Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2017/00647

 

 

Д.Жумадилын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 713 дугаар шийдвэртэй,

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 212/МА2017/00027 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч Д.Жумадилын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Өлгий сумын 5 дугаар бүрэн дунд сургуульд холбогдох,

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар бүрэн дунд сургуулийн манаачийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн төлөөлөгч Г.Амантайгийн гаргасан гомдлоор

Шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Намайг Г.Амантай захирал 2013 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 64 дүгээр тушаалаар тус сургуульд манаачаар авч ажиллуулсан. Уг ажлаа тасралтгүй хийж байхдаа хэрэгт холбогдож шалгагдсан. Ингээд би захирал Г.Амантайд Надад 2015 оны 12 дугаар сараас 2016 оны 12 дугаар сар хүртэл нэг жилийн чөлөө олгож өгч албан тушаалыг минь хэвээр хадгална уу. Би хэрэгт холбогдоод шалгагдаж байна. Хэрэв нэг жилээс илүүгээр ял шийтгэгдвэл чөлөөг цуцалж, та миний оронд өөр хүн аваарай гэж үнэн байдлаа хэлж хүсэлт өргөдөл гаргасан. Захирал Г.Амантай чамд нэг жилийн чөлөө олгоё, чи хэрэг зөрчлийн асуудлаа нэг тийш болгоорой. Харин нэг жилээс илүүгээр ял шийтгэгдвэл дахин чамайг авч ажиллуулахгүй гэсэн. Би нэг жилийн чөлөөг авлаа гэж итгээд хэргээ шалгуулж улмаар Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 сар баривчлах ял шийтгэгдээд 2016 оны 08 дугаар сарын 22-нд ялаас чөлөөлөгдөөд ажилдаа орьё гэж очиход ажилд аваагүй. Иймд би нэг жил чөлөөгөөр явж байсан болохоор ажилд эргэн орох эрхтэй гэж үзэж шүүхэд хандаж байна. Харин миний оронд Сьезбек гэдэг хүнийг бүр болгож ажилд авсан бөгөөд ажлаас чөлөөлсөн, чөлөө өгсөн тушаалуудыг одоо хүртэл надад өгөөгүй. Захирал надтай анхнаасаа хөдөлмөрийн гэрээ хийж, гэрээнд гарын үсэг зурсан. Харин хөдөлмөрийн гэрээ хийсэн болон цуцалсан тухай нэг хувийг надад өгөөгүй болно. Иймд урьд эрхэлж байсан манаачийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Өлгий сумын 3 дугаар багийн иргэн Д.Жумадилын гаргасан гомдлыг эсэргүүцэж байна. Иргэн Д.Жумадилыг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн томилох боломжгүй талаар тайлбар хүргүүлж байна. Иргэн Д.Жумадил нь гомдолдоо нэг жилээр чөлөө авсан, зөрчлийн асуудлаа нэг тийш болговол дахин ажилд авна гэсэн гэх мэтээр худал зүйлүүд бичсэн байна. Иргэн Д.Жумадил нь 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр надтай уулзаж, 1 сарын цалингүй чөлөө авахаар өргөдөл бичиж, Казахстан улсад хувийн ажлаар яваад ирэхээр боллоо гэсэн. Хуулийн дагуу түүний оронд иргэн С.Аманбекийг түр томилон ажиллуулсан. Үүнээс хойш иргэн Д.Жумадил нь хэрэгт холбогдож, чөлөөний хуудас дууссаны дараа орж ирээгүй нь сургуулийн хөдөлмөрийн дотоод журмын 7.7 дахь заалтыг зөрчсөн тул ажлаас халах шалтгаан болсон. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7 дахь заалтад Ажилтан гэмт хэрэг үйлдсэний улмаас уг ажил үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжгүй ял оногдуулсан шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болсон гэж заасан нь сургуулийн хөдөлмөрийн дотоод журмын 2.6 дахь заалтыг зөрчиж байгаа тул иргэн Д.Жумадилыг ажлаас чөлөөлөх бас нэг үндэслэл болсон. 2016 оны 04 дүгээр сард шүүхийн шийдвэр гарч ял шийтгүүлсэн байна. Дээрх үндэслэлүүдээр иргэн Д.Жумадилыг 2016 оны 01 дүгээр сарын 31-нээс эхлэн ажлаас чөлөөлсөн болохыг үүгээр мэдэгдэж байна гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 713 дугаар шийдвэрээр Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Жумадилийн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар Бүрэн дунд сургуулийн манаачийн ажилд эгүүлэн тогтоож өгөх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Жумадил нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 212/МА2017/00027 дугаар магадлалаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 713 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн төлөөлөгч Г.Амантай хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүх ИХШХШТХуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлээр гомдол гаргаж байна. Д.Жумадил нь бичиг үсэг мэдэхгүй учраас өөр хүнээр багш Б.Жандаулетээр өргөдөл бичүүлж нэг сарын чөлөө авсан гэдэг нь нотлогдож байгаа юм. Хэрэв Д.Жумадилын өөрийнх нь хэлснээр жилийн чөлөө авахаар өргөдөл гаргасан тохиолдолд Хөдөлмөрийн дотоод журмын 5.4-т зааснаар захирлын тушаал гаргах байсан. Д.Жумадил нь миний нэр дээр өгсөн өргөдөлдөө Казахсан улсад хувийн ажлаар нэг сар яваад ирнэ гэж худал хэлж, ажил олгогчийн итгэлийг алдаж, хэрэгт холбогдож улмаар шүүхээр таслагдаж ял сонссон байна. Байгууллагын удирдлагын зүгээс хэрэгт холбогдсон хүнд чөлөө олгоно гэж байхгүй. Нэхэмжлэгч “...чамд жилийн чөлөө олгоё, чи хэрэг зөрчлөө нэг тийш болгоод жилийн хугацаанд эргээд ирвэл ажилд авна...” гэж хэлсэн нь худал юм. Хөдөлмөрийн дотоод журмын 2.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7-д зааснаар хөдөлмөрийн гэрээ дуусгавар болно гэж заасан. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасан зохицуулалтыг зөрчиж, нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн гэх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн  168.1.3-т заасан шаардлагад нийцээгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасан “Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой; өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй; түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ.” гэсэн зохицуулалт нь нотлох баримтыг бүрдүүлэх хэргийн оролцогчийн эрхийг хангах, маргааны үйл баримтыг бодитой тогтоох  зорилготой юм.

Чөлөө олгохыг хүссэн өргөдлийг бичүүлсэн иргэн Светаг гэрчээр асуулгахыг хүссэн нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр гаргасан хүсэлтийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийн дээрх зохицуулалтыг зөрчөөгүй байна. Нэхэмжлэгчийн хувьд гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар гаргаж өгөх боломжгүй тул шүүхэд хүсэлт гаргах шаардлагатай боловч уг хүсэлтэд заасан баримт нь хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт байх ёстой байна. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгчид Хөдөлмөрийн дотоод журамд зааснаар 1 жилийн чөлөө авах  үндэслэл бий болоогүй, ажил олгогч 1 сарын чөлөө олгосон байхад гэрч асуулгах нэхэмжлэгчийн хүсэлтийг хангах нь ач холбогдолгүй байжээ.

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан зохицуулалтын дагуу нотлох баримтыг дүгнэж чадаагүй байна.

Иймд хариуцагчийн гомдлыг хангаж, магадлалыг хүчингүй болгоно.

Анхан шатны шүүх хариуцагч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар бүрэн дунд сургуульд холбогдох манаачийн ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэгч Д.Жумадилын нэхэмжлэлийг хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан, хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийн хуулийн үндэслэлтэй байна.  

Ажил олгогчийн 2016 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 11 дүгээр тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, сургуулийн хөдөлмөрийн дотоод журмын 7.7-д заасныг баримталж, ажилтан Д.Жумадилыг чөлөө олгосноос хойш ажил тасалж, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр манаачийн ажлаас чөлөөлжээ.

 Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д зааснаар ажил олгогч нь ажилтанд түүний хүсэлтээр чөлөө олгож болох бөгөөд нэхэмжлэгч Д.Жумадилд 1 сарын чөлөө олгосон ажил олгогчийн тушаал хууль зөрчөөгүй байна. Нэхэмжлэгч Д.Жумадил нь 1 жилийн чөлөө олгохыг хүссэн өргөдлөө багш Светагаар бичүүлж захиралд өгсөн гэж, хариуцагч нь нэхэмжлэгч нэг сарын чөлөө хүссэн өргөдөлийг багш Б.Жандаулетээр бичүүлж өгсөн гэж өөр өөр тайлбар гаргаж маргажээ.

Нэхэмжлэгч чөлөө олгох хугацааг 1 жил гэж тогтоохдоо гэмт хэрэгт холбогдож асуудлаа шийдвэрлүүлэхийн тулд уг хугацааг тодорхойлсон гэж тайлбарласан байх ба анхан шатны шүүх уг үндэслэлийг тус сургуулийн Хөдөлмөрийн дотоод журмын 5.4-т  заасан “...чөлөө авах зайлшгүй шаардлага”-д хамаарахгүй гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болсон байна. Чөлөө олгосон ажил олгогчийн шийдвэрийг буруутгах үндэслэл байхгүй байв. Зохигчид чөлөө хүссэн өргөдлийг Д.Жумадил өөрөө бичээгүй болохыг зөвшөөрсөн тул өргөдөлд зурсан гарын үсэг нэхэмжлэгчийн гарын үсэг мөн эсэхийг тогтоолгохоор шинжээч томилуулах нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаагүй шүүгчийн захирамжийг буруутгах үндэслэлгүй байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн хүрээнд маргааны үйл баримтыг дүгнэх тул ажилтны ял шийтгүүлсэн байдлын талаар дүгнэх шаардлагагүй гэж үзлээ.

Иймд магадлалыг хүчингүй болгож, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 212/МА2017/00027 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 713 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй. 

2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурьдсугай.

 

        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                      Х.СОНИНБАЯР

  ШҮҮГЧ                                                                П.ЗОЛЗАЯА