Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 128

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Улсын яллагч: Ч.Мядагбадам,

Хохирогч: Б.Ичинхорлоо,

Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч: Д.М,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Энхтуяа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Дамбийням,

Шүүгдэгч: Н.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглүүлэх саналтай ирүүлсэн Түмэн-Иш овогт Н.Н-д холбогдох 1826001960123 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 1/29 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүлйин 98.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялыг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, чамархайн шалтгаант уналт таталт, зан төрхийн эмгэг сэтгэцийн өвчтэй, хэрэг хариуцах чадваргүй, Түмэн-Иш овогт Н.Н

Шүүгдэгч Н.Н нь 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр 13-12 тоотод хохирогч Б.И-г хүрзээр цохиж улмаар түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Н.Н шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... Хүрзний ишээр цохисноо сайн санахгүй байна гэв.

Хохирогч Б.И шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:… Тухайн өдрийн үдээс өмнө манай хажуу айлд хүмүүс архи ууцгаагаад байсан. Тэгтэл 3 залуу энэ Н.Н-г хашаанаасаа гаргаад үүдээ цоожлоод гэртээ орчихсон. Би гэрийнхээ хойд талд юм хийгээд байж байтал гэрт юм түжигнэхээр нь гэртээ ортол Н.Н-д хүрзний ишээр гэр доторх эд зүйлийг цохиж байсан. Тэгснээ намайг хараад хүрзний ишээр намайг цохьсон. Тэгээд чамайг ална гээд над руу дайраад хүрзний ишээр хэд цохиж авсан байсан. Би ухаан алдсан байсан. Би гомдолтой байна. Намайг нарийн шинжилгээнүүд өг гэж хэлсэн. Надад 200000 төгрөг төлсөн. Эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн эм тарианы мөнгө нийт 312000 төгрөг болсон ч одоо болтол төлөөгүй байгаа. Үүнийгээ нэхэмжилнэ гэв.

Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Д.М шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... Настай хүнийг цохисонд нь харамсаж байна. Би 200000 төгрөг өгсөн. Манай энэ хүүхэд унаж татдаг, сэтгэцийн өвчтэй болохоор хэцүү байдаг. Энэ хүний өвчнийг нь эдгэртэл эмчлүүлмээр байна гэв.

Хохирогч Б.И мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 16 цагийн үед намайг гэрийн хойд талд гадаа юм хийгээд байж байтал гэр дотор юм түжигнээд байхаар нь гэр рүүгээ орох гээд гэрийнхээ хаалгыг онгойлготол өмнөөс нэг залуу гарч ирээд хүрзний хугархай ишээр цохиод авсан. Тэгээд миний өмнөөс заазуур юм уу, хутга юм уу, нэг зүйл барьчихаад чамайг ална гэхээр нь би айсандаа хойшоо ухартал намайг барьж аваад бодвол зодож цохисон байх, би тэрүүхэн зуурын үйл явдлыг сайн санахгүй байна. Тэгтэл миний өмнөөс модон дээр байсан модны тайрдас бариад ирэхээр нь би хүүе болдоггүй юм гэхэд газар хаячихаад хашааны хаалгаар гараад явсан. Хүрзний ишээр миний толгойд нэг удаа цохисон. Би өөр бусдыг нь санахгүй байна. Нэг сэрэх үед миний өмнөөс мод бариад ирж байсан. Намайг дунд нь ухаангүй байх үед цохиж зодсон байх. Би нэрийг нь мэдээгүй. Өдөр нь манай доод талын хашаанд хүмүүс архи уугаад маргалдаад байгаа бололтой байсан. Тэндээс л орж ирсэн байх гэж бодож байна. /хх-ийн 09-10 хуудас/,

Гэрч Ш.Л мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 16 цаг өнгөрч байхад манай зүүн талын хашаан дотор хүн чанга чанга ярих шиг болохоор нь гараад иртэл манай зүүн талын хашааны Б.И-г нэг танихгүй хүн толгой руу нь гартаа нэг юм барьчихсан цохиод байх шиг байсан ба би айгаад очиж салгаж чадаагүй болохоор цагдаа дуудсан. Тэгээд тухайн залуу хашааны хаалгаар нь гараад баруун зүгт яваад өгсөн ба араас нь харахад бүдэгхэн бор эрээн цамцтай, цэнхэр өнгийн хуучин жинсэн өмдтэй, туранхай, 170 см орчим өндөртэй залуу байсан. Тэгээд манай баруун талын дэлгүүр рүү орчихоор нь гараад ирвэл царайг нь хараад авъя гэж бодоод 5 минут орчим хүлээсэн боловч гарч ирэхгүй болохоор нь би гэртээ орсон. Тухайн залууг бол танихгүй. Одоо харвал харин таних эсэхээ сайн мэдэхгүй байна. Нэг л хүн байсан ба толгой хэсэгт нь гартаа нэг юм барьчихсан цохиод байсан. Гартаа юу барьсан байсныг нь хараагүй. Миний харснаар 1 удаа цохисон. /хх-ийн 16-17 хуудас/,

Хууль ёсны төлөөлөгч Д.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Н.Н нь төрөхдөө хэвийн хүүхэд байсан ба 13 настайдаа мотоциклиос унаад тархины гэмтэл авч одоо унаж татдаг, сэтгэцийн өвчтэй болчихсон. Энэ хүн унаж татдаг сэтгэцийн өвчтэй болсноос хойш миний хараа хяналтанд байнга байдаг ба зарим үед намайг зодож цохих гээд миний өмнөөс янз бүрийн эд зүйл шиддэг. Миний эгмийг хүртэл гэмтээж байсан. Сүүлийн үед надад ер нь дийлдэхээ болиод байгаа. /хх-ийн 21-22 хуудас/,

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн №285 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:... Б.И-н биед тархи доргилт, тархины хоёр тал бөмбөлгийн ховил дахь аалзан бүрхүүл доорх цус харвалт, зүүн нүдний салст, баруун нүдний зовхинд цус хуралт, зүүн чамархай, зүүн хацрын төвгөр хэсэгт зулгаралт шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь хэргийн цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой. Уг гэмтлүүд нь хэрэг болсон гэх нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Уг гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 25 хуудас/,

Өвөрхангай аймгийн Бүсийн Оношилгоо Эмчилгээний Төвийн 2018 оны 05

дугаар сарын 07-ний өдрийн №21 дугаартай сэтгэцийн шинжээчийн дүгнэлт:... Үзүүлэгч Н.Н чамархайн шалтгаант уналт таталт, зан төрхийн эмгэг сэтгэцийн өвчтэй. Үзүүлэгч Н.Н нь хэрэг үйлдэгдэх цаг хугацаа буюу 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр чамархайн шалтгаант уналт таталт, зан төрхийн эмгэг сэтгэцийн өвчтэй байсан. Үзүүлэгч Н.Н нь олдмол чамархайн шалтгаант уналт таталт, зан төрхийн эмгэг сэтгэцийн өвчтэй. Үзүүлэгч Н.Н нь хэрэг хариуцаж, үнэн зөв мэдүүлэг өгөх чадваргүй. /хх-ийн 34 хуудас/,

Өвөрхангай аймгийн Бүсийн Оношилгоо Эмчилгээний Төвийн 2018 оны 06

дугаар сарын 20-ны өдрийн №28 дугаартай сэтгэцийн шинжээчийн нэмэлт дүгнэлтэнд:... Үзүүлэгч Н.Н нь чамархайн шалтгаант уналт таталт, зан төрхийн эмгэг сэтгэцийн өвчтэй. Дээрх өвчин эхэлсэн цаг хугацааг одоо тодорхойлох боломжгүй. Уг өвчний үед уналт таталтын эсрэг эмийг насан туршдаа хэрэглэнэ. Уг өвчин нь эмчилгээнд үр дүнгүй, зөвхөн уналт таталтын давтамжийг багасгана. Чамархайн шалтгаант уналт таталт, зан төрхийн эмгэг өвчнөөр өвчилсөн хүн нь уналт таталтын дараа сэтгэцийн хувьд өөрийгөө хянах чадваргүй, хийсэн үйлдлээ дараа нь санахгүй. Уналт өгөөгүй үедээ зан төрх нь ширүүн, хурц ааштай, амархан уурлаж бухимдана, бусадтай таарамж муутай, хэрэг үйлдэх үедээ уналт өгсөн эсэхийг тогтоох боломжгүй. Сэтгэцийн өвчний илрэх хэлбэр нь байнга даамжирах хандлагатай. Уналтын дараа хурц илэрнэ. Н.Н нь өөртөө болон бусдад аюул учруулах боломжтой. Н.Н-д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг 6 сараар авч эмчлэх шаардлагатай. /хх-ийн 41 хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хохирогч Б.И-н биед учирсан гэмтлийн талаарх 4 хуудас бүхий 10 ширхэг гэрэл зураг /хх-ийн 50 хуудас/,

Шүүгдэгч Н.Н-н хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 3/399 тоот тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавгаа, амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хх-ийн 61-64, 79-80 хуудас/,

Шүүгдэгч Н.Н-н урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56 хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Н.Н нь 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6 дугаар баг 13-12 тоотод хохирогч Б.И-н толгойн тус газар нь хүрзний ишээр цохиж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч Б.И-н намайг гэрийнхээ хойд талд юм хийгээд байж байтал гэрт юм түжигнэхээр нь гэртээ ортол Н.Н хүрзний ишээр гэр доторх эд зүйлийг цохиж байсан. Тэгснээ намайг хараад хүрзний ишээр намайг цохьсон. Тэгээд чамайг ална гээд над руу дайраад хүрзний ишээр хэд цохиж авсан байсан. Би ухаан алдсан байсан. Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Д.М-н настай хүнийг цохисонд нь харамсаж байна гэх мэдүүлгүүд, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч Б.И-н 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 16 цагийн үед намайг гэрийн хойд талд гадаа юм хийгээд байж байтал гэр дотор юм түжигнээд байхаар нь гэр рүүгээ орох гээд гэрийнхээ хаалгыг онгойлготол өмнөөс нэг залуу гарч ирээд хүрзний хугархай ишээр цохиод авсан. Намайг барьж аваад бодвол зодож цохисон байх, би тэрүүхэн зуурын үйл явдлыг сайн санахгүй байна. Гэрч Ш.Л-н 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 16 цаг өнгөрч байхад манай зүүн талын хашаан дотор хүн чанга чанга ярих шиг болохоор нь гараад иртэл манай зүүн талын хашааны Б.И-г нэг танихгүй хүн толгой руу нь гартаа нэг юм барьчихсан цохиод байх шиг байсан ба би айгаад очиж салгаж чадаагүй болохоор цагдаа дуудсан гэх мэдүүлгүүд, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн №285 дугаартай шинжээчийн дүгнэлт, Өвөрхангай аймгийн Бүсийн Оношилгоо Эмчилгээний Төвийн 2018 оны 05 дугаар сарын 07-ний өдрийн №21, 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн №28 дугаартай сэтгэцийн шинжээчийн нэмэлт дүгнэлтүүд, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, Б.И-н биед учирсан гэмтлийн талаарх 4 хуудас бүхий 10 ширхэг гэрэл зургаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Шүүгдэгч Н.Н-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Н.Н нь гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан Өвөрхангай аймгийн Бүсийн Оношилгоо Эмчилгээний Төвийн 2018 оны 05 дугаар сарын 07-ний өдрийн №21, 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн №28 дугаартай сэтгэцийн шинжээчийн нэмэлт дүгнэлтүүдээр тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 1, 9 дэх хэсэгт зааснаар түүнд сэтгэл заслын эмчилгээ хийлгэх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Н.Н-д хэрэглэсэн сэтгэл заслын эмчилгээ хийлгэх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн ердийн тасагт дөрвөн сарын хугацаагаар хэрэглэхээр тогтоох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Н.Н-д авсан сэтгэл заслын эмчилгээ хийлгэх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхэд хяналт тавихыг Өвөрхангай аймгийн прокурорын газарт даалгаж,

Гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсны улмаас эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан хүний хэрэг хариуцах чадваргүй байдал арилсан бол шүүхээс уг албадлагын арга хэмжээг зогсоох тухай шийдвэр гаргах болохыг,

Мөн шүүгдэгч Н.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид хохирол төлбөрт 200000 төгрөг төлсөн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдаж,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хугархай иш бүхий хүрз 1 ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж,

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Н.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хохирогч Б.И нь хохирол төлбөрт 312000 төгрөг нэхэмжилж байгаа боловч хавтаст хэрэгт хохирлын талаархи нотлох баримт авагдаагүй байх тул хохирогч нь өөрт учирсан эрүүл мэндийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгчөөс нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдав. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2, 19.3 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.4, 3.5, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.7, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Түмэн-Иш овогт Н.Н-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 1, 9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н-д сэтгэл заслын эмчилгээ хийлгэх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н-д хэрэглэсэн сэтгэл заслын эмчилгээ хийлгэх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн ердийн тасагт 4 /дөрвөн/ сарын хугацаагаар хэрэглэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н-д авсан сэтгэл заслын эмчилгээ хийлгэх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхэд хяналт тавихыг Өвөрхангай аймгийн прокурорын газарт даалгасугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсны улмаас эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан хүний хэрэг хариуцах чадваргүй байдал арилсан бол шүүхээс уг албадлагын арга хэмжээг зогсоох тухай шийдвэр гаргах болохыг мөн шүүгдэгч Н.Нанзад нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид хохирол төлбөрт 200000 төгрөг төлсөн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хугархай иш бүхий хүрз 1 ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.И нь өөрт учирсан эрүүл мэндийн хохирлоо иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгчөөс нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай. 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний хариуцагч иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудлаар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Н.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.