Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 2018/ШЦТ/95

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Сарантуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхнаран,

Улсын яллагч Н.Мөнхбат

Шүүгдэгч С.Г нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С.Г-т холбогдох 1816001980090 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Е овгийн С-ийн Г.

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч С.Г  нь 2018 оны 08 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалант багийн 00 дугаар гудамжны 00 тоотод өөрийн эхнэр Т.Н-г зодож, түүний эрүүл мэндэд зүүн нүдний дээд, доод зовхи, 2 хацар, зүүн шуу, зүүн гуянд зулгаралт, 2 хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүх хуралдаанаар тогтоогдсон шүүгдэгч С.Г нь 2018 он 08 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалант багийн 00 дугаар гудамжны 00 тоот хашаанд байрлах гэртээ өөрийн эхнэр Т.Н-г зодож,түүний эрүүл мэндэд зүүн нүдний дээд, доод зовхи,2 хацар, зүүн шуу,зүүн гуянд зулгаралт,2 хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учруулсан  нөхцөл байдал нь хүний халдашгүй байх эрхэд халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.

Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч С.Г гэм буруутай болох нь:

Шүүгдэгч Е овгийн С-ийн Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн “  Түлшний зах дээр очоод хүнээс мод авахаар болсон юм. Тэгээд ганц нэг юм уучихаад орой гэртээ харьсан. Гэрт ороод архи уулаа гээд мөнгөний асуудлаас болж хэрэлдсэн. Орой нь эхнэрийгээ барьж авч цохиод зодсон. Нэг ширхэг Ерөөлийн 0,75 грамм архи уусан Толгой, хөл, ташаа руу нь цохьж зодсон Хэрэлдэхээ болъё гэж хэлсэн, гарч гүйх гээд байхаар нь гар, хөлийг нь уясан юм ,Би хийсэн хэрэгтээ их гэмшиж байна.Мөнгөн торгууль болгож өгөөч, зээл ихтэй учраас ажил хийх гэсэн юм” мэдүүлэг,

Хохирогч Т.Н-ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Би Г гэж хүнтэй 2005 онд гэр бүл болсон, албан ёсны эхнэр, нөхөр, 2 хүүхэдтэй. Г нь архи уусан үедээ надтай хэрүүл маргаан үүсгэж, зодож цохидог юм. 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 22 цагийн үед согтуу гэрт ирээд хэрүүл маргаан үүсгэж, зодож биед гэмтэл учруулсан. Өмнө нь 2016 онд намайг зодож биед гэмтэл учруулж байсан ба цагдаад гомдол гаргаж шалгуулаад хэрэг нь прокурор дээр гомдолгүй гэж хэлээд хэрэгсэхгүй болгож байсан.Энэ хүнийг засрах байх гэж олон жил хүлээж байна. 2018 онд урьдахаасаа илүү их архи ууж, агсам согтуу тавьж, хэрүүл маргаан хийж, сэтгэл санааны шаналал үүсгэж байна. Г нь одоо дахин архи уухгүй гэж амлалт өгөөд надаас уучлалт гуйж, бид хоёр эвлэрээд хамт амьдарч байгаа, ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15 рт/,

Гэрч Н.Б-ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “ ... Би Н-тай хааяа л уулздаг, нөхөр Г нь архи уусан үедээ зодож цохидог гэж надад ярьж байсан. Саяхан 2018 оны 8 дугаар сарын 10-ны үеэр байх өдрийг сайн санахгүй байна надтай уулзаж нөхөр нь зодсон талаар ярьсан. Нүд, нүүр нь хавдаж хөхөрсөн гэмтэл учирсан байсан, би цагдаад гомдол гаргасан уу гэхэд гомдлоо гаргасан гэж байсан... ” гэсэн мэдүүлэг/хх-ийн 19-рт/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн “... 1.Иргэн Н-ийн биед: зүүн нүдний дээд доод зовхи, 2 хацар, зүүн шуу, зүүн ташаан толгойд цус хуралт, зүүн шуу, зүүн гуянд зулгаралт, 2 хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.

3. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.

4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5.Шинжилгээний явцад шинээр нөхцөл байдал илрээгүй гэсэн дүгнэлт/хх-ийн 26-27-рт/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу  хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.

Шүүхээс шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч С.Г-ийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах  гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар  үйлдсэн гэм буруутай болохыг тогтоох  үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Мөн шүүгдэгч С.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хүндрүүлэх нөхцөл байдал   нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон болно.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

Шүүгдэгч Е овгийн С-ийн Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г-ийг 480 /дөрвөн зуун наян/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч С.Г-ийн торгох ял оногдуулж өгнө үү гэсэн саналыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг үндэслэн хангах боломжгүй гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгч С.Г-ийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв. Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч С.Г нь согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн 6.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан, хэрэгт талуудын хэлэлцүүлсэн нотлох баримтуудын жагсаалт хавсаргагдсан болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй,  хохирогч хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчийн хөрөнгийг битүүмжлээгүй,  шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1,36.2,36.6,36.7,36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Е овгийн С-ийн Г-ийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

2.Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г-ийг 480 /дөрвөн зуун наян/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч С.Г-т оногдуулсан 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Алтай хотын тохижилт үйлчилгээний газарт өдөрт 4 цагийн хугацаагаар ажиллуулахаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч С.Г-т танилцуулсугай.

5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй,шүүгдэгч С.Г цагдан хоригдоогүй,хохирогч н.Нансалмаа хохирол нэхэмжлээгүй,шүүгдэгч С.Г-өөс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг дурдсугай.

7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч С.Г-ийн цахим үнэмлэхийг өөрт нь буцаан олгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч  нар 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Д.САРАНТУЯА