Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2022/01933

 

 

 

 

 

2022 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2022/01933

 

О ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2022/02166 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: О ББСБ ХХК

Хариуцагч: С.Б,

Хариуцагч: Ц ХХК-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 976,009,581 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй, 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 0000000 дугаар зээлийн гэрээний С.Бд холбогдох хэсгийг, 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 0000000-1 дугаар барьцааны гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Р, Б.М, хариуцагч С.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Сайнбаяр, хариуцагч Ц ХХК-ийн төлөөлөгч Ж.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

О ББСБ ХХК нь С.Б, Ц ХХК-тай 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 0000000 дугаартай зээл болон барьцааны гэрээг тус тус байгуулж, 1,000,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай Ц ХХК-ийн зэс молибдены төслийн санхүүжилтэд зарцуулах зориулалтаар Ц ХХК-д олгосон.

Барьцаанд Ц аймаг, Ц сум, Ө-1, ГД: 1000000, УБ-0000000000 дугаар бүхий 227 ректар талбайтай, ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн лиценз, Ц дүүрэг, 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, 19 дүгээр байр, 0 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-000000000 дугаарт бүртгэлтэй, 280 м.кв талбатай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус барьцаалсан. Улмаар зээлдэгч С.Бгийн хүсэлтээр барьцаа болон зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан. Зээлдэгч нь 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэл үндсэн зээлийн төлбөрт 450,000,000 төгрөг, хүүгийн төлбөрт 376,027,571.55 төгрөг төлснөөс хойш өнөөдрийг хүртэл үлдэгдэл төлбөрийг төлөөгүй. Иймд үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт нийт 976,009,581 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч С.Бгийн тайлбар, татгалзлын агуулга:

Зээлийн гэрээний 1.1.7-д гэрээ хүчин төгөлдөр болох талаар зохицуулсан. Гэтэл С.Б нь бэлэн болон бэлэн бусаар зээлийн мөнгөн хөрөнгийг аваагүй тул зээлийн гэрээний үүргийг биелүүлэх үүрэг үүсэхгүй.

Зээлийн гэрээнд заасан 1,000,000,000 төгрөгийг нэхэмжлэгч нь С.Бд бус Ц ХХК-д 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 500,000,000 төгрөгийг, 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 500,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Иймд С.Бг О ББСБ ХХК-аас зээл авсан гэж үзэхгүй. О ББСБ ХХК-тай байгуулсан 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 0000000 дугаар зээлийн гэрээний С.Бд холбогдох хэсэг хүчин төгөлдөр бус. Барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцлийг үндэслэн хийсэн тул мөн хүчин төгөлдөр бус. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

3. Хариуцагч Ц ХХК-ийн тайлбар, татгалзлын агуулга:

Талуудын хооронд 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр байгуулсан зээлийн гэрээнд 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулж, 0000000-2 дугаар зээлийн гэрээ байгуулсан. Уг 0000000-2 дугаар гэрээний 1 дүгээр зүйлд зээлдэгч талын үүрэг гүйцэтгэх хугацааг 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр гэж заасан. Зээлдүүлэгч үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх мөн өдөр үүсэж байх тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй.

Нэхэмжлэгч хуульд заасан журмыг зөрчин нэхэмжлэлийн шаардлага гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Хариуцагч С.Бгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 0000000 дугаар зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр гэрээ байгуулсан. Тус зээлийн гэрээний үндсэн зээлдэгч нь Ц ХХК юм. Зээлийн гэрээний 1.1.7, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн гэрээний мөнгөн хөрөнгө болох 1,000,000,000 төгрөгийг С.Бд бус Ц ХХК-д шилжүүлсэн тул Ц ХХК нь үндсэн зээлдэгчийн хувьд зээлийг төлөх үүрэгтэй. Гэтэл С.Бг үндсэн зээлдэгчээр оруулсан нь хууран мэхэлсэн, гэрээний агуулгыг эндүүлсэн, хууль зөрчсөн гэж үзнэ.

Ц ХХК-ийн зүгээс 000000 болон 0000000 дугаар бүхий 2 ашиглалтын тусгай зөвшөөрөл барьцаалсан. 0000000 дугаар бүхий ашиглалтын тусгай зөвшөөрөлгүйгээр 000000 дугаар зөвшөөрлөөр ашиглалтын үйл ажиллагаа явуулах боломжгүй. 0000000 дугаар бүхий тусгай зөвшөөрөл нь гол үйл ажиллагаа явуулах талбай. Иймд эхнээсээ нэг тусгай зөвшөөрлийг барьцаалах сонирхолтой байсан бөгөөд зээлийн үүргийн гүйцэтгэлийг С.Бгийн хөрөнгөөр хангуулах санаа, зорилготой 000000 дугаар тусгай зөвшөөрлийг барьцаалсан нь хууран мэхэлсэн гэж үзнэ.

Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, зээлийн гэрээний 1.1.7-д заасны дагуу С.Б О ББСБ ХХК-аас зээл авсан гэж үзэхгүй тул 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 0000000 дугаар зээлийн гэрээний С.Бд холбогдох хэсэг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.2.2, 59 дүгээр зүйлийн 59.1, 59.3 дахь хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бус байна.

О ББСБ ХХК болон С.Б, Ц ХХК-уудын хооронд байгуулагдсан 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 0000000 дугаар зээлийн гэрээг үндэслэн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ, 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ, 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 0000000-1-1 дугаар зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 0000000-2-1 дугаар зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг тус тус байгуулсан. Уг зээлийн гэрээг үндэслэн О ББСБ ХХК-тай 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 0000000-1 дугаартай, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Ривер гарден хотхон, Их Монгол гудамж, 307 дугаар байр, 000 тоот хаягт байрлах, 395,5 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх барьцаалсан. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасны дагуу О ББСБ ХХК болон С.Б нарын хооронд байгуулагдсан дээрх барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус болно гэжээ.

5. Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар, татгалзлын агуулга:

С.Б нь тухайн зээл болон барьцааны гэрээний үндсэн зээлдэгч гэдгээ анхнаасаа мэдэж, зээлийн гэрээнд гарын үсэг зурж, барьцаа хөрөнгийг солих болон гэрээний хүү, хугацааг өөрчлөх хүсэлтүүдийг гаргаж байсан. Зээлдэгч С.Б нь тухайн зээл авах үед хамтран зээлдэгчийн данс руу 1,000,000,000 төгрөгийг шилжүүлж авъя, учир нь хамтран зээлдэгч Ц ХХК-ийн зэс молибдены төслийн санхүүжилтэд зориулж зээл авч өгч байгаа гэж авсан. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч Ц ХХК болон С.Б нараас 976,009,581 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О ББСБ ХХК-д олгож, Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-д тус тус зааснаар хариуцагч Ц ХХК болон С.Б нар шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Ц аймгийн Ц сумын Ө-1 ГД:1000000, УБ-0000000000 дугаар бүхий 227 ректар талбайтай Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн лиценз, Эрхий улсын бүртгэлийн Ү-000000000 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 11-р хороо, Ривер гарден хотхон Их монгол гудамж 307 байр, 000 тоот, 395,5 м.кв талбай бүхий орон сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэл хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5,108,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц ХХК болон С.Б нараас улсын тэмдэгтийн хураамж 5,108,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О ББСБ ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

7. Хариуцагч Ц ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

7.а Талуудын хооронд 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээнд 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулж, 0000000-2 дугаар зээлийн гэрээг байгуулсан. Уг 0000000-2 дугаар гэрээний 1 дүгээр заалтын b хэсэгт зээлдэгч талын үүрэг гүйцэтгэх хугацааг 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр гэж, энэ өдөр зээлдүүлэгч тал үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх үүсэхээр талууд харилцан тохиролцож гэрээг байгуулсан.

О ББСБ ХХК нь Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.4 дэх хэсэгт заасныг зөрчин нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасан шаардлагыг хангаагүй.

7.б Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ц 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох, хариуцагчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах хүсэлтийг гаргасан. Шүүх хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох хуульд заасан зохицуулалтаар хэргийн оролцогчийн өмгөөлүүлэх эрхийг хязгаарлан, хүсэлтийг хүлээн авахаас татгалзан, түүний эрх зүйн байдлыг дордуулж, эрхийг нь зөрчиж хэргийг шийдвэрлэсэн.

7.в Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Б.М, Д.Р, Ф нар оролцсон. Ф шүүх хуралдаанд эрүүл мэндийн шалтгаанаар хуралдаанд оролцох боломжгүй, шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасныг шүүх хэлэлцэлгүй шүүх хуралдааныг явуулсан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мгийн итгэмжлэл 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 1 жилийн хугацаатай олгогдсон. Анхан шатны шүүх итгэмжлэлийн хугацаа дууссан байхад шүүх хуралдаанд оролцуулан, хууль бус бүрэлдэхүүнтэй хэргийг хянан шийдвэрлэсэн.

7.г Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 183 дугаар тоот тогтоолд Короновируст халдвар, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг буруулах тухай хуулийн дагуу банк бус бус санхүүгийн байгууллагыг иргэд аж ахуйн нэгжүүдэд олгосон зээл болон хүүгийн төлбөр дээр нэмж, нэмэгдүүлсэн хүү, алданги ногдуулахгүй байх хуулийн зохицуулалтын хүрээнд 70,181,264 төгрөгийг нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа хүү, алдангийг илүү нэхэмжилж үйл баримтад анхан шатны шүүх хууль зүйн дүгнэлт хийлгүй шийдвэр гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

8. Хариуцагч С.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

8.а Зээлийн гэрээний 1.1.7, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь зээлийн гэрээнд заасан 1,000,000,000 төгрөгийг С.Бд бус Ц ХХК-д шилжүүлсэн. Иймд С.Б нь О ББСБ ХХК-аас зээл авсан гэж үзэхгүй бөгөөд О ББСБ ХХК-тай байгуулсан 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 0000000 дугаар зээлийн гэрээний С.Бд холбогдох хэсэг хүчин төгөлдөр бус болно. Гэтэл анхан шатны шүүхийн зүгээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагад үнэлэлт өгсөн боловч шийдвэрийн тогтоох хэсэгт сөрөг шаардлагыг шийдвэрлэж тогтоосон зүйлгүй, сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжийг шийдвэрлээгүй зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдаа болох бөгөөд шийдвэрийн бүрдлийн шаардлагыг хангахгүй, шийдвэрийн агуулга дутуу тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Иймд шүүхийн шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчсөн болон шүүхийн шийдвэрийн хэлбэр хуулийн шаардлага хангаагүй тул түүнийг давж заалдах шатны шүүхээс засах боломжгүй.

8.б 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 0000000-2 дугаар зээл, түүний хүүг буцаан төлөх хуваарьт 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл гэрээг сунгасан бөгөөд нэхэмжлэгч талаас 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр нэхэмжлэл гаргасан. Зээлдүүлэгч нь ямар нэгэн байдлаар үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй тухай тайлбар үндэслэлийг сонсоогүй, зээлийн гэрээний 4.2.12-т заасны дагуу гэрээг цуцалсан мэдэгдлийг бичгээр зээлдэгчид гардуулсан, шуудангаар илгээсэн, албан ёсны хаягаар мэдэгдсэн зүйлгүй болно. Иймд зээлдүүлэгч О ББСБ ХХК зээлийн гэрээг цуцлах урьдчилсан нөхцөлийг хангаагүй байхад гэрээг цуцалж нэхэмжлэл гаргасан.

8.в 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдааныг үндэслэл бүхий шалтгаанаар хойшлуулах хүсэлтийг эмнэлгийн магадалгаатай ирүүлсэн. Гэтэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн зүгээс хүсэлтээсээ татгалзаагүй байхад хэлэлцэж шийдвэрлэсэн захирамж гаргасан зүйлгүй хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

9. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбарын агуулга:

9.а Зээлийн гэрээний 3.5-д зээлдэгч зээлийн гэрээний хугацаа дуусахаас өмнө 2-3 сараас хугацаа хэтрүүлж, эргэн төлөлт хийгээгүй тохиолдолд зээлийг эгүүлэн дуудах эрхтэй байдаг. Мөн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх, Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр нэхэмжлэлийг гаргасан.

9.б Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ф тухайн өдрийн шүүх хуралдаанд өвчтэй гэсэн эмнэлгийн актыг авчирсан. Шүүгч нэхэмжлэгч талаас энэ талаар асуусан шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар өмгөөлөгчтэй оролцох уу гэж асуухад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр үргэлжлүүлэх саналыг гаргаж шүүх хуралдаан цааш үргэлжилж шийдвэрлэгдсэн. Миний бие нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд итгэмжлэлийн хугацаа дууссан байхад нэхэмжлэл гаргасан гэж тайлбарласан. 2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр нэхэмжлэл гаргасан, он солигдсон учраас нэхэмжлэл болон итгэмжлэлд бид 2021 он гэж он цагийн хувьд алдаатай гаргасан, итгэмжлэлийн хугацаа дуусаагүй. Анхан шатны шүүх хуралдааны дэг зөрчсөн зүйл байхгүй.

9.в Манай байгууллага 2,5 хувиар хүүг тооцож авсан. Үүнийг нотлох баримт буюу дансны хуулгаар орж ирсэн мөнгийг баталгаажуулж өгсөн. Нэмэгдүүлсэн хүүг зээлийн гэрээний сунгалтын хугацаанд ямар нэгэн байдлаар зээлдэгч талаас нэхэмжлээгүй, шүүхэд 2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр нэхэмжлэл гаргахдаа нэмэгдүүлсэн хүүг тооцож нэхэмжилсэн. Ковидын хугацаанд ипотекийн зээлийн хүү зогссон болохоос бусад талаар нэмэгдүүлсэн хүү болон 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 1 сарын хүүнээс 20 хувь хөнгөлж өгсөн. 70,000,000 төгрөгийг шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэмэгдүүлсэн хүүг тооцсон болохоос өмнө нэмэгдүүлсэн хүү тооцож алдангийг зээлдэгч талаас авч байгаагүй.

9.г Ковидын үед Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн тогтоолд Банк болон ББСБ, хадгаламж зээлийн хоршоо, аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн хугацааг зээлдэгчийн хүсэлтийг харгалзан нэмэгдүүлсэн хүү, торгууль алданги тооцохгүйгээр зээлдэгчид дарамт учруулахгүйгээр авч хэрэгжүүлэхийг Санхүүгийн зохицуулах хороо, Монгол банканд тус тус зөвлөсүгэй гэсэн шийдвэр гарсан. Банк болон ББСБ өөрсдөө зээлдэгчийн хүсэлтийн дагуу шийдвэрлэсэн. Тиймээс энэ хугацаанд хүүг хөнгөлнө гэсэн заалт биш гэж ойлгож байна гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч О ББСБ ХХК нь хариуцагч С.Б, Ц ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 976,009,581 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, хариуцагч С.Б зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээн аваагүй тул хариуцахгүй гэж, хариуцагч Ц ХХК зээлдүүлэгч талын үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр үүсэж байх тул хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. Хуульд заасан шаардлагыг хангаж нэхэмжлэлээ гаргаагүй гэж тайлбарлан маргажээ. /хх 1-4, 69-70/

3. Хариуцагч С.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 0000000 дугаар зээлийн гэрээний С.Бд холбогдох хэсгийг болон 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 0000000-1 дугаар барьцааны гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан. /хх 122-123, 133-134/

4. О ББСБ ХХК нь С.Б, Ц ХХК-тай 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 0000000 дугаартай зээлийн гэрээ байгуулж, О ББСБ ХХК 1,000,000,000 төгрөгийг, сарын 5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, зэс молибдены төслийн зориулалтаар зээлдүүлэх, С.Б, Ц ХХК нь зээлийн мөнгөн хөрөнгийг гэрээгээр тохиролцсон хүүгийн хамт буцаан төлж барагдуулахаар харилцан тохиролцсон байна. /хх 9-10/

 

4.а Хариуцагч С.Бгийн хүсэлтийн дагуу зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж, 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ-ээр зээлийн сарын хүү 2,5 хувь, гэрээний хугацааг 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл сунгасан, мөн 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ-ээр зээлийн сарын хүү 3,5 хувь, гэрээний хугацааг 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүртэл сунгасан, 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ-ээр 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл зээлийн сарын хүү 3,5 хувь, 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс зээлийн сарын хүү 3 хувь байхаар, зээлийг эргүүлэн төлөх хугацааг 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл сунгасан, 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ-ээр зээлийн сарын хүү 3 хувь, зээлийн гэрээний хугацааг 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл сунгасан үйл баримт тогтоогдсон байна. /хх 17-27/

 

4.б Мөн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 0000000 дугаартай барьцааны гэрээг нэг талаас буюу барьцаалагчаар О ББСБ ХХК, нөгөө талаас буюу барьцаалуулагчаар С.Б, Ц ХХК-ийн төлөөлөгч Ц.Оюун нар байгуулсан байна. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд Ц ХХК-ийн эзэмшлийн Ц аймаг, Ц сум, Ө-1 ГД:1000000, УБ-0000000000 дугаар бүхий 227 ректар талбайтай, ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн лиценз, С.Бгийн өмчлөлийн Ц дүүрэг, 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, 19 дугаар байр, 0 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-000000000 дугаарт бүртгэлтэй, 280 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус барьцаалсан байна. /хх 11-12/

4.в Улмаар 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 0000000-1 дугаартай, Барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ-ээг барьцаалуулагч Т.А, С.Б нарыг төлөөлж Ю.Батбаатар нь итгэмжлэлийн үндсэн дээр уг гэрээг нэхэмжлэгчтэй байгуулсан байна. /хх 15, 34/

Дээрх гэрээний 1 дэх хэсэгт 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 002998 дугаартай барьцааны гэрээний 1 дүгээр зүйлийн 1.5-т заасан хүснэгт 1.1-т заасан барьцаалсан С.Бгийн өмчлөлийн ГД:000000, УБ: Ү-000000000 дугаартай Ц дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, 19 байр 0 тоот хаягт байрлах 280 м.кв үйлчилгээний зориулалттай нэгдүгээр давхрын үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгчийн хүсэлтийн дагуу барьцаанаас чөлөөлж барьцааны гэрээнд ГД:000307206, УБ:Ү-000000000 Хан-Уул дүүргийн 11 хороо Ривер гарден хотхон Их Монгол гудамж 307 байр 000 тоот 395,5 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцааны гэрээнд оруулж өөрчлөлт оруулав гэжээ. /хх 15-16/

4.г Барьцааны зүйл болох дээрх орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Т.А, Г.Х, Г.Э, С.Б нар улсын бүртгэлд бүртгэлтэй байна. /хх 35/

 

5. Анхан шатны шүүх үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагын хувьд шүүхийн шийдвэр гарснаар барьцааны зүйл болох орон сууцны өмчлөгч Т.Аын эрх, ашиг сонирхол хөндөгдөж болзошгүйг тодруулалгүйгээр түүний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ. Өөрөөр хэлбэл, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагын тухайд барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөс төлөөлөгчид барьцааны гэрээ байгуулах эрхийг итгэмжлэлээр олгосноос бус маргааныг шийдвэрлэх шүүх хуралдаанд процессын итгэмжлэх олгоогүй. Шүүхийн шийдвэр өмчлөгч Т.Аын өмчлөх эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөх эсэхийг анхан шатны шүүх анхаараагүй. Барьцааны зүйл нь бусдын өмчлөлийн хөрөнгө байж болох бөгөөд барьцаалуулагчийн хувьд өмчлөгч нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах, Иргэний хуулийн 157-158 дугаар зүйлд заасан эрхийг эдэлж, үүргийг хүлээх юм.

 

6. Хариуцагч С.Б нь нэхэмжлэгчид холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн хувийг нэхэмжлэгчид гардуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан, талууд шүүх хуралдаанд энэ талаар мэтгэлцсэн боловч шүүхийн шийдвэрт сөрөг нэхэмжлэлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар тогтоогоогүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт Тогтоох хэсэгт хэргийг хянан шийдвэрлэхэд баримталсан хуулийн нэр, зүйл, хэсэг, заалтыг тодорхой зааж, шүүхэд гаргасан нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийг хангасан, эсхүл зарим хэсгийг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгосон, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, мөн улсын тэмдэгтийн хураамж, шүүхийн зардал төлүүлэх ...тусгана гэж заасантай нийцээгүй байна.

6.а Түүнчлэн, хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа хүчин төгөлдөр бусд тооцуулах, хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах гэсэн хоёр өөр агуулгаар тайлбарласан байхад анхан шатны шүүх үндэслэлийг тодруулалгүй дүгнэлт хийснээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан гэж үзэх боломжгүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлээгүй гэх хариуцагч С.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй.

7. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад нэхэмжлэл гаргасан, гэрээ цуцалсан талаар хариуцагчид мэдэгдээгүй гэсэн гомдлыг хангах боломжгүй. Учир нь, Иргэний хуулийн 225 дугаар зүйлд зааснаар талууд гэрээнээс татгалзаж, гэрээг цуцлах эрхтэй бөгөөд зээлийн гэрээний 4.2.1-т зээлдэгч гэрээний үүргээ хугацаанд нь бүрэн биелүүлээгүй тохиолдолд зээлдүүлэгч гэрээг хугацаанаас нь өмнө өөрийн санаачилгаар цуцалж болно гэж заасан байна.

7.а Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасныг шүүх хэлэлцэлгүй шүүх хуралдааныг явуулсан гэх хариуцагч талын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй. Нэхэмжлэгч талын эзгүйд хэргийг шийдвэрлэсэнд нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргаагүй.

7.б Хариуцагч Ц ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Р 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдааныг өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах үндэслэлээр хойшлуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хангаж, шүүх хуралдааныг хойшлуулсан. /хх 99/ Улмаар хариуцагч Ц ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ц 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанд өмгөөлөгч авах хүсэлт гаргасныг шүүх хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хариуцагчийн өмгөөлүүлэх эрхийг зөрчсөн гэж үзэхгүй. Учир нь, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч солигдсон нь өмгөөлүүлэх эрхийг хангах үндэслэл болохгүй. Өөрөөр хэлбэл, хариуцагч байгууллагын өмгөөлүүлэх эрхийг анхан шатны шүүх өмнө нь хангасан байх тул энэ талаарх хариуцагч Ц ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Гантулгын давж заалдах гомдол үндэслэлгүй.

8. Нэхэмжлэгч О ББСБ ХХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 008 дугаар итгэмжлэлээр Б.Мд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхийг 1 жилийн хугацаатай олгосон байна. /хх 5/ Нэхэмжлэгч нь 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан үйл баримт болон нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбараас үзвэл дээрх итгэмжлэлийг олгосон 2021 гэх бичилтийг техникийн шинжтэй алдаа гэж үзэхээр байхаас гадна нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Р шүүх хуралдаанд оролцсон байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн гэх гомдлыг хангахгүй.

 

9. Иймд анхан шатны шүүх барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагын тухайд шүүхээс гарах шийдвэр гуравдагч этгээдийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөх нөхцөл байдал болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тус тус тодруулаагүй, сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасан үндэслэлд хамаарч байна. Уг ажиллагааг давж заалдах шатны шүүхээс залруулах, нөхөн гүйцэтгэх, анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2022/02166 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Ц ХХК-аас төлсөн 5,108,200 төгрөг, хариуцагч С.Бгоос төлсөн 5,108,200 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

М.БАЯСГАЛАН