| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Цэцэгээ |
| Хэргийн индекс | 173/2018/00127/э |
| Дугаар | 132 |
| Огноо | 2018-07-23 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Д.Ганцэцэг |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 132
Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дамбийням,
Улсын яллагч Д.Ганцэцэг,
Шүүгдэгч Х.Т, түүний өмгөөлөгч П.Адъяасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Өлзийт овгийн Х.Т-д холбогдох эрүүгийн 1826001090093 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Өлзийт овгийн Х.Т
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Х.Т нь 2018 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 23 цагийн үед Өвөрхангай аймгийн Баянгол сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр бага сургуулийн орчим насанд хүрээгүй хохирогч Б.Э-г мотоцикльтой явж байхад нь барилгын нурсан шавар авч шидсэний улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав:
Шүүгдэгч Х.Т шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн өдөр 23 цаг 40 минутын үед мотоцикльтой залуучууд кабон байрны гадуур цагдаа гээд орилж, давхиад байсан. Гараад ирсэн чинь 4-5 мотоцикльтой залуучууд цагдаа гэж орилоод байсан. Би тухайн үед ганцаараа байсан учраас тэр залуучуудаас айсандаа чулуу шидсэн. Миний буруу, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохиролд 4480000 төгрөг төлсөн. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.
Насанд хүрээгүй хохирогч Б.Э-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 16-ны өглөө 11 цагийн үед гэрээсээ аав Б-н мотоциклийг унаж, сумын төв рүү эмээтэйгээ очиж золгохоор явсан. Тэгээд эмээтэйгээ золгочихоод 12 цагийн үед ангийнхантай уулзалдаж, хөдөөгүүр айлуудаар орж золголт хийсэн. ...Орой 23 цагийн үед сургуулийн спорт заалны орчим найзуудаараа мотоцикльтой хаазалж, сигнаалдаж, давхицгаасан. Тухайн үед Г мотоцикль жолоодож, би ард нь сууж явсан. Манай аавын мотоциклийг манай найз Б жолоодож явсан. Бид нар олуулаа байсан учраас би одоо хэн хэн мотоцикль жолоодож явсныг санахгүй байна. Г бид 2 хуучин бага сургуулийн хойд талаар явж байтал Т цагдаа чулуу шидэж миний толгойг хагалсан. Бид 2 цагдаагаас зугтаж, сумын эмнэлэгийн хойд талд найзуудтайгаа уулзацгаасан. Г бид 2 ангийнхаа хүүхдүүдэд цагдаа Т чулуу шидэж миний толгойг хагалсан талаар хэлж, бид нар манай найз Б-н гэрт очиж, би толгойныхоо цусыг цэвэрлэсэн. Г бид 2 цагдаагаас зугтах үед Г-н малгай хаягдсан байсан учраас манай ангийнхан Г-н малгайг олж авахаар явцгаасан. Харин найз Б бид 2 Б-н гэрт үлдсэн. Тэгээд манай найзууд Г-н малгайг олсонгүй гээд эргэж ирэх үед нь Б-с гарч манай ангийн найз Б-н гэрт очсон. Найз Б-н ээж Н эгч миний толгойг цэвэрлэж, боолт хийх үедээ оёдол тавьж магадгүй юм байна. Сумын нэгдсэн эмнэлэг явья гээд бид нар эмнэлэг явцгаасан. Сумын эмнэлгийн их эмч С намайг үзэж, тухайн өдрийн сувилагч боолт хийж өгсөн. Тэгээд би эмээгийндээ очиж хоносон. Маргааш нь буюу 2018 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хөдөө гэр рүүгээ ирж, аавдаа цагдаа Т чулуу шидэж миний толгойг хагалсан талаар хэлсэн. Миний толгой өвдөөд, бөөлжөөд байсан учраас сургуулийн эмчээр толгойгоо бариулж, сумын эмч өвчин намдаах тариа хийсэн боловч толгой өвдөх нь намдахгүй байсан учраас аав Б-н хамт хот руу явсан. Сумын цагдаа Т аав бид 2-ыг Баянгол сумаас Өвөрхангай аймгийн төв Арвайхээр хот руу хүргэж өгсөн. Манай аав бид 2 Улаанбаатар хотод ирээд гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд яаралтай хагалгаанд орох шаардлагатай гээд 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр би тархины хагалгаанд орж, эмчилгээ хийлгэсэн. ...Одоо өвдөж байгаа зүйл байхгүй. Биеийн байдал гайгүй байна. ...Манай сумын цагдаа учраас Т-г танина. Т-тэй маргалдаж муудалцаж байсан асуудал байхгүй. ... Бид нар цагдаагийн албан хаагчийг өдөж хоргоосон үйлдэл гаргасан нь үнэн. ...Г бид 2 хуучин бага сургуулийн хойд талаар явж байхад Т цагдаа чулуу шидэж миний толгойг хагалсан. Би цагдаа Т-г над руу чулуу шидсэн гэж бодож байна. Намайг хагалгаанд орох үед Т цагдаа Улаанбаатар хотод ирсэн. Манай аавтай уулзах үедээ цагдаа Т барилгын тал тоосго шидсэн гэж ярьсан байсан. Их ойр зайтай байсан. Би зайг нь шууд хэлж чадахгүй байна. Манай найзууд бид нар тухайн үед бөөнөөрөө явж байгаад Г бид 2 бага сургуулийн хойд талаар явсан. Харин манай найзууд сургуулийн дотуур байрны чиглэлд явцгаасан байсан учраас юу болсон талаар хараагүй. Би сүүлд нь эмнэлгийн гадаа бөөндөө цуглах үед найзууддаа цагдаа чулуу шидэж миний толгой хагалсан талаар хэлсэн. ...Миний толгой хагарч, шалбарсан байсан....2017 оны 08 дугаар сард аваарт орж байсан. Интермед эмнэлэгт иж бүрэн шинжилгээ хийлгэсэн бөгөөд ямар нэгэн гэмтэл учраагүй. ...Анх Улаанбаатар хотод ирээд "Интермэд" эмнэлэгт үзүүлж шинжилгээ хийлгэсэн. Тэгээд гэмтлийн эмнэлэгт үзүүлж, яаралтай хагалгаанд орсон. Эмнэлэгт үзүүлсэн бүх баримт бичиг нь байгаа. Надад өөр ярих зүйл байхгүй. Гомдолтой. Эмчилгээний зардлаа нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 102-103 хуудас/,
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Д-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би өмнө нь болсон асуудлын талаар өөрийн мэдэх зүйлийг үнэн зөв мэдүүлсэн байгаа. Эмчилгээний зардалд нийт 3280000 төгрөг өгсөн санаж байна. ...Гомдолгүй, гэхдээ манай хүү Б.Э-н эмчлэгч эмч Ц.Б хагалгаанаас хойш 3 сарын дараа буюу 2018 оны 06 дугаар сарын 22-ны едөр ирж үзүүлээрэй гэсэн. Уг давтан үзлэгээр тархины зураг авч, шинжилгээ хийнэ гэсэн Мөн манай хүү Б.Э-г 5 жилийн хугацаанд эмчийн хяналтанд байж жил бүр үзүүл гэж хэлсэн. Одоо 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр манай хүү Улаанбаатар хот явж ГССҮТ-ийн эмчид үзүүлж, шинжилгээ хийлгэнэ. Тийм учраас эмчилгээний зардалд 1500000 төгрөг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 107 хуудас/,
Насанд хүрээгүй гэрч Ү.Г-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2018 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 12 цагийн үед хөдөө гэрээсээ дүү Д-н хамт өөрийнхөө улсын дугааргүй улбар шар өнгийн мотоцикльтой сумын төвд орж ирсэн. Сумын төвд явж байхад сумын цагдаа Т машинтай гарч ирсэн. Би мотоцильтой гурвуул сундалсан явж байсан. Цагдаа мотоциклийнхоо түлхүүрийг аваад ир гэхээр нь би өгсөн. Харин Т цагдаа цаашаа явж байгаад машиных нь дугуй нь хагарчихсан. Цагдаа намайг дуудаад дугуй сольчих гэхээр нь би дугуйг нь сольж өгсөн. Миний мотоциклийн түлхүүрийг өгөхгүй явчихсан. Би мотоцикль унаж явсан. Миний ард Энхбаатар сууж явсан. Бид нар спорт заалны зүүн талд ирсэн. Т, Б 2 ирээгүй уурын зуухны хажууд үлдсэн байсан. Харин цагдаагийн кобан байр гэрэлгүй, харин Т цагдаагийн машин гадаа нь байхаар нь бид албаар цагдаагийн байрны хажууд мотоциклио чанга хаазалж байгаад доороо тойрч эргэлдэж явж байгаад баруун зүгт дотуур байрны хойгуур ороод урагшаа яваад урд хорооллоор явж байгаад буцаж ирээд дотуур байрны хойд талд ирж зогссон. Энэ үед бид нар 4 мотоцикльтой явж байсан. Би зүүн зүгт спорт заалны урдуур ганцаараа явсан. Харин манай найз нар мотоциклийнхоо гэрлийг миний араас тусгаад үлдсэн. Би гэрлээ унтраасан явж байсан. Би дотуур байрны хойд талаас зүүн зүг рүү спорт заалны урдуур явахад бага сургуулийн эгц хойно Э-г чулуугаар хүн оносон. Би заал өнгөрөөд найман айлын 2 орон сууцны дундуур явахад миний малгай унасан. Би шууд урагшаа явсан. Би малгайгаа авах гэсэн чинь Э миний толгойг оночихлоо гэхээр нь шууд яваад змнэлгийн хажууд очоод харсан. Энхбаатарын толгойн баруун дээд хэсэг газраас цус гарч байсан. Би Төрмөнхийн хамт буцаад малгайгаа авах гэж ирсэн. Миний малгай байхгүй байсан. Би тэр хавиар хайж байгаад заалны урдуур хөндлөн явсан. Түгжшийрэв цагдаа явган гараад ирэхээр нь би зугтаасан. Би цэцэрлэгийн зүүн хойно явж байхад цагаан гэрэлтэй машин араас жаахан хөөж байгаад больсон. Бид өвсний фондны хойно нөгөө хэдтэйгээ уулзсан. Би тэд нарт Э-н толгойг хагалчихлаа гэж хэлсэн. ...Нараа эгч Э-н толгойг цэвэрлэж өгсөн. Бид нар тэндээсээ тараад гэр гэр рүүгээ явсан. ...Т цагдаатай бид нар өдөр 17 цагийн үед урд хороололд л нэг таарсан. Тэгээд шөнө малгай авах гэж байгаад заалны хажуунаас Т цагдаа явган гарч ирээд барьж авах гэхээр нь би зугтаасан. ...Бид нар мотоцикльтой өдөр нь хөдөөгүүр явж байгаад орой сумын төвөөр явж байгаад цагдаагийн кобан байр, заалны хажуугаар гадуур баахан гэрлээ тусгаж давхисан. ...Э миний араар суусан байсан. Би спорт заалны урдуур явж байгаад Э толгойгоо хагалуулсан, чулуу шидээд хөөе гэж орилж байсан. Би хэн чулуу шидсэнийг хараагүй. Харин манай ангийн хүүхдүүд бага сургуулийн хойд талд цагдаа байхыг харсан гэж байсан. ...Бид нар кобан байрны урд заалны зүүн талд ирээд мотоциклио чанга чанга хаазалж байгаад дотуур байрны гадаа хойно очоод бас мотоциклио чанга чанга хаазалж Т цагдааг албаар өдсөн нь үнэн. Э, Б 2 цагдаа цагдаа гэж орилоод байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-9 хуудас/,
Насанд хүрээгүй гэрч Б.Т-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2018 оны 02 дугаар сарын 16-ны өдөр ангийнхаа Б, Ч, , Ү.Г, Б, Б, М, Э, Н, Б гээд 11-н эрэгтэй хүүхэд 5 мотоцикльтой хөдөөгүүр айл хэсэж байгаад 19 цагийн үед сумын төв дээр орж ирсэн. Уурын зуухны хажууд миний мотоциклийн бензин дуусаад зогсож байтал 20 гаран минутын дараа Ү.Г, Э 2 ирсэн. Ү.Г мотоциклио барьж байсан. Харин Э араар нь суусан байсан. Э-н толгойноос нь цус гарсан ирсэн. Тэр 2 хуучин бага сургуулийн гадаа явж байгаад чулуугаар хүнд цохиулсан гэж хэлсэн. Харин бусад нь тараад алга болсон байсан. Тэгээд Б эгчийнд орж Э толгойгоо угааж цусаа арилгасан. Ү.Г малгайгаа хаячихсан гэхээр нь би хамт буцаж ирээд малгайг нь хайсан. Бид 2 заалны хажуугаар малгайг нь хайгаад олоогүй. Заалны цаана бид 2 малгайгаа хайж байсан чинь Т цагдаа гараад ирэхээр нь бид 2 мотоциклио унаад зугтаасан. Бид нар Б-н гэрт очоод ээж Н эгчээр Э-н толгойг боолгосон. Э Б-н гэрт үлдсэн. Би гэр рүүгээ явсан. Манай ангийн хүүхдүүд бүгд гэр гэр рүүгээ тараад явсан. Зарим нь хөдөө явсан. ...Б бид 2 Т цагдаатай таараагүй. ...Манай найз нар мотоцикльтой сумын төвөөр явж байгаад цагдаагийн кобан байрны гадуур баахан давхисан цагдаа гарч ирсэн гэж ярьж байсан. Би цагдаагийн кобан байрны хажуугаар яваагүй. Харин цагдаа чулуу шидээд Э-н толгойг хагалчихлаа гэж ярьж байсан. ...Бид нар архи уугаагүй, бага зэрэг айраг л уусан. ...Манай найз нар кобан байрны гадуур давхисан гэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12 хуудас/,
Насанд хүрээгүй гэрч С.Ч-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2018 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 11 цагийн орчим хөдөө гэрээсээ өөрийн улсын дугааргүй цэхнэр өнгийн Даюун маркийн мотоцикльтой сумын төв орж ирээд өвөө эмээтэйгээ золгосон. Тэгээд М-н гэрт очсон. Тэнд Б, Т, М гурав байсан. Бид 3 тэндээс Э-н гэрт очсон. Харин гаднаас Н орж ирсэн. Удалгүй гаднаас Б дүүтэйгээ ирсэн. Бид нар хоорондоо ярьж байгаад сумын зүүн урд байдаг гүүрэн дээр очсон. Н Ү.Г, Б 2-луу утсаар залгасан. Тэр 2 удалгүй ирсэн. Бид нар тэндээсээ шууд хөдөө баруун хойшоо гараад ангийнхаа Б-гэрт очсон. Б байхгүй байсан. Бид нар спорт заалны зүүн талд ирж зогссон. Б бид 2 хамт явж байсан. Бид 2 салаад буцаад урд гэр хорооллоор явж байгаад ирсэн. Манай ангийн хүүхдүүд дотуур байрны хойно байсан. Э, Б 2 хамт нэг мотоцикльтой явсан. Цэцэрлэгийн зүүн талаар нэг машин гарч ирэхээр нь Э 2 цагдаа байна гэж орилсон, би эргээд шууд хойшоо явсан. Харин тэр машин Приус-20 маркийн машин байсан. Манайхан тараад явсан. Бид нар урд гэр хорооллын зүүн урд очоод уулзсан. Ү.Г бид нар дээр ирээд Б-д Э-н толгойг хагалчихлаа Т цагдаа шидсэн байх гэж хэлж байсан. Бид нар тэндээс хөдлөөд гол дээр байхад Э, Б 2 ирсэн. Э-н толгой нь хагарчихсан цус гарч байсан. Бид нар Б-н гэрт очоод Н эгчээр Э-н толгойг боолгосон. Э Н эгчийн гэрт үлдсэн. Бид нар тэндээсээ салаад шууд гэр гэр рүүгээ явсан. ...Түгжшийрэв цагдаатай би өдөр урд хороололд л нэг таарсан. Шөнө Т цагдааг хараагүй таараагүй. ...Бид нар мотоцикльтой өдөр нь хөдөөгүүр явж байгаад орой сумын төвөөр явж байгаад цагдаагийн кобан байр, заалны хажуугаар гадуур баахан гэрлээ тусгаж давхисан. ...Э-н толгойг цагдаа Т хагалсан гэж Ү.Г, Э 2 ярьж байсан. Би юу ч хараагүй. ...Бид нар архи уугаагүй, бага зэрэг айраг л уусан. ...Бид нар кобан байрны урд заалны зүүн талд ирээд мотоцилио чанга чанга хаазалж байгаад дотуур байрны гадаа хойно очоод бас мотоциклио чанга чанга хаазалж Тү цагдааг албаар өдсөн нь үнэн. Э, Б 2 цагдаа цагдаа гэж орилоод байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19 хуудас/,
Насанд хүрээгүй гэрч Б.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2018 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 13 цагийн үед хөдөө гэрээсээ ганцаараа аавынхаа мотоцикльтой сумын төвд орж ирсэн. Би төрлийнхөө М ахынд орсон. Би өдөр гадуур яваагүй. Харин хамт сурч байсан манай ангийн эрэгтэй хүүхдүүд 20 цагийн үед хөдөөнөөс орж ирсэн байсан. Би 21 цагийн үед Б-тай утсаар ярьсан. Б гэртээ байна гэхээр нь би мотоцикльтой яваад очсон. Тэнд Э, Б, Б, Ү.Г, Э, Б, М, Н нар байсан. Би 2014 онд сургуулиас гарсан. Одоо хөдөө мал дээр байгаа. Дотуур байрны дэргэд бид нар мотоциклио чанга чанга хаазалсан. Харин урд талаас байрны баруун талаар нэг машин гарч ирсэн. Бас Т цагдаа кобан байрныхаа гадаа гарч ирсэн. Харин Э цагдаа цагдаа гэж орилсон. Миний урд Ү.Г, Э 2 явж байсан. Бид нар мотоциклийнхоо гэрлийг унтараагаад зүүн тал руу спорт заалны урдуур давхисан. Миний урд Ү.Г ард нь Э явсан, би араас нь явж байгаад мотоциклийнхоо гэрлийг асаасан чинь Т цагдаа бага сургуулийн зүүн талаар гарч ирээд юм шидсэн. Ү.Г Э тэр чигээрээ цаашаа давхиад явсан. Харин би буцаад эргээд дотуур байрны хойгуур ороод урагшаа явсан. Бид нар урд гэр хороололд А ахын хашааны урд уулзсан. Тэнд М, Б, Н, Б, Э бид нар уулзсан. Харин сүүлд нь Ү.Г Т 2 бид нар дээр ирээд Э-н толгойг хагалчихсан. Т цагдаа хагалчихсан гэж хэлж байсан. Бид нар гол гарсан. Харин Б яваад Э-г авч ирсэн. Бид нар Б-н ээж Н эгч дээр очиж Э-н толгойноос гарч байсан цусыг арилгуулсан. Н эгч Э-г эмнэлэг авч явна гээд аваад үлдсэн. Харин Бид нар тэндээсээ салаад гэр гэр рүүгээ явсан. Би М ахынд очиж хоносон. ...Ү.Г, Э 2 дотуур байрны хойноос зүүн зүгт заалны урдуур явсан. Би араас нь явсан. Бид нар цагдаад харагдахгүй гэж мотоциклийнхоо гэрлийг унтраасан. ...Би өдөр Т цагдаатай таараагүй. Харин шөнө 23 цагийн үед бид нар спорт заал, дотуур байрны хойгуур давхиж байгаад Т цагдааг кобан байрныхаа гадаа байхыг нь харсан. ...Бид нар мотоцикльтой үдээс хойш хөдөөгүүр явж байгаад орой сумын төвөөр явж байгаад цагдаагийн кобан байр, заалны хажуугаар гадуур баахан явсан. ...Э-н толгойг Т цагдаа хагалсан. Би Э-н араас нь явж байсан. Харин Т цагдаа юм шидэж байхыг нь би харсан. Бид нар мотоцикльтой онхолдож унасан зүйл байхгүй. ...Бид нар архи уугаагүй, бага зэрэг айраг л уусан. ...Бид нар кобан байрны урд заалны зүүн талд ирээд мотоциклио чанга чанга хаазалж байгаад дотуур байрны гадаа хойно очоод бас мотоциклио чанга чанга хаазалж Т цагдааг албаар өдсөн нь үнэн. ...Энх-А бид 2 Т цагдааг бага сургуулийн зүүн талаас гараад ирэхээр нь цагдаа цагдаа гараад ирлээ зугтаагаарай гэж орилсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 108-109 хуудас/,
Гэрч Д.Н-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 16-ны өдөр би гэртээ байж байсан чинь шөнийн 23 цагийн үед манай гэрт манай хүүхэд Б ангийнхаа хүүхдүүдийг дагуулж орж ирээд манай ангийн Э толгойгоо хагалуулчихлаа гэж орж ирсэн. Харин Э-н толгой нь хагарсан цус гарсан орж ирсэн. Э-н ухаан санаа нь зүгээр байсан. Э чулуугаар цохиулчихлаа гэж байсан. Би буцалсан усаар толгойг нь угаагаад даралттай боолт хийгээд машинаар эмнэлэг аваад явсан. Эмнэлэгт С эмч үзсэн. Эмч үзээд оёдол хийх шаардлагагүй гээд иод түрхэж, боолт хийж өгөөд би гэрт нь хүргэж өгсөн. Боолтыг сувилагч Б хийсэн. Э-н толгойн баруун дээд хэсэгт нь бага зэрэг гаднаа зулгарсан цус гарсан байсан. ...Э мотоцикльтой гудмаар явж байсан чинь хүн хашаанаас юм шидсэн гэж надад хэлсэн. Хэний хашаанаас хэн юу шидснийг мэдэхгүй гадаа харанхуй байсан болохоор харж чадаагүй гэж хэлсэн. Би хамт явж байсан хүүхдүүдээс нь асуусан чинь бүгд л тэгж хэлсэн. Э өөрөө ч гэсэн тэгж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 112 хуудас/,
Гэрч З.С-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 23 цаг 40 минутанд манай эмнэлэгт Б.Э гэх 10-н жилийн хүүхэд ирж үзүүлсэн. Б.Э-г үзэхэд баруун талын духны дээд хэсэгт 0.5 см урт 0.5 см гүн шархтай, уг шархны доод хэсэгт 4см-5см орчим урттай 1см орчим өргөнтэй зулгарсан шархтай байсан. Б.Э-н амин үзүүлтүүд нь хэвиийн байсан. Тархины голомттод өөрчлөлтийн шинж тэмдэгүүд байхгүй байсан. Ухаан санаа эрүүл бусад талаасаа ямар нэгэн өөрчлөлт байхгүй, дагзны булчингийн хөшинг 1 хуруу орчим байсан. Б.Э-н шархыг нь цэвэрлсэн. Харин оёдол тавих гэсэн тавиулахгүй гээд байхаар нь оёдол тавьж өгөөгүй. Харин өвчин намдаах эм өгсөн. 2018 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн орой нь 23 цагийн үед Б.Э-н толгой нь өвдөөд байна гэж ээж нь ярихаар нь би гэрт нь очиж үзсэн. Б.Э-н биеийг үзээд өвчин намдаах тариа хийж өгөөд, аймаг явж толгойгоо компьютерт харуул гэж хэлсэн. Харин Б.Э-г аав нь М гэдэг айлд авч очоод толгойг нь бариулсан байсан. Би хамаагүй толгойг нь бариулж болохгүй шүү, тархин дотор юу байгааг бид нар гаднаас нь хараад мэдэхгүй шүү гэж хэлсэн. Б.Э харанхуй шөнө гудамжинд мотоцикльтой явж байсан чинь хашаан дотроос хүн юм шидсэн гэж надад хэлж байсан. Юугаар хэнд цохиулснаа мэдэхгүй гэж байсан. ...Б.Э эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгээгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 113-114 хуудас/,
Гэрч Г.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 11 цагийн үед манай хүү Э миний мотоциклийг унаад сумын төвд байдаг эмээ дээрээ очиж золгох гээд явсан. Маргааш нь манай хүү Э-н толгой нь хагарсан гэртээ ирсэн. Би юу болсон талаар хүүгээсээ асуухад эхлээд нуугаад хэлэхгүй байсан. Тэгээд дараа нь манай хүү надад ярихдаа найзуудтайгаа цагдаагийн байрыг тойрч явсан. Гэтэл Т цагдаа чулуу шидэж миний толгойг хагалсан гэж хэлсэн. Би цагдаагийн байран дээр очиход цагдаа Т байгаагүй. Харин хэсгийн төлөөлөгч Г байсан. Би хэсгийн төлөөлөгч Г-д болсон асуудлын талаар хэлэхэд маргааш Т-тэй хамт танай гэрт яваад очьё гэж хэлсэн. Тэгээд маргааш орой нь манай гэрт хэсгийн төлөөлөгч Г, цагдаа Т нар ирсэн бөгөөд цагдаа Т ярихдаа цагдаагийн байрыг хэдэн хүүхдүүд мотоцикльтой тойрч давхиад байхаар нь уурандаа бетоны хэлтэрхий шидэж,. танай хүүг гэмтээсэн гэж хэлсэн. Бид хүүгээ сумын сургуулийн эмч, нэгдсэн эмнэлгийн их эмчид үзүүлсэн боловч биеийн байдал нь сайжрахгүй байсан тул Улаанбаатар хот руу авч явсан. ГССҮТ-ийн Хүүхдийн тасагт 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хэвтэж, 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хагалгаанд орсон. Хагалгаанд орох үед нь цагдаа Т байсан. Хагалгаа амжилттай болсон. ...Одоо гайгүй байгаа. ...Цагдаа Т эмчилгээний зардалд нийт 3000000 төгрөг өгсөн. Цагдаа Т-н хувьд байнга тусалж дэмжиж, эмчилгээний зардал өгч байгаа. ...Манай хүү ер нь надад болсон асуудлаа бүгдийг ярьдаг. Манай хүү Э гэртээ ирэх үед түүний духны баруун дээд хэсэг нь халцарч, толгой нь язарч хагарсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 119 хуудас/,
Гэрч Ц.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Б.Э нь амбулаторийн тасагт ирж үзүүлэх үед нь түүний шинжилгээнүүдтэй танилцахад тархины духны баруун талыг хамарсан 3,5x5, 8x6,6 см хэмжээтэй хатуу хальсан дээрх цусан хураатай, тархи дарагдалттай, дух ясны хугаралтай, яаралтай хэвтэн эмчлүүлэх шаардлагатай хүүхэд байсан тул Хүүхдийн 1 дүгээр тасагт хэвтүүлж, 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр гавал тархины тасгийн эмч нарын хамтарсан үзлэгийн шийдвэрээр Б.Э-т цусан хурааг авч, тархи дарагдалтыг чөлөөлөх мэс заслыг хийж, 13 хоног эмчилгээ хийсэн. 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Б.Э-н биеийн байдал сайжирч, давтан шинжилгээгээр цусан хураа авагдаж, тархи дарагдалт чөлөөлөгдсөн, мэс заслын шарх цэвэр байсан тул харъяа орон нутгийн амбулаторийн хяналтанд эмнэлэгт шилжүүлсэн. ...Б.Э-н духны баруун талд зулгарсан шархтай. Хаван хавдартай байсан. ...Б.Э ярихдаа шидэгдсэн чулуунд оногдсон гэж ярьж байсан. Харин Б.Э-н аав Б ярихдаа цагдаа чулуу шидсэн гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 120-121 хуудас/,
Шинжээч Г.Э-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Бариачид толгойгоо бариулснаас болж тархинд цус хуралт үүсэхгүй. Духны яс хугарсны улмаас өөрөөр хэлбэл гэмтэл гэмтлээс болж тархины хатуу хальсанд цус хуралт үүссэн байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 128 хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн №4008 дугаартай шинжээчийн:
“...1. Б.Э-н биед дух ясны хугарал, хатуу хальсан дээрх цус хуралт, духанд шарх, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 126-127 хуудас/,
Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-5/,
Насанд хүрээгүй хохирогч Б.Э-н өвчний түүх /хх-32-40/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-93-96/,
Насанд хүрээгүй хохирогч Б.Э, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Д нарын шүүхэд ирүүлсэн: “...Хохирогч Б.Э, хууль ёсны төлөөлөгч Б.Д бид нар яллагдагч Х.Т-тэй тохиролцож хохирлоо барагдуулж авсан. Одоо бидэнд гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 10 цаг 00 минутанд болох шүүх хуралд биечлэн оролцохгүй тул бидний оролцоогүйгээр шүүх хурлыг хийж өгнө үү. Х.Т-т оногдуулах ялыг хөнгөн шийдэж өгнө үү...” гэсэн хүсэлт зэрэг болно.
Шүүгдэгч Х.Т нь 2018 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 23 цагийн үед Өвөрхангай аймгийн Баянгол сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр бага сургуулийн орчим насанд хүрээгүй хохирогч Б.Э-г мотоцикльтой явж байхад нь барилгын нурсан шавар авч шидсэний улмаас эрүүл мэндэд нь “дух ясны хугарал, хатуу хальсан дээрх цус хуралт, духанд шарх, зулгаралт” бүхий хүнд хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна6
Шүүгдэгч Х.Т нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан насанд хүрээгүй хохирогч Б.Э-н “...Би цагдаа Т-г над руу чулуу шидсэн гэж бодож байна. Намайг хагалгаанд орох үед Т цагдаа Улаанбаатар хотод ирсэн. Манай аавтай уулзах үедээ цагдаа Түгжшийрэв барилгын тал тоосго шидсэн гэж ярьсан байсан. ...Би сүүлд нь эмнэлгийн гадаа бөөндөө цуглах үед найзууддаа цагдаа чулуу шидэж миний толгой хагалсан талаар хэлсэн...” /хх-102-103/, насанд хүрээгүй гэрч Ү.Г-н “...Би дотуур байрны хойд талаас зүүн зүг рүү спорт заалны урдуур явахад бага сургуулийн эгц хойно Э-г чулуугаар хүн оносон. Би малгайгаа авах гэсэн чинь Э миний толгойг оночихлоо гэхээр нь шууд яваад змнэлгийн хажууд очоод харсан. Э-н толгойн баруун дээд хэсэг газраас цус гарч байсан....” /хх-8-9/, насанд хүрээгүй гэрч Б.Т-н “...Э-н толгойноос нь цус гарсан ирсэн. Тэр 2 хуучин бага сургуулийн гадаа явж байгаад чулуугаар хүнд цохиулсан гэж хэлсэн. Заалны цаана бид 2 малгайгаа хайж байсан чинь Т цагдаа гараад ирэхэээр нь бид 2 мотоциклио унаад зугтаасан...” /хх-12/, насанд хүрээгүй гэрч С.Ч-н “...Ү.Г бид нар дээр ирээд Б-д Э-н толгойг хагалчихлаа, Т цагдаа шидсэн байх гэж хэлж байсан...” /хх-18-19/, насанд хүрээгүй гэрч Б.Б “...Миний урд Ү.Г ард нь Э явсан, би араас нь явж байгаад мотоциклийнхоо гэрлийг асаасан чинь Т цагдаа бага сургуулийн зүүн талаар гарч ирээд юм шидсэн. Би Т цагдааг юм шидэж байхыг нь харсан.” /хх-108-109/, гэрч Д.На-н “...Э-н толгой нь хагарсан цус гарсан орж ирсэн. Э-н ухаан санаа нь зүгээр байсан. Э чулуугаар цохиулчихлаа гэж байсан. Би буцалсан усаар толгойг нь угаагаад даралттай боолт хийгээд машинаар эмнэлэг аваад явсан. Эмнэлэгт С эмч үзсэн. Эмч үзээд оёдол хийх шаардлагагүй гээд иод түрхэж, боолт хийж өгөөд би гэрт нь хүргэж өгсөн. Боолтыг сувилагч Б хийсэн. Э-н толгойн баруун дээд хэсэгт нь бага зэрэг гаднаа зулгарсан цус гарсан байсан.Э мотоцикльтой гудмаар явж байсан чинь хүн хашаанаас юм шидсэн гэж надад хэлсэн...” /хх-112/, гэрч Г.Б-н “...Т ярихдаа цагдаагийн байрыг хэдэн хүүхдүүд мотоцикльтой тойрч давхиад байхаар нь уурандаа бетоны хэлтэрхий шидэж танай хүүг гэмтээсэн гэж хэлсэн...” /хх-119/, насанд хүрээгүй хохирогч Б.Э-н эрүүл мэндэд “дух ясны хугарал, хатуу хальсан дээрх цус хуралт, духанд шарх, зулгаралт бүхий хүнд хохирол” учирсныг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн №4008 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-126-127 хуудас/, шинжээч Г.Э-н мэдүүлэг /хх-128 хуудас/, насанд хүрээгүй хохирогчийн өвчний түүх, гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-5/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-93-96/, шүүгдэгч Х.Т-н шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Өвөрхангай аймгийн прокуророос шүүгдэгч Х.Т-т холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, хэргийн зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоосон, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.
Иймд шүүгдэгч Өлзийт овгийн Х.Т-т холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.А шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: Шүүгдэгч Х.Т нь өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Гэм хорын хохирол бүрэн төлөгдсөн. Хэргийг зүйлчилж байгаа зүйлчлэлд би улсын яллагчаас өөр байр суурьтай байна. Учир нь шүүгдэгч нь хууль сахиулагч юм. Хууль сахиулах үүргээ тухайн сумын нутаг дэвсгэр дээр биелүүлж байсан. Тухайн өдөр энэ бүлэг хүмүүстэй тааралдаж ингэж болохгүй гэдгийг сануулж байсан. Үүнээс болж тухайн залуучууд шөнийн цагаар цуглан ирж цагдаагийн кабон байрыг бүслэлтийн байдалтай болгож эргэж тойрч, тохуурхан, даажигнаж байгаа хэрэг юм. Үүнээс болж Х.Т-н санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсан. Х.Т-н үйлдэлдээ хандсан сэтгэхүйд нь үнэлэлт дүгнэлт өгөх ёстой. Иймд Х.Т-н үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчлэх нь зүйтэй гэсэн дүгнэлтийг гаргаж байна” гэжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийг “өөрт нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, нэр төр, алдар хүндийг нь гутаан доромжилсон, эрхшээл дарамтад оруулсан хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэж хуульчилжээ.
Шүүгдэгч Х.Т-н 2018 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 23 цагийн үед Өвөрхангай аймгийн Баянгол сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр бага сургуулийн орчим насанд хүрээгүй хохирогч Б.Э-г мотоцикльтой явж байхад нь барилгын нурсан шавар авч шидсэний улмаас эрүүл мэндэд нь “дух ясны хугарал, хатуу хальсан дээрх цус хуралт, духанд шарх, зулгаралт” бүхий хүнд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулаагүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адъяасүрэнгийн гаргасан дүгнэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Х.Т-г тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн, хор уршгийг арилгасан, хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас гэмт хэрэг үйлдсэн гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.4-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10000000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Х.Т-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Х.Т-т шүүхээс оногдуулсан 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10000000 төгрөгөөр торгох ялыг 3 жилийн хугацаанд сар бүр 277778 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Х.Т нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нарт 4480000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хураагдсан бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдаж,
Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Х.Т-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.6, 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Өлзийт овгийн Х.Т-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Өлзийт овгийн Х.Т-г 10000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Х.Т-т шүүхээс оногдуулсан 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялыг 3 жилийн хугацаанд сар бүр 277778 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Х.Т нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Х.Т нь цагдан хоригдсон хоноггүй, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нарт 4480000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хураагдсан бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Түгжшийрэвт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Х.Т-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.