| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хумбаагийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 173/2018/00063/Э |
| Дугаар | 127 |
| Огноо | 2018-07-06 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Д.Ганцэцэг |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 127
Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж,
Улсын яллагч: Д.Ганцэцэг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Батсайхан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Дамбийням,
Шүүгдэгч: А.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт А.Б-д холбогдох 1826000970060 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр 12-ны өдрийн 06 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, ******* овогт А.Б
Шүүгдэгч А.Б нь согтуугаар 2018 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Улаан хуруу” гэх газар иргэн Д.О-г зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч А.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... Архи ууснаас л ийм зүйл боллоо. Би ийм зүйл болно гэж бодоогүй. Маш их харамсаж байна гэв.
Хохирогч Д.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2018 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хонио эргүүлчихээд 17 цагийн орчимд саахалт айл болох Э-д ороход Э эхнэр Ц хүүхдүүдийн хамт байсан. Тэгээд ороод золгочихоод бууз жигнүүлээд ганц нэг хундага архи уугаад сууж байтал Э орж ирэхээр нь Э-тай золгочихоод тэнд тасраад унтчихсан байсан. Тэгээд нэг сэртэл хэвлий дүүрээд гэдэс цондойчихсон байхаар нь гараад шээх гэтэл шээс гарахгүй байхаар нь эргэж Э гэрт ороод Э-д хандаж бие өвдөөд байна, өвчин намдаах эм байна уу? гэхэд Э эхнэр Ц өвчин намдаах эм байхгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь Э-г манайд очоод өвчин намдаах эм асуугаад ир гээд явуулсан. Удалгүй өвчин намдаах эм байхгүй байна. Г эгч бид хоёрыг таныг аваад ир гэж явууллаа гээд С, Б хоёр ирэхээр нь мотоциклийнх нь дунд сундлаад гэртээ ирээд хэвлий хэсгээр өвдөөд болохгүй болохоор нь 100 грамм архи уусан. Тэгээд нэмэр болохгүй болохоор нь Парацетамол гэх эм 2 ширхэгийг давхарлаж уугаад өглөө болгосон. Тэгээд өвдөөд болдоггүй үдээс хойш аймгийн төвөөс cap шинийн золголтоор Т ирээд намайг сумын төвийн эмнэлэгт хүргэж өгсөн. Аймагт ирээд ЭХО-д харуулахад давсаг хагарсан гэх оношоор яаралтай мэс засалд орсон. Би согтуугаараа Б-тэй маргалдаад Э гэрээс гарсан. Б миний хэвлий хэсэг рүү өшиглөснөөс болж миний давсаг гэмтсэн. /хх-ийн 6-7 хуудас/,
Хохирогч Д.О мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлэхдээ:... Шар гэх залуу гаднаас согтуу орж ирээд бид нар золгоод бас архи ууцгаасан. Би нэлээд халж байтал Шар гэх залуу юм ярьж сууж байгаад надтай маргалдаад Шар бид хоёр зодолдсон. Би Шар гэх залууг нэг их зодоогүй. Намайг бариад автал миний зүүн шанаа руу цохиход нь би газар унасан. Намайг газар унахад Шар миний хэвлий давсаг хэсэг рүү 1 удаа өшиглөөд, хэвлийн баруун хэсэг хавирганы доод талд 1 удаа гараараа цохисон. Тэгээд ерөөсөө өдөржин шээс гарахгүй байхаар нь 2018 оны 02 дугаар сарын 17-ны 23 цагийн үед сумын эмнэлэгт ирсэн. /хх-ийн 11-13 хуудас/,
Гэрч А.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Намайг гэртээ ирэхэд О, манай ах Б хоёр гэрийн гадна зодоон хийсэн байдалтай, гэрийн гадна унтаж байсан. Би эхнэр Ц-с юу болсон талаар асуухад Б ах О-г дуудаад золгох гэхэд өмнөөс нь салаавч өгөөд манай дэвсгэр дээр шүлсээ хаяад байсан чинь Б ах гэрээс дагуулж гараад гадаа 2-3 удаа цохиж авсан гэж хэлсэн. О-г дуудахад сэрэхгүй байсан. Би О-г өргөж гэрт нь оруулаад унтацгаасан. Шөнийн 02 цагийн орчимд Очир сэрээд бие засна гэж гараад шээс гарахгүй байна гээд орж ирсэн. Тэгээд унтаад 03 цагийн орчимд бие засахаар гараад бага шээлээ гээд орж ирэхээр нь би гэр рүү нь очиж О-н эхнэр Г-т танай хүн чинь манайд байна, шээс нь гарахгүй байна гэнэ, хүрээд ир гэж байна гэж хэлтэл Г гэртээ унтаж байсан 2 бандийг явуулаад авахуулчихъя гээд тэр 2 бандийг явуулсан. Тэгээд тэр 2 банди нь ирээд О-г аваад явсан. Намайг Б-г хүргэж өгчихөөд 23 цагийн орчимд ирэхэд О нь гэрийн урд жалганд зүүн нүдний аяган дээр нь шалбарсан байдалтай байсан. Тэгээд 02 цагаас авахуулаад хэвлий рүү өвдөөд байна, шээс гарахгүй байна гээд орилоод байсан. /хх-ийн 14-16 хуудас/,
Гэрч Т.Ц мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Очир манай гэрт шүлсээ хаяхад О.Б ах 2 удаа алгадаж авсан. Тэгээд ууж байсан архинаасаа дахиж хийж уучихаад хоёулаа гаръя гээд гадаа гараад тачигнаад байхаар нь гар чийдэн бариад гараад хартал гэрийн урд жалганд О-г газар унагаачихсан Б ах зодоод байж байхаар нь би салгасан. Манай нөхөр О-г гаднаас оруулж ирээд цай уу гэхэд цай уухгүй гээд байсан. Тэгээд унт гээд ор засаж өгөхөд унтахгүй цавь руу өвдөөд байна, үхлээ эмнэлэг дуудаад өгөөч гээд орилоод байсан. Б ахтай зодолдсоныхоо дараа гадаа жалганд унтаж байгаад манай нөхрийг гэрт оруулж ирээд унт гэхэд цавь руу өвдөөд байна, шээс гарахгүй байна гээд дуу алдаад дахин дахин гарч ороод бие хүчтэй өвдөөд байна, эмч дуудаад өгөөч, болохоо байлаа гээд байсан. Гадаа гараад О ахыг Б ах өшиглөж цохиж байгаад хөл рүү нь дэгээдэж унагаад газар унасных нь дараа гуя хавь руу 2 удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би боль гээд салгасан. Бас шанаа руу нь цохиж нүдээд байсан. /хх-ийн 17-18 хуудас/,
Гэрч Т.С мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:… 2018 оны 02 дугаар сарын 16-ны орой 21 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ******* сумын 2 дугаар баг Улаан хуруу гэх газар нутагладаг А.Э-д би Б, Ж гэх хоёр залуугийн хамт ороход Э-д түүний эхнэр Ц, Б нар байсан. Э сүүлд нь тэмээний гэр дээр оччихоод ирлээ гээд ирсэн. Бид нарыг гэрт ороход Д.О согтчихсон бололтой Э гэрийн урд талд унтаж байсан. Бид хэд тэндээс гараад Д.О ахынд унтаж байтал 05 цагийн орчимд Г эгч намайг дуудаж сэрээгээд чи Д.О ахыгаа аваад ир гэхээр нь Ж гэх залуутай хамт Э гэрт очиж Д.О ахыг гэрт нь авч ирсэн. Д.О ах Э гэрийн баруун талд гэдэс рүү өвдөөд байна гээд сууж байсан. /хх-ийн 21-22 хуудас/,
Гэрч Б.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:… Д.О эхнэр болох Г Д.О-г аваад ир гэхэд нь С бид 2 Э-д очиж Д.О-г авч ирсэн очиход Д.О нь Э гэрийн баруун талд гэдэс рүү өвдөөд байна гээд сууж байсан. /хх-ийн 25-26 хуудас/,
Гэрч Д.Г мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:… Д.О 2018 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 16 цаг өнгөрөөгөөд хонь эргүүлэх гэж яваад ирээгүй. Тэгтэл шөнө 00 цагийн орчимд С, Б, Б нар манайд ирж хоноход нь Д.О-г асуухад Э гадаа согтуу байна лээ гэж хэлээд унтсан. Шөнө Э ирээд Д.О шээс нь гарахгүй байна гээд орилоод байна гэхээр нь Д.О-г авч ирүүлэхээр С, Б хоёрыг явуулсан. Д.О ирэхдээ гэдэс нь цондойчихсон хэвлий хавиараа эмзэглэлтэй байсан. 2018 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 08 цагийн орчимд аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд ирж үзүүлэхэд давсаг хагарсан гэх оноштойгоор 10 цагт хагалгаанд орсон. /хх-ийн 30-31 хуудас/,
Гэрч У.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:… 2018 оны 02 дугаар сарын 17-ны 23 цагийн орчимд эмнэлгийн хүлээн авах дээр үзүүлэх хүн ирлээ гэж дуудлага ирсэн. Ямар хүн ирсэн талаар асуухад хүнд зодуулсан, хэвлий нь цондойсон, эмзэглэл ихтэй, өчигдөрөөс хойш шээгээгүй гэхээр нь намайг очтол давсаганд нь гуурс тавиад эрэмбэлээд байж бай гэж хэлчихээд яваад эмнэлэг дээр ирж үзэхэд биеийн байдал хүнд, албадмал байдалтай хэвтэж чадахгүй, хэвлий хэсгээрээ нэлээн хөндүүр, эмзэглэл ихтэй, гар хүргүүлэхгүй давсганд тавьсан гуурсаар цусархаг шингэн гарсан байдалтай байсан. Эхо-д харахад давсаг харагдахгүй, хэвлийд цул шингэн ихтэй, биеийн байдал хүнд байхаар нь биеийн байдал тогтворжуулах эмчилгээ хийж мэс заслын эмчилгээ шаардлагатай байсан тус аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хүргэж өгсөн. /хх-ийн 32-33 хуудас/,
Гэрч Т.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:… Д.О-г хагалгаанд оруулж давсагны арын хана нь 7-8 см орчим урагдсан байсныг нь оёсон. Энэ гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Ямар нэгэн осол гэмтлээс үүснэ. Уг гэмтэл авсан даруйдаа 1-2 цагийн дараа шээс гарахгүй эсвэл цустай гарах шинж тэмдэг илэрнэ. /хх-ийн 113-114 хуудас/,
Шинжээч Э.Х мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:… Уг гэмтлийг авснаас хойш тухайн хүний биеийн онцлогоос шалтгаалж харилцан адилгүй шинж тэмдэг илэрнэ. Уг гэмтэл нь 24 цагийн дотор шинж тэмдэг илэрч болно. Жижиг хэмжээний урагдал цоорол гэмтэл авсан тохиолдолд 48-72 цагийн хугацаанд биед бага хэмжээний зовиуртай явж болох боловч Д.О-н авсан гэмтлийн хувьд 48-72 цагийн хугацаанд явах боломжгүй. Учир нь Д.О-н давсагны арын хана нь 5 см-ээс дээш хэмжээний урагдал нь удаан хугацаанд явах боломжгүй. Ямар нэгэн шинж тэмдэг илрэхгүй байх боломжгүй гэмтэл юм. /хх-ийн 115-116 хуудас/,
Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн №120 дугаар шинжээчийн дүгнэлтэнд:... Д.О-н биед давсагны урагдал, зүүн чамархайд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрэлт эмчилгээнээс хамаарна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. /хх-ийн 36 хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, Өвөрхангай аймгийн прокурорын газарт хохирогч Д.О-с гаргасан хүсэлтүүд, шүүгдэгч А.Б-н мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 19-20, 45, 77, 80 хуудас/,
Шүүгдэгч А.Б-н хувийн байдлыг тогтоосон А.Ш, Г.Н нарын мэдүүлгүүд, Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын 3 дугаар багийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 90 тоот тодорхойлолт, мал тооллогын бүртгэл, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 27-29, 71-72 хуудас/,
Шүүгдэгч А.Б-н урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 62 хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч А.Б нь 2018 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Улаан хуруу” гэх газар хохирогч Д.О-н хэвлийн тус газар нь өшиглөсний улмаас давсагны урагдал гэмтэл буюу эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Б-н үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч Д.О-н 2018 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Э гэрт тасраад унтчихсан байсан. А.Б миний зүүн шанаа руу цохиход нь би газар унасан. Намайг газар унахад миний хэвлий давсаг хэсэг рүү 1 удаа өшиглөөд, хэвлийн баруун хэсэг хавирганы доод талд 1 удаа гараараа цохисон. Миний хэвлий дүүрээд гэдэс цондойчихсон, шээх гэтэл шээс гарахгүй байсан. Б миний хэвлий хэсэг рүү өшиглөснөөс болж миний давсаг гэмтсэн. Гэрч А.Э Д.О-г Б ах гэрээс дагуулж гараад гадаа 2-3 удаа цохиж авсан гэж хэлсэн. О бие засна гэж гараад шээс гарахгүй байна гээд орж ирсэн. Тэгээд 02 цагаас авахуулаад хэвлий рүү өвдөөд байна, шээс гарахгүй байна гээд орилоод байсан. Гэрч Т.Ц-н гэрийн урд жалганд О ахыг Б ах өшиглөж цохиж байгаад хөл рүү нь дэгээдэж унагаад газар унасных нь дараа гуя хавь руу 2 удаа өшиглөсөн. Гэрч Т.С-н Д.О ах Эн гэрийн баруун талд гэдэс рүү өвдөөд байна гээд сууж байсан. Гэрч Б.Б-н С бид 2 Э-д очиж Д.О авч ирсэн. Очиход Д.О нь Э гэрийн баруун талд гэдэс рүү өвдөөд байна гээд сууж байсан. Гэрч Д.Г-н Д.О ирэхдээ гэдэс нь цондойчихсон хэвлий хавиараа эмзэглэлтэй байсан. 2018 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 08 цагийн орчимд аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд ирж үзүүлэхэд давсаг хагарсан гэх оноштойгоор 10 цагт хагалгаанд орсон. Гэрч У.Б-н Д.О-г үзэхэд биеийн байдал хүнд, албадмал байдалтай хэвтэж чадахгүй, хэвлий хэсгээрээ нэлээн хөндүүр, эмзэглэл ихтэй, гар хүргүүлэхгүй давсганд тавьсан гуурсаар цусархаг шингэн гарсан байдалтай байсан. Эхо-д харахад давсаг харагдахгүй, хэвлийд цул шингэн ихтэй, биеийн байдал хүнд, мэс заслын эмчилгээ шаардлагатай байсан. Гэрч Т.Б Д.О-г хагалгаанд оруулж давсагны арын хана нь 7-8 см орчим урагдсан байсныг нь оёсон. Уг гэмтэл авсан даруйдаа 1-2 цагийн дараа шээс гарахгүй эсвэл цустай гарах шинж тэмдэг илэрнэ. Шинжээч Э.Х-н Д.О-н авсан гэмтлийн хувьд 48-72 цагийн хугацаанд явах боломжгүй. Учир нь Д.О-н давсагны арын хана нь 5 см-ээс дээш хэмжээний урагдал нь удаан хугацаанд явах боломжгүй. Ямар нэгэн шинж тэмдэг илрэхгүй байх боломжгүй гэмтэл гэх мэдүүлгүүд, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн №120 дугаар шинжээчийн дүгнэлт, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, Өвөрхангай аймгийн прокурорын газарт хохирогч Д.О-с гаргасан хүсэлтүүд, шүүгдэгч А.Б-н мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлсэн мэдүүлгээр нотлогдон тогтоогдосон, мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүгдэгч А.Б-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч А.Б нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдлыг, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг болон шүүгдэгч А.Б-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан үзэж түүнд торгох ял оногдуулсан болно.
Ингэхдээ шүүгдэгч А.Б-н хөрөнгө, түүний орлого олох боломжийг харгалзан түүнд шүүхээс оногдуулсан торгох ялыг хоёр жилийн хугацаанд жил бүр тодорхой хэмжээгээр хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч А.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг,
Мөн шүүгдэгч А.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогчид хохирол төлбөрт 3000000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч А.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 7, 8, 9 дэх хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт А.Б-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-д 10000 /арван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10000000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-д шүүхээс оногдуулсан 10000 /арван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10000000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд жил бүр 5000000 /таван сая/ төгрөгийг хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мөн шүүгдэгч А.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогчид хохирол төлбөрт 3000000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч А.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.