нүүрийг бас маажсан. Нөгөө хүн үргэлжлүүлээд цагдааг зодоод эхэлсэн, зодож байхад цагдаа нар ирээд аваад явах гэтэл бас цагдаагийн алба хаагч нарын шаардлагыг биелүүлэхгүй автомашин дотор цонхыг нь цохиод байсан. Намайг үсдээд дух руу цохисон, хөл, гэдэс рүү өшиглөсөн. Дух, толгойн дагз хэсэгт хавдсан. Хэвлий хэсэг хөндүүртэй, баруун гарын тохойн дээд хэсгээр хөхөрсөн. Миний бичлэг хийж байсан iphone 5s маркийн гар утсыг авч шидэж эвдсэн. Анх 2016 онд 790.000 төгрөгөөр худалдаж аюч байсан. Одоо 400.000 төгрөгөөр үнэлж байна...

...Г гэх хүн миний хохирлыг барагдуулж надад дансаар 400.000 төгрөг өгсөн учир одоо миний зүгээс ямар нэгэн санал хүсэлт алга. Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй ээ...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-10-12/,

 

Мөрдөн байцаалтанд гэрч Г.Оюунбаатарын: “...Уг машины арын суудал дээр үл таних 35-40 орчим настай согтуу хүн сууж байсан ба тэр хүн учиргүй намайг хараагаад “машинаа холдуул пизда, лалар, гөлөг, гичий” гээд л янз бүрээр хараагаад байсан юм. Тэгээд байж байтал цаанаас нэг цагдаа хувцастай цагдаагийн алба хаагч ганцаараа хүрч ирээд нөгөө ланд 100 машины ард сууж байсан согтуу хүнд хандаж “ах аа та архи уусан байна, хүнтэй ингэж харьцаж болохгүй шүү, биеэ зөв авч явах хэрэгтэй” гэж хэлсэн юм. Гэтэл тэр согтуу хүн машин дотроо тамхи татаад сууж байгаад цонхоороо гараа гаргаж үгийн зөрүүгүй тамхитай гараараа цагдаагийн алба хаагчийн нүүрэн тус газар нь нэг удаа цохисон. Тэр үед би машинаасаа буугаад хараад зогсож байтал цагдаа нь намайг “утсаа өгч бай дуудлага өгмөөр байна” гэхээр нь манай эхнэр Дуламсүрэн айфон 5 эс маркийн гар утсаа цагдаад өгсөн юм. Гэтэл нөгөө согтуу ах машинаасаа бууж ирээд цагдаагаас манай эхнэрийн гар утсыг булааж аваад шидчихсэн юм. Тэгээд тэр согтуу ах шууд л цагдааг зодоод толгой руу нь цохиод хувцсыг нь татаж мөрдсийг нь ураад эхэлсэн. Тэр үед цагдаа нь “ах аа би ажлаа хийж яваа хүн шүү та миний хууль ёсны шаардлагыг биелүүлээрэй” гэж хэлсэн. Манай эхнэр гар утсаараа бичлэг хийсэн. Гэтэл нөгөө согтуу ах манай эхнэр рүү дайраад эхнэрийн үснээс нь зулгаагаад гар утсыг нь гарнаас нь булааж аваад гражны хана руу саваад шидчихсэн. Тэр согтуу ах манай эхнэрийг барьж аваад тавихгүй байхаар нь нөгөө цагдаа нь дундуур нь орж салгасан. Тэр үед би очиж нөгөө согтуу ахыг барьж салгасан. Миний биед халдсан зүйл байхгүй...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-15/,

 

Мөрдөн байцаалтанд насанд хүрээгүй гэрч Г.Билгүүний: “...Тэгээд манай аав машинаас буусан ба хажууд байсан эмэгтэй хүн болон цагдаа ах хоёр тус тусын гар утсаараа бичлэг хийсэн юм. Гэтэл манай аав бичлэг хийхээ болиоч гэж хэлчихээд нөгөө эмэгтэйгийн гар утсыг нь гарнаас нь булааж аваад шидчихсэн юм. Тэгээд л манай аав нөгөө цагдаа ахыг барьж аваад шанаадаж цохиж аваад, барилцаж байгаад цагдаа ахын мөрдсийг нь таслаад авчихсан. Тэгээд цагдаа ахтай барилцаж аваад байсан ба би тэр үед голоор нь орж салгах гэсэн боловч дийлээгүй. Тэгтэл хажууд байсан эгчийн нөхөр нь ирээд манай аавыг татаж салгасан. Барьцалдаж авсан байхдаа бие биенийхээ цамцыг урчихсан. Мөн тэр цагдаа ах гар станц гаргаж ирээд ярих гэтэл манай аав гараараа цохиод станцных нь дээд хэсгийн антеныг хугалчихсан. Тэр үед цагдаа ахын хамар нь үнс болоод шалбарчихсан байсан. Мөн цамц нь урагдаад, гар станц нь эвдэрчихсэн байсан...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-16-17/,

 

Мөрдөн байцаалтанд Б.Гын яллагдагчаар: “...Тэр үед өөдөөс нэг машин гарч ирээд зам хаагаад зогсчихсон байсан. Тэгээд зам хааж зогссон үйлдлээс нь болж би тэр машины жолоочтой маргалдсан юм. Тэр маргаан болж байх үед тэр хоёр хүний хажууд энэ хэргийн хохирогч цагдаа Б.Тэмүүлэн хамт зогсож байсан юм. Тэгээд л Тэмүүлэн бид хоёр маргалдаж бага зэргийн асуудал гаргасан юм. Би архи уусан согтуу байсан нь үнэн. Гэхдээ ер нь бол өөрийн үйлдлээ хянах чадвартай байсан. Би буруу үйлдэл гаргасан, өөрийн гэм буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч байна. Эд зүйлийн үнэлгээгээр тогтоогдсон мөнгөн төлбөр болох 1.089.000 төгрөгийг Б.Тэмүүлэнд өгсөн. Мөн Дуламсүрэн гэх эмэгтэйгийн хохирол 400.000 төгрөгийг өгсөн...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-59-60/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн шинжээчийн №8442 тоот: Б.Дуламсүрэнгийн биед тархи доргилт, баруун бугалганд цус хуралт, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Уг гэмтэл нь 2018.07.05-нд үүссэн байх боломжтой гэсэн дүгнэлт /хх-23/,

 

Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-26-27/ зэргээр нотлогдон тогтоогдов.

 

Иймд улсын яллагчаас шүүгдэгч Б.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв. Шүүгдэгч нь улсын яллагчаас гаргасан гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Улсын яллагчаас “шүүгдэгч Б.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял, мөн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял, мөн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, мөн оногдуулсан торгох ялуудыг нэмж нэгтгэн нийт 6.400.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн саналыг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “шүүгдэгч нь хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Миний үйлчлүүлэгч 3 хүүхэдтэй. Тэднийхээ төлөө ажиллаж хөдөлмөрлөдөг. Шүүгдэгч нь хохирол төлбөрийг төлсөн.  Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргав.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Б.Г нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлыг төлсөн зэрэг байдлуудыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Харин түүнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.Гыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүхээс улсын яллагчийн дүгнэлт, мөн шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан саналыг хүлээн авч шүүгдэгч Б.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийнх 2.2 дахь заалтад зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

III. Бусад асуудлаар:

 

Эрүүгийн 1806058801411 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Б.Г-ыг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэх явцдаа хууль сахиулах албаны тоног төхөөрөмжид халдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Б.Г-ыг 5400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Г-т оногдуулсан торгох ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх ялыг 6.400.000 /зургаан сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Г-т оногдуулсан 6.400.000 төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь зааснаар Б.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

 

6. Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

     

 

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ОЛЗОД