Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 205/МА2022/00020

 

 

Л.*******ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Ариунбаяр даргалж, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 180 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Завхан аймгийн Тосонцэнгэл сумын иргэн Л.*******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргад холбогдох Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Б/33 тоот захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Завхан аймгийн Тосонцэнгэл сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих санд төлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагч болон хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Ж.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж, нэхэмжлэгч Л.*******/Тосонцэнгэл сумаас ZOOM/-р түүний өмгөөлөгч Б.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******, өмгөөлөгч Л.******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.******* нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, мөн өмгөөлөгч Б.******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

...Миний бие 2017 оноос хойш Тосонцэнгэл сумын ерөнхий Боловсролын 2-р сургуульд захирлаар ажиллаж байгаад Завхан аймгийн Тосонцэнгэл сумын засаг дарга Л.*******агийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Б/33 тоот ажлаас халах тухай захирамжаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөнд гомдолтой байна. Уг захирамж нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн, хууль бус захирамж гарсан.

Завхан аймгийн Засаг даргын дэргэдэх санхүүгийн хяналт, дотоод аудитын албанаас манай сургуульд 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс 19-ний өдрийн хооронд ажиллаад 2021 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр аудитын акт тавиад явсан. Уг аудитын акт нь манай сургуулийн нягтлан бодогч, нярав нартай холбоотой Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заагдсан анхан шатны баримтыг дутуу бүрдүүлсэн, хоолны ордер зөрүүлсэн, илүү дутуу тусгасан гэсэн зөрчлүүд байсан. Би тухайн актыг үндэслээд сургуулийн нягтлан бодогч, нярав нарт сануулах арга хэмжээ авсан. 2021 оны 10 дугаар сарын 10-ны үед Тосонцэнгэл сумын засаг даргаар ажиллаж байсан Ж.******* нь намайг өрөөндөө дуудаж өөр дээр чинь аудитын акт гарсан байна. Уг акттай танилцлаа. Аймгийн засаг дарга энэ актыг үндэслээд арга хэмжээ ав гээд байгаа. Миний хувьд аудитын актад дурдсан асуудлаар ажлаас халах хэмжээний үндэслэл биш байна. Ганцхан танд биш юм байна. Сургуулийн нягтлан бодогч, нярав нартай холбоотой юмнууд ч байгаа юм байна. Тухайн аудитын акт нь ажлаас халах арга хэмжээ авах шаардлагагүй, хууль эрх зүйн хувьд болохгүй юм байна гэж хэлсэн. Гэтэл 2021 оны 11 дүгээр сард шинээр сумын засаг даргаар томилогдсон засаг дарга Л.*******а нь сумын засаг даргын ажлыг авсан өдрөөс эхлэн өрөөндөө удаа дараа дуудан Улс төрийн ажил эхлээд байна. Чи улс төр мэднэ. Чамайг ойлгож байгаа гэж бодож байна. Чи ажлаа өгөх хэрэгтэй, хэл амгүй ажлаа өгчих. Ер нь өөрөө ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгөх хэрэгтэй байна. Чам дээр аудитын арга хэмжээ авах дүгнэлттэй юм байна. Хэрэв өргөдлөө өгөхгүй бол аудитын дүгнэлтээр халж, Авлигатай тэмцэх газарт өгнө, чи бол аудитын дүгнэлтээр шууд халагдах заалттай юм байна лээ гэх мэтээр хууль бус шахалт шаардлага тавьж эхэлсэн. Тэрнээс хойш 7 хоног бүрийн 1 дэх өдөр болгон өрөөндөө дуудаж дээрх хууль бус шахалтаа тавьсаар байсан ба засаг дарга Намайг дээрээс дарамтлаад байна. Чи ажлаа өгчих, чөлөөлөгдөх өргөдлөө өгчих гэх мэтээр хууль бусаар дарамт шахалт үзүүлсээр байсан. Ингээд надтай 1 сар ч хамт ажиллаж үзээгүй байж шахалт дарамт үзүүлсээр үүрэгт ажлаас шууд халсныг эс зөвшөөрч байна. Мөн ажлаас чөлөөлсөн захирамждаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн хэд дэх хэсэгт заасан үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа талаар тусгаагүй.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт Зөрчил гарснаас хойш 6 сар, зөрчил илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл оногдуулна гэж заасан байдаг. Зөрчил илэрсэн нь 09 дүгээр сарын 19-ний өдөр байгаа. Засаг дарга хэн байхаас хамаараад зөрчлийг хэзээ мэдэж илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл оногдуулахаар хуульчилсан байхад энэ хугацаан хэтрүүлж ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулсан.

Иймд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Б/33 тоот захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Завхан аймгийн Тосонцэнгэл сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих санд төлүүлж өгнө үү... гэжээ.

Хариуцагч Завхан аймгийн Тосонцэнгэл сумын засаг дарга Л.*******а шүүхэд ирүүлсэн тайлбартаа: 

...Тус сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирал Л.*******ийг Завхан аймгийн Дотоод аудитын дүгнэлтийг үндэслэн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс эхэлж үүрэгт ажлаас чөлөөлсөн. Чөлөөлсөн тушаал нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Иймд нэхэмжлэгчийг үүрэгт ажлаас чөлөөлсөн шийдвэрийнхээ хууль зүйн үндэслэлийг нотлох баримт бүхий тайлбараар хүргүүлж байна.

Үүнд:

1. Нэхэмжлэгч нь Завхан аймгийн Тосонцэнгэл сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирлаар ажиллаж байсан бөгөөд түүний албан тушаалын зорилго нь Ерөнхий боловсролын сургуулийн хөгжлийг төлөвлөх зохион байгуулах, хэрэгжилтийг манлайлах, хяналт шинжилгээ, үнэлгээ хийх үндсэн дээр сургуулийн үйл ажиллагааг захиргааны удирдлагаар ханган багш, сурагчдад цогц чадамжид суурилсан бага, дунд боловсролын стандартыг хэрэгжүүлэхэд нь үйлчилгээ үзүүлэх, зорилт нь Монгол Улсын боловсролын тухай багц хууль бусад хууль тогтоомж, тушаал, шийдвэрийг хэрэгжүүлэх, сургуулийн хэв шинжийн онцлогт нийцүүлэн бага, дунд боловсролын стандартыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, сургуулийн хүний нөөцийн хөгжлийг хангах, эрүүл, бүтээлч хамт олон төлөвшүүлэх, сургуулийн санхүүгийн болон материаллаг нөөцийн хөгжлийг хангаж, хүүхдийг эрүүл, аюулгүй, тав тухтай орчинд сурч хүмүүжих амьдрах нөхцөлийг бүрдүүлэх гэсэн байгаа бөгөөд нэхэмжлэгч чиг үүргийнхээ хүрээнд холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн сургуулийн үйл ажиллагааг удирдан зохицуулах шийдвэр, дүрэм, журам боловсруулан баталж мөрдүүлэх ёстой байсан.

Гэтэл тэрээр албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилтыг биелүүлэхийг чармайхын оронд өмнө гаргасан зөрчлөө дахин давтаж санхүүгийн зөрчил удаа дараа гаргасан байна. Тухайлбал: Завхан аймгийн Санхүүгийн хяналт, Аудитын албаны 2021 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 11 дугаартай хяналт шалгалтын тэмдэглэлд ...тушаалаас илүү дүнгээр урамшуулал олгосон, хүүхдийн хоолыг нормоос илүү зарцуулсан, төсвийн зориулалт бус зардал гаргасан 464,300 төгрөгийн нөхөн төлбөрийн акт тогтоосныг барагдуулсан, авлага дансны үлдэгдэл 77,776.3 мянган төгрөгийн хэмнэгдсэн зардлыг аж ахуйн нэгж рүү шилжүүлсэн, амралт цалин 2 давхардуулан олгосон 645.5 зөрчилд нөхөн төлбөр тогтоож, батлагдсан орон тооноос 5 орон тоо илүү ажилласан 12103.6 мянган төгрөгийн зөрчилд албан тушаалын шаардлага хүргүүлэн ажилласан байна..., гэж дурдаад шалгалтаар илэрсэн дутагдалд ААН-тэй ажил гүйцэтгүүлэх болон худалдан авах гэрээ хийхдээ үнийн дүн, бараа бүтээгдэхүүний иж бүрэн байдал, бүтээгдэхүүн нийлүүлэх болон ажил хэрэгжүүлэх хугацаа, гэрээний бусад нөхцөлийн талаар тусгадаггүй, хичээл цахим хэлбэрээр байх хугацаанд илүү цагийн цалин олгосон, алба хаагч нарт хөдөлмөрийн хөлсийг илүү, дутуу олгосон, Анхан шатны баримтын бүрдэлгүй ажил гүйлгээг бүртгэл тайланд тусгахгүй байх, дотуур байрны хүүхдийн хоолны махны үлдэгдлийг худалдан борлуулж нярвын дансаар дамжуулан анхан шатны баримтын бүрдэлгүй, ажил гүйлгээг бүртгэл тайланд тусгаагүй хөрөнгө зарцуулсан, дотуур байранд амьдрах нэг хүүхдийн хоногийн хоолны зардлыг дутуу олгосон /3409 төгрөгөөр/, тогоочийн захиалгын ордерын дүнг хүнсний зарцуулалтын тайланд илүү дүнгээр тусгасан, хэмнэгдсэн цалингийн зардлыг багш ажилтан нарт жилийн эцсийн үр дүнгийн урамшуулал болгон олгосон нь Төсвийн тухай хуулийн 6-р зүйлийн 6.4.1-д зааснаар төсвийг үр ашигтай хэмнэлттэй байхаар төлөвлөж зарцуулах, Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 5 дугаар тогтоолын 3-р заалтыг зөрчсөн байна. Дээрх зөрчилтэй холбоотой 1737.9 мянган төгрөгийн нөхөн төлбөрийн акт, 182.6 мянган төгрөгийг ажилтанд олгуулахаар шийдвэрлэв. Дүгнэлтэд санхүүгийн үйл ажиллагааны үнэлгээ цалин хөлс болон бусад зардлуудтай холбогдуулан гарч байгаа тушаалын хэрэгжилтэд хяналтыг тавьж ажиллах, албан тушаалтны үйл ажиллагааны үнэлгээ дотоод хяналтын нэгж байгуулсан боловч санхүүгийн үйл ажиллагаанд хяналт үнэлгээ хийлгэж эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөвлөмж мэдээлэл өгч чадаагүй, хэмнэгдсэн зардлыг хууль эрх зүйн хүрээнд зарцуулах тушаалын үндэслэлээ үнэн зөв тодорхойлдог байх, төсвийг зориулалтын дагуу зарцуулж хэвших, актын төлбөрийг хугацаанд нь барагдуулах, шалгалтаар илэрсэн зөрчлүүдийг ахин давтахгүй байх шалгалтын мөрөөр авч хэрэгжүүлсэн ажлын тайланг санхүүгийн хяналт аудитын албанд ирүүлэх гэж дурдсан байх бөгөөд нэхэмжлэгч тэмдэглэлтэй танилцаж, гарын үсэг зурсан байна.

2. Нэхэмжлэгч дээрх шалгалтын дүнд илэрсэн зөрчилд дүгнэлт хийж, түүнээс урьдчилан сэргийлэх талаар зохион байгуулалтын тодорхой арга хэмжээ аваагүй.

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ үндэслэх хэсэгт дурдсан ...Тосонцэнгэл сумын засаг даргаар ажиллаж байсан Ж.******* нь намайг өрөөндөө дуудаж өөр дээр чинь аудитын дүгнэлт гарсан байна. Аймгийн засаг дарга арга хэмжээ ав гээд байгаа засаг дарга Л. *******а нь сумын засаг даргын ажлыг авсан өдрөөс эхлэн өрөөндөө дуудан улс төрийн ажил эхлээд байна чи улс төр мэднэ. Чам дээр аудитын арга хэмжээ авах дүгнэлттэй юм байна. Засаг дарга намайг дээрээс дарамтлаад байна гэх мэтээр хууль бус шахалт шаардлага тавьж эхэлсэн... гэсэн төрийн албан хаагчдыг гүтгэсэн шинжтэй мэдээлэл нь нотлох баримтад тулгуурласан хууль зүйн үндэслэл бүхий шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлөхгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг хангахаас татгалзаж хэргийг хэрэгсэхгүй болгоно уу... гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******, түүний өмгөөлөгч Л.******* нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

...Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Сургуулийн захирал нь тус сургуулийн төсвийн шууд захирагч байдаг. Сургуулийн захирал нь ажилтанд илүү цалин олгодог асуудал байгаа. Сургуулийн нягтлан бодогч, нярав нар нь цалин олгодог боловч эцсийн дүнд нь сургуулийн захирал гарын үсэг зурдаг. Л.*******ийг сургуулийн захирлаар ажиллаж байхдаа тодорхой хэмжээний хариуцлага алдсан гэж үзэж байгаа. Ажилтанд хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэг гэж байдаг. Нэхэмжлэгч Л.******* нь 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр засаг даргатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Хэдийгээр энэ гэрээ хугацаатай байгуулагдсан, гэрээний хугацаа дууссан байгаа боловч хариуцагч тал хөдөлмөрийн гэрээтэй холбоотой маргахгүй. Ажил олгогч буюу Тосонцэнгэл сумын засаг дарга нь нэхэмжлэгч Л.*******ийг хөдөлмөрийн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.3.7-д Байгууллагын төсөв, эд хөрөнгийг үр ашиггүйгээр зарцуулсан, үргэдүүлсэн, ажил олгогчоос олгосон эрх мэдлээ хэтрүүлсэн нь холбогдох байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон бол тухайн ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, цуцална гэж зааснаар ноцтой зөрчил гаргасан гэж ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулсан. Тосонцэнгэл сумын засаг даргын ажлаас халсан захирамж хууль зүйн үндэслэлтэй гарсан. Ажлаас халах сахилгын шийтгэлд аудитын акт гэж бичээгүй дүгнэлт гэж бичсэн байгаа. Аудитын албаны тэмдэглэл чинь дугаарлагдаж, дүгнэх хэсэгтэй байдаг. Уг тэмдэглэлийн дүгнэлт хэсгийг үндэслээд ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулсан. Засаг дарга төлбөр тавьж байгаа улсын байцаагчийн актыг үндэслэж шийдвэр гаргаагүй. Төлбөр тавьсан акт чинь дүгнэлтийн дагуу үүрэгжүүлсэн захиргааны акт болж байдаг. Иймд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирал Л.******* нь Хөдөлмөрийн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.3.7-т заасан ноцтой зөрчил болох төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан, эрх мэдлээ хэтрүүлсэн, үр ашиггүй үрэгдүүлсэн нь аудитын 11 тоот дүгнэлтээр тогтоогдсон учраас тушаалдаа бичээгүй боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэж түүнд ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулсан. Хариуцагч Тосонцэнгэл сумын засаг дарга Л.*******а зөрчил гарсныг 12 дугаар сарын 06-ны өдөр мэдсэн, үүнээс хойш 18 хоногийн дараа захирамж гаргасан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангахаас татгалзаж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 180 дугаар шийдвэрээр

1. 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Хариад овогт Лханаасүрэнгийн *******ийг Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Л.*******ид ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 12,181,800 төгрөгийг Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргаас гаргуулан олгосугай.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт зааснаар  Л.*******ийн ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор нийт 12,181,800 төгрөгөөс түүний нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутгаж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргад даалгасугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргаас улсын тэмдэгтийн хураамжид 209,859 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* болон өмгөөлөгч Л.******* нарын давж заалдах гомдлын агуулга:

Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхээр 2022 оны 8 дугаар сарын 23 ны өдөр нэхэмжлэгч Л. *******ийн "Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын 2021 оны 12 сарын 24-ны өдрийн Б/33 тоот захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Тосонцэнгэл сумын ерөнхий боловсролын 2-р сургуулийн захирлын ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин болон нэмэгдэл хөлсөө гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих санд төвлөрүүлэх, уг цалин хөлснөөс ХАОАТ-ыг хуульд заасан хувь хэмжээгээр суутган зохих санд төлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 141/ШШ2022/00180 дугаартай шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч энэхүү Давж заалдах гомдлыг гаргаж байна.

Үүнд: 1. Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхээр дээр дурдсан нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан оролцогчид "Шүүхийн өмнө эрх тэгш байх", мөн "хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжих зарчим -ыг хэрэгжүүлээгүй.

Тухайлбал,

1.1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд "4.1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа /цаашид "хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа" гэх/ нь хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол болон бусад байдал, хуулийн этгээдийг өмчийн хэлбэр, эрх хэмжээгээр нь ялгаварлахгүй эрх тэгш байх зарчимд үндэслэн явагдана" (&4), Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжих тухай заасан 6.1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ.6.3.Зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ. 6.4.Зохигч шүүх 40.3 Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй" гэсэн байгаа. Шүүх ийнхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад "Талууд эрх тэгш байх", "хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцээний үндсэн дээр явагдах" зарчмуудыг зөрчин шүүхийн мэтгэлцээний явцад Хариуцагчийн өмгөөлөгч "Хариуцагчийн нэмэлт тайлбарт дурдагдан хэрэгт хавсаргагдсан нотлох баримтын талаар тайлбарлан мэтгэлцэх үед нь хуралдаан даргалагч "Ажлаас халах тушаал гаргах үндэслэл болсон нотлох баримтыг тайлбарла" гэж яриаг нь таслан Нэхэмжлэгч тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангахгүй байгаа, мөн Талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн байдлыг нотлох баримтын талаар тайлбарлан мэтгэлцэх боломж олголгүй, өмгөөлөгчийн эрхийг хязгаарласан, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлж, нэг бүрчлэн эрх зүйн дүгнэлт өгөөгүй байдал нь

Нэгдүгээрт, шүүх ИХШХШ тухай хуулийн 4, 6 -р зүйлд заасан зарчмын дагуу явагдаагүй, мөн хуулийн 34 дүгээр зүйлд заасан Өмгөөлөгчийн эрхийг хууль бусаар хязгаарласнаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явагдах шаардлагыг хангаагүй,

Хоёрдугаарт, Шүүх шийдвэр гаргахдаа Хариуцагчийн нэмэлт тайлбарын хамт ирж хэрэгт хавсаргагдсан нотлох баримтуудыг үнэлээгүй нь шүүхийн шийдвэр нотлох баримтад тулгуурласан, хууль зүйн үндэслэлтэй байх зэрэг шаардлагуудыг хангаагүйг илтгэж байх тул Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгчийн гаргасан 2022 оны 8 дугаар сарын 23- ны өдрийн 141/ШШ2022/00180 дугаартай Шийдвэрийг ИХШХШ тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсгийн 168.1.3-т заасан "хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн" үндэслэлээр хүчингүй болгож мөн зүйлийн 168.3 т зааснаар тухайн хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ. 

Хариуцагчийн өмгөөлөгч Л.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхээр 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хянан хэлэлцээд 141/ШШ2022/00180 дугаартай шийдвэрийг гаргаж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан.

1 дүгээрт: Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхээр дээр дурдсан нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан оролцогчид "Шүүхийн өмнө эрх тэгш байх", мөн "хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжих зарчим -ыг хэрэгжүүлээгүй. Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4, 6 дугаар заалтыг зөрчсөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд "4.1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа /цаашид "хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа" гэх/ нь хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, зэрэг эрх тэгш байх зарчимд үндэслэн явагдана. Мөн хуулийн 6 дугаар зүйлд заахдаа Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ. Зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ. Шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх бичгээр тайлбар өгч тэгш эрхтэй оролцоно гэсэн. Гэтэл шүүх хуралдаан даргалагч эрх, тэгш байх зарчмыг зөрчиж хариуцагчийн зүгээс гаргасан хэрэгт хавсаргасан нотлох баримтын талаар тайлбарлан мэтгэлцэх, хэрэгт хавсаргуулсан нотлох баримтуудаа шүүхээр үнэлүүлэх боломжийг олгоогүй.

Тухайлбал дотоод аудитын байгууллагын шалгалтын дүнг үндэслэж нэхэмжлэгчийг ажлаас нь халсны дараа дахин 7.4 сая төгрөгийн төлбөр тавигдаж их хэмжээний зөрчил илэрсэн.

Үүнийг нэхэмжлэгч өөрөө төлсөн байдаг. Энэ нь нэхэмжлэгч өмнөх ажлын байрандаа ажиллах боломжгүй бөгөөд тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангахгүй. Талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээг зөрчсөн гэдгийг давхар нотолж байсан. Хариуцагчийн өмгөөлөгч миний бие шүүхийн мэтгэлцээний явцад хариуцагчийн өгсөн нэмэлт тайлбарт дурдсан нэхэмжлэгчид Завхан аймгийн засаг даргын тамгын газрын дотоод аудитын алба 7.4 сая төгрөгийн төлбөр ноогдуулахад хүргэсэн зөрчлүүдийг нотлогдох баримтуудыг хэрэгт хавсаргуулснаа тайлбарлаж. Хариуцагчийн шийдвэр нь хууль зүйн үндэстэй болохыг нотолж байх үед хуралдаан даргалагч шүүгч тушаал гарсан үед илэрсэн зөрчлийн талаар нотлох баримтыг зөвхөн ярь гэснээр өмгөөлөгчийн эрхийг хязгаарласан. Нэгэнт хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслээд шүүх түүнийг хүлээж авахгүй талаар захирамж гараагүй учраас түүнийгээ тайлбарлаад байж байтал зогсоосон талаар тэмдэглэлд тусгагдсан байгаа. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.2 дугаар зүйлд заасан өмгөөлөгч гэрээний үндсэн дээр иргэн, хуулийн этгээдийг төлөөлөхдөө төлөөлүүлэгчийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор хуульд заасан бүх арга хэмжээ авах ба шаардлагатай эрх зүйн туслалцаа үзүүлэх, хэргийн бодит байдлыг тогтооход туслах үүргийг надад олгоогүй. Мөн шүүх шийдвэр гаргахдаа нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийг арилгуулахад тавигдсан 7.4 сая төгрөгийн төлбөрийн актыг хэрэгт авагдсан байгаа нотлох баримтуудыг юу гэж үзэж байгаа талаараа эрх зүйн дүгнэлтийг өөрөө хийж өгөөгүй. Гэтэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37, 38, 40 дүгээр зүйлд нотлох баримт гэж юуг хэлдэг, нотлох баримтыг гаргах, цуглуулах, бүрдүүлэх, шүүхэд хэзээ гаргаж өгөх, яаж үнэлүүлэх, шүүх нотлох баримтыг хүлээн авах, хүлээн авахаас татгалзах бүрэн эрхийн талаар. Мөн шийдвэр гаргахдаа нотлох баримтыг үнэлэх үүргийн талаар маш дэлгэрэнгүй тусгасан байдаг. Манай талаас бол шинээр нотлох баримтыг гаргаж өгөх талаар хүсэлт тавиагүй бөгөөд нэгэнт хэрэгт авагдсан нотлох баримтын талаар ярьж байхад шүүх үүн дээр ач холбогдол өгөөгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.9 дүгээр зүйлд шүүхийн бүрэн эрхийн талаар тусгаж өгсөн байдаг. Хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах буюу шаардан авахаас татгалзах эрхийг шүүх эдлэх бөгөөд эдгээр тохиолдолд шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана гэсэн болов ч аль аль нь гараагүй. Тэгэхээр хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт гэж шүүх үнэлсэн учраас хүлээж авсан гэж үзсэн болов ч анхан шатны шүүх үүнийг үнэлээгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэсэн.

Шүүх хуралдааны явцад өөрийнхөө гаргаж өгсөн нотлох баримтыг тайлбарлах боломж өгөөгүй. Хэрвээ бид нар тайлбарлаад нөгөө тал зөвшөөрч байгаа, эс зөвшөөрч байгаа талаараа тайлбараа өгөөд мэтгэлцээний үндсэн дээрээс шийдвэр гарсан бол шүүх дотоод итгэл үнэмшлээрээ үнэлээгүй нь хаанаас харагдаж байна гэхээр дээрх дурдсан шүүхийн шийдвэр дотор нэмж өгсөн нотлох баримтын талаар юу гэж үзэж байгаа талаараа эрх зүйн дүгнэлтийг хийлгүй орхигдуулсан байдаг. Тэгэхээр шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн нь тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан байдаг. Шүүх энэхүү хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын эрх тэгш байх, мэтгэлцээний үндсэн дээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах зарчмуудыг зөрчөөд шүүгч мэтгэлцээний явцад хариуцагчийн өмгөөлөгчийн нэмэлт тайлбартаа дурдсан нотлох баримтыг тайлбарлаж, иш татах боломжийг олгоогүй. Ажлаас халах тушаал гаргах болсон үндэслэл болсон нотлох баримтыг тайлбарлаж ярих яриаг таслаад. Нэхэмжлэгч тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангахгүй байгаа болон талуудын хоорондоо байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн байдлын талаарх нотлох баримтыг тайлбарлуулаагүй. Иймд Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 141/ШШ2022/00180 дугаартай шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсгийн 168.1.3-т заасан "хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн" үндэслэлээр хүчингүй болгож мөн зүйлийн 168.3-т зааснаар тухайн хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.

Анхан шатны шүүх хуралдааны өмнө хариуцагч, нэхэмжлэгч талууд харилцан ярилцаж эвлэрэн хэлэлцэх талаар завсарлага авсан бөгөөд тэр үед хариуцагч болох Тосонцэнгэл сумын засаг дарга нь Улаанбаатар хот руу ажлаар явсан тул итгэмжлэгдсэн төлөөлөгч бид нар уулзаж мэргэжлийнх нь чиглэлээр багшаар ажиллуулах боломжтой байгаа, ажлын төлбөр мөнгийг итгэмжлэгдсэн төлөөлөгч бие даан шийдвэрлэж чадахгүй байсан тул Засаг даргатай зөвшилцөж чадалгүй шүүх хуралд оролцож эвлэрэн хэлэлцэх асуудал шийдэгдээгүй өнгөрсөн. Хурлын дараа Л.*******той биечлэн уулзаж тухайн гаргасан санал хэвээрээ байгаа талаар хэлээд ямар нэгэн хүнийг халахгүй ажилд томилох боломжтой шүү гэдгийг өөрт нь хэлсэн байгаа. Иймд тус санал одоог хүртэл хэвээрээ байгаа гэдгийг хэлье гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч миний бие Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 141/ШШ2022/00180 дугаартай шийдвэрийг 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр гардаж авсан бөгөөд нэхэмжлэгч Л.*******оос эвлэрэх хүсэлт гаргах юм бол миний хувьд хүлээн авахад нээлттэй байгаа бөгөөд давж заалдах гомдлоо дэмжиж оролцож байна гэв. 

Нэхэмжлэгч Л.******* /Тосонцэнгэл сумаас ZOOM/-р давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байх. Миний хувьд энэ асуудлаас болж сэтгэл санаа болон эрүүл мэндээрээ хохироод байгаа. Энэ талаар аудитын дүгнэлт байдаг. Энэ хэрэг дээр улс төрийн шалтгаан байгаа гэж үзэж байна. Мөн манай сум орон нутагт Л.******* их хэмжээний мөнгө, төгрөг завшсан гэдэг яриа гарчихсан байгаад байгаа. Аудитын дүгнэлт хийсэн манай сургууль дээр хийгдсэн бөгөөд тодорхой хэмжээний зөрчлүүд илэрсэн. Тухайн зөрчил нь яг хэний буруутай үйлдлээс болсныг дотроо ажилчдыгаа цуглуулж байгаад хурал хийж буруутай хүмүүс нь нягтлан, нярав нар байсан тул хариуцлага тооцсон байгаа. Мэдээж мөнгөн гүйлгээг би дан ганцаараа мэдээд гүйлгээ хийдэг хүн биш. Ямар ч санхүүгийн гүйлгээ хийх байсан Завхан аймгийн Төрийн сангаас зөвшөөрөл авч төрийн сангийн мэргэжилтнүүдтэй зөвшилцөж байж гүйлгээг хийдэг байсан. Сүүлийн яриад байгаа 7.4 сая төгрөгийн хохирол гээд байгаа. Тухайн үед Ковид өвчний нөхцөл байдал үүссэн байсан бөгөөд дотооддоо засварын ажил хийлгэх хэрэг гараад Төрийн сангийн мэргэжилтэнтэй ярихад хийлгэх гэж байгаа компанитайгаа харилцан тохиролцоод мөнгө төгрөгөө шилжүүлж болно гэж надад хэлсэн. Тогны кабелийн утас 4.0 гаруй төгрөгөөр авчхаад байж байтал хулгайд алдсан бөгөөд Цагдаагийн байгууллагад хандаж холбогдсон хүмүүсийг нь олуулж мөнгө төгрөгөө гаргуулж авсан байгаа. 1.3 сая төгрөгийн модны асуудал яригддаг. Гэтэл тухайн үед өвлийн улирал болсон байсан. Дулааны асуудал үүссэн тул түүнийг зарцуулсан байгаа.

Иймд ажлаас халагдах болсон нь миний буруу гэж бодохгүй байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Энэ маргаан нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөдөлмөрийн харилцаатай холбоотой маргаан байгаа бөгөөд хөдөлмөрийн харилцааг цуцалсан байгаа, цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан сахилгын шийтгэлийн хамгийн хүнд хэлбэрийг сонгож нэхэмжлэгчийг ажлаас нь чөлөөлсөн байгаа. Шүүх дээр анх өгсөн хариу тайлбар дээр ямар нэгэн байдлаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр халсан гэсэн зүйл яригдаагүй. Сүүлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 40.1.4 дэх хэсэгт заасан ноцтой зөрчил гэдэг үндэслэлээр халсан гэж мэтгэлцэж шүүх хуралдаан болсон. Энэ хэрэг нь засаг даргын захирамжийн агуулга болон үндэслэх хэсэг нь Хөдөлмөрийн тухай хуулийг баримтлах шаардлагатай гэж манай талаас мэтгэлцсэн. Энэ нь Монгол улсын Дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолд тодорхой заасан байгаа. Энэ тогтоолд юу гэж заасан бэ? гэхээр. Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэл гэж байгаа. Энэ бол яах ч аргагүй ажил олгогчийн санаачилснаар зогсоох бол Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн аль нэг заалтыг заавал баримтлан хэрэглэх шаардлагатай байгаа. Манайх бол шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шат хүртэл яг ямар үндэслэлээр ажлаас чөлөөлснийг мэдэхгүй байж байгаад анхан шатны шүүх хуралд орсон байгаа. Мөн Дээд шүүхийн тайлбар дээр 15.1 дэх заалтад ажил олгогч хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо үндэслэлээ тодорхой заасан, холбогдох хуулийг баримталсан шийдвэр, тогтоол гаргана гэсэн зохицуулалттай байгаа. Гэтэл үндэслэх хэсгийн тогтоох хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн зөвхөн сахилгын шийтгэлийн хэсгийг тавиад ажил олгогчийн санаачилгаар цуцалсан байгаа. Энэ нь хангалтгүй гэж үзэж байна. Тийм учраас үндсэн хөдөлмөрийн тухай харилцааг дуусгавар болгох үндэслэл байхгүй байгаа учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангасан. Магадгүй давж заалдах шатны шүүхээс үндсэн зөрчил нь гарсан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлаж хэрэглэж захирамждаа Хөдөлмөрийн тухай хуулийг зөв баримталсан байна гэж үзэх юм бол хөөн хэлэлцэх хугацаа яригдаж байгаа. Энэ хүнд сахилгын шийтгэлийн хамгийн хүнд хэлбэр буюу ажлаас халах шийтгэлийг оногдуулсан байгаа, оногдуулахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1.3 дахь заалтыг баримталсан байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1.3 дахь заалтыг хэрэглэсэн ч гэсэн Хөдөлмөрийн тухай хуулийн 131.2 дахь хэсэгт тухайн зөрчлийг илрүүлснээс хойш 1 сарын хугацаанд арга хэмжээ авах ёстой гэсэн зохицуулалттай. Гэтэл энэ хүний ажил дээр 09 дүгээр сард аудитын шалгалт очоод 09 дүгээр сараас 10 дугаар сар хүртэл сумын засаг дарга нь өөр хүн байсан тул дээрх асуудал яригдсан байгаа.

Гэтэл тус сумын хуучин засаг дарга арга хэмжээ авалгүй өнгөрсөн болов ч шинээр томилогдсон засаг дарга буюу одоогийн засаг дарга нь яг энэ үндэслэлээр ажлаас нь халсан байгаа. Энэ нь тэгэхээр ажил олгогч хэн байхаас шалтгаалж ажилтанд Хөдөлмөрийн тухай хууль жигд үйлчлэх ёстой. Мэтгэлцээний явцад мэтгэлцэх зарчмыг хангаагүй, оролцогчийн эрхийг хязгаарласан асуудал яригдаад байна. Үүн дээр хариуцагчийн зүгээс итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралд биечлэн оролцуулсан болон өмгөөлөгч нь оролцсон байгаа. Энэ нь дээр хэн нэгний оролцоог хязгаарласан зүйл байхгүй.

Аудитын байгууллагын нотлох баримтыг шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн бөгөөд манайх танилцаад ямар нэгэн байдлаар хойшлуулахгүй оръё гэж саналыг шүүхэд гаргаж шүүх хуралд оролцсон байгаа. Дотоод аудитын дүгнэлт 2022 оны 02 дугаар сард гарсан бөгөөд тус дүгнэлтээр энэ хэргийг шийдвэрлэх ямар ч боломж байхгүй юм. Тухайн ажил олгогчийн шийдвэр хэзээ гарсан байна тэрнээс өмнөх асуудал яригдана уу? гэхээс хойно гарсан аудитын дүгнэлтээр нэхэмжлэгчийг дахин хална гэсэн ойлголт байхгүй. Нэгэнт хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгоод хөдөлмөрийн гэрээг нь цуцалсан хүн дээр 4 сарын дараа гарч ирсэн зөрчлийг хамааруулж энэ хэрэгтэй холбогдолтой гэж мэтгэлцээд яваад байсныг анхан шатны шүүх хүлээж аваагүй. Энэ хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгөөч гэсэн саналыг хариуцагч талаас гаргаад байна. Тэгэхээр энэ хэргийг анхан шатны шүүх рүү шилжүүллээ гээд ямар нэгэн өөрчлөлт орохгүй юм.

Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Л.******* нь хариуцагч Завхан аймгийн Тосонцэнгэл сумын засаг даргад холбогдуулан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг зохих санд нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

Шүүх ингэж шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчжээ.

Тодруулбал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас Завхан аймгийн ЗДТГ-ын Дотоод аудитын албаны 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 1305 дугаартай акт, аудитын санал дүгнэлтийг нотлох баримтаар гаргаж өгснийг шүүх 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээж авсан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар шүүх хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах буюу шаардан авахаас татгалзах эрхтэй байх ба энэ тохиолдолд шүүх тогтоол, шүүгч захирамж гаргах зохицуулалттай байна.

Хариуцагч талаас гаргаж өгсөн дээрх нотлох баримтыг шүүх хүлээн авч хэрэгт хавсаргасан боловч анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлээгүй байх ба нотлох баримтыг хэрхэн үнэлсэн нь шүүхийн шийдвэрээс ойлгомжгүй байна.

Өөрөөр хэлбэл, шүүх зохигчийн гаргаж өгсөн нотлох баримтыг нотлох баримтаас хассан талаар ямар нэгэн шийдвэр гаргаагүй хэрнэ шүүхийн шийдвэрт хэрхэн үнэлснээ бас орхигдуулсан байна.

Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэх, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх, шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй гэсэн нотлох баримт үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3 дахь хэсэгт заасан журмыг зөрчсөн байна.

Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.4, 25 дугаар зүйлийн 25.1.1, 25.2.2-т заасан хэргийн оролцогчийн мэтгэлцэх эрхийг ноцтой зөрчсөн зөрчил гэж үзэхээр байна. Энэ талаарх хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

Эдгээр зөрчил нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167.1.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 180 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хариуцагч болон хариуцагчийн өмгөөлөгч Л.*******ы давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2, 172.2.3 дахь хэсгүүдэд зааснаар ...зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД Ч.ЭНХТӨР

Б.АРИУНБАЯР