Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 126

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Улсын яллагч: Д.Ганцэцэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Дамбийням,

Шүүгдэгч: Г.Ж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Г.Ж-д холбогдох 1826001950128 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 129 дугаар шийтгэх тогтоолоор бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, түүнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож байсан, ******* овогт Г.Ж

Шүүгдэгч Г.Ж нь 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 23 цагийн орчим өөрийн гэртээ эхнэр Д.Т-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Г.Ж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.

Хохирогч Д.Т мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:… 2018 оны 04 дүгээр сарын 24-ний орой намайг ажлаа тараад иртэл Г.Ж гэртээ ирчихсэн байсан ба тухайн өдрөөс өмнө 20 орчим хоног архи уусан байсан. Тэгээд би яагаад архи уугаад байгаа талаар нь хэлж яриад архи уугаад байвал салъя гэхэд манай нөхөр хүүхдийнхээ хичээлийг хийлгэж байгаад босоод гараад явсан. Тэгээд хэсэг хугацааны дараа орж ирээд суухаар нь би дахиад үглээд хэрүүл хийхэд босож ирээд намайг барьж аваад гараараа нүүрэн хэсэгт 2 удаа, толгой хэсэгт 4 удаа цохисон. /хх-ийн 4-5 хуудас/,

Гэрч Д.Т мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:… 2018 оны 04 дүгээр сарын 24-ний орой Г.Ж гэртээ согтуу ирсэн ба намайг байхад ямар нэгэн хэрүүл маргаан болоогүй. Тэгээд би гараад бие засчихаад ороод иртэл хэрүүл маргаан болчихсон барилцаад авсан байхаар нь салгах гэтэл дийлээгүй. Г.Ж-тай хэрэлдэж маргалдсаны дараа л Д.Т-н баруун талын нүд нь хавдаад хөхөрсөн байсан. /хх-ийн 10-11 хуудас/,

Гэрч Н.Д мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:… 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр би охиныхоо гэрт сууж байтал гаднаас манай хүргэн Г.Ж согтуу орж ирэхэд манай охин Д.Т Г.Ж-д хандаж чи архи уугаад яваад байх юм, амьдарлаа бодохгүй гэж хэлтэл Г.Ж уурлаад Д.Т-тэй барилцаж аваад цохиод авч байгаа харагдсан. Г.Ж цохисноос болж биед нь бэртэл гэмтэл учирсан. /хх-ийн 12-13 хуудас/,

Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн ¹284 дугаар шинжээчийн дүгнэлтэнд:… Г.Т-н биед тархи доргилт, баруун гарын дунд хуруунд цуурсан хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь хэргийн цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой. Уг гэмтлүүдийн хэрэг болсон гэх нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 16 хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, шүүгдэгч Г.Ж яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Д.Т-н гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн шүүхэд ирүүлсэн хүсэлт /хх-ийн 20, 22-23 хуудас/,

Шүүгдэгч Г.Ж хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 28 хуудас/,

Шүүгдэгч Г.Ж урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46 хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Г.Ж нь 2018 оны 04 дүгээр сарын 24-ний шөнийн 23 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр багт байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Д.Т-н нүүр болон толгойн тус газар нь гараараа 6 удаа цохиж зодож, хохирогч Д.Т-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч Д.Т-н 2018 оны 04 дүгээр сарын 24-ний орой Г.Ж намайг барьж аваад гараараа нүүрэн хэсэгт 2 удаа, толгой хэсэгт 4 удаа цохисон. Гэрч Д.Т-н 2018 оны 04 дүгээр сарын 24-ний орой Г.Ж гэртээ согтуу ирсэн ба намайг гараад бие засчихаад ороод иртэл хэрүүл маргаан болчихсон барилцаад авсан байсан. Г.Ж-тэй хэрэлдэж маргалдсаны дараа Д.Т баруун талын нүд нь хавдаад хөхөрсөн байсан. Гэрч Н.Д-н Г.Ж Д.Т-тэй барилцаж аваад цохиод авч байгаа харагдсан гэх мэдүүлгүүд, Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн ¹284 дугаар шинжээчийн дүгнэлт, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, шүүгдэгч Г.Ж-н яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Д.Т-н гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн шүүхэд ирүүлсэн хүсэлтээр нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Шүүгдэгч Г.Ж-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Г.Ж нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдлыг болон шүүгдэгч Г.Ж-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан үзэж түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан болно.

Шүүгдэгч Г.Ж-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар тогтоож,

Шүүхээс шүүгдэгч Г.Жа-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлүүлэхийг Өвөрхангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Шүүгдэгч Г.Ж нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг,

Мөн шүүгдэгч Г.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн болохыг тус тус дурьдаж,

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Ж-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 7, 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт Г.Ж-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ж-д 300 /гурван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйл, 163 дугаар зүйлийн 163.1, 163.2-т зааснаар шүүгдэгч Г.Ж-д оногдуулсан 300 /гурван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар тогтоож, уг ялыг эдлүүлэхийг Өвөрхангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ж нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мөн шүүгдэгч Г.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн болохыг тус тус дурьдсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ж-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Ж-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.