Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2022/01971

 

 

 

 

 

2022 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2022/01971

 

Н СӨХ-ны

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ш.Оюунханд, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2022/03628 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Н СӨХ-ны нэхэмжлэлтэй

Хариуцагч: С.Н-д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууцны дундын өмчлөлийн ашиглалт, засвар, үйлчилгээний зардалд 840,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагч С.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга: Н СӨХ-ны * дугаар хороо, ** дугаар хороолол, ** байрны сууц өмчлөгчдийн эрх ашгийг хамгаалан үйл ажиллагаа явуулж байна. Тус орон сууцны 47 тоотод байрлах сууц өмчлөгч С.Н нь 2020 оны 12 дугаар сараас 2022 оны 5 саруудын нийтийн зориулалттай хэсгийн халаалт, халуун цэвэр, бохир ус, ариутгал хог, нийтийн эзэмшлийн цахилгаан холбоо зэрэг ашиглалтын төлбөр 840,000 төгрөгийг сууц өмчлөгчдийн холбоонд төлөөгүй байна. Сууц өмчлөгч нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасны дагуу 840,000 төгрөгийг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй. Мөн С.Н-ын хуульд заасан үүргээ биелүүлээгүйн улмаас бусад оршин суугчдын эрх ашиг зөрчигдөж байна. Шүүхэд нэхэмжлэл гаргах ажиллагааны зардлын хамт С.Н-аас 840,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Н СӨХ-ны нэхэмжилж буй төлбөрийг төлөөгүй шалтгаан нь орцны жижүүр бага ангийн хүүхдүүдээс том хүнд хэлж болохгүй шүү гэж загнаж байгаад печень, ундааны мөнгийг нь орцны үүдэнд дээрэмдэж нийт 242,000 төгрөг авсан. Мөн 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр миний цүнхийг орцонд орох үед булааж, шидэхэд дотор нь байсан эм тариаг хагарч нийт 180,000 төгрөгийн хохирол, 2020 оны 11 дүгээр сарын 20-ны үед манай 2 ачаас мөнгө нэхээд 2 цаг гаруй гадаа зогсоосон. Бага нь оройдоо халуураад сэхээнд орж, бид маш их сандарсан эмчилгээний зардал 250,000 төгрөг болсон. Сууц өмчлөгчдийн холбооны хурлаа 5-8 орчим хүнтэй хийдэг, хуралд оролцох үг хэлэх эрх байдаггүй. Санхүүгийн тайлангаа айл бүрт гаргаж өгдөггүй. Удирдах зөвлөл, хяналтын зөвлөлд нь ямар хүмүүс байдаг талаар оршин суугчдад огт мэдээлдэггүй. Хуурамч хөдөлмөрийн гэрээ гэдэг хууль бус баримтаар 8 жилийн турш өөрийн гэр болох 10 тоотын СӨХ-ийн төлбөрийг Л.П өөрөө огт төлөхгүй байгаа нь зуун хувь манай байрны тэргэнцэртэй амьдрал нь хүнд зарим айлаас СӨХ-ийн төлбөрийг хөнгөлөлт тооцдоггүй, манайх дээврийн ус чийгээс болж жил бүр цагаан сарын өмнө 08 дугаар сарын сүүлээр гээд 2 удаа хэсэгчилсэн засвар хийж хөгц, мөөгөнцрийг цэвэрлэдэг засвар хийдэг. Жил бүр 900,000-1,700,000 төгрөг зарцуулдаг. Энэ төлбөрийг зуун хувь бид хувиасаа гаргадаг. Эдгээр шалтгааны улмаас төгрөгөөр хохирч буй зардлыг холбогдох хууль эрх зүйн үүднээс тооцож хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар хариуцагч С.Н-/ХН55112665/-аас 840,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н СӨХ /гэрчилгээний дугаар 168/-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24,710 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч С.Н-аас 24,710 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н СӨХ-д олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Би 545,000 төгрөгийг төлөхийг эсэргүүцэж байна. Учир нь энэ байранд ороод 28 жил болж байна. Жилд 2 удаа засвар хийдэг. Засварын төлбөр, тооцоо жилдээ 1 сая гаруй төгрөгийг 100 хувь манайх гаргаж хийсээр байна. Сууц өмчлөгчдийн холбооноос мөнгө нэхэмжилж буй дээрх хугацаанд Н СӨХ-ны гишүүд бага ангийн сурагчдаас ундаа, чихрийн мөнгийг шууд дээрэмдэж авч байсан, том хүнд хэлж болохгүй. Орцны хаалгаар оруулахгүй гэж сүрдүүлдэг байсан. Бид яагаад хүүхдийн гараас мөнгө дээрэмдээд байгааг тухайн жилүүдээс асуухад Л.П ах Л.П сууц өмчлөгчдийн холбооны өрөөндөө тэр мөнгөөр чинь архи, тамхи, хөзөр авдаг, өөртэй нь ярьж мөнгө ав гэдэг байсан. Зөвхөн манай ач, зээ, нараас нийт 2020 оны 12 дугаар сараас 2022 оны эхэн гэхэд 242,000 төгрөг дээрэмдэж авсан. Мөн 2020 оны 10 дугаар сард манай 2 ачаас мөнгөө өг гээд орцны гадаа 2 цаг гаруй хугацаанд зогсоосон байсан. Орой нь 7 настай байгаа нь халуураад сэхээнд орж бид их сандарсан. Эмчилгээний төлбөр нийт 250,000 төгрөг зарцуулсан. Миний цүнхийг жижүүр нь булааж шидсэн, дотор нь байсан эм тариаг хагалж гэмтээсэн, 180,000 төгрөгийн хохирол гаргасан. Одоо гэрийн дотоод засварт нийт 900,000 төгрөг орчим зарцуулна байх. Л.П өөрөө сууц өмчлөгчдийн холбоонд төлбөрөө 8 жилийн турш төлдөггүй, хуурамч хөдөлмөрийн гэрээг хавсаргав. Иймд урьд өмнө төлбөл зохих төлбөрийг төлж байсан учир энэ удаа манай гэрт удаа дараа мөнгөн хохирол учруулж байгааг харгалзан үзэж нийт 840,000 төгрөгөөс 545,000 төгрөгийг төлөхөөс татгалзаж, 295,000 төгрөгийг төлөх саналтай байна. Миний гомдлыг харгалзан үзэж хохирлын талаар холбогдох хуулийн хүрээнд шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч Н СӨХ нь хариуцагч С.Н-д холбогдуулан орон сууцны дундын өмчлөлийн ашиглалт, засвар, үйлчилгээний зардалд 840,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Нэхэмжлэгч Н СӨХ нь Баянзүрх дүүргийн * дугаар хороо, ** байрыг хариуцан үйл ажиллагаа явуулдаг, хариуцагч С.Н нь тус байрны 47 тоот орон сууцны өмчлөгч зэрэг үйл баримтад талууд маргаагүй гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн.

4.а. Хариуцагч С.Н нь 2020 оны 01 дүгээр сараас 2022 оны 05 дугаар сар хүртэл хугацааны буюу нийт 28 сарын орон сууцны дундын өмчлөлийн ашиглалт, засвар, үйлчилгээний зардалд 840,000 төгрөг /28 сар х 30,000 төгрөг/ төлөөгүй болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан Төрийн банк ХХК дахь нэхэмжлэгчийн төлбөр хүлээн авдаг дансны хуулга зэргээр нотлогдож байна. /хх 8-10, 43-45/

4.б. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т зааснаар С.Н нь орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрт 840,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй гэж дүгнэсэн нь хуульд нийцжээ.

5.а. Хариуцагч С.Н-д Н СӨХ-ны ажилчид ач, зээ нараас нь нэхэж авсан мөнгө, цүнхийг нь булаан авснаас учирсан гэх хохирлыг орон сууцны дундын өмчлөлийн ашиглалт, засвар, үйлчилгээний зардлаас суутган тооцох нь хуульд нийцэхгүй тул энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.

5.б. Хариуцагч нь нэхэмжлэгч байгууллагын ажилтнуудын хууль бус үйлдлийн улмаас учирсан гэх хохиролтой холбоотой гомдлоо эрх бүхий байгууллагад хандаж шийдвэрлүүлэхэд магадлал саад болохгүйг дурдах нь зүйтэй.

5.в. Түүнчлэн, дээврийн засвар ажил хийгээгүйгээс 28 жилийн турш жилд 2 удаа ус чийг, хөгц, мөөгөнцөр үүссэнээс хана, тааз, шал засвар хийсэн зардлыг шаардаж сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул энэ талаар гаргасан гомдлыг хангах боломжгүй байна.

6. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэл тогтоогдохгүй байна.

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2022/03628 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17,030 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

С.ЭНХБАЯР