Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2022/01948

 

 

 

 

 

2022 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2022/01948

 

Н- ХХК, Н.О- нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 182/ШШ2022/02550 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Н- ХХК, Н.О- нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: С.А-д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн зээлийн төлбөрт тооцож, барьцаа хөрөнгийг шилжүүлэх гэрээг гэрчилсэн нотариатчийн үйлдлийг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хариуцагч, гуравдагч этгээд Г- ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Зулбаяр, хариуцагчийн өмгөөлөгч П.Алтанчимэг, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Булганчимэг, Н.Оюун-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Н- ХХК нь Төв аймгийн Эрдэнэ сумын 0 дүгээр багийн нутаг дэвсгэрт аж ахуйн зориулалттай НТД-0000 дугаар гэрчилгээтэй, 7 га газар эзэмшдэг. Уг газар дээрээ өөрийн өмчлөлийн Ү-1111 дугаартай, өмчлөх эрхийн гэрчилгээтэй 110, 120 хувийн сууц, 25 ширхэг хүлэмж, мөн Ү-2222 улсын бүртгэлийн дугаартай контор хүлэмж, уурын зуухны зориулалттай 220 м.кв, 136 м.кв, 1760 м.кв, 1100 м.кв үл хөдлөх хөрөнгө, Н.О-ын эзэмшлийн Г-3333 дугаарын гэрчилгээтэй Баянзүрх дүүрэг 00 дүгээр хороо, зоорийн зориулалттай 1.9 га газар, Н.О-ын эзэмшлийн ГД-4444 дугаартай гэрчилгээтэй, Төв аймаг Эрдэнэ сум, Баяндавааны ард байрлах, жимс жимсгэнэ тарих зориулалттай 3 га газрыг тус тус Г ХХК-д зээлийн барьцаанд тавьсан. Дэлхий нийтийг хамарсан цар тахал гарсны улмаас хөл хорио тавигдаж, тухайн газарт манаачаас өөр ажилтангүй, үйл ажиллагаа зогсож зээлийн гэрээг сунгах, хүү төлөлтийг хойшлуулахтай холбоотойгоор Н ХХК болон Г ХХК-ийн хооронд 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр зээлийн төлбөрт тооцож барьцааны хөрөнгийг шилжүүлэх гэрээ гэх гэрээ байгуулагдсан. Тухайн үед Г ХХК нь зээлийн хугацааг сунгах гэрээ байгуулж байна гэж ойлгуулан гэрээнд гарын үсэг зуруулсан. Нотариат дээрх гэрээний агуулга, үр дагаврыг бидэнд ойлгуулахгүйгээр гэрээг баталсан. Г ХХК нь гэрээг ашиглаж үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгчид мэдэгдэлгүйгээр шилжүүлж авсан тул өмчлөх эрхээ сэргээлгэх хүсэлтэй байна. Уг гэрээг гэрчилсэн нотариат нь Нотариатын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт заасныг зөрчиж Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт байрлах, хүлэмжийн зориулалттай Н ХХК-ийн болон Н.О-ын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг Иргэний хуульд заасан өмчлөгчийн эрхийг зөрчсөн үйлдэл хийснээс болж үйл ажиллагаа доголдож, эд хөрөнгөөрөө хохироод байна. Нотариатын ёс зүйн дүрмийн 8.1.1-т тогтоосон тойргийн хүрээнээс хальж үйл ажиллагаа явуулах эрхгүй гэж заасан байхад хүнийг төөрөлдүүлж, үнэмшүүлсэн. Иймд хууль зөрчиж хийсэн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр зээлийн төлбөрт тооцож барьцааны хөрөнгийг шилжүүлэх гэрээ гэх гэрээг гэрчилсэн нотариатчийн үйлдлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Барьцаалсан эд хөрөнгөө Г ХХК-ийн нэр дээр шилжүүлээд 36 сарын дотор буцааж худалдаж авах нөхцөлтэй гэрээ баталсан, харин энэ хөрөнгийг шилжүүлэх гэрээ батлаагүй. Хэргээс харахад гэрээгээр тохирсон хугацаа дууссаны дараа Г ХХК нь бусдад эд хөрөнгийг шилжүүлсэн байсан. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудасны үндсэн дээр явагддаг. Талууд хугацаа авсан талаар тухайн үед мэдэж байсан. 2014 онд авсан зээлээсээ огт төлөөгүй. Талууд өөрсдөө ирээд гэрээнд гарын үсэг зурсан, би асууж тодруулахад анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжтай байсан. Би 36 сарын хугацаа авч байна гэж ойлгосон. 3 жилийн дотор буцааж худалдаж авна гэж тохирч ирсэн учир гэрээг нь баталсан гэжээ.

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, татгалзлын агуулга: Н ХХК нь 2014 онд авсан зээлээ төлөөгүй учир 2018 онд анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2,459,279,658.75 төгрөгийг төлж барагдуулахаар тохиролцож эвлэрсэн. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байх хугацаанд Н ХХК нь Г ХХК-тай дахин тохиролцоо хийж, энэ хүлэмжийг ажиллуулах боломж олгож өгнө үү гэсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу Төв аймгийн улсын бүртгэлийн хэлтэст очиж тус хөрөнгийг Г ХХК-д шилжүүлж өгсөн. Энэ талаар хэрэгт авагдсан Улсын бүртгэлийн газрын албан бичигт дурдсан байдаг. Н ХХК нь өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалахын тулд энэ гэрээг банктай байгуулсан. Н.О, О.Шинэцэцэг гэх 2 хүн шүүхийн шийдвэрийн дагуу хөрөнгийг банканд шилжүүлээд энэ хөрөнгөө ажиллуулья үлдсэн төлбөрөө хугацаа тохироод төлнө гэсэн учир 36 сарын хугацаатай гэрээ байгуулсан. Г ХХК-д хөрөнгө шилжсэн, тухайн төлбөрийг 36 сарын дотор төлөөгүй бол худалдан борлуулна гэсэн утгатай гэрээ байсан. Өөрсдийнх нь хүсэлтийн дагуу банк тохиролцсон. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль журмын дагуу явсан бол хэдий хугацаанд явах байсан талаар мэдэхгүй байна. Энэ гэрээ нь зээл авсан гэрээтэй нэгэн адил энэ төлбөрийг яаж төлөх вэ, шүүхийн шийдвэрийн дагуу шилжүүлсэн хөрөнгө буцаагаад яаж шилжүүлж авах вэ гэх гэрээ байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Нотариатын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-т зааснаар нэхэмжлэгч Н ХХК болон Н.О-ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Г ХХК, Н ХХК, Н.О-ын хооронд байгуулагдсан 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Зээлийн төлбөрт тооцож, барьцаа хөрөнгийг шилжүүлэх гэрээ /Буцаан худалдах авах нөхцөлтэй/-г гэрчилсэн нотариатчийн үйлдлийг хүчингүйд тооцож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.А-гаас 70,200 төгрөг гаргуулж, Н ХХК, Н.О-т олгож шийдвэрлэжээ.

5. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн гэрээг байгуулах үед төлбөр төлөгчийн хэрэгцээ шаардлага, хүсэл сонирхол болон гэрээг байгуулах болсон зорилгоо тайлбарлаж, банкны төлөөлөл, компанийн эрх бүхий хүмүүс биечлэн ирж нотариатын үйлдэл хийлгэсэн. Анхан шатны шүүх маргааны үйл баримт, эрх зүйн харилцааг зөв дүгнээгүй, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбарт бүрэн дүгнэлт хийгээгүй, тайлбарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 болон Улсын дээд шүүхийн 2006 оны 21 дүгээр тогтоолоор тогтоосон шаардлагад бүрэн нийцээгүй байх тул уг шийдвэрийг үндэслэл бүхий, хууль ёсны гэж үзэх боломжгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянуулах хүсэлтэй байна.

Шүүхийн шийдвэр заавал биелэгдэх шинжтэй бөгөөд нэхэмжлэгчийн сэргээлгэхийг хүссэн өмчлөх эрхүүд, хэрхэн яаж сэргэх нь ойлгомжгүй, боломжгүй, мөн нэхэмжлэгчийн шаардлагын үндэслэл нь нотлох баримтаар болон хуулиар үгүйсгэгддэг. Г ХХК-ийн нэр дээр өмчлөх эрх үүсгэсэн захиргааны акт гаргасан нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулиар зохицуулагдсан харилцаа бөгөөд нэхэмжлэгчийн шүүхээр сэргээлгэхийг хүсэж буй Г ХХК-д үүссэн өмчлөх эрх нь нотариатын үйлдлээс шууд шалтгаалсан эсэх, шууд нөлөөлсөн эсэхэд шүүх дүгнэлт хийх ёстой байсан. Г ХХК-д өмчлөх эрх үүссэн үндэслэл нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг үндэслэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу хийгдсэн ажиллагаа юм. Өмчлөх эрх үүссэн улсын бүртгэл хийсэн захиргааны акттай маргаангүй байх ба хэрэв гомдол гаргах шалтгаан үндэслэл байсан бол Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасны дагуу мэдсэнээс хойш 30 хоногийн дотор илэрхийлдэг журамтай байна. Шүүх нэхэмжлэгч тус бүрийн эрх зүйн байдал, нэхэмжлэл гаргах эрхтэй эсэх, нэхэмжлэгч тус бүрийн шаардлага үндэслэлийн агуулгад тухайлан эргэлзээгүй, үнэн зөв, үндэслэлтэй эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөөгүй, хянан шалгах үүргээ биелүүлээгүй байдаг. Улсын бүртгэл нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны шийдвэр, шүүхийн шийдвэрт үндэслэсэн байх бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үед энэхүү гэрээ байгуулагдсан. Гэрээнд дурдагдаж буй хөрөнгүүдийн өмчлөх эрх нь эхлээд барьцааны гэрээгээр дараа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүхээр баталгаажсан эвлэрлийн гэрээгээр, эцэст нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн албадан гүйцэтгэх ажиллагаанд талуудын тохиролцсон хэлцлээр шилжсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4-т зааснаар ажиллагааг дуусгавар болгох шийдвэр гаргахад төлбөр төлөгч болон төлбөр авагч нар эвлэрсэн тохиролцоог нотариатаар батлуулсан байхыг энэ хуулиар шаардаагүй. Төлбөр төлөгч өөрөө Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан ажиллагаануудаас буюу дуудлага худалдаа үнэлгээ гэх мэт ажиллагаануудаас өөрийнхөө хүсэлтээр татгалзаж, шүүгчийн 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 01684 дугаартай Эвлэрлийг баталсан захирамжийг биелүүлж, барьцаа хөрөнгөөр төлбөр барагдуулахаар тохиролцсон. Шүүх энэхүү хууль хэрэгжсэн ажиллагаанд холбогдуулан дүгнэлт хийх ёстой байсан ба холбогдох бодит байдлыг тогтоосон үндэслэлтэй баримтад, маргаантай үйл баримтын үндэслэлийг эргэлзээгүй, бодитой үнэн зөв талаас нь шалгаж дүгнэх, энэ талаар шийдвэрийн үндэслэлд ойлгомжтой тодорхой дүгнэлтийг тусгах ёстой байжээ. Нэхэмжлэгч өөрөө шүүхэд оролцдоггүй ч итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас нотлох баримтгүйгээр шүүхэд тайлбар гаргаж, мөн үндэслэлээ эх сурвалж нотлох баримт заахгүйгээр талуудын тайлбарыг үндэслэж, шүүхэд хариулсан байдаг. Шүүх хуралдаанд гэрээ байгуулах зорилгыг 2018 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн гэрээг хөрөнгө шилжүүлэх зорилгогүй, хугацаа сунгах зорилготой, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зогсоох зорилготой байсан гэж тайлбарладаг. Нэхэмжлэлийн үндэслэлд бодитой байдал дээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үед гэрээг байгуулах саналыг гаргасан тал нь төлбөр төлөгч байдаг бөгөөд тухайн үеийн хүсэл зориг нь 3 жилийн хугацаанд хөрөнгийг өөр бусдад худалдуулахгүй байх, энэ хугацаанд өөрсдөө ашиглаж байх нөхцөлийг төлбөр авагчид тавьсан, ингэснээр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон байдаг.

Тодруулбал, төлбөр төлөгч төлбөр авагч нарын гэрээ байгуулах гол зорилго нь хөрөнгийн эрхийг шилжүүлэх тохиролцоо бус, шүүхийн шийдвэрийг биелүүлэх төлбөрийг төлөх арга хэлбэр, нөхцөл, хугацааг тогтоох бөгөөд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд өгөх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4-т зааснаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгох зорилготой байжээ. Төлбөр төлөгч өөрөө гэрээ байгуулах санал хүсэлт, нөхцөлөө илэрхийлж, төлбөр авагчтай тохиролцоонд хүрснээр компанийн хүмүүстэй хамт гэрээний санал нөхцөлөө тусгуулан хамтарч гэрээгээ бичгээр бий болгоод, нотариатын ажлын байр нь дээр компанийн хүмүүстэй хамт ирж гэрээгээ батлуулж байсан байтал өнөөдөр ганцаараа өвчтэй байсан, нотариатчийн үйлдлийг ойлгоогүй, надад тайлбарлаж өгөөгүй гэж 2022 онд тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Шүүх гэрээг байгуулах үеийн хүсэл зориг, хэрэгцээ шаардлага нөхцөл байдал болон гэрээний 1.1 дэх хэсэгт гэрээний зорилго гэсэнд дүгнэлт өгөх ёстой байсан. Нотариатчийн хувьд хуульд заасан үндэслэл нөхцөлийг тодруулсан бөгөөд гэрээний зорилго хэсэгт хөрөнгийн эрхийг шилжүүлэх гэж тодорхойлсон байсан бол, мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны үед бус, төлбөр төлөгч өөрөө 3 жилийн хугацаа хүсэж тайлбарлаагүй байсан бол гэрээг батлахгүй байсан нь тодорхой юм. Гэтэл өнөөдөр шүүхэд өөр нөхцөл тайлбарлагдаж байна. Шүүх дээрх нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн шалгаж дүгнэлгүйгээр 2018 оны 12 дугаар сарын 08-ны өдөр батлагдсан гэрээг үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэх гэрээ гэж үнэлж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхэд нөлөөлсөн гол дүгнэлт нь ...гэрээний агуулга нь нэр бүхий үл хөдлөх хөрөнгийг Г ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх, харин гэрээнд заасан хугацаанд үүрэг хүлээсэн этгээд графикийн дагуу буцааж өмчлөлдөө авах агуулгаас үзэхэд... гэж байх ба өөр бусад дээр дурдсан нөхцөл байдлуудад дүгнэлт хийгээгүй, харгалзан үзээгүй, шалгаагүй байна гэж үзэж байна.

Нотариатын тухай хуулийн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1-т зааснаар үйлчлүүлэгчид эрх, үүргийг нь тайлбарлан, тухайн үйлдлийг өөрийн хүсэл зоригийн дагуу хэрэгжүүлж байгаа эсэхийг тодруулан, эрх зүйн үр дагавар, хууль зүйн ач холбогдлыг тайлбарлаж, гэрээний агуулга зорилгыг асууж зөвлөгөө өгсөн байтал энэ үүргээ биелүүлээгүй, эрх, үүргийг тайлбарлаж өгөөгүй, ямар хүсэл зоригийн дагуу байгуулж байгаа эсэхийг тодруулаагүй, эрх зүйн үр дагавар, хууль зүйн ач холбогдлыг ойлгоогүй гэдэг нь үнэнд нийцээгүй байна. Шүүх маргаж буй нөхцөл байдлыг эргэлзээгүй хэрэгт авагдсан нотлох баримтаар бүх талаас нь бүрэн дүгнэх байжээ.

Иймд дээр дурдсан үндэслэлүүд болон нэхэмжлэл гаргасан этгээдийн эрх зүйн байдал, шаардлага гаргах эрх, шаардлагын үндэслэл үнэн зөв эсэх, энэхүү гэрээг баталсан үйлдэл нь төлбөр авагч Г-анд өмчлөх эрх үүсэхэд шууд нөлөөлсөн эсэх, нэхэмжлэгчийн сэргээхийг хүссэн эрх хэрхэн сэргэж байгаа гэх мэт нөхцөлүүдэд дүгнэлт, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шүүхийн шийдвэр үндэслэлтэй эсэхийг хянан шалгаж, шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

6. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл нь бодит байдалд нийцээгүй буюу нотлох баримтыг тал бүрээс нь үнэлээгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасны дагуу үнэлэлт дүгнэлтийг хийгээгүй. Үүнд, 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Зээлийн төлбөрт тооцож барьцааны хөрөнгийг шилжүүлэх гэрээ /Буцаан худалдан авах нөхцөлтэй/-г Г ХХК болон Н ХХК, Н.О, О.Шинэцэцэг нарын хооронд байгуулагдсан гэрээ нь Нотариатын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дах хэсэгт заасны дагуу заавал нотариатаар гэрчлүүлэх шаардлагагүй гэрээ байсан бөгөөд уг нотариатын үйлдэл нь тухайн компанийг төлөөлөх эрх бүхий этгээд мөн эсэх болон гарын үсэг баталгаажуулах буюу уг гэрээнд үүрэг хүлээгч нар өөрийн биеэр гэрээг зөвшөөрч баталгаажуулсан буюу Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.5 дах хэсэгт заасан Хуулийн этгээдийн нэрийн өмнөөс хийж байгаа гэрээ, хэлцлийг гэрчлэхдээ түүнийг хуулийн дагуу төлөөлж байгаа этгээдийн эрх хэмжээ нь гэрээ, дүрэм, Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрт тусгагдсан эсэхийг шалгана гэж заасны дагуу шалгуулах зорилготой гэрээг гэрчлүүлсэн үйлдлийг буруу тайлбарлан дүгнэсэн.

Төв аймгийн улсын бүртгэлийн хэлтсээс Н ХХК-ий гүйцэтгэх захирал Н.О-т өгсөн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 702 дугаартай албан бичигт Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэгт заасны дагуу Шүүхийн шийдвэрээр өмчлөгч өөрчлөгдөх бүртгэлийг 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Г ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Батхишигийн гаргасан мэдүүлгийн дагуу бүртгэл хийгдсэн гэжээ. Үл хөдлөх хөрөнгийг шилжүүлсэн улсын бүртгэлийн хэлтсээс шүүхийн шийдвэрийн дагуу шилжүүлсэн гэсэн хариу албан тоотыг нэхэмжлэгч нарт хүргүүлсэн нь хэргийн материалд байхад шүүгч үүнийг хянан дүгнээгүй дээр шүүгч нэмэлтээр нотлох баримтуудыг Төв аймгийн улсын бүртгэлийн хэлтэс болон Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-аас гаргуулж нотлох баримтыг бүрэн цуглуулсны үндсэн дээр шийдвэрлэх буюу маргааны зүйл болсон гэрээгээр уг хөрөнгүүд шилжсэн эсэхийг дээрх байгууллагуудаас тодруулан холбогдох баримтуудыг шалгасны үндсэн дээр шийдвэрлэх ёстой байсан. Учир нь тус хөрөнгүүдийг 2018 онд Г ХХК-д шилжүүлэх үед болон түүнээс хойш Н ХХК, Н.О, О.Шинэцэцэг нар нь огт гомдол гаргахгүй хүлээн зөвшөөрч байсан. Нэхэмжлэгч нарт буцаан худалдан авах гэрээний дагуу банк төлбөр төлөхийг удаа дараа мэдэгдэж, боломж олгож байсан ч огт төлөлт хийгээгүй. Энэ нь гэрээний 2.5-т зааснаар хөрөнгүүдийг худалдан борлуулсан буюу тус төлбөрөө төлөх боломжийг гэрээнд заасан 36 сарын хугацааг бүрэн олгосон.

Иймд дээрх гэрээний дагуу хөрөнгийн өмчлөх эрх шилжээд Г ХХК-д ирсэн зүйл байхгүй. Уг хөрөнгүүд нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар шилжсэн болох нь улсын бүртгэлийн хэлтсээс нэхэмжлэгчид ирүүлсэн албан бичгээс тодорхой харагдаж байна. Мөн улсын бүртгэл нь төлбөр барагдуулах гэрээ буюу төлбөр тооцоо хэрхэн барагдуулах тухай агуулгатай хуулийн этгээд иргэд хоорондын байгуулсан гэрээгээр эд хөрөнгийн эрхийн шилжилтийг огт бүртгэхгүй тул нотариатчийн дээрх гэрээг үл хөдлөх хөрөнгө шилжүүлэхтэй холбоотой гэрээ гэж үзээгүй тул гэрчилсэн гэдэг нь үндэслэлтэй гэж үзэж байна. ГБ-ТАХ-2018/30 дугаартай гэрээ нь /нэг-нийтлэг үндэслэл, хоёр - төлбөр төлөх нөхцөл, хэлбэр, гурав - бусад зүйл / гэсэн бүлгүүдээс бүрдэж байгаа бөгөөд тус бүлгүүдийн агуулга:

- Нийтлэг үндэслэл хэсэгт 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 184/ШШ2018/01684 дугаарт шүүхийн шийдвэрийн биелэлтийг хэрэгжүүлэх тухай дурдсан.

- Төлбөр төлөх нөхцөл, хэлбэр хэсэгт шүүхийн шийдвэрээр төлөх зээлийн дүнг ямар графикийн дагуу төлөх, шийдвэрийн дагуу шилжүүлсэн хөрөнгүүдийг ямар дарааллаар буцаан худалдан авах эрх үүсэх тухай дэлгэрэнгүй дурдсан байхад шүүгч гэрээний ерөнхий утга, агуулга, логикийг үнэлж дүгнээгүй. Мөн шүүгч үндэслэх хэсэгтээ Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч нарын өмчлөлийн хөрөнгө дээрх гэрээний дагуу Г ХХК-ийн өмчлөлд шилжсэний дагуу Н ХХК, Н.О-ыг гэрээнд заасан төлбөрөө төлөөгүй үндэслэлээр Г- ХХК нь гуравдагч этгээдэд үл хөдлөх хөрөнгийг шилжүүлсэн болох нь Төв аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн 702 дугаартай албан бичгээр нотлогдож байна гэж дүгнэсэн. Гэхдээ уг албан бичигт хөрөнгийг шилжүүлэхдээ Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 1684 дугаартай шүүгчийн захирамж болон Нийслэлийн шүүхийн шийдвэрээр Г-ны өмчлөлд 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр шилжүүлж бүртгүүлсэн байна гэсэн агуулга бүхий албан бичиг ирсэн байтал шүүхээс дүгнэхдээ банк уг гэрээний дагуу шилжүүлж тухайн хөрөнгийг гуравдагч этгээдэд шилжүүлсэн мэтээр буруу тайлбарласан нь үндэслэлгүй байна. Н ХХК, Н.О нараас С.А-д холбогдуулан Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлд нэхэмжлэгч Н.О болон Н ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.О- гэж гарын үсэг зурж, тамга тэмдэг дарсан байдаг. Хавтаст хэрэгт авагдсан Ногоон сар ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэл, тогтоол, 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн тогтоолд гүйцэтгэх удирдлагаар Н.О-ыг сонгож гэрээг сунгасугай гэжээ. Тухайн компанийн гүйцэтгэх удирдлага өөрчлөгдсөн тухай мэдээлэлд өөрчлөлт орсон эсэх нь хавтаст хэрэгт буй хэргийн материалаас тодруулан харах боломжгүй байна. Учир нь тухайн компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ нэхэмжлэл гаргах үеийн байдлаар хэрэгт байхгүй байгаа болно. Улсын бүртгэлийн мэдээлэл болон гэрчилгээний мэдээлэлд өөрчлөлт орсноор Компанийн тухай хуульд заасан буюу уг хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д заасан Гүйцэтгэх удирдлага нь компанийн дүрэм болон төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-тэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна гэж заасан эрх хэмжээг хэрэгжүүлэх эрхтэй болох бөгөөд мөн 2022 оны 04 сарын 27-ны өдрийн Н ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолоор Н.О-т компанийг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргах эрх олгогдоогүй байх нь хурлын тогтоолоос харагдаж байна. Иймээс Н.О нь Н ХХК-ийг төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд байна. Иймд гэрээг баталсан нотариатчийн үйлдлийг хүчингүйд тооцсон анхан шатны шүүхийн шийдвэрийн бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбарын агуулга: Үл хөдлөх хөрөнгийг заавал тойргийн нотариат батална гэсэн хуучин мөрдөгдөж байсан хууль одоог хүртэл мөрдөгдөж байна. Зээлийн төлбөрт тооцож барьцаа хөрөнгийг шилжүүлэх, буцаан худалдан авах нөхцөлтэй гэрээ юм. Өөрөөр хэлбэл, зээлээ төлж дуусгаад барьцаа хөрөнгөө буцаан худалдан авах агуулгатай гэрээ юм. Тухайн үед Г ХХК таны зээлийн гэрээг сунгаж, танд тус болж байна гэж ойлгогдсон. Үүнд нотариатч үр дагаврыг тайлбарлах үүргээ биелүүлээгүй нь нотариатын үйлдлийг хууль бус болохыг нотолж байна. Иймд хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж өгнө үү. Итгэмжлэлээр төлөөлөх эрхтэй этгээд мөн эсэх үндэслэлээр шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж байсан. Н ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн шийдвэрээр Н.О-ыг төлөөлүүлэхээр шийдвэрлэж, компанийн тамга, тэмдэгтэй албан тоотыг шүүхэд хүргүүлсний дагуу шийдвэр гарсан. Хууль бус гэрээнүүдэд төөрөгдүүлж гарын үсэг зуруулахдаа Н.О-ыг захирал гэж зуруулсан. Гэтэл өнөөдөр Н.О-ыг танихгүй мэтээр гомдол гаргаж байгаа нь ойлгомжгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

8. Хариуцагчийн өмгөөлөгч бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй болно.

9. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч Н ХХК, Н.О нар нь хариуцагч С.А-д холбогдуулан 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн зээлийн төлбөрт тооцож, барьцаа хөрөнгийг шилжүүлэх гэрээг гэрчилсэн нотариатчийн үйлдлийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 184/ШШ2018/01684 дугаартай шүүгчийн захирамжаар Н ХХК, Н.О, О.Шинэцэцэг нарт холбогдох Г ХХК-ийн нэхэмжлэлтэй зээлийн гэрээний үүрэгт 2,682,457,278.09 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгө болон батлан даалтын гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэрэгт зохигч 2,459,279,658 төгрөгийн хэмжээнд эвлэрч, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө, батлан даалтын гэрээний үүргээр хангуулахаар тохиролцсон талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх32-34/

Улмаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байх хугацаанд буюу 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Г ХХК, Н ХХК, Н.О, О.Шинэцэцэг нарын хооронд Зээлийн төлбөрт тооцож барьцааны хөрөнгийг шилжүүлэх гэрээ /Буцаан худалдах авах нөхцөлтэй/ байгуулагдаж, уг гэрээгээр Н ХХК-ийн өмчлөлийн Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт аж ахуйн зориулалттай НТД-0000 дугаар гэрчилгээтэй 7 га газар, Ү-1111 дугаар гэрчилгээтэй 110, 120 хувийн сууц, 25 ширхэг хүлэмж, Ү-2222 дугаартай контор хүлэмж, уурын зуухны зориулалттай 220 м.кв, 136 м.кв, 1760 м.кв, 1100 м.кв үл хөдлөх хөрөнгө, Н.О-ын эзэмшлийн ГД-4444 дугаартай гэрчилгээтэй Төв аймаг Эрдэнэ сум, Баяндавааны ард байрлах, жимс жимсгэнэ тарих зориулалттай 3 га газар, Н.О-ын эзэмшлийн Г-3333 дугаарын гэрчилгээтэй Баянзүрх дүүрэг ** дүгээр хороо, зоорийн зориулалттай 1.9 га газар эзэмших эрхийг буцаан худалдах-худалдан авах нөхцөлтэйгөөр тохиролцсон бөгөөд энэ гэрээг нотариатч С.А гэрчилсэн байна. /хх13-14/

4. Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулсан Зээлийн төлбөрт тооцож барьцааны хөрөнгийг шилжүүлэх гэрээ /Буцаан худалдах авах нөхцөлтэй/-г болзол биелээгүй тохиолдолд өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх агуулгатай хэлцэл байгуулсан, уг гэрээний дагуу нэхэмжлэгч нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө Г- ХХК-ийн өмчлөлд шилжсэн үйл баримтыг зөв тогтоожээ.

5. Төв аймагт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээг Чингэлтэй дүүрэгт ажил хэргээ явуулдаг Нийслэлийн тойргийн нотариатч С.А гэрчилсэн нь Нотариатын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт заасан үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрхийг бусдад шилжүүлэхтэй холбогдсон аливаа хэлцлийг зөвхөн тухайн эд хөрөнгө байгаа тойргийн нотариатч гэрчлэх зохицуулалтыг зөрчсөн гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн.

6. Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг зөв тогтоож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй боловч хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй алдаа гаргасныг залруулах нь зүйтэй.

 

Нотариатын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт заасан Нотариатын тойрог зөрчин гэрээ гэрчилсэн нотариатчийн дээрх үйлдэл нь мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.6-д заасан нотариатын үйлдэл хүчингүй болгох хуульд заасан бусад үндэслэлд хамаарна. Шүүх нотариатчийн үйлдлийг Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг баримтлан хүчингүй болгох тул анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

7.а. Нийслэлийн тойргийн нотариатч С.А-гийн гэрчилсэн зээлийн төлбөрт тооцож барьцааны хөрөнгийг шилжүүлэх гэрээний дагуу бодит үр дагавар үүсэж, үл хөдлөх эд хөрөнгө шилжсэн байхад шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу шилжсэн гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

7.б. Түүнчлэн, Н.О нь Н ХХК-ийн 60 хувийн хувьцаа эзэмшигч, Зээлийн төлбөрт тооцож барьцааны хөрөнгийг шилжүүлэх гэрээ /Буцаан худалдах авах нөхцөлтэй/-ний нэг тал учир шаардах эрхтэй байна. Энэ талаар гаргасан гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна.

 

7.в. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 184/ШШ2018/01684 дугаартай шүүгчийн захирамжид барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангах талаар талуудын эвлэрлийг баталснаас бус барьцаа хөрөнгийг өмчлөлд шилжүүлэхийг даалгах агуулгагүй тул шүүхийн шийдвэрийн дагуу шилжсэн хөрөнгө гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

8. Дээрх үндэслэлээр хариуцагч, гуравдагч этгээд Г ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 182/ШШ2022/02550 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын 7 дугаар зүйлийн 7.3 гэснийг 31 дүгээр зүйлийн 31.3 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч, гуравдагч этгээд Г ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагчийн 70,200 төгрөгийг, гуравдагч этгээд Г ХХК-ийн 70,200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

С.ЭНХБАЯР