Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2020/0412

 

2020 оны 12 сарын 07 өдөр Улаанбаатар хот

Дугаар 001/ХТ2020/0412

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Нийслэлийн худалдан авах ажиллагааны

газар болон тус газрын даргын 2019 оны 03 дугаар

сарын 22-ны өдрийн А/23 дугаар тушаалын дагуу

байгуулагдсан Үнэлгээний хороонд

холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч: Танхимын тэргүүн Ч.Тунгалаг

Шүүгчид: Г.Банзрагч

                М.Батсуурь

                Б.Мөнхтуяа

Илтгэгч шүүгч: Х.Батсүрэн

Нарийн бичгийн дарга: С.Баяртуяа

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 02/2263 дугаартай мэдэгдлийг хүчингүй болгуулах, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 02/2261 тоот тендерийн үнэлгээний хорооны******* ХХК-ийг тендерт шалгаруулж гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, НХААГ-19/169 тоот тендерийн үнэлгээний хорооны******* ХХК-ийг шалгаруулсан дүгнэлтийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2020/0428 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 563 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч*******,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч******* нарыг оролцуулж,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2020/0428 дугаар шийдвэрээр: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 5.1.1, 5.1.5, 47 дугаар зүйлийн 47.7, 48 дугаар зүйлийн 47.8 хэсэгт заасныг тус тус баримтлан Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 02/2263 дугаартай мэдэгдлийг хүчингүй болгуулах, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 2019 оны 12 дугаар 23-ны өдрийн 02/2261 тоот тендерийн үнэлгээний хорооны******* ХХК-ийг тендерт шалгаруулж гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, НХААГ-19/169 тоот тендерийн үнэлгээний хорооны******* ХХК-ийг шалгаруулсан дүгнэлтийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах шаардлага бүхий ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 563 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2020/0428 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 27 дугаар зүйлийн 27.3, 55 дугаар зүйлийн 55.3.3-д заасныг тус тус баримтлан ******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр зарласан НХААГ-19/169 дугаартай Инженерийн шугам сүлжээний ажил-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хорооны******* ХХК-ийг шалгаруулсан дүгнэлт, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 02/2263, 02/2261 дүгээр албан бичгээр ******* ХХК-ийн тендерээс татгалзсан болон******* ХХК-тай гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрүүдийг хүчингүй болгосон байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч*******,******* нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн хариуцагч Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч*******,******* нар Нийслэл дэх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 563 дугаар магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

4. Нийслэл дэх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 563 дугаар магадлалын тогтоох хэсэгт Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7 дахь хэсэгт энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаж, энэ хуульд заасны дагуу үнэлэгдсэн тендерүүдийг бага харьцуулах үнэтэйгээс их харьцуулах үнэтэй рүү нь эрэмбэлж, хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг сонгоно гэж заасныг үндэслэсэн байна.

5. ******* ХХК-ийн ирүүлсэн тендер нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангаагүй гэж үнэлгээний хорооны шийдвэр гарсан байхад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7 дахь хэсэгт заасныг шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

6. Мөн Инженерийн шугам сүлжээ /Улаанбаатар, Баянгол дүүрэг, Гандангийн дэнж, 16 дугаар хороо/-ний НХААГ-19/169 дугаартай ажлын тендерийн баримт бичгийн Тендерт оролцогчдод өгөх зааварчилгаа 14.1 (а)-д Тендерийн үнийн маягтыг тендерийн баримт бичигт заасан МАЯГТ№ТШМ-1-ийн дагуу бэлтгэж гэрчлүүлэн ирүүлнэ. Маягтын үг, өгүүлбэрт утга агуулгыг нь өөрчилсөн буюу орхигдуулсан өөрчлөлт оруулбал тендерээс татгалзах үндэслэл болно гэж заасан нөхцөл шаардлагын дагуу үнэлгээний хороо ******* ХХК-ийн ирүүлсэн үнийн санал Тендерийн үнийн маягтыг тендерийн баримт бичигт заасан МАЯГТ№ТШМ-1-ийн дагуу бэлтгэж ирүүлээгүй тул тендерээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3 дахь заалтад тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага. хангаагүй гэж үнэлгээний хорооны шийдвэрээр татгалзах шийдвэр гаргасан байхад шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

7. Шүүх үнэлгээний хороог төлөөлж үнэлгээ хийх эрхгүй бөгөөд үнэлгээний хороо байгуулагдах хэрэггүй, шүүхээр үнэлүүлдэг, шийдвэр гаргуулдаг буруу жишиг тогтох нөхцөлийг бүрдүүлж байна. Шаардлага хангасан эсэхийг шүүх тогтоох байгууллага биш юм.

8. Иймд хууль зүйн үндэслэлийг буруу тайлбарлаж шийдвэр гаргасан тул Нийслэл дэх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 563 дугаар магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

9. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч******* хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 563 дугаар магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байх тул дараах үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна.

10. Магадлалд ...маягтыг бөглөөгүй орхигдуулсны улмаас үнийн санал нь ямар валют байх, хэдэн хувийг өөр валютаар хийх тодорхойгүй болж, үнэлэх боломжгүйд хүргээгүй байна... гэж хуулийг буруу тайлбарласан хэрэглэсэн болно.

11. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1-т ... тендер гэж захиалагчийн тогтоосон нөхцөл, шаардлагын дагуу боловсруулж, түүнд ирүүлсэн бараа, ажил, үйлчилгээг гүйцэтгэх тухай сонирхогч этгээдийн саналыг..., мөн зүйлийн 5-т ...тендерийн баримт бичиг гэж ... тендер шалгаруулалтын нөхцөл, шаардлагыг тодорхойлсон баримт бичгийг... ойлгохоор зааснаар захиалагч нь нөхцөл шаардлагаа тогтоох эрхтэй, тендерт оролцогч нь уг тендерийн баримт бичигт заасан нөхцөл шаардлагад нийцүүлэн саналаа бэлтгэн ирүүлэх үүрэгтэй байна.

12. Тендерт оролцогчид өгөх зааварчилгааны 15-д ...Тендерт оролцогч нь ...зохих маягтыг ашиглан тендерийн санал...бэлтгэж ирүүлнэ. Эдгээр маягтын үг, өгүүлбэрт утга агуулгыг нь өөрчилсөн буюу орхигдуулсан аливаа өөрчлөлт хийхийг зөвшөөрөхгүй. Маягт дахь бүх хоосон зайд шаардсан мэдээллийг нөхөж бичнэ... гэж шаардсан, уг нөхцөлөө тендерийн баримт бичигт урьдчилан заасан бөгөөд ******* ХХК нь уг нөхцөл, шаардлагыг хангаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар бүрэн нотлогдоно.

13. Иймд хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3 дахь хэсэгт заасан тендерийн баримт бичигт заасан нөхцөл шаардлагыг хангаагүй байх тул мөн зүйлийн 27.4 дэх хэсэгт ...Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана... гэж заасны дагуу ******* ХХК-ийн тендерээс татгалзсан нь хуульд нийцсэн болно.

14. Гэтэл давж заалдах шатны шүүх тендерийг үнэлэх боломжгүйд хүргээгүй байна гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байх бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт ...энэ хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу хянаж, шаардлагад нийцсэн гэж үзсэн бүх тендерт үнэлгээ хийнэ... гэж зааснаар захиалагч нь тендерийн нөхцөл, шаардлагад нийцсэн тендерт үнэлгээ хийж, үүнээс хамгийн сайн гэж үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгох нь тус хуулийн зорилгод нийцнэ.

15. Нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.2 дахь хэсэгт заасан эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн талаарх үндэслэлээ ...Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын Үнэлгээний хорооны хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч ******* ХХК нь тендерт шударгаар өрсөлдөх эрх, тендерт шалгарах, улмаар гэрээ байгуулах боломжийг шууд хязгаарлаж хуулиар олгосон эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна... гэжээ.

16. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу тендерийн баримт бичиг бэлтгэхдээ өрсөлдөөнийг хязгаарласан гэж тендерт оролцогч үзвэл тухайн тендерийн нээлт хийхээс ажлын 10-аас доошгүй өдрийн өмнө Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гомдлоо гаргахаар хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт тусгайлан заасан бөгөөд нэхэмжлэгч компаниас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргаагүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл нь хууль зүйн үндэслэлгүй байхад давж заалдах шатны шүүх ...Хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан худалдан авах ажиллагаанд баримтлах өрсөлдөх тэгш боломжтой, ...байх зарчим...зөрчсөн... гэж дүгнэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн болно.

17. Нэхэмжлэгч Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 02/2263 дугаартай мэдэгдлийг хүчингүй болгуулах, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 02/2261 тоот тендерийн үнэлгээний хорооны******* ХХК-ийг шалгаруулж гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 16/169 тоот тендерийн үнэлгээний хорооны******* ХХК-ийг шалгаруулсан дүгнэлтийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргасан.

18. Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт ...Захиргааны актыг цуцлах, хүчингүй болгох, эрх бүхий байгууллагын шийдвэр гарах, эсхүл захиргааны актад заасан хугацаа дуусгавар болох, түүнчлэн бусад байдлаар биелэгдэх хүртэл тухайн захиргааны акт хүчин төгөлдөр байна... гэж заасан.

19. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэг, 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь зөрчсөн гэх захиргааны акт нь эрх зүйн үйлчлэлтэй, дуусгавар болоогүй байх хуулийн шаардлагыг хангасан байх ёстой байна.

20. Анхан шатны шүүхийн шийдвэрт ...Хавтаст хэрэгт авагдсан Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас******* ХХК-д хүргүүлсэн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 05/2591 дүгээр албан бичгээс үзвэл Ажил гүйцэтгэх гэрээний хугацаа 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсон, цаашид сунгагдаагүй, шинэчлэн байгуулагдаагүй бөгөөд Төсвийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.7 дахь хэсэгт заасны дагуу 2019 онд санхүүжих 1,000,000,000 төгрөг төсвийн ерөнхий дансанд татан төвлөрүүлсэн байх ба тендерийн үйл ажиллагаа цаашид явагдах эсэх нь тодорхойгүй, тендерийн хүчинтэй хугацаа дуусгавар болсон байна... гэжээ.

21. Иймд нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахыг хүссэн захиргааны актын эрх зүйн үйлчлэл нь дуусгавар болсон байх тул түүнийг хүчингүй болгосноор нэхэмжлэгч ******* ХХК-ийн хууль ёсны эрх, ашиг сонирхол хэрхэн сэргэх нь тодорхойгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн үнэлэлт, дүгнэлт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4 дэх хэсэгт заасантай нийцэж байхад давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч нь тендерийн баримт бичгийг худалдан авч, тодорхой хугацаа, зардал гаргаж оролцсон гэдэг үндэслэлээр хуулийг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй болно.

22. Дээрх зүйлээс үндэслэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 563 дугаар магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

23. Давж заалдах шатны шүүхийн магадлал хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан хэргийг хуулийн дагуу үндэслэлтэй шийдвэрлэжээ.

24. Нэхэмжлэгчээс Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгт ТОӨЗ 18.1-т зааснаар Тендерийн валют үндэсний валют болох ТӨГРӨГ байхаар заасны дагуу тус маягтын Валютын нэр хэсэгт ТӨГРӨГ гэж бөглөсөн...Маягт ТШМ-1-д заасны дагуу бэлтгэж ирүүлсэн үнийн саналын үг, өгүүлбэрт утга агуулгыг өөрчилсөн буюу орхигдуулсан өөрчлөлт байхгүй гэж, хариуцагчаас Маягтын үг өгүүлбэрт утга агуулгыг нь өөрчилсөн буюу орхигдуулсан өөрчлөлт оруулбал тендерээс татгалзах үндэслэл болно гэж заасан...нэхэмжлэгч нь гэрээний валютыг дараах хэлбэрээр авна гэсэн хэсгийг бөглөөгүй орхисон байсан тул тендерээс татгалзах шийдвэр гаргасан гэж тус тус маргажээ.

25. Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны В.Тендер бэлтгэх хэсгийн 18.1-д Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2 дахь хэсэгт заасны дагуу тендерийн үндсэн валют нь Төгрөг байхаар заасан, нэхэмжлэгчээс тендерт ирүүлсэн МАЯГТ №ТШМ-1-ийг ... Инженерийн шугам сүлжээ /Улаанбаатар, Баянгол дүүрэг, Гандангийн дэнж, 16 дугаар хороо № НХААГ-19/169-ний барилга угсралтын ажлыг 899,996,369 /найман зуун ерэн есөн сая есөн зуун ерэн зургаан мянга гурван зуун жаран есөн/ төгрөгөөр тендерийн баримт бичгийн дагуу гүйцэтгэхээр санал болгож байна гэж, Гэрээний төлбөрийг дараах валютаар авна гэсэн хүснэгтийн Валютын нэр гэсэн баганад Төгрөг гэж бөглөсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

26. Хариуцагч Тендерийн үнийн маягтыг тендерийн баримт бичигт заасан МАЯГТ №:ТШМ-1-ийн дагуу ирүүлээгүй нь шаардлага хангахгүй гэсэн мэдэгдлийг 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 02/2079 дүгээр Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр нэхэмжлэгчид хүргүүлснийг, тэрээр эс зөвшөөрч эрх бүхий байгууллага, албан тушаалтанд гомдол гаргасан, уг гомдолд Сангийн яамны 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 6-1/8077 дугаар Гомдол хянасан тухай албан бичгээр ...******* ХХК-ийн ирүүлсэн саналаас тендерийн үнийн маягтыг тендерийн баримт бичигт заасан МАЯГТ№ ТШМ-1-ийн дагуу ирүүлээгүй нь шаардлага хангахгүй гэж татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна. Тус компанийн ирүүлсэн тендерийн маягт нь тендерийн баримт бичгийн гуравдугаар бүлэгт заасан МАЯГТ№ ТШМ-1-д нийцэж байна. ...Иймд дээрх зөрчлийг арилгаж, хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3 дахь заалтад заасны дагуу тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг үүгээр мэдэгдье... гэж хариу өгсөн атал үнэлгээний хороо дахин үнэлгээ хийхдээ урьд нь шийдвэрлэсэн үндэслэлгүй шалтгаан нөхцөлийг давтан зааж нэхэмжлэгчийн тендерээс татгалзаж энэ тухайгаа нэхэмжлэгчээс хүчингүй болгуулахаар маргаж буй 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 02/2263 дугаар Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр ******* ХХК-д хүргүүлжээ.

27. Дээрх үйл баримтыг анхан шатны шүүхээс ...******* ХХК нь тендерийн баримт бичигт заасан нөхцөл, маягтын дагуу бэлтгэн, баталгаажуулан ирүүлэх шаардлагыг хангаагүй... гэснийг давж заалдах шатны шүүхээс нотлох баримтыг буруу үнэлсэн гэж үзсэн нь үндэслэлтэй байна.

28. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.12-д Тендерийн үнэлгээнд гадаад валют ашиглах бол энэ талаар тендерийн баримт бичигт заана. гэжээ. Тендерийн баримт бичгийн Тендерт оролцогчид өгөх зааварчилгаа-ны 18.1-д Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2 дахь хэсэгт заасны дагуу тендерийн үндсэн валют нь төгрөг байна гэж заасан тохиолдолд нэгэнт гадаад валют хэрэглэхээргүй байх тул маягтыг бөглөөгүй орхигдуулсны улмаас үнийн санал нь ямар валют байх, хэдэн хувийг өөр валютаар хийх нь тодорхойгүй болж, үнэлэх боломжгүйд хүргээгүй... гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй юм.

29. Иймд, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулах-ыг хүссэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн, магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлгэх-ийг хүссэн гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг тус тус хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 563 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг тус тус хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг тус тус баримтлан гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

                                                ТАНХИМЫН ТЭРГҮҮН                    Ч.ТУНГАЛАГ

                                                 ШҮҮГЧ                                             Х.БАТСҮРЭН