Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 1501

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Олзод даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

улсын яллагч А.Сайнбаяр,

шүүгдэгч Б.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Х-т холбогдох эрүүгийн 1806064351672 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б.Х.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.Х нь 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Сандэй” худалдааны төвийн орчим иргэн М.Есүнгэтэй гэр бүлийн хувийн асуудлаас маргалдан улмаар нүүрэн тус газар нь цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

       

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Мөрдөн байцаалтанд хохирогч М.Есүнгийн: “...Сандэй худалдааны төв орчим явж байхад Хүсэл-Эрдэнийн өвөр дээр миний гар утас байхаар нь би автал найз залуу нь “наад залуутайгаа яагаад алцаганаад байгаа юм, гуяа илүүлээд” гээд уурлаад явсан. Хүсэл-Эрдэнэ бид хоёр "за харья” гээд машинтайгаа хөдлөхөд Хүсэл-Эрдэнийн найз залуу “буцаад ир” гээд утсаар залгахаар нь буцаж Сандэй худалдааны төвийн орчим ирсэн. Тэгтэл шууд хүрч ирээд хаалга онгойлгоод нүүрэн тус газар 4-5 удаа цохисон. Тэгээд Хүсэл-Эрдэнийн хамаартны ах болон Хүсэл-Эрдэнийн найз залуугийн найз нар машинд хамт явж байсан гарч ирээд салгасан. ...Би машиныхаа сандал дээр нүүрээ бариад сууж хамраас цус гараад сууж байхад дахин миний нүүр рүү 1 удаа өшиглөсөн. ...Миний тархи доргисон, хамрын яс хугарсан, таславч нь мурийсан, духны яс цуурч шингэн хурсан гэмтэл учирсан. ...Одоогоор эмчилгээнд 500.000 төгрөг гарсан байна... Цаашид хамрын хагалгаанд орох шаардлагатай байна.  Хагалгааны зардал 2 сая төгрөг гэсэн. Мөнгөний боломж байхгүй учир орж чадаагүй байгаа. Намайг хагалгаанд оруулаад эмчилгээний зардал өгсөн тохиолдолд гомдолгүй...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-14-19/,

 

Мөрдөн байцаалтанд Б.Хын яллагдагчаар: “...2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр... Шөнийн зах явж байх хооронд манай найз охин надтай юм ярихгүй, тухайн жолоо барьж байсан залуутайгаа яриад, түүний хажууд нь суучихсан явж байсан. Мөн Шөнийн зах дээр оччихоод тэр залуутайгаа харьцаад хоорондоо их дотно байхаар нь би “ах Анхбаяраас нь энэ хоёр ямар харилцаатай юм таних уу” гэхэд надад мэдэхгүй гэж хэлсэн. Үерхдэг юм уу гэхэд сайн мэдэхгүй байна, түрүүнээс хойш дотно яваад байх юм, но-той байна гэж хэлсэн. ...Тэгээд би найз Нямдоржтойгоо шөнийн захын гаднаас уурлаад явсан. Явснаас хойш 10 гаран минутын дараа Хүсэл-Эрдэнэ рүү залгаад “шөнийн зах дээр буцаад хүрээд ир” гэсэн. ...Нөгөө хэд машинтайгаа ирэхээр нь би машины жолооч талын хаалга дээр очоод “буугаад ир” гэхэд Есүнгэ гэх залуу “яах гээд байгаа юм” гээд урдаас хэлэхээр нь би  нүүр рүү нь алгадтал машинаасаа буугаад ирсэн. Чи яг юу юм Хүсэл-Эрдэнэтэй ямар харилцаатай юм хэн юм гэхэд би зүгээр найз нь гэсэн. Тэр үед Хүсэл-Эрдэнэ машинаас буухгүй суугаад байхаар нь би Есүнгэгийн нүүрэн тус газар нь 2-3 удаа цохисон. Тэгтэл түүний буйл шүдтэйгээ хамт цохигдоод уруул нь хавдсан байсан ба амны орчим нь цус болсон байсан. ...Миний хувьд уг залууг өөрийн найз охинтойгоо үл ойлголцон буруугаар ойлгоод цохичихсон. Түүнээс маргаж байсан болон өс хонзонгийн асуудал байхгүй. Би өөрийн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогчтой уулзаж уучлалт гуйна...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-37/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн шинжээчийн №9364 тоот:

1. М.Есүнгэгийн биед тархины доргилт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Шинжээч эмч М.Энхбаяр гэсэн дүгнэлт /хх-24/,

 

Хохирлын баримтууд /хх-27-29/, Б.Хын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-338/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-39/ зэрэг болно.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Х: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Гэм буруугийн хувьд маргахгүй байна. Би эмчилгээний мөнгө өгсөн. Компьютер томографийн зураг авахуулах мөнгө өгсөн. Өөрөө хагалгаанд орохгүй гээд 200.000 төгрөг нэхснийг нь өгсөн” гэж мэдүүлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

I. Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.Х нь 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Сандэй” худалдааны төвийн орчим иргэн М.Есүнгэтэй гэр бүлийн хувийн асуудлаас маргалдан улмаар нүүрэн тус газар нь цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн байцаалтанд хохирогч М.Есүнгийн: “...Тэгтэл шууд хүрч ирээд хаалга онгойлгоод нүүрэн тус газар 4-5 удаа цохисон. Тэгээд Хүсэл-Эрдэнийн хамаатны ах болон Хүсэл-Эрдэнийн найз залуугийн найз нар машинд хамт явж байсан гарч ирээд салгасан. ...Би машиныхаа сандал дээр нүүрээ бариад сууж хамраас цус гараад сууж байхад дахин миний нүүр рүү 1 удаа өшиглөсөн. ...Миний тархи доргисон, хамрын яс хугарсан, таславч нь мурийсан, духны яс цуурч шингэн хурсан гэмтэл учирсан. ...Одоогоор эмчилгээнд 500.000 төгрөг гарсан байна... Цаашид хамрын хагалгаанд орох шаардлагатай байна.  Хагалгааны зардал 2 сая төгрөг гэсэн. Мөнгөний боломж байхгүй учир орж чадаагүй байгаа. Намайг хагалгаанд оруулаад эмчилгээний зардал өгсөн тохиолдолд гомдолгүй...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-14-19/,

 

Мөрдөн байцаалтанд Б.Хын яллагдагчаар: “...Тэр үед Хүсэл-Эрдэнэ машинаас буухгүй суугаад байхаар нь би Есүнгэгийн нүүрэн тус газар нь 2-3 удаа цохисон. Тэгтэл түүний буйл шүдтэйгээ хамт цохигдоод уруул нь хавдсан байсан амны орчим нь цус болсон байсан. ...Миний хувьд уг залууг өөрийн найз охинтойгоо үл ойлголцон буруугаар ойлгоод цохичихсон. Түүнээс маргаж байсан болон өс хонзонгийн асуудал байхгүй. Би өөрийн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогчтой уулзаж уучлалт гуйна...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-37/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн шинжээчийн №9364 тоот: М.Есүнгэгийн биед тархины доргилт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэсэн дүгнэлт /хх-24/ зэргээр нотлогдон тогтоогдов.

 

Иймд улсын яллагчаас шүүгдэгч Б.Хт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв. Шүүгдэгч нь улсын яллагчаас гаргасан гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг,

Шүүгдэгч Б.Х нь “би оюутан болохоор хичээлийн хажуугаар ажил хийх боломжгүй. Мөн удахгүй сургуулиас зохион байгуулагдах тэмцээнд оролцох гэж байгаа учраас торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргав.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Б.Х нь бусдад учруулсан хохирлыг төлсөн, хохирогч М.Есүнгэ гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байдлуудыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Харин түүнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүхээс улсын яллагчийн дүгнэлт болон шүүгдэгчийн гаргасан саналыг харгалзан шүүгдэгч Б.Хт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

 

III. Бусад асуудлаар:

 

Эрүүгийн 1806064351672 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

      Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Б.Хыг хүнийг эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Хыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Хт оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь зааснаар Б.Х нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

 

5. Б.Х нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Хт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

 

           

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             С.ОЛЗОД