Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 111/2018/0016/З |
Дугаар | 221/МА2018/0636 |
Огноо | 2018-12-13 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 221/МА2018/0636
2018 оны 12 сарын 13 өдөр | Дугаар 221/МА2018/0636 | Улаанбаатар хот |
|
|
|
T.Б-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй хийж, Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 111/ШШ2018/0024 дүгээр шийдвэртэй, Т.Б-ийн нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А гаргасан давж заалдах гомдлоор, шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 111/ШШ2018/0024 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулaaийн 4 дүгээр зүйлийн 4.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 40 дүгээр зүйлийн 40.2, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т.Б гаргасан Баянхонгор аймгийн Засаг даргын 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн Б/469 дугаартай захирамжийг хүчингүй болгож, Т.Б урьд эрхэлж байсан албан тушаалтай дүйцэхүйц албан тушаалд томилохыг Баянхонгор аймгийн Засаг даргад даалгах, Баянхонгор аймгийн Засаг даргын 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн Б/470 дугаартай захирамжийн 4 дэх заалтыг илт хууль бусад тооцуулах нэхэмжлэлийн шаадлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А давж заалдах гомдолдоо: “ ... Хөдөлмөрийн тухай хуулийн 40.2-т заасны дагуу ажил олгогч шүүхийн шийдвэрээр ажилтныг ажилд эгүүлэн тогтоосны дараа түүний эрхэлж байсан албан тушаалд шинээр орсон ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцлах журамтай атал 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлж, 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Г.Н ажилд эгүүлэн томилсон тушаал гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд Монгол Улсын Дээд шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 73 дугаар тогтоолд нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх тухай зүйл, заалт байхгүй байна.
Иймд Баянхонгор аймгийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 19-ны өдрийн Б/469 дугаартай захирамж нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.2 дахь хэсгийг зөрчсөн, нэхэмжлэгчийн Баянхонгор аймгийн Боловсролын газрын даргатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахгүйгээр шууд ажлаас чөлөөлж хуульд заасан эрхийг нь зөрчсөн байна гэж үзэж байна.
Хариуцагч Улсын дээд шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 73 дугаартай тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулахаар хүсэлт гаргасныг Улсын дээд шүүх 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хэлэлцэж 125 дугаартай тогтоол гаргасан бөгөөд үүнээс өмнө 2018 оны 06 дугаар сарын 19-ны өдөр Б/469 дугаартай тушаал гаргаж нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь захиргааны актын агуулга ойлгомжтой тодорхой байх, хуульд үндэслэх зарчмуудыг зөрчсөн.
Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн ажил олгогч хэн болох талаар, Хөдөлмөрийн тухай хуулийн 40.2 дахь хэсгийг хэрхэн яагаад хэрэгжүүлэхгүй байгаа талаар дүгнэлт хийлгүй “захиргааны хэргийн шүүхийн зорилго нь нэхэмжлэлийн хүрээнд сэргээх асуудал юм, харин нэхэмжлэгчид шинээр эрх үүсгэх асуудал биш юм” гэж дүгнэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байгаа нь буруу. Нэхэмжлэгч нэгдүгээрт, Хөдөлмөрийн тухай хуулийн 40.2-т заасан журмыг зөрчиж ажлаас чөлөөлсөн нь буруу, хоёрдугаарт, Хөдөлмөрийн тухай хуулийн 40.2-т заасан эрхээ хангуулах гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад шинээр эрх шаардсан гэж үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байгаа нь учир дутагдалтай болжээ.
Анхан шатны шүүх хариуцагчийн тайлбараар Хөдөлмөрийн тухай хуулийн 40.2 дахь хэсгийг хэрэгжүүлсэн гэж үзсэн бөгөөд Баянхонгор аймгийн Баацагаан сумын сургуулийн захирлаар томилогдсон Г.Н одоо хүртэл нэхэмжлэгчийг тодорхой ажилд томилоогүй, орон тоо байхгүй гэдэг шалтгаанаар нэхэмжлэгийг хохироож Засаг даргын шийдвэрийг биелүүлэхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
Нэхэмжлэгч Т.Б шүүхэд “Баянхонгор аймгийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Б/469 дүгээр захирамжийг хүчин төгөлдөр бусад тооцуулан хүчингүй болгож, Т.Б урьд эрхэлж байсан албан тушаалтай дүйцэхүйц албан тушаалд томилуулахыг Баянхонгор аймгийн Засаг даргад даалгах, Баянхонгор аймгийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Б/470 дугаартай захирамжийн 4 дэх заалтыг илт хууль бусд тооцуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Аймгийн Засаг дарга нь маргаан бүхий 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Б/469 дугаар захирамжaaр Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 111/ШШ2017/0027 дугаар шийдвэр, Монгол Улсын Дээд шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 73 дугаар тогтоолын дагуу Баянхонгор аймгийн Б сумын сургуулийн захирлын албан тушаалд Г.Н эгүүлэн томилсонтой холбогдуулж, нэхэмжлэгч Т.Б уг захирлын албан тушаалаас чөлөөлж, мөн өдрийн Б/470 дугаар захирамжийн 4 дэх хэсгээр Т.Б ажлын байраар хангахыг захирал Г.Н даалгаж шийдвэрлэсэн байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т “Ажил олгогч нь ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн авах үүрэгтэй” гэж заасны дагуу хариуцагч дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлж, Г.Н захирлаар томилохтой холбогдуулан Т.Б захирлын ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчөөгүй гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд “... Улсын Дээд шүүхийн 73 дугаар тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулахаар өгсөн хүсэлтийг шийдвэрлээгүй байхад Б/469 дүгээр захирамжаар нэхэмжлэгчийг шууд чөлөөлсөн нь захиргааны актын агуулга тодорхой байх, хуульд үндэслэх зарчмыг зөрчсөн” гэх боловч шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах хүсэлт гаргасан нь тухайн шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх үндэслэл болдоггүй тул шүүхийн шийдвэрийг биелүүлсэн хариуцагчийн гаргасан захиргааны акт хууль зөрчөөгүй, утга агуулга нь тодорхой байх тул гомдлыг хангах үндэслэлгүй.
Мөн давж заалдах гомдолд “... Засаг даргын Б/469 дүгээр захирамж нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүээр зүйлийн 40.2-д заасныг зөрчсөн, ажил олгогч нь хэн болох талаар дүгнэлт хийлгүй нэхэмжлэгчид шинээр эрх үүсгэх асуудал биш юм гэж дүгнэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байгаа нь буруу” гэжээ.
Нэхэмжлэгчийн илт хууль бус актад тооцуулахыг хүссэн Аймгийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Б/470 дугаар захирамжийн 4 дэх заалтаар “Тус сургуулийн захирлаар ажиллаж байсан Т.Б ажлын байраар хангаж ажиллахыг Г.Н даалгасугай” гэж зааснаас үзэхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Ажлаас буруу халагдсан ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүний эрхэлж байсан ажил, албан тушаалд шинээр орсон ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалж, бололцооны дагуу өөр ажил олж өгнө” гэж заасныг хэрэгжүүлсэн гэж үзэхээр байна.
Хариуцагч Засаг даргад сургуулийн захирлаас бусад багш, ажилтныг томилох бүрэн эрх олгогдоогүй тул сургуулийн захиралд үүрэг болгосныг Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх заалтыг зөрчсөн гэж үзэхгүй.
Мөн дээрх тушаалын дагуу Баянхонгор аймгийн Баацагаан сумын дунд сургуулийн захирал Г.Н нь 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн Б/27 дугаар тушаалаар нэхэмжлэгч Т.Б тус сургуулийн Биологи, эрүүл мэндийн багшаар түр авч ажиллуулахаар шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгч Т.Б “ажилд томилоогүй, одоо болтол ажилгүй байгаа” гэх гомдол үндэслэлгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 111/ШШ2018/0024 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Т.Б итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ