| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Цэцэгээ |
| Хэргийн индекс | 173/2018/00121/Э |
| Дугаар | 129 |
| Огноо | 2018-07-19 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., 17.1.2.4., |
| Улсын яллагч | Ц.Батзориг |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 19 өдөр
Дугаар 129
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дамбийням,
Улсын яллагч Ц.Батзориг,
Шүүгдэгч С.Б
Шүүгдэгч Ц.П, түүний өмгөөлөгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт С.Б, ******* овогт Ц.П нарт холбогдох эрүүгийн 1826000000089 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Монгол улсын иргэн, Өвөрхангай аймгийн ******* суманд улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Булган аймаг дахь сум дундын шүүхийн 2007 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 109 дугаартай шйитгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан, ******* овгийн С.Б.
2. Монгол улсын иргэн улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овгийн Ц.П
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.Б, Ц.П нар нь бүлэглэж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 22-23 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг, шинэ ******* гудамжны 421 тоотод үйл ажиллагаа явуулах “******* ХХК”-ий мах хадгалдаг склад буюу агуулахад нэвтэрч хонины гулууз мах 5 ширхгийг хулгайлж, бусдад 330000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч С.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтанд үнэн зөвөөр мэдүүлсэн учир нэмж ярих зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.
Шүүгдэгч Ц.П шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.
Хохирогч Б.М-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр байсан байх манай байгууллагын дарга Б-н өрөөнд хамт ажилладаг Б, Ш, Н нарын хамтаар үйлдвэрийн хяналтын камерийн бичлэгийг шүүж үзсэн. Яагаад шүүсэн гэхээр манай байгууллагад галч хийдэг байсан Б гэх хүн үйлдвэрээс үл таних хүнтэй хамт хонины гулууз мах авч гарч байгаад Б гэдэг манай байгууллагын хөргөлтийн машинист ажил хийдэг залуутай таарсан байсан. Тэгээд бид нар шалгаж хяналтын камераа шүүж үзсэн байгаа. Камерын хяналтын өрөө бол Б даргын өрөөнд байдаг юм. Ингээд шүүж үзэхэд Б галч үл таних нэг залуутай хамт мах хадгалдаг складнаас 5 ширхэг хонины гулууз мах аваад гарч байгаа бичлэг байсан. Ингээд цагдаагийн байгууллагад хандаж шалгуулахаар болсон байгаа. ....Урьд өмнө нь мах алдагдсан болон дутлаа гэж яриа болон тийм зүйл гарч байгаагүй. Махны складыг технологич Н, нярав Н нар хариуцан ажилладаг. Эдгээр хоёр хүнд түлхүүр бол байдаг юм. Өөр ямар нэгэн хүнд складны түлхүүр байдаггүй. Цоожийг шалгаж үзсэн ямар нэгэн эвдрэл, гэмтэл байгаагүй. Өөрийнхөө түлхүүрээр онгойж нээгдэж байсан. Хаалганы цүүг зүгээр хадчихсан байгаа. Хэрэв ямар нэгэн байдлаар цоожийг эвдэлсэн бол хаалганы цүү эвдрэх боломжтой байсан. Хулгай хийхдээ бол махны скаладны хаалгаар л дотогш орж мах авах боломжтой, нэг л хаалгатай. ...Одоогоор ямар нэгэн байдлаар төлж байрагдуулсан болон төлж барагдуулах талаараа хэлж ярьсан зүйл байхгүй. ...Бид нарын үзэж байгаагаар Б нь байгууллагын махнаас авсан байх. Хувь хүмүүсийн махнаас авсан байсан бол цөөхөн тоотой мах байсан учир эзэд нь мэдэх байсан. Эндээс мах дутчихсан байна гээд бид нарт хэлэх байсан. Тийм зүйл одоогоор гараагүй байна. ...Манай байгууллагын зүгээс бол гомдолтой байна. Хулгайд алдсан 5 ширхэг махыг төлүүлэх хүсэлтэй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 61-62 хуудас/,
Гэрч Ж.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр би ажил дээрээ үүрэг гүйцэтгээд 23 цагийн үед махны үйлдвэрийн зүүн талын хаалгыг онгойлгоод машинаа хашаанд оруулах гээд ортол миний өмнөөс Б, үл таних залуугийн хамт нэг нэг хонины гулууз мах урдаа барьчихсан явсан. Тэгээд би хөргөлтийн өрөөнд сууж байсан чинь удалгүй Б-г ороод ирэхээр нь та юун мах авч гаргаад байгаа юм бэ, хулгайлсан юм биш биз дээ гэсэн чинь манай найз гал тогооны хөлдөөгчинд хадгалуулсан байсан юм гэсэн. Тухайн үед махаа хадгалуулаад авч байгаа юм байхдаа гэж бодсон. Орой нь надтай хамт гардаг Д галч Ч түрүүхэн Б 2 мах аваад гарлаа, бид 2 асуусан чинь хадгалуулсан махаа авч байсан гэсэн гэж хэлсэн. Тэгээд Ч ХАБ-ийн инженер, Б, технологич Н болон бусад хүмүүст мэдэгдсэн юм шиг байна лээ. Тэгээд 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр махны складны камерыг шүүхэд складнаас Б 5 ширхэг хонины гулууз мах үл таних залуугийн хамт хулгайлж байгаа бичлэг нь байсан. Тэр хүнийг нь би танихгүй юм байна лээ. ...Би машинаа ажлынхаа хашаанд оруулах гээд үүдэн дээр ирэхэд машин хашааны үүдэнд зогсож байсан. С.Б 3 ширхэг гулууз махаа надтай тааралдахаасаа өмнө уг машинд тавьсан юм шиг байна лээ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 5 хуудас/,
Гэрч Л.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2018 оны 04 дүгээр сарын эхээр нягтлан М, технологич Н нарын хамт байгууллагынхаа камерыг шүүж үзэхэд мах хадгалагддаг складнаас манай байгуулагын галч С.Б үл таних эрэгтэй хүний хамт 5 ширхэг хонины гулууз мах өргөөд гараад явсан. Тэгээд тухайн үедээ манай байгууллагын дарга гадагшаа явсан болохоор түр хугацаагаар цагдаад мэдэгдэхээ хойшлуулсан байсан юм. ...Технологич Н, нярав Н нарт байгаа. Өөр хүнд түлхүүр байхгүй. ...2018 оны 01 дүгээр сараас эхэлж ажиллаж байгаа. Урд өмнө нь байгууллагаас хулгай хийж байгаагүй. ...2017 оны намар бэлдсэн махнууд байсан, дунджаар 20-24 кг орчим жинтэй байгаа байх гэж бодож байна. ...Манай “ӨВ-Эко мийт” махны үйлдвэр ******* сумын 5 дугаар багийн нутаг шинэ *******ийн гудамж 421 тоот хаяган дээр үйл ажиллагаа явуулж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7 хуудас/,
Гэрч Ц.Ш-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Миний мэдэж байгаа зүйл гэвэл 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр ажил дээрээ гараатай байсан ба маргааш өглөө нь гэртээ ирэхэд манай нөхөр шөнө ахынд машин тэрэгтэй хүмүүс ирээд байсан гэхээр нь би ахындаа ороод юун хүмүүс ирсэн юм бэ, хаанаас мах авч ирсэн талаар асуухад манай нэг найзын мах байгаа юм, гадуур шүлхий өвчин гарчихсан гээд мах заруулахгүй байгаа. Тэгээд манай гэрт түр тавьчихъя гээд үлдээсэн, ахад нь хамаагүй мах байгаа юм гэж хэлж байсан. ...5 ширхэг хонины хөлдүү гулууз мах харагдаж байсан. Харин ахын хүүхэд нь надад 10000 төгрөг өгсөн гэж хэлж байсан санагдаж байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 67-68 хуудас/,
Шүүгдэгч С.Б-н мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн: “...Би өмнө нь Өвөрхангай аймгийн ******* сумын 9 дүгээр багт байрлах "Өв-Эко Мийт" ХХК-нд галч хийдэг байсан юм. 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр би ажил дээрээ гараатай байсан. Тэгээд орой ажил тарсны дараа байх 20 цагийн үед би П руу утсаар залгаж яриад ажил дээр хүрээд ир, махнаас зөөлцөөд өг гэж хэлсэн. Удалгүй П хүрээд ирсэн. Ингээд бид хоёр үйлдвэрийн урд талын хаалгаар ороод мах хадгалдаг склад дээр очоод хаалганых нь хоёр ширхэг цоожийг нь алхаар цохиж эвдлээд дотогш орсон. Хураалгаастай байсан хойд талын эгнээний дунд хэсгээс 5 ширхэг хонины гулууз мах аваад би 3 ширхгийг нь үүрээд П 2 ширхгийг нь үүрээд гарсан байгаа. Гадаа гараад авсан махаа коридор дотор тавьчихаад бид хоёр эмнэлгийн урд хэсэг рүү такси авч ирэхээр явсан. Ингээд эмнэлэг дээр очоод жижиг машин байсан тэр хүнийг хөлслөөд буцаж үйлдвэр дээр ирээд нөгөө 5 ширхэг махаа таксинд ачаад П-г гэр рүү нь явуулсан. Ингэхдээ П-д гэртээ аваачаад тавьчих, би маргааш өглөө ажлаасаа буугаад яваад очих талаар хэлээд явуулсан. Маргааш өглөө нь буюу 2018 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн өглөөний 09 цагийн үед ажлаасаа буугаад П-н 6 дугаар багт байдаг гэрт нь очсон. Тэгээд буцаж зах дээр очоод Арвин төвийн хойд талд нь нэг жижиг бүрхүүлтэй машинтай эрэгтэй, эмэгтэй хоёр хүн байхаар нь мах авах уу гэж асуугаад үнэ тохирч авна гэхээр нь нөгөө хоёр хүнээ дагуулаад Пүрэвтогтохын гэрт очоод 5 ширхэг хонины гулууз махаа нэг ширхгийг нь 50000 төгрөгөөр бодоод 250000 төгрөгөөр зараад махаа өгөөд явуулсан. Тэгээд П-н хүүхдэд нь 10000 төгрөг өгөөд П-д нэг шил архи авч өгөөд дараа нь 30000 мянган төгрөг өгсөн. Үлдсэн мөнгийг нь би өөртөө зарцуулаад дуусгасан. ...Эхэндээ бол П мэдэхгүй байсан, мах авах гэж склад руу орохдоо би цоожийг нь алхаар цохиж эвдэлсэн. Тэр үед би П-д хулгайн мах авч байгаа талаараа хэлсэн. Үйлдвэр дотор махаа зөөж байхад П надаас энэ камертай юм уу гэж асуухаар нь би тиймээ гээд зааж харуулсан. Тэгсэн П юм хэлээгүй. ...Яг мах авч байхад бол бид хоёроос өөр хүн байгаагүй. Би энэ гэмт хэргийг П-тэй хамтарч үйлдсэн. ...Таксины мөнгийг бол би төлсөн байгаа. Эмнэлгийн урд талаас л хөлсөлсөн эрэгтэй хүн байсан. Би өмнө нь харж байгаагүй хүн байсан. Жижиг саарал өнгийн суудлын тэрэг байх шиг байсан. Ар талын тээшний хаалга нь дээшээгээ сөхөгдөж онгойж байсан. Харанхуй шөнө байсан болохоор сайн анзаарч хараагүй. ...Үйлдвэр дээрээс мах таксидаж авах гэсэн юм гэж хэлээд хөлсөлж авсан. Хөлсөнд нь 5000 төгрөгийг би өөрөө өгсөн. ...Max хадгалдаг склад түгжээтэй байсан. Хоёр ширхэг хятад цоожоор цоожилсон байсныг нь би өөрөө алхаар нэг нэг цохиод онгойлгосон. Махаа авчихаад цоожийг нь буцаагаад цохиод түгжчихсэн. ...Би өмнө нь мах авч байгаагүй. ...Би өмнө нь нэг хүнээс 350000 төгрөгөөр хөөрөг авчихсан байсан. 150000 төгрөгийг нь өгчихсөн байсан, үлдсэн хөөрөгний мөнгөө нэхээд байсан. Тэгээд би махны складнаас мах авч зараад мөнгийг нь өгчих талаар бодоод энэ гэмт хэргийг үйлдсэн. П бид хоёр найз нөхдийн холбоотой байдаг. Садан төрлийн холбоо бол байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-27 хуудас/,
Шүүгдэгч С.Б-н мөрдөн байцаалтанд яллагдагчаар 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр дахин өгсөн: “Үйлдсэн хэргээ би хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед би ажлынхаа газрын уурын зууханд ажиллаж байсан. Тэгээд уурын зуухнаасаа тухайн алх болон цоожин дээр нь тавьж байгаад цохьсон модыг авсан байсан юм. Складнаасаа мах авах зорилготой байсан ба алхаар цоожийг цохиж онгойлгох зорилготой авсан байсан юм. Би тэр үед складнаас махаа авчихаад тэгээд алх болон модыг нь хаячихсан юм. ...Maxаа авчихаад тэгээд П бид хоёр хамт явж такси авч ирсэн юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 107-108 хуудас/,
Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс ХХК”-ий 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн №04/50 дугаартай: “...5 ширхэг, 22 кг хонины мах-330000 төгрөг” гэсэн үнэлгээний тайлан /хх-72-74 хуудас/,
Булган аймаг дахь сум дундын шүүхийн 2007 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 109 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-53-54/,
Эд мөрийн баримтаар тооцож хураан авсан тэмдэглэл /хх-86-87/,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-88/,
Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 1/459 дугаар шийдвэр /хх-102-103/,
Шүүгдэгч С.Б-н хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн ******* сумын 7 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-31/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-32/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-34/,
Шүүгдэгч Ц.П-н хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн ******* сумын 7 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-30/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-33/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-35/, гэрлэлт цуцлалтын бүртгэлийн лавлагаа /хх-99/, охин П.М, хүү П.П нарын төрсний лавлагаа, гэрчилгээний хуулбар /хх-100-101/,
Хохирогч Б.М-н шүүхэд ирүүлсэн: “...Өв эко Мийт ХХК-ийг Б.М миний бие төлөөлөн хохирогчоор тогтоогдсон бөгөөд С.Б-с хохирлын мөнгө болох 330000 төгрөгийг байгууллагын 5564053839 тоот дансаар хүлээн авсан нь үнэн болно. Цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй..” гэсэн хүсэлт зэрэг болно.
Шүүгдэгч С.Б, Ц.П нар нь бүлэглэн, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 22-23 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг, шинэ ******* гудамжны 421 тоотод үйл ажиллагаа явуулах “******* ХХК”-ий мах хадгалдаг склад буюу агуулахад нэвтэрч хонины гулууз мах 5 ширхгийг хулгайлж, бусдад 330000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Шүүгдэгч С.Б, Ц.П нар нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Б.М-н “...Камерын бичлэгийг шүүж үзэхэд манай байгууллагад галч хийдэг байсан Б үл таних нэг залуутай хамт мах хадгалдаг складнаас 5 ширхэг хонины гулууз мах аваад гарч байгаа бичлэг байсан.” /хх-61-62/, гэрч Ж.Б-н “...Б, үл таних залуугийн хамт нэг нэг хонины гулууз мах урдаа барьчихсан явсан. Тэгээд би хөргөлтийн өрөөнд сууж байсан чинь удалгүй Б-г ороод ирэхээр нь та юун мах авч гаргаад байгаа юм бэ, хулгайлсан юм биш биз дээ гэсэн чинь манай найз гал тогооны хөлдөөгчинд хадгалуулсан байсан юм гэсэн...” /хх-5/, гэрч Л.Б-н “...Байгууллагынхаа камерыг шүүж үзэхэд мах хадгалагддаг складнаас манай байгуулагын галч С.Б үл таних эрэгтэй хүний хамт 5 ширхэг хонины гулууз мах өргөөд гараад явсан бичлэг байсан.” /хх-7/ нарын мэдүүлэг, Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс ХХК”-ий 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн №04/50 дугаартай үнэлгээний тайлан /хх-72-74/, “Өв Эко мийт” ХХК-ий мах хадгалдаг складны камерын бичлэгтэй DVD-г эд мөрийн баримтаар тооцож хураан авсан тэмдэглэл /хх-86-87/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-88/, шүүгдэгч нарын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Өвөрхангай аймгийн прокуророос шүүгдэгч С.Б, Ц.П нарын бүлэглэн, үйл ажиллагаа явуулах зориулалттай агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, хэргийн зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх эдгээр нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоосон, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.
Иймд шүүгдэгч ******* овгийн С.Б, ******* овгийн Ц.П нарыг бүлэглэн, үйл ажиллагаа явуулах зориулалттай агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж тус тус хуульчилжээ.
Шүүгдэгч С.Б, Ц.П нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг, мөн гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан “Өв Эко Мийт ХХК”-ий 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 15 дугаартай албан бичиг, “Өв Эко Мийт ХХК”-ий депозит дансны дэлгэрэнгүй хуулга, хохирогч Б.Мөнхбадралын шүүхэд ирүүлсэн хүсэлт зэргээр тус тус тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч С.Б, Ц.П нарт ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж хохирогчид учруулсан хохирлыг төлсөн, гэм хорыг арилгасан зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлсөн, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоо зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч С.Б-д 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Ц.П-д 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч С.Б, Ц.П нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ц.П-н өмгөөлөгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт “...Ц.П-д холбогдох хэргийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар зүйлчилж ирүүлсэн. Өмгөөлөгчийн зүгээс Ц.П-г гэмт хэрэг үйлдэхдээ алх хэрэглэсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчилж ирүүлснийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч Ц.П нь дээрх гэмт хэргийг шүүгдэгч С.Б-тэй үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Ц.П-н өмгөөлөгчийн гаргасан дүгнэлт үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ.
Ц.П нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: “...хүүгийнхээ хамт ам бүл 2-уул амьдардаг” гэж тайлбарлаж байгаа боловч хүү П.П нь түүний асрамжинд байдаггүй, Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 1/459 дугаар шийдвэрээр Ц.П, Д.Ц нар нь гэрлэлтээ цуцлуулж, охин П.М, хүү П.П нарыг эх Д.Ц-н асрамжинд үлдээж шийдвэрлэсэн байгааг дурьдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч С.Б, Ц.П нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 330000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдсан бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдаж,
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерын бичлэгтэй DVD 1 ширхгийг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсаргаж,
Шүүдэгч С.Б, Ц.П нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Б, Ц.П нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт С.Б, ******* овогт Ц.П нарыг бүлэглэн, үйл ажиллагаа явуулах зориулалттай агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч С.Б-г 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Ц.П-г 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-д оногдуулсан 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Ц.П-д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгч С.Б, Ц.П нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 330000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдсан бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерийн бичлэгтэй DVD 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүдэгч С.Б, Ц.П нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
7. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Б, Ц.П нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.