Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 1525

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Олзод даргалж,

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

            улсын яллагч Б.Мөнгөншагай,

            шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

            Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Б-д холбогдох эрүүгийн 1806060000339 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, Д.Б

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 07 дугаар сарын 11-ний өдөр 12 цаг 45 минутын үед Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Сэлбийн 20 дугаар гудамж 458 тоот хаалганы урд замд Тоёото приус-30 маркийн 20-59 УНЗ улсын дугаартай авто машиныг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 7.17-д заасан “Бусдын хөдөлгөөнд саад учруулахааргй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч Н.Заяаг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Мөрдөн байцаалтанд хохирогч Н.Заяагийн: “...2018 оны 7 дугаар сарын 11-ний өдөр 12 цаг өнгөрч байхад би Дарь-Эх рүү дүүгийнх рүүгээ таксигаар хүргүүлсэн. Миний сууж явсан такси намайг дүүгийн гадаа буулгаад би дүүгийнхээ хашааны хаалганы үүдэн дээр зогсож байхад нөгөө жолооч ухарч ирээд намайг мөргөчихсөн. Би машинд мөргүүлээд газар унаад хашаатай хавчуулагдсан. Энэ үед гудамжаар явж байсан хоёр залуу тэр жолоочид “та хүн дайрчихлаа” гэж хэлсэн. Тэр хоёр залуу цагдаа, түргэн тусламж дуудаж өгсөн. Эхлээд цагдаа ирсэн. Дараа нь түргэн тусламж ирсэн. Түрэн тусламж ирээд намайг Гэмтлийн эмнэлэг рүү авч явсан. Гэмтлийн эмнэлгийн эмч намайг үзээд рентген зураг авахуул гэсэн. Рентген зургаар нурууны ясандаа хугарал гэмтэлгүй байна гэж гарсан. Тухайн өдрөө толгойны болон нурууны томографийн шинжилгээ хийлгүүлсэн. Нурууны томографийн шинжилгээгээр L-1 нугалмын сэртэнгийн хугаралтай гэж гарсан. Толгойны томографийн шинжилгээ хэвийн гэж гарсан. Одоо нуруу бөөрөөр өвдөөд, хэвлийгээр өвдөөд унтаж чадахгүй байна. Гэмтлийн эмнэлэг дээрээс осол гарсан газраа очиж хэргийн газрын үзлэг хэмжилт хийлгүүлсэн. Жолооч бид хоёрыг багаж үлээлгэж шалгасан. Би 0.67 хувийн согтолттой гарсан. Би тухайн өдөр 2 стакан пиво уусан байсан. ...Би уг автомашиныг ухрахыг мэдээгүй холдож зайлах боломж байгаагүй, би хаалган дээрээ буусан учир хойшоо ухрахыг анзаараагүй хаалгаа онгойлгох гээд зогсож байсан. Томографийн шинжилгээний мөнгийг жолооч төлсөн. Эмчилгээ шинжилгээнд өөрөөс гаргасан зардал байхгүй. Гомдолтой байна, хуулийн дагуу шийдүүлмээр байна...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-16, 19-20/,

 

 

Мөрдөн байцаалтанд гэрч Б.Гантулгын: “...2018 оны 07 дугаар сарын 11-ний өдөр 12 цаг 45 минутын орчимд би гэртээ байхад гадаа эмэгтэй хүний хашхирах дуу сонсогдсон. Гараад очтол хар өнгийн Тоёото Приус-30 маркийн хар өнгийн 20-59 УНЗ улсын дугаартай автомашин бага зэрэг урагшилж хөдөлгөөн хийж зогссон. Уг автомашины хойд талд мөргүүлсэн эгч хашаа налаад сууж байсан. Би шууд цагдаа болон эмнэлэг рүү дуудлага өгсөн, тэр эмэгтэй босч чадахгүй байсан. Удалгүй би өөрөө ажилтай учир явсан. Би өөрийн 88107876 дугаарын утсаар дуудлага өгсөн...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-50/,

 

 

Мөрдөн байцаалтанд Д.Бгийн яллагдагчаар: “...2018 оны 07 дугаар сарын 11-ний өдөр 12 цаг 45 минутын орчимд би өөрийн эзэмшлийн Тоёото Приус-30 маркийн хар өнгийн 20-59 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Дарь-Эхийн шинэ эцэс орохоор зургаан буудлаас миний машинд мөргүүлдэг эмэгтэй хүнийг суулгаж Дарь-Эхийн шинэ эцсийн 20-р гудамжинд буулгаж 4000 төгрөгний хөлс авсан. Уг нь 6800 төгрөг авах ёстой байсан боловч дутуу өгөхөөр нь “үхэж байгаа муу новш” гэж хэлчихээд ухрах үйлдэл хийсэн. Тэр эмэгтэй намайг ухрах үед миний машины ард хашааныхаа хаалга руу орох гээд явж байсныг би анзааралгүй ухарч байгаад мөргөсөн нь үнэн. Тэр гудамж шавар шавхайтай тухайн үед бороо зогссон байсан. Би дөнгөж ухрах хөдөлгөөн хийж байсан учир тэр хүнийг зөөлөн мөргөсөн. Би уг ослыг миний буруутай гэж бодож байна. Тухайн үед хорооны эргүүлийн хоёр цагдаа ирж 103 болон 102 руу дуудлага өгч удалгүй түргэн тусламж ирж эмэгтэйг аваад явсан. Тухайн үед тэр эмэгтэй ганцаараа явсан ба 102 буюу цагдаа руу автомашинд мөргүүлдэг тэр эмэгтэй утсаараа дуудлага өгсөн. Машинд ослоос үүдэн ямар нэгэн эвдрэл гэмтэл учирсан зүйл байхгүй. Тэр хүн “хүүе” гэж хашхирсан би цонх онгорхой явсан тул шууд зогссон. Маш богино хугацаанд болоод өнгөрсөн. Техникийн шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Би хохирогч Н.Заяад 1.890.000 төгрөг өгч цаашид ямар нэгэн гомдолгүй болгосон...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-77/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 11-ны өдрийн шинжээчийн №8669 тоот:

1. Н.Заяагийн биед бүсэлхийн 2 дугаар нугалмын зүүн талын хөндлөн сэртэнгийн зөрөөгүй далд хугарал, зүүн гуя, шилбэнд цус хуралт, нүүрэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар санриулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй. Шинжээч эмч О.Болороо гэсэн дүгнэлт /хх-55/,

 

  1. оны 08 дугаар сарын 18-ны өдрийн техникийн шинжээчийн №531 тоот:

1. Toyota prius  маркийн 20-59 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Дашбилэг овогтой Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.17 “Бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Явган зорчигч Нэргүй овогтой Заяа нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

3. Зам тээврийн осол гарахад замын тэмдэг, тэмдэглэгээ болон бусад байгууламжийн эвдрэл, гэмтэл нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна. Цагдаагийн ахмад Н.Шинэбаатар гэсэн дүгнэлт  /хх-68-69/,

                                                                                                                                      

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-4-6/,

Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-7/,

гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-8-10/,

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-13/,

Явган зорчигчийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-14/,

Д.Бгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-43/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-44/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-45/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-79/, хохирлын баримтууд /хх-31-32, 49-50/ зэрэг болно.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Б: “Би хохирогчид 1 сая төгрөг дансаар, бэлнээр 500.000 төгрөг өгсөн. Мөн эмчилгээний зардал гэж эмчилгээнд 400.000 төгрөг өгсөн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу. Шүүхээс надад торгох ял оногдуулвал би 3 сарын дотор төлнө” гэж мэдүүлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

I. Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 07 дугаар сарын 11-ний өдөр 12 цаг 45 минутын үед Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Сэлбийн 20 дугаар гудамж 458 тоот хаалганы урд замд Тоёото приус-30 маркийн 20-59 УНЗ улсын дугаартай авто машиныг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 7.17-д заасан “Бусдын хөдөлгөөнд саад учруулахааргй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч Н.Заяаг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн байцаалтанд хохирогч Н.Заяагийн: “...2018 оны 7 дугаар сарын 11-ний өдөр 12 цаг өнгөрч байхад би Дарь-Эх рүү дүүгийнх рүүгээ таксигаар хүргүүлсэн. Миний сууж явсан такси намайг дүүгийн гадаа буулгаад би дүүгийнхээ хашааны хаалганы үүдэн дээр зогсож байхад нөгөө жолооч ухарч ирээд намайг мөргөчихсөн. Би машинд мөргүүлээд газар унаад хашаатай хавчуулагдсан. Энэ үед гудамжаар явж байсан хоёр залуу тэр жолоочид “та хүн дайрчихлаа” гэж хэлсэн. Тэр хоёр залуу цагдаа, түргэн тусламж дуудаж өгсөн...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-16, 19-20/,

 

Мөрдөн байцаалтанд гэрч Б.Гантулгын: “...2018 оны 07 дугаар сарын 11-ний өдөр 12 цаг 45 минутын орчимд би гэртээ байхад гадаа эмэгтэй хүний хашхирах дуу сонсогдсон. Гараад очтол хар өнгийн Тоёото Приус-30 маркийн хар өнгийн 20-59 УНЗ улсын дугаартай автомашин бага зэрэг урагшилж хөдөлгөөн хийж зогссон. Уг автомашины хойд талд мөргүүлсэн эгч хашаа налаад сууж байсан. Би шууд цагдаа болон эмнэлэг рүү дуудлага өгсөн, тэр эмэгтэй босч чадахгүй байсан. Удалгүй би өөрөө ажилтай учир явсан. Би өөрийн 88107876 дугаарын утсаар дуудлага өгсөн...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-50/,

 

Мөрдөн байцаалтанд Д.Бгийн яллагдагчаар: “...Тэр эмэгтэй намайг ухрах үед миний машины ард хашааныхаа хаалга руу орох гээд явж байсныг би анзааралгүй ухарч байгаад мөргөсөн нь үнэн. Тэр гудамж шавар шавхайтай тухайн үед бороо зогссон байсан. Би дөнгөж ухрах хөдөлгөөн хийж байсан учир тэр хүнийг зөөлөн мөргөсөн. Би уг ослыг миний буруутай гэж бодож байна. Техникийн шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Би хохирогч Н.Заяад 1.890.000 төгрөг өгч цаашид ямар нэгэн гомдолгүй болгосон...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-77/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 11-ны өдрийн шинжээчийн №8669 тоот: Н.Заяагийн биед бүсэлхийн 2 дугаар нугалмын зүүн талын хөндлөн сэртэнгийн зөрөөгүй далд хугарал, зүүн гуя, шилбэнд цус хуралт, нүүрэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар санриулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх-55/,

 

2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн техникийн шинжээчийн №162 тоот: Toyota prius  маркийн 20-59 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Дашбилэг овогтой Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.17 “Бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Явган зорчигч Нэргүй овогтой Заяа нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Зам тээврийн осол гарахад замын тэмдэг, тэмдэглэгээ болон бусад байгууламжийн эвдрэл, гэмтэл нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна гэсэн дүгнэлт  /хх-68-69/,

                                                                                                                                      

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-4-6/,

Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-7/,

гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-8-10/,

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-13/,

Явган зорчигчийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-14/ зэрэг болно.

 

Иймд улсын яллагчаас шүүгдэгч Д.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэмсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв. Шүүгдэгч нь улсын яллагчаас гаргасан гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргав.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Д.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Харин түүнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүхээс улсын яллагчийн дүгнэлт болон шүүгдэгчийн гаргасан саналыг хүлээн авч Д.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.  

 

III. Бусад асуудлаар:

 

Эрүүгийн 1806060000339 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Д.Б нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүд, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Д.Б-г автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Б-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Б-д оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

 

5. Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

                       

 

           

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       С.ОЛЗОД