Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 40

 

Н.*******ид холбогдох захиргааны
зөрчилтэй материалын талаар

Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч Ж.Баттогтох даргалж,  Говь-Алтай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр, Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Намхайдорж нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Баасандэмбэрэл, Ж.*******ийн өмгөөлөгч В.******* нарыг оролцуулан хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 08 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрсөн Ж.*******ийн давж заалдсан гомдлоор захиргааны зөрчлийн материалыг 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч шүүгч Б.Намхайдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Анхан шатны шүүх: Ж.ээс 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр гаргасан зөрчил шалгуулах хүсэлтийн дагуу Тосонцэнгэл сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсээс ажиллагаа хийж ирүүлсэн материалд холбогдох, Завхан аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 10 дугаар тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Н.*******ид захиргааны шийтгэл ногдуулахаас татгалзаж, зөрчилийн материалын хамт ирүүлсэн Н.*******ийн сонгуулийн сурталчилгааны зурагт хуудас 1 ширхэг,  СD 1 ширхэг, /бичлэгтэй/, Д.*******ын менежерийн үнэмлэх, М.*******ын шадар туслахын үнэмлэх зэргийг зөрчлийн материалд хавсаргаж, АЕ4145083, АЕ5419909, АЕ4557109, АF 10976988 AG 93043988 AH82160218 AD8959055 серийн дугаар бүхий 7 ширхэг 10000 төгрөгийн дэвсгэрт, 1 уут 50 кг-ын гурил зэргийг хураалгасан хүмүүст нь буцаан олгож, шүүгчийн захирамжид зааснаар зөрчлийн материалд хавсаргах баримтуудыг хавсаргаж, буцаан олгохоор заагдсан зүйлсийг холбогдох хүмүүст нь хүлээлгэн өгч тэмдэглэл үйлдэн, захирамжийн хувийг Ж.*******, Н.******* нарт болон Завхан аймаг дахь Цагдаагийн газрын Тосонцэнгэл сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Болортуяад даалгаж, захирамжид хуульд заасан журмын дагуу гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ. 

Ж. давж заалдсан гомдолдоо: Миний бие 2016 оны 6 сард явагдсан Аймгийн ИТХ-ын 10 дугаар тойргийн сонгуулийн үр дүнг үл хүлээн зөвшөөрч 2016 оны 7-р сарын 04-ний өдөр нутаг дэвсгэрийн харьяаллын дагуу Тосонцэнгэл сум дахь сум дундын Цагадаагийн хэлтэст зөрчлийг шалгуулах хүсэлтээ хүргүүлсэн билээ.

Мөрдөн байцаагч цагдаагийн ахмад Б.*******аа нь зөрчил шалгуулах хүсэлтийн дагуу холбогдох шалгалтыг хийгээд 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 39/6-228 огноотой албан бичгээр шүүхэд материалыг шилжүүлжээ. Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Ж.******* хянаад нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр даалгаж 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 1/129 дугаартай албан бичгээр материалыг буцаан шилжүүлжээ.

Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.******* 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 08 тоот шүүгчийн захирамжаар “захиргааны шийдвэр ногдуулахаас татгалзах тухай захирамж гаргажээ. Энэхүү захирамжийг надтай утсаар ярьсаны дагуу Баянзүрх дүүргийн Саруул хорооллын 112 дугаар байрны 1 давхарт байрлах дэлгүүрт үлдээснийг 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч танилцлаа. 

Энэхүү захирамж нь Монгол улсын өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжийн олон заалтыг зөрчсөн, ардчилсан нийгмийн хүний эрх, эрх чөлөөг үл хайхарсан, иргэн хүний зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох хамгаалах үндсэн үүрэгтэй тангараг өргөсөн шүүгч хүн гаргасан гэхэд эргэлзээ гайхаш төрүүлж байгаа тул давж заалдах гомдлыг гаргаж байна.

Давж заалдсан үндэслэлүүд:
Эрхээ хамгаалуулахаар гомдол гаргасан иргэн миний бие Монгол Улсын Сонгуулийн тухай хуульд заасан цаг хугацаанд гомдол гаргасан атал уг зөрчлийг шалгасан Цагдаагийн байгууллага, ажилтан хөөн хэлэлцэх хугацаа хожимдуулсан гэсэн үндэслэлээр хэргийг шүүхээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь иргэн бүр хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй байх, зөрчигдсөн эрхээ хамгаалуулах тухай Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 16 дугаар зүйлийн 16.14 дэхь заалтыг зөрчиж байна. Аливаа асуудлаар гомдол, нэхэмжлэл иргэн хүн гаргахад хууль хүчний байгууллагууд хоорондоо бичиг шидэлцэн хэргийг шийдвэрлэхгүй хааж байгаад харамсалтай байна. Цагдаа, шүүхийн байгууллагын ажилд миний зүгээс ямар нэг хүндрэл учруулаагүй бөгөөд 3 сар гаруй хугацаанд нэг ч удаа мэдээлэл өгөөгүй, холбоо бариагүй, дуудаж асуугаагүй болно. Хэрэг хянан шийдвэрлэх хугацаанд иргэн миний Монгол улсын Үндсэн хууль, манай улсын нэгдэн орсон олон улсын хүний эрхийн тухай болон бусад конвенцууд, бусад хууль тогтоомжоор заагдсан хүний эрхүүдийг хязгаарлаж хандлаа.
Шүүгч Б.******* захирамжийнхаа үндэслэх хэсэгт УИХ-аас мөрдөж эхлэх хугацааг нь 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хойшлуулсан Зөрчлийн тухай хууль болон, Зөрчлийн тухай хуулийг мөрдсөнөөс хойш дагаж мөрдөх ёстой Захиргааны хариуцлагын тухай хуулийн холбогдох заалтуудыг удирдлага болгосон нь илт хууль бус байна. 
Дээрхи хуулиуд үйлчилж эхлээгүй үед миний гомдолд заасан асуудлыг хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Эрүүгийн хуулийн 14 дүгээр бүлгийн 14.5. зүйлийн 2.3 болон 14.9 зүйлд хамааруулан авч үзэх ёстой билээ. Монгол улсын Сонгуулийн тухай хуульд Цагдаагийн байгууллагад Захиргааны зөрчлийн асуудлаар гаргасан гомдлыг шалгахад хугацаа тогтоогоогүйн дээр 3 сарын хөөн хэлэлцэх хугацаа гэгч нь мөн хуулийн 111 дүгээр зүйлийн 111.6, 111.7 заалтаар хамааралгүй байна. 
Мөн миний гаргасан гомдлын хөөн хэлэлцэх хугацааг Эрүүгийн хуулийн 1.10-р зүйлийн 1.10.2-т зааснаар хамааруулан авч үзэх ёстой байна. 
Иймд давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шүүгч Б.*******гийн 2016 оны 08 тоот захирамжийг хүчингүй болгож, иргэн миний гомдлыг сэргээн шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Аймгийн Засаг дарга асан Ж.*******ийн өмгөөлөгч В.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Ж.******* нь хуульд заасны дагуу сонгуулийн зөрчлийн маргаанаар Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байна. Цагдаагийн байгууллага зөрчилд холбогдуулж ямар нэгэн ажиллагаа хийхгүй байсаар зөрчлийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэсэн үндэслэлээр захиргааны арга хэмжээ авахаас татгалзсан шүүгчийн захирамж гарсан байна. Шүүгчийн захирамжид хэрэглэх ёсгүй хуулиудыг хэрэглэсэн байна. 

    Ж.*******ийн хүсэл зоригоос шалтгаалж хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн асуудал байхгүй. Харин шүүгчийн захирамжийн хувьд удирдлага болгож байгаа зүйл, заалтууд нь албан ёсоор хэрэгжиж эхлээгүй хуулиудыг хэрэглэсэн нь буруу байна.
     Зөрчлийн тухай хуулийг хэрэглэх цаг хугацаа нь 2016 оны 08 арын 30-ны өдөр хэрэгжиж эхлэх байсан боловч энэ хуулийн хэрэгжилтийг Улсын Их Хурлаас хойшлуулж 2017 оноос хэрэгжүүлэхээр болсон. Мөн Захиргааны хариуцлагын тухай хуулийг хүчингүй болгосонд тооцох тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулсан байгаа. Төрийн тусгай албан хаагчийн буруугаас хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн тул Завхан аймгийнТосонцэнгэл сум дахь сум дундын шүүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх хүсэлттэй байна. Хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн нь Цагдаагийн байгууллагын ажилтны санаатай буюу санамсаргүй буруутай үйл ажиллагаанаас шалтгаалсан байх тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр бус хэргийг бүхэлд нь хянаж үзлээ. 

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Учир нь Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн  2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 08 дугаартай шүүгчийн захирамжаас /хх-162-163/ үзэхэд зөрчилд холбогдогч болон гомдол мэдүүлэгч нарыг шүүх хуралдаанд оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн байна. 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 10 дугаар зүйлд “... Хүн бүр тулгасан аливаа эрүүгийн ял болон эрх үүргээ тодруулахдаа хараат бус, тал хардаггүй шүүхээр бүрэн адил тэгш үндсэн дээр нээлттэй, шударгаар шүүлгэх эрхтэй...” Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 14 дүгээр зүйлийн 3-ын “...(d) хэргийг шүүхээр хянан шийдвэрлэхэд байлцах, өөрийгөө биечлэн өмгөөлөх буюу өөрийн сонгон авсан өмгөөлөгчөөр өмгөөлүүлэх, өмгөөлөгчгүй байгаа бол өмгөөлүүлэх эрхийнх нь тухай өөрт нь мэдэгдсэн байх...” Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 1-д “Монгол Улсад хууль хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна”, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 14-д “... өөрийн ... эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, өөрийгөө өмгөөлөх,  хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах, ... шүүх ажиллагаанд биеэр оролцох ...” эрхтэй гэж тус тус заажээ. 

Эдгээр Монгол Улсын нэгдэн орсон, дагаж биелүүлэх олон улсын гэрээ, конвенц, Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрхийг баталгаажуулсан Шүүхийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт “Шүүх шүүн таслах ажиллагааны мэтгэлцэх зарчмыг хангахдаа хуралдаанд талууд, тэдгээрийн өмгөөлөгчид ... асуулт асуух хариулах, нотлох баримтыг танилцуулах, өөрсдийн тайлбар өгөх, үндэслэлээ хамгаалах, үгүйсгэх боломжийг тэгш олгоно”, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлд “Зөрчил гаргасан этгээд ... зөрчлийг хянан шийдвэрлэх ажиллагаанд биеэр оролцох, нотлох баримттай танилцах, зөрчлийн талаар тайлбар өгөх, нотлох баримт, хүсэлт гаргах, хуульзүйн туслалцаа авах .... эрх эдэлнэ” гэж хуульчилжээ. 

Сонгуулийн тухай хуулийн танилцуулга, үзэл баримтлал, уг хуулийг хэлэлцсэн Монгол Улсын Их хурлын Төрийн байгуулалт, хууль зүйн байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдааны тэмдэглэл зэрэгт аль ч сонгуулийн үед гарсан зөрчил, хэрэг маргааныг түргэн шуурхай хянаж шалгаж, шийдвэрлэж байхаар тусгагдсан хэдий ч тэдгээрт хуулийн байгууллагын бусдын Олон улсын гэрээ, конвенц, Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулиар олгогдсон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрхийг хязгаарласан зүйл байхгүй болно. 

Эдгээр байдлаас дүгнэхэд Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2-д”Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэсэн хууль дээдлэх зарчимд тулгуурлан Сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдийг хянан шалгах, захиргааны журмаар хариуцлага ногдуулах тохиолдол бүрт хуулийн байгууллага гагцхүү тухайн хуульд заасан хугацаанд шуурхай, бүрэн илрүүлж, зөрчил гаргасан этгээдийг олж тогтоох, захиргааны зөрчил гаргасан этгээд нэг бүрт зохих шийтгэлийг шударгаар оногдуулах, бусдын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрхийг бүрэн эдлүүлэх үүрэгтэй юм.

Захиргааны хариуцлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1-ийн 6-д “... холбогдох этгээдэд зөрчлийг хянан хэлэцэх өдөр, цаг, газрыг мэдэгдсэн эсэх...” гэж заасан байх бөгөөд уг хуулийн агуулагаас дүгнэхэд ямарч захиргааны зөрчлийг хянан  шийдвэрлэж байгаа хуулийн байгууллага тухайн зөрчлийг хянан шийдвэрлэх өдөр, цаг, хугацааг холбогдох этгээдэд мэдэгдэх үүрэгтэй ажээ.

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Н.*******ид холбогдох гэх зөрчлийг хянан шийдвэрлэхдээ шүүхээс тухайн хэрэгт оролцвол зохих этгээдүүдэд мэдэгдсэн тухай баримт хэрэгт авагдаагүй байна. 

Дээрх эргэлзээтэй байдал нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 4 дүгээр  зүйлийн 4.1.3 дахь заалтад заасан “ хууль дээдлэх, шударга ёс, ардчилсан ёсыг бэхжүүлэх” гэсэн шүүхийн эрхэм зорилго, мөн хуулийн 7 дугаар зүйлд заасан шүүх хууль дээдлэх, гагцхүү хуульд захирагдах зарчимд нийцэхгүй юм.

Мөн шүүгч захирамжийн удирдлага болгох хэсэгтээ зарим хуулийн холбогдох зүйл хэсгийг буруу баримталсан, хуулийн хэрэгжих хугацаа болоогүй хуулиудыг баримталсан байна. Үүнд:
Улсын Их хурлаас мөрдөж эхлэх хугацааг нь 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хойшлуулсан Зөрчлийн тухай, Захиргааны хариуцлагын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулиудыг хэрэглэсэн, мөн Захиргааны хариуцлагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 гэхийг 5 дугаар зүйлийн 5.1 гэж, 10 дугаар зүйлийн 1 гэхийг 10 дугаар зүйлийн 10.1 гэж, 11 дүгээр зүйлийн 4.4 гэхийг 11 дүгээр зүйлийн 11.4.4 гэж хуулийн зүйл хэсгүүдийг буруу хэрэглэсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Н.*******ид холбогдох захиргааны зөрчилтэй материалыг мөн шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. 

Дээрх байдлын улмаас давж заалдах шатны шүүх гомдол гаргагч Ж.*******ийн гаргасан гомдлыг энэ удаад эцэслэн шийдвэрлэх боломжгүй байгааг тэмдэглэж байна.

Шүүхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 31 дүгээр зүйлийн 31.3.2, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 4, 7 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 08 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож,  Н.*******ид холбогдох захиргааны зөрчлийн материалыг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд нь буцаасугай.

2. Энэ магадлал эцсийн шийдвэр болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД Ч.ЭНХТӨР

Б.НАМХАЙДОРЖ