Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 125

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

Улсын яллагч Д.Ганцэцэг,

Шүүгдэгч М.М, түүний өмгөөлөгч Ч.Алдар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бямбасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овгийн М.М-д холбогдох эрүүгийн 18260021500135 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Боржигон овогт М.М.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.М нь 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 23 цагийн орчим Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 08 дугаар баг, 39 дүгээр гудамжны задгайд Д.А-н гэрт түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч М.М шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.

Хохирогч Ч.А-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 18 цагийн үед байх би цагийг нь сайн санахгүй байна, манай гэрт М ирээд надад нэг шил “Нутгийн буян” нэртэй архи гаргаж өгөхөөр нь түүнийг эхнэр У, М нартай хувааж уучихаад би дэлгүүрээс дахин нэг шил “Нутгийн буян” нэртэй архи авчирж дахин 3-уулаа хувааж уугаад би тасарчихсан байсан ба зодуулснаа сайн мэдэхгүй байна. Манай эхнэр л цагдаа дуудсан юм шиг байсан. Би нэг мэдсэн чинь цагдаа дээр ирчихсэн цагдаа намайг эмнэлэгт очиж үзүүл гээд байсан. Би тэгэхээр нь эмнэлэгт үзүүлэлгүй гэртээ очоод юу болсон талаар эхнэр У-с асуусан чинь М та хоёр хоорондоо маргалдаад М чамайг унь хугалж байгаад униар цохиод байхаар нь би цагдаад өгсөн юм гэж байсан ба намайг униар цохиж байхыг нь би санахгүй байгаа юм. Тухайн үед тасарчихсан ухаанаа алдсан байсан. Намайг юугаар цохьсон талаар болон хаана цохьсон талаар мэдэхгүй байна. Миний биеийн зүүн талын гуяны хэсэг хөхөрчихсөн, зүүн ташаа, зүүн гарын бугалга зэрэг хөхөрсөн байсан. Мөн нүүрэнд хэдэн ширхэг шалбарсан байсан. ...Маргааш өглөө нь хугарсан нэг ширхэг унь байсан ба одоо бол байхгүй. Манай эхнэр хугалаад гал түлчихсэн байх. ...Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би М-тэй эвлэрсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-10 хуудас/,

Гэрч Б.У-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 03-ны орой 23 цагийн үед манай гэрт манай хамаатны дүү М согтуурсан үедээ манай нөхөр Д.А-г зодоод байхаар нь салгах гэтэл надад дийлдэхгүй байхаар нь би цагдаад дуудлага өгсөн юм. Бүгд согтуу байсан. Намайг гадаа гарч бие засчихаад ороод ирсэн чинь хоорондоо маргалдаад барилцаад авчихсан зодолдож байсан. Юунаас болж хэрэлдэж маргалдсан талаар нь би мэдээгүй. Гэрийн унь хугалж аваад элэг рүү нь 1 удаа бүлсэн ба гуяны хэсэгт нь 1 удаа цохьсон. Гараараа бас цохиод байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14 хуудас/,

Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн №293 дугаартай шинжээчийн:

 “...1. Д.А-н биед тархи доргилт дух, хамар, доод эрүү хэсэгт зулгаралт, баруун зүүн нүдний дотор булан, зүүн мөр, баруун эгэм, баруун гарын бугалга, хэвлий, зүүн ташаа, зүүн хөлийн гуя, бүсэлхий нуруу цус хуралттай гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. хэрэг болсон гэх цаг хугцаанд үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 18 хуудас/,

Шүүгдэгч М.М-н хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-30/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-31/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-47/,

Хохирогч Д.А-н шүүхэд ирүүлсэн: “...Миний бие М.М-т гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй тул надгүйгээр шийдвэрлэж өгнө үү...” гэсэн хүсэлт зэрэг болно.

Шүүгдэгч М.М нь согтуугаар 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 23 цагийн орчим Д.А-н гэрт түүнийг зодож, эрүүл мэндэд нь “тархи доргилт, дух, хамар, доод эрүү хэсэгт зулгаралт, баруун зүүн нүдний дотор булан, зүүн мөр, баруун эгэм, баруун гарын бугалга, хэвлий, зүүн ташаа, зүүн хөлийн гуя, бүсэлхий нуруунд цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Шүүгдэгч М.М нь дээрх  гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Д.А-н “...Юу болсон талаар эхнэр У-с асуусан чинь М та хоёр хоорондоо маргалдаад М чамайг унь хугалж байгаад униар цохиод байхаар нь би цагдаад өгсөн юм гэж байсан. Намайг униар цохиж байхыг нь би санахгүй байгаа юм. Тухайн үед тасарчихсан ухаанаа алдсан байсан. Намайг юугаар цохьсон талаар болон хаана цохьсон талаар мэдэхгүй байна. Миний биеийн зүүн талын гуяны хэсэг хөхөрчихсөн, зүүн ташаа, зүүн гарын бугалга зэрэг хөхөрсөн байсан. Мөн нүүрэнд хэдэн ширхэг шалбарсан байсан.Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би М-тэй эвлэрсэн” /хх-19/,  гэрч Г.У-н  “2018 оны 05 дугаар сарын 03-ны орой 23 цагийн үед манай гэрт манай хамаатны дүү М согтуурсан үедээ манай нөхөр Д.А-г зодсон. Гэрийн унь хугалж аваад элэг рүү нь 1 удаа бүлсэн ба гуяны хэсэгт нь 1 удаа цохьсон. Гараараа бас цохиод байсан” /хх-13-14/, хохирогч Д.А-н эрүүл мэндэд “тархи доргилт дух, хамар, доод эрүү хэсэгт зулгаралт, баруун зүүн нүдний дотор булан, зүүн мөр, баруун эгэм, баруун гарын бугалга, хэвлий, зүүн ташаа, зүүн хөлийн гуя, бүсэлхий нуруу цус хуралт бүхий хөнгөн хохирол” учирсныг тогтоосон Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 293 дугаартай дүгнэлт /хх-18 хуудас/, шүүгдэгч М.М-н шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Өвөрхангай аймгийн прокуророос шүүгдэгч Боржигон овогт М. М-н хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, хэргийн зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоосон, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.

Иймд шүүхээс шүүгдэгч Боржигон овогт М.М-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч М.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч, хохирогч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан бөгөөд прокуророос уг хүсэлтийг хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч М.М-н тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд болон түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан үзлээ. Шүүгдэгч М.М-т эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч М.М нь ял шийтгүүлж байгаагүй, бусдад төлөх төлбөргүй болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-47/, хохирогч Д.А-н шүүхэд ирүүлсэн “цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн хүсэлт, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч М.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хангасан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай шүүхэд гаргасан хүсэлт, хохирогч Д.А-н “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчтэй эвлэрсэн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн шүүхэд ирүүлсэн хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгч М.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул  шүүгдэгч Боржигон овогт М.М-г нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж,

Шүүгдэгч М.М-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар тогтоож, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг  нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурьдаж,

Шүүгдэгч М.Мөнхзоригт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлүүлэхийг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Шүүгдэгч М.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж, давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 5 ,6, 7, 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.3, 2.4, 3.1, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт М.М-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт М.М-г 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар тогтоож, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурьдсугай.

4. Монгол Улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйл, 163 дугаар зүйлийн 163.1, 163.2-т зааснаар шүүгдэгч М.М-т оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлүүлэхийг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Шүүгдэгч М.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

6. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин хуулийн төгөлдөр болтол шүүгдэгч М.Мөнхзоригт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

8. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.